Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/01748

 

     2021        08          04

               182/ШШ2021/01748

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох

 

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сүрэнцэцэг, өмгөөлөгч Г.Ичинхорол, П.Намнансүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Өлзийсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд болон төлөөлөгч Ч.Сүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2015 оноос хойш одоог хүртэл Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаад, хоёр тусдаа хоёр өөр агуулга бүхий шийдвэр гүйцэтгэх хуудастай байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд орж, ойлгомжгүй байдалтай байсаар ирсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зуйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан “Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай дээрх тогтоолыг гаргаж хуульд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн зүйл бодит байдал дээр байхгүй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь манай компани байсан бөгөөд манай компанийн зүгээс гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгаагийн цаад зорилго нь үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь төлбөр авагч талд шилжүүлэн өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс хийгдсэн. Иргэний хэргийн шийдвэр дээр 3573, 467 дугаар бүхий 2 шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ойлгомжгүй байдалд орсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн материал нь тус байгууллагын архивт шилжсэн байгаа ба энэ материал дотор 467 дугаар гүйцэтгэх хуудас нь хэвээр үлдэж, 3573 дугаар гүйцэтгэх хуудас нь байхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нар нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг манай компанид мэдэгдэхгүйгээр хуульд нийцэхгүй байдлаар эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа зүй бусаар ашиглаж төлбөр авагч талд давуу байдал олгох үүднээс тогтоолыг гаргасан.  дүүргийн Улсын бүртгэгч Ч.Гандолгороос манай компанитай холбогдож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байгаа бөгөөд бүртгэлийг хийх гэж байгаа талаар амаар мэдэгдсэн бөгөөд дэд дарга С.Бямбарагчаагаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2/5844 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгийг тус бүртгэлийн газарт явуулж бидэнд мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байгаа талаар манай компанийн төлөөлөгч Г.Ичинхоролоос гомдол гаргахад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлөөлөх эрх олгогдоогүй байна гэх үндэслэлгүй хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэгч Ч.Гандолгорын бүртгэлийн дагуу бичигдэж олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” нь хууль бус болохыг тогтоож, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч Д.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар Э ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь Ж.Түвшинжаргалд 837,800,000 төгрөгийн төлбөрийг төлөх баталгаа болгож  дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй өөрийн барилгын өмчлөх эрхийг Ж.Т өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгч, мөнгөн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөөгүй тохиолдолд дээрх талбайн өмчлөх эрхийг Ж.Т өмчлөлд хэвээр үлдээх, Ж.Түвшинжаргал 895,300,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийг Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт буцаан төлөхөөр шийдвэрлэсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3573 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15302417 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Төлбөр төлөгч компанийн төлөөлөгч Д.Мөнхцэцэг тус газарт хандан гомдол гаргасны дагуу Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/931 дугаартай албан бичгээр тодруулга хүсэж хандсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 786 дугаартай албан бичгээр хариу ирүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 467 дугаартай гүйцэтгэх хуудас дахин бичиж тус газарт ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Э ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7862 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр авагч Ж.Т 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/2192 тоот албан бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. Төлбөр төлөгч Э ХХК төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр авагч Ж.Т өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгө хэвээр үлдэж байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож тогтоол үйлдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Т шүүхэд болон түүний төлөөлөгч Д.Долгормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Э.Т, Э ХХК-ийн захирал байсан Ч.Сүрэнцэцэгт өөрийн өмчлөлийн 3 газраа худалдсан. Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 895,300,000 төгрөгийн 50 хувийн төлөх ёстой, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 100 хувь төлөх, төлөөгүй тохиолдолд уг өмч нь Ж.Т өмчлөлд үлдэнэ, төлсөн тохиолдолд Ж.Түвшинжаргал буцааж төлөх үүрэг хүлээсэн эвлэрлийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар баталсан. 05 дугаар сарын 15-ны дотор барьцаа хөрөнгө болох  дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 317 байр, 1 давхрын 871 м.кв талбайтай эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ч.Сүрэнцэцэг нь Ж.Т бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээж, энэ үүргээ биелүүлж, одоог хүртэл Ж.Т өмчлөлд бүртгэлтэй байна. Э ХХК нь янз бүрийн аргаар гүйцэтгэлийн ажиллагааны явцад өөр өмчлөгч бий болгох, уг үндсэн хөрөнгө дээрээ маргаан үүсгэх журмаар 2015 оноос эхлээд Захиргааны хэргийн шүүх, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, бусад шатны шүүхэд хандаж байсан. Эцсийн байдлаар Улсын дээд шүүхийн тогтоолоор албадан чөлөөлүүлэх шийдвэр нь баталгаажсан. Тухайн үед Ч.Сүрэнцэцэг өөрөө хүсэлт тавьснаар 467 дугаар гүйцэтгэх хуудасны ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Иргэний хэргийн шийдвэр дээр 3573, 467 дугаар бүхий 2 шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ойлгомжгүй байдалд орсон. Гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус гэж тайлбарлав.

 

Хариуцагч Н газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх захирамжаар 3573, 467 дугаар бүхий 2 шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Т шүүхэд болон түүний төлөөлөгч Д.Долгормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 414 тоот шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж маргаж байна.

 

Талууд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар хариуцагч Ж.Т ЭУБ-н -рт бүртгэлтэй,  дүүргийн 11-р хороо, 7-р хороолол, Барилгачдын 5-р гудамжны 165 тоот хаягт байршилтай, 583 м.кв талбайтай газар, ЭУБ-н Г- -рт бүртгэлтэй,  11-р хороо, 7-р хороолол, Барилгачдын 5-р гудамжны 156 тоот хаягт байршилтай, 276 м.кв талбайтай газрынхаа өмчлөх эрхийг энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан, Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгийн өмчлөлд шилжүүлж өгнө. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 837,800,000 төгрөг болгож байна. Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр алдангид тооцон шилжүүлэхээр тохирсон 37,8 м.кв талбайтай 57,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийн биелэлтийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр мөнгөн хэлбэрээр нэмж тооцон, газрын нийт үлдэгдэл төлбөрийг 895,300,000 төгрөг болгож, үүний 50 хувь буюу 447,650,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 50 хувь буюу 447,650,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус бүрэн төлж барагдуулах үүргийг Э ХХК хүлээнэ. Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн Ж.Т өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгөх үүргийг хүлээнэ. Төлбөр төлүүлэх үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн өмчлөх эрхийг Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгийн өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөх үүргийг иргэн Ж.Түвшинжаргал хүлээнэ. Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь үлдэгдэл 447,650,000 төгрөгийг иргэн Ж.Түвшинжаргалд бүрэн төлж барагдуулаагүй байх үед уг барилга баригдан дуусч Улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд, барилга баригдаж дуусан ашиглалтанд орсныг нотлох баримтуудыг иргэн Ж.Түвшинжаргалд бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг газрын үлдэгдэл төлбөр болох 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 2.4-т заасан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Түвшинжаргал өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх эрхтэй. Гэхдээ 895,300,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнг Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт буцаан төлөх үүргийг Ж.Түвшинжаргал хүлээх”-ээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, /хх-ийн 8-12 тал/ хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31331 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн 1 дэх заалтаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлсүгэй, /хх-ийн 127 тал/ уг захирамжийг үндэслэн Э ХХК-иас 895,300,000 төгрөг гаргуулах, ингэхдээ 447,650,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 447,650,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Ж.Түвшинжаргалд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 13 тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3573 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон тул 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15302417 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдсэн байх ба уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/931 тоот албан бичгээр тодруулга хүсэж шүүхэд хандсан байна. /хх-ийн 123 тал/

 

Шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 786 дугаартай албан бичгээр “тус шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ж.Түвшинжаргал нарын эвлэрлийн баталж шийдвэрлэсэн ба тэд эвлэрэхдээ: Ж.Түвшинжаргал газрынхаа өмчлөх эрхийг өмчлөх эрхийг энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан, Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгийн өмчлөлд шилжүүлж өгнө. Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг газрын үлдэгдэл төлбөр 895,300,000 төгрөгийн 50 хувь буюу 447,650,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэгдэл 50 хувь 447,650,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус бүрэн төлж барагдуулах, нэхэмжлэгч Э ХХК мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй өөрийн барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн Ж.Т өмчлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгөх үүргийг хүлээх, төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн өмчлөх эрхийг Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгийн өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөх үүргийг иргэн Ж.Түвшинжаргал хүлээх, Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг 895,300,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын нь 01-ний өдрийн дотор бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд өмчлөлдөө шилжүүлж авсан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Түвшинжаргал өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх, ингэхдээ 895,300,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнг Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт буцаан төлөх үүргийг Ж.Түвшинжаргал хүлээхээр тохиролцсон болно. Төлбөр авагч Ж.Түвшинжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлөгч мөнгийг хуваарийн дагуу төлөхгүй байна гэж, эвлэрлийн гэрээний холбогдох заалтыг албадан гүйцэтгүүлэхийг хүссэний дагуу шүүх 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж гарган төлбөрийг мөнгөөр төлөх хугацаа дуусаагүй байсан тул зөвхөн мөнгөн төлбөрийн талаарх гүйцэтгэх хуудсыг бичиж олгосон юм. Төлбөр төлөгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, одоо үүргийг эд хөрөнгөөр хангуулах тухай хүсэлтийг төлбөр авагч 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан тул эвлэрлийн гэрээний хүсэлт гаргасан хэсэгт холбогдох гүйцэтгэх  хуудсыг бичин олгож байгаа болно. Шүүгчийн захирамжаар Э ХХК, Ж.Түвшинжаргалаас газрын шилжүүлэн авч, газрын үлдэгдэл төлбөр 895,300,000 төгрөгийг Ж.Түвшинжаргалд төлөх асуудал шийдвэрлэгдсэн ба талуудын эвлэрсэн тухайн үед Ж.Т өмчлөлд шилжүүлж бүртгүүлсэн эд хөрөнгийг түүний өмчлөлд хэвээр үлдээх, төлсөн мөнгө байвал Э ХХК-д буцаан олгохоор тохиолцсоныг шүүх баталсан болно. Урьд бичсэн гүйцэтгэх хуудас, шинэ бичсэн гүйцэтгэх хуудсуудыг хүргүүлэв” гэх хариуг ирүүлжээ. /хх-ийн  87-88 тал/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар 467 дугаар гүйцэтгэх хуудас, 3573 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 13, 14, 122/ бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх ба нэхэмжлэгчийн гаргасан “2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамж дээр 3573, 467 дугаар бүхий 2 шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ойлгомжгүй байдалд орсон” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Тодруулбал: Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15302417 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/931 дугаартай албан бичгээр тодруулга хүсэж шүүхэд хандаж, тус шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 786 дугаартай албан бичгээр тодруулга хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сүрэнцэцэг нь хариуцагч Н газарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол гарсан өдрөөс хойш 20 хоногийн дараа мэдсэн гэж шүүх хуралдааны үед тайлбарлав.  

 

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2021/01435 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай  шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2021/02520 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад хууль зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай байдал тогтоогдоогүй тул хариуцагч Н газарт холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н газарт холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ