Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01532

 

 

 

 

 

 

 

 

xxxxxxxxxx” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01748 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК-ийн хариуцагч xxxxxxxx-тхолбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Д.Ө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нарыг оролцов.

Нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 3573, 467 дугаар бүхий 2 гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ойлгомжгүй байдалд орсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт 467 дугаар гүйцэтгэх хуудас байдаг бол харин 3573 дугаар гүйцэтгэх хуудас байхгүй.Хариуцагч байгууллага 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гарсан.  

 

 

Гэтэл төлбөр төлөгч нь xxxxxxxxxx” ХХК бөгөөд манай компанийн зүгээс гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлж барагдуулаагүй. Мөн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэгч Ч.Г манай компанитай холбогдож “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байгаа бөгөөд бүртгэлийг хийх гэж байгаа” талаар манай компанид амаар мэдэгдсэн.  Хариуцагчаас өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг улсын бүртгэлийн газарт явуулсныг бидэнд мэдэгдээгүй болно.

Нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд гомдол гаргахад  2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлөөлөх эрх олгогдоогүй байна гэх үндэслэлгүй хариу өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол нь хууль бус болохыг тогтоож, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжаар xxxxxxxxxx” ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь иргэн Ж.Түвшинжаргалд 837 300 000 төгрөгийн төлбөрийг төлөх баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, нутаг дэвсгэрт баригдаж буй өөрийн барилгын өмчлөх эрхийг Ж.Т-ын өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлэн өгч, мөнгөн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөөгүй тохиолдолд дээрх талбайн өмчлөх эрхийг Ж.Т-н өмчлөлд хэвээр үлдээх, Ж.Т 895 300 000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийг xxxxxxxxxx” ХХК-ийн захирал Ч.С-т буцаан төлөхөөр шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3573 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15302417 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан.  Төлбөр төлөгч xxxxxxxxxx” ХХК-ийн захирал Ч.С-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Төлбөр төлөгч xxxxxxxxxx” ХХК төлбөрийг барагдуулаагүй учир төлбөр авагч Ж.Т-ын өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгө хэвээр үлдсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 онд xxxxxxxxxx” ХХК-ийн захирал Ч.С-т өөрийн өмчлөлийн 3 газар худалдсан. Бидний хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 895 300 000 төгрөгийн 50 хувийн төлөх ёстой, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 100 хувь төлөх, төлөөгүй тохиолдолд уг өмч нь Ж.Т-н өмчлөлд үлдэнэ, төлсөн тохиолдолд Ж.Түвшинжаргал буцааж төлөх үүрэг хүлээсэн эвлэрлийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар баталсан. Ч.С нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны дотор барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүрэг,  м.кв талбайтай эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.Тын өмчлөлд  бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Одоо уг эд хөрөнгө Ж.Тын өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа.

Нэхэмжлэгчээс янз бүрийн аргаар гүйцэтгэлийн ажиллагааны явцад өөр өмчлөгч бий болгох, уг үндсэн хөрөнгө дээрээ маргаан үүсгэх журмаар 2015 оноос эхлээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, бусад шатны шүүхэд хандаж байсан. Эцсийн байдлаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор албадан чөлөөлүүлэх шийдвэр нь баталгаажсан. Тухайн үед Ч.С өөрөө хүсэлт тавьснаар 467 дугаар гүйцэтгэх хуудасны ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч xxxxxxxx-тхолбогдох 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ххххх-н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргаан бүхий гол үйл баримтуудын талаар дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

Хариуцагч байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дах хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан. Уг хууль бус ажиллагааны улмаас төлөх ёстой байсан мөнгөн төлбөр биш үүргийн баталгаа болгох зорилгоор хэрэглэгдэх ёстой байсан үл хөдлөх хөрөнгөө бүхэлд нь төлбөр төлөгчийн өмчлөлд алдаж хохирч байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо “3573” дугаар гүйцэтгэх хуудас буюу мөнгөн төлбөр төлөх гүйцэтгэх хуудсыг тогтоолын үндэслэл болгожээ. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол нь хууль бус гэж үзэж байна.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 31331 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжид заасан агуулгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой. Хэрэв шүүхийн шийдвэрийг “467” дугаар гүйцэтгэх хуудасны дагуу дуусгавар болгох гэж байгаа бол “31331” дугаар захирамжид зарчмын шинжтэй агуулгын өөрчлөлтийг оруулж байж уг захирамжийг албадан гүйцэтгэх хууль зүйн боломж нь бүрдэх юм. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ 3573 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчөөс төлбөр авагчид мөнгөн төлбөр гаргуулахаар ажиллагаанууд хийгдсэн. Гэтэл хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг “467” дугаар гүйцэтгэх хуудсын агуулгаар дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн, төлбөр авагч Ж.Т-ын гурван газар зарсны татвар болох 17 000 000 төгрөгийг Ч.С-н төлөх төлбөрөөс хасч тооцохоор талаар эвлэрлийн гэрээнд тусгасан. Гэвч анхан шатны шүүх төлбөр тооцооны асуудлын  талаар огт дүгнэлт хийгээгүй.

Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК-ийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах заалт нь уг зүйлийнхээ 44.2 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар гомдол гаргах, журам, хугацаа юм. Маргаан бүхий тохиолдолд уг хуулийн зохицуулалт нь хамаарахгүй байхад шүүх хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК нь хариуцагч xxxxxxxx-тхолбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01-7 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч  маргажээ. /1хх 1-4, 34/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 дугаар захирамжийг албадан биелүүлэх тухай” мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31331 дугаар захирамж, мөн өдрийн 3573 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, холбогдох ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв. /1хх-8-12,127/ Зохигчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар маргаагүй, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 2376 захирамжид 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3573 дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 467 дугаар бүхий 2 гүйцэтгэх баримт бичиг олгогдсон байна. 3573 дугаартай гүйцэтгэх баримт бичигт дээрх 2376 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт төлбөр төлөгч xxxxxxxxxx” ХХК-аас гаргуулах мөнгөн төлбөрийн үүрэг болох 895 300 000 төгрөгийн 447 650 000 төгрөгийг нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний дотор, үлдэх 447 650 000 төгрөгийг мөн оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлбөр авагч Ж.Түвшинжаргалд олгохоор тусгажээ. /1хх-8-13/

            Мөн 467 дугаартай гүйцэтгэх баримт бичигт Сүхбаатар дүүрэг,  барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв тайлбан хэсгийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төлбөр авагч Ж.Т өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж, мөнгөн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд дээрх талбайн өмчлөх эрхийг Ж.Т өмчлөлд хэвээр үлдээх, Ж.Т нь 895 300 000 төгрөгөөс төлөгдсөн төлбөрийг xxxxxxxxxx” ХХК-ийн ерөнхий захирал Ч.С-т буцаан төлөх талаар гаргасан шүүгчийн дээрх 2376 дугаар захирамжийн агуулгыг бичсэн байна. /1хх-14/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК нь дээрх гүйцэтгэх баримт бичигт заасан мөнгөн төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн эвлэрлийн гэрээгээр барьцаалсан дээрх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Ж.Т-н өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлын улмаас хариуцагч байгууллага нь шүүгчийн 2376 дугаартай захирамж биелэгдсэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, тус ажиллагааны хувийн хэргийг хаасан нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн заасанд нийцжээ. Өөрөөр хэлбэл, барьцааны эд хөрөнгө нь шүүгчийн захирамжид заагдсаны дагуу төлбөр авагчийн өмчлөлд төлбөрт тооцогдон шилжсэн тул 3573 дугаартай гүйцэтгэх баримт бичигт заасан мөнгөн төлбөрийн үүргийг албадан гаргуулах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо “...төлбөр авагч Ж.Т-н гурван газар зарсны татвар болох 17 000 000 төгрөгийг Ч.С-н төлөх төлбөрөөс хасч тооцоохоор эвлэрлийн гэрээнд тусгасан, анхан шатны шүүх төлбөр тооцооны асуудлын талаар дүгнэлт хийгээгүй” гэжээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн дээрх 2376 дугаар захирамжаар газрын татварт 17 000 000 төгрөг төлсөнтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, мөн түүнийг үндэслэн олгогдсон “3573”, “467” дугаар гүйцэтгэх хуудаснуудад ийм агуулга тусгагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 Харин нэхэмжлэгч талын гомдол гаргах хугацааны талаар үндэслэлгүй шүүх дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй. Хэргийн баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1435 дугаар захирамжаар нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заажээ. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, харин уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тус шүүхийн шүүгчийн мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрийн  2035 дугаартай захирамж гарснаар хугацааг дахин шинээр эхлэх тоолох үндэслэл бий болсон байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцох талаар  мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дэх хэсэгт зохицуулсан.

Нэхэмжлэгч xxxxxxxxxx” ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан болох нь хэргийн 4 дэх талд авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дардас, тэмдэглэгээгээр нотлогдож байна. Иймээс дээрх шүүгчийн захирамж гарсан 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шинээр хугацаа тоологдох тул нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиар тогтоосон 14 хоногийн дотор гомдлоо гаргасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, харин хэргийн шийдлийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                 ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

             

 Ч.ЦЭНД