Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2021/01112

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     2021         05         20

            182/ШШ2021/01112

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ТДӨК” ХХК

 

Хариуцагч: “АИ” ХХК /РД:2737744/,

 

Гуравдагч этгээд: О.Б

 

Гуравдагч этгээд: Т.Л

 

Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны А блок байрны 1-р орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцнуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчээс 7,419,894 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаатар, Г.Мөнхзул, хариуцагчийн төлөөлөгч О.Даваажаргал, гуравдагч этгээд О.Б, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, гуравдагч этгээд Т.Лгийн төлөөлөгч Э.Дөлгөөнномин, түүний өмгөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “ТДӨК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТДӨК” ХХК нь “АИ” ХХК-тай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн №2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулан “АИ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны 1 орцны Цахилгаан угсралт, газардуулга, аянга зайлуулагч, холбоо дохиоллын ажлыг нийт 339,957,258 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч, ажлын хөлсний үнийн дүнгийн 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувьд тус байрны 5 давхарт 2 байр, 6 давхарт 2 байр авахаар тохиролцон улмаар гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан зохих ёсоор гүйцэтгэн 2019 оны 01 сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Ажлын явц дунд захиалагчийн төлөөлөгч Ганбаатарт актаар хүлээлгэн өгч байсан. Нэхэмжлэгч компани 5 давхрын 44,14 м.кв талбайтай 2 өрөө байрыг иргэн Т.Лд, 5 давхрын 40,67 м.кв талбайтай 2 өрөө байрыг иргэн н.Чад, 6 давхрын 40,67 м.кв талбайтай 2 өрөө байрыг иргэн Б.Эод, мөн давхрын 40,67 м.кв талбайтай 2 өрөө байрыг иргэн О.Бд, “АИ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр зах зээлийн үнээс хямд үнээр худалдан борлуулахаар орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэрээ хийж байсан ба орон сууцны гэрчилгээг тус иргэдийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “АИ” ХХК нь гаргахад иргэн н.Ч, Б.Э нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн боловч Т.Л, О.Б нарын орон сууцны гэрчилгээг гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Ийнхүү орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгөхгүй байгаагаа нэхэмжлэгчийг дутуу ажил гүйцэтгэсэн, өөрсдөөсөө их хэмжээний зардал гаргасан гэж тайлбарладаг. Бодит байдал дээр энэ нь огт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ажлыг тухай бүрт нь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. “АИ” ХХК нь Т.Л, О.Б нарыг орон сууцнаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж шийдвэрлүүлсэн.

 

          “ТДӨК” ХХК нь гэрээнд заасан ажлыг улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээт ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа байгаа тул гэрээнд заасан орон сууцнуудын өмчлөх эрхийг шаардах эрхтэй ба иргэн Т.Л, О.Б нарт шилжүүлсэн 44,14 м.кв талбайтай 2 өрөө байр, 40,67 м.кв талбайтай орон сууц тус бүр дээр “АИ” ХХК-тай захиалгаар орон сууц барих тухай гэрээ байгуулж байсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. “ТДӨК” ХХК нь Т.Л, О.Б нартай Захиалгаар орон сууц барих гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан хэдий ч энэхүү гэрээнд “АИ” ХХК нь гарын үсэг зураагүй, “АИ” ХХК-аас Т.Л, О.Б нартай орон сууц захиалгын гэрээ байгуулж байгаагүй тул компанийн зөвшөөрөлгүй орон сууцнуудыг шилжүүлсэн гэж маргаж өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иймээс Монгол Улсын иргэний хуулийн 343-р зүйл, “ТДӨК” ХХК нь “АИ” ХХК-тай байгуулсан 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 2016/15 тоот гэрээ, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн №2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, захиалгаар орон сууц барих гэрээг үндэслэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны А блок байрны 1-р орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27  тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтуудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 8,000,000 төгрөгийн ажил хийгээгүй үлдээсэн тул зөвшөөрнө. Ер нь өөрсдөө дутуу ажлыг хийсэн гээд байгаа нь улсын комисс хүлээн авснаас хойш хийсэн ажил байгаад байна. Мөн түүнчлэн санхүүгийн баримтаар нотлогдох ёстой ба санхүүгийн баримтууд нь эргэлзээтэй байна гэв.

 

           Хариуцагч “АИ” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “ТДӨК” ХХК-тай 2017 онд дотор цахилгаан угсралт, холбоо дохиолол, домофон систем зэрэг ажлыг хийж дуусгахаар тохиролцсон ба 2016 оны 07 сарын 20-ны өдөр харилцан тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэх ажлын хэмжээг багасган нийт үнийн дүн 339,957,258 төгрөг, үүний 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг орон сууц бартер хийхээр тохиролцсон. 2018 онд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож 2 орон сууц буюу “ТДӨК” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг шилжүүлсний дагуу иргэн н.Ч, Б.Э нарт орон сууцуудыг шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч “ТДӨК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, дутуу ажлаа хийж, гүйцэтгэхийг байнга шаардаж байгаа боловч ажлаа хийж дуусгаагүй орхисон.

 

          Бидний зүгээс барилгын ерөнхий инженер, компанийн төлөөллийг байлцуулан манай компаниас материал, ажлын хөлсийг гаргаж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ 73,180,770 төгрөг, хийгээгүй дутуу үлдээсэн ажлыг нөхөж гүйцэтгэх зардал 74,175,624 төгрөг, нийт 147,356,394 төгрөг гэсэн тооцоог гаргасан бөгөөд “ТДӨК” ХХК-д дахин ажил гүйцэтгэх хугацаа тогтоож, ажлаа дуусгах санал тавьсан боловч үнийн дүнг зөвшөөрөхгүй одоог хүртэл гэрээт ажлаа гүйцэтгээгүй, элдэв шалтаг тоочсоор байна. Бид зөвшөөрөлгүй ч гэсэн орон сууцанд нэгэнт нүүж орсон иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс өдийг хүртэл “ТДӨК” ХХК-д дутуу ажлын гүйцэтгэлийн талаар акт үйлдэж, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, ажлын гүйцэтгэлийг дүгнэж актаар тооцоо нийлэх шаардлага тавьсан ч огт арга хэмжээ аваагүй, актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мөртлөө өөрсдийн хийсэн ажлын гүйцэтгэл, тооцоогоо гаргаж өгдөггүй, захирал нь утсаа авдаггүй, уулзахаас зайлсхийж зугатаадаг, дутуу ажлаа гүйцэтгэхгүй байх тул гэрээг цуцлах тухай зохих ёсоор мэдэгдэж цуцалсан.

 

          Гэрээг цуцалсны дараа манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагч хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэл гаргах үедээ оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр асуудлаа шийдвэрлэе, нэхэмжлэлээ гардаж аваарай гэдгийг захирал Л.Зт хэлсэн ч нэхэмжлэл гардаж аваагүй, шүүхээс залгахад утсаа авахгүй 2019 оны 05 сараас хойш асуудлаа шийдэхээс зайлсхийж, зугтсаар байсан. Арга буюу манай компани орон сууцанд орсон айлуудыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

 

         2019 оны 01 сард Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын даалгавраар “ТДӨК” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлыг манай компани өөрсдийн зардлаар хийж дуусгасан бөгөөд тухайн үед туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан тул “ТДӨК” ХХК улсын комиссын актад гарын үсэг зурсан ба улсын комисс барилгыг хүлээн авах үед “ТДӨК” ХХК-ийн гүйцэтгэж буй зарим ажил /холбоо, домофон систем, галын дохиолол, телефон, кабелийн, телевиз г.м/ дуусаагүй байсан нь талуудын харилцаж байсан албан бичгээс тодорхой харагдаж байна. Дээрх нь барилгын хийцлэл, ерөнхий бүтээцэд хамаарахгүй ажил. Тиймээс 2016 оны 05 сарын 02-ны өдөр байгуулагдсан 2016/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 07 сарын 20-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ тус тус цуцлагдсан, гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй тул нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны А блок буюу 1-р орцны 5 давхар, 27  тоот, 6-р давхар, 39 тоот орон сууцнуудыг шилжүүлэх үндэслэлгүй, “ТДӨК” ХХК нь өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй, орон сууцнуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгүүдийг гаргаж өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

          Манай компани нь “ТДӨК” ХХК-тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2016/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн, нэмэлт гэрээг тус тус үүргийн зөрчлийн улмаас 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 99/2019 дугаартай албан тоотоор мэдэгдэж, Иргэний хуулийн 355.1-д заасан журмын дагуу цуцалсан. “ТДӨК” ХХК-ийн гүйцэтгээгүй, манай компаниас өөрсдөө зардал гаргаж  гүйцэтгэсэн нийт ажлын хөлс нь 147,356,394 төгрөг болсон ба ажлын хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсон 2 орон сууцны нийт үнэлгээ 139,936,500 төгрөгийг үүнд тооцож, үлдэх ажлын зөрүү хөлс 7,419,894 төгрөгийг “ТДӨК” ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

          Гуравдагч этгээд О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ТДӨК” ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 11- р хороо, “Аз жаргал” хотхон, А блок, 1-р орц 6 давхрын 39 тоотод байрлах 2 өрөө байрыг худалдан авахаар гэрээ байгуулж мөнгийг цувуулан төлж дуусгаад уг 2 өрөө байранд орсон. Энэ үед тухайн орон сууцыг худалдан авахад “АИ” ХХК-ийн борлуулалтын менежер н.Номингоор зуучлуулан тус компанийн удирдлагууд болон захирал Ш.Чулуунчимэг мөн “ТДӨК” ХХК-ийн захирал н.Золбаяр нарыг байлцуулан тохиролцоонд хүрч би төлбөрөө бүрэн хийж, 2 компанийн удирдлагууд надад байрны түлхүүрийг өгч, удахгүй байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө гэсэн. Гэтэл “АИ” ХХК түлхүүрийг нь гардуулан өгсөн байрны хууль бус эзэмшигч гэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00315 дугаар шийдвэрийн дагуу намайг тус байрнаас албадан чөлөөлөх тухай шийдвэр гарсан. “АИ” ХХК-ийн захирал Ш.Чулуунчимэг “ТДӨК” ХХК-д намайг байрны төлбөрөө 100 хувь төлж тус байрны түлхүүрийг авсныг сайн мэдэж байгаа мөртлөө, 2 компанийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлээс болоод намайг хохироож, түлхүүрийг нь өгч оруулсан байрныхаа хууль бус эзэмшигч гэж шүүхээр тогтоолгож байна. Иймд шүүхээс тус хоёр компани болон иргэн надад холбогдох гурвалсан салшгүй холбоотой орон сууцны маргаантай хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж өгнө үү. Миний бие байрны төлбөрийг бүрэн төлж дуусгасан шударга өмчлөгч гэж үзэж байгаа тул миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг анхаарч үзэхийг хүсч байна гэв.

 

          Гуравдагч этгээд Т.Лгийн төлөөлөгч Э.Дөлгөөнномин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Л нь “ТДӨК” ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 11- р хороо, “Аз жаргал” хотхон, А блок, 1-р орц 5 давхрын 27 тоотод байрлах 2 өрөө байрыг худалдан авсан ба 2018 оны 05 сард эхний төлбөрөө өгсөн. 2018 оны 10 сард “АИ” ХХК-ийн захирал Ш.Чулуунчимэгтэй уулзахад “ТДӨК” ХХК-ийн захирал Л.Золбаяр багахан ажил дуусгаагүй байгааг хэлээд мөнгөө төл төл гэж гэрээг хэвлэж өгсөн. 2018 оны 11 сард сүүлч мөнгөө өгч Т.Л нь байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч одоог хүртэл байрны гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байгаа гэв.

 

Шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээ, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, ажил хүлээлцсэн акт, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт, тоног төхөөрөмжинд цахилгаан холболт газардуулга хийсэн акт, барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан акт, захиалгаар орон сууц барих тухай гэрээ, “ТДӨК” ХХК, “АИ” ХХК-иудын харилцан бие биедээ хүргүүлж байсан албан бичгүүд, гэрч Л.Ганбаатарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ТДӨК” ХХК нь хариуцагч “АИ” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны А блок байрны 1-р орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууц болон 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцнуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын /өмчлөлийн хэсгийн цонхыг тэмдэглэсэн/ гэрэл зураг зэргийг “ТДӨК” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг, “АИ” ХХК нь “ТДӨК” ХХК-д холбогдуулж тус компанитай байгуулсан 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээг цуцалсантай холбоотойгоор 7,419,894 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргахдаа “ТДӨК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, ажлаа хийж дуусгаагүй орхисон, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 2016/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээ тус тус цуцлагдсан, орон сууцуудыг шилжүүлэх болон улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгүүдийг гаргаж өгөх үндэслэлгүй гэж маргаж, нэхэмжлэгч  хариуцагчийн 7,419,894 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрч байна.

“ТДӨК” ХХК нь “АИ” ХХК-тай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 2016/15 тоот “Дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол, домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажил” гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн №2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулан “АИ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны 1 орцны Цахилгаан угсралт, газардуулга, аянга зайлуулагч, холбоо галын дохиоллын ажлыг нийт 339,957,258 төгрөгөөр гүйцэтгэх, ажлын хөлсний үнийн дүнгийн 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувьд тус байрны 5 давхарт 2 орон сууц, 6 давхарт 2 орон сууц авахаар харилцан тохиролцсон байна.

“ТДӨК” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дотор цахилгааны угсралтын ажлыг, 10 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмжинд цахилгаан холболт газардуулгын ажлыг, 10 дугаар сарын 22-ны өдөр барилгад аянга зайлуулагчийн ажлыг, 11 дүгээр сарын 20-ны өдөр галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн актаар захиалагчийн төлөөлөгч Л.Ганбаатарт хүлээлгэн өгсөн, улмаар 2019 оны 01 сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаар улсын комисст актаар хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх бөгөөд захиалагч “АИ” ХХК нь гүйцэтгэгчид ажлын хөлсөнд 2 орон сууцыг хүлээлгэн өгч, “Аз жаргал” хотхоны А блок байрны 1-р орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууц, 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцуудыг хүлээлгэн өгөөгүй байна. “ТДӨК” ХХК 27 тоот 39 тоот орон сууцуудыг “АИ” ХХК-д хүсэлт тавьсны дагуу орон сууц захиалан бариулах гэрээгээ иргэн О.Б, Т.Л нарт шилжүүлэн худалдаж, тэд орон сууцны үнээ төлж, орон сууцанд орж суурьшсан байдал тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажил дутуу хийсэн, мөн доголдлыг арилгахад зардал гаргасан гэж тайлбарладаг боловч гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч чухам ямар ажлыг дутуу хийсэн, ямар ажлыг доголдолтой хийснийг тодорхойлж гаргаагүй ба гүйцэтгэгч ажлыг тухай тухайн үед нь ажлын үр дүнг захиалагчийн төлөөлөгчид хүлээлгэн өгч байсан, барилга байгууламжийг улсын комисс ашиглалтанд хүлээн авсан байна. Мөн түүнчлэн захиалагч ажлын үр дүнд бүхэлд нь гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчид 100 ширхэг тоолуурын 8,000,000 төгрөгийг өгөх ёстойг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний 80 хувийг үл хуваагдах шинжтэй үл хөдлөх эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон ба гүйцэтгэгч ажлын дийлэнхийг гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд авах орон сууцаа хариуцагчид мэдэгдэн цааш худалдахаар тохиролцон орон сууцанд хүмүүс оруулсан байхад хариуцагч орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй байгаа нь буруу байна. Иймд нэхэмжлэгчийг дээрх өгөгдөөгүй орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.  

“АИ” ХХК нь “ТДӨК” ХХК-ийн өмнөөс өөрийн компаниас зардал гаргаж  гүйцэтгэсэн нийт ажлын хөлс нь 147,356,394 төгрөг болж байгаа, нэхэмжлэгчид өгөхөөс татгалзаж буй 2 орон сууцны нийт үнэлгээ 139,936,500 төгрөгийг үүнд тооцож, үлдэх ажлын зөрүү хөлс 7,419,894 төгрөгийг “ТДӨК” ХХК-аас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба энд үүргийг харилцан тооцох асуудал яригдаж байна.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болохоор заасан боловч харилцан тооцох шаардлага нь өөр байхын сацуу “ТДӨК” ХХК 147,356,394 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагч энэ хэсэгт нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй болно.

Харин нэхэмжлэгч хариуцагчид 100 ширхэг тоолуурыг өгөх ёстой гэж хариуцагчийн 7,419,894 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд 140,400 төгрөг илүү төлсөн байх тул буцаан гаргуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1-ийг баримтлан Сүхбаатар дүүргийн 11-р хороо “Аз жаргал” хотхоны А блок байрны 1-р орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцуудын өмчлөгчөөр “ТДӨК” ХХК-ийг тогтоож, орон сууцуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт / төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын гэрэл зураг зэрэг/-ыг “ТДӨК” ХХК-д хүлээлгэн өгөхийг “АИ” ХХК-д даалгасугай.

 

  1. “АИ” ХХК-ийн “ТДӨК” ХХК-иас 7,419,894 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “ТДӨК” ХХК зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 857,635 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 133,670 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 857,635 төгрөг, улсаас 140,400 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид гаргуулж олгох, нэхэмжлэгчээс 133,670 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                    С.БУД