Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01110

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01110

 

 

 

ТДӨК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01112 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТДӨК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч АИ ХХК-д холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууцны болон мөн байрны 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, орон сууцнуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчээс 7 419 894 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, гуравдагч этгээд О.Б, түүний өмгөөлөгч Х.О, гуравдагч этгээд Т.Л-гийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч ТДӨК ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТДӨК ХХК нь АИ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо АИ ХХК-ийн Аз жаргал хотхоны 1 орцны цахилгаан угсралт, газардуулга, аянга зайлуулагч, холбоо дохиоллын ажлыг нийт 339 957 258 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч, ажлын хөлсний үнийн дүнгийн 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувьд тус байрны 5 давхарт 2 байр, 6 давхарт 2 байр авахаар тохиролцон улмаар гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан зохих ёсоор гүйцэтгэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Ажлын явцад захиалагчийн төлөөлөгч н.Ганбаатарт актаар хүлээлгэн өгч байсан. Нэхэмжлэгч компани 5 давхрын 44,14 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т.Л-д, 5 давхрын 40,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг н.Чинбатад, 6 давхрын 40,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Энхболдод, мөн давхрын 40,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг О.Б-д тус тус АИ ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр зах зээлийн үнээс хямд үнээр худалдан борлуулахаар орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэрээ хийж байсан. Орон сууцны гэрчилгээг эдгээр иргэдийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг АИ ХХК-д гаргахад н.Чинбат, Б.Энхболд нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн боловч Т.Л-, О.Б- нарын орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Ийнхүү орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийг дутуу ажил гүйцэтгэсэн, өөрсдөөсөө их хэмжээний зардал гаргасан гэж тайлбарладаг. Бодит байдалд энэ нь огт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ажлыг тухай бүрт нь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. АИ ХХК нь Т.Л-, О.Б- нарыг орон сууцнаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж шийдвэрлүүлсэн. ТДӨК ХХК нь гэрээнд заасан ажлыг улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээт ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул гэрээнд заасан орон сууцнуудын өмчлөх эрхийг шаардах эрхтэй ба Т.Л-, О.Б- нарт шилжүүлсэн 44,14 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 40,67 м.кв талбайтай орон сууц тус бүрт АИ ХХК-тай захиалгаар орон сууц барих тухай гэрээ байгуулж байсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр. ТДӨК ХХК нь Т.Л-, О.Б- нартай захиалгаар орон сууц барих гэрээний эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан хэдий ч энэхүү гэрээнд АИ ХХК нь гарын үсэг зураагүй, АИ ХХК-аас Т.Л-, О.Б- нартай орон сууц захиалгын гэрээ байгуулж байгаагүй тул компанийн зөвшөөрөлгүй орон сууцнуудыг шилжүүлсэн гэж маргаж өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иймээс ТДӨК ХХК нь АИ ХХК-тай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2016/15 тоот гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, захиалгаар орон сууц барих гэрээнүүдийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 8 000 000 төгрөгийн ажил хийгээгүй үлдээсэн тул зөвшөөрнө. гэжээ.

 

Хариуцагч АИ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ТДӨК ХХК-тай 2017 онд дотор цахилгаан угсралт, холбоо дохиолол, домофон систем зэрэг ажлыг хийж дуусгахаар тохиролцсон ба 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэх ажлын хэмжээг багасган нийт үнийн дүн 339 957 258 төгрөг, үүний 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг орон сууц бартер хийхээр тохиролцсон. 2018 онд гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож 2 орон сууц буюу ТДӨК ХХК-тай байгуулсан захиалгын гэрээг шилжүүлсний дагуу н.Чинбат, Б.Энхболд нарт орон сууцуудыг шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч ТДӨК ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, дутуу ажлаа гүйцэтгэхийг байнга шаардаж байгаа боловч дуусгаагүй орхисон. Бидний зүгээс барилгын ерөнхий инженер, компанийн төлөөллийг байлцуулан манай компаниас материал, ажлын хөлсийг гаргаж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ 73 180 770 төгрөг, хийгээгүй дутуу үлдээсэн ажлыг нөхөж гүйцэтгэх зардал 74 175 624 төгрөг, нийт 147 356 394 төгрөгийн тооцоог гаргасан бөгөөд ТДӨК ХХК-д дахин ажил гүйцэтгэх хугацаа тогтоож, ажлаа дуусгах санал тавьсан боловч үнийн дүнг зөвшөөрөхгүй, гэрээт ажлаа гүйцэтгээгүй. Бид орон сууцанд нэгэнт нүүж орсон иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс өдийг хүртэл ТДӨК ХХК-д дутуу ажлын гүйцэтгэлийн талаар акт үйлдэж, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, ажлын гүйцэтгэлийг дүгнэж актаар тооцоо нийлэх шаардлага тавьсан ч арга хэмжээ аваагүй, актыг хүлээн зөвшөөрөхгүй атлаа өөрсдийн хийсэн ажлын гүйцэтгэл, тооцоогоо гаргаж өгдөггүй, захирал нь утсаа авдаггүй, уулзахаас зайлсхийж зугатаасан тул гэрээг цуцлах тухай мэдэгдэж цуцалсан. Гэрээг цуцалсны дараа манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагч хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэл гаргах үедээ оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр асуудлаа шийдвэрлэе, нэхэмжлэлээ гардаж аваарай гэдгийг захирал Л.Золбаярт хэлсэн ч нэхэмжлэл гардаж аваагүй, шүүхээс залгахад утсаа авахгүй 2019 оны 5 дугаар сараас хойш асуудлаа шийдэхээс зайлсхийсэн. 2019 оны 01 дүгээр сард барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын даалгавраар ТДӨК ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлыг манай компани өөрсдийн зардлаар хийж дуусгасан бөгөөд тухайн үед туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан тул ТДӨК ХХК улсын комиссын актад гарын үсэг зурсан ба улсын комисс барилгыг хүлээн авах үед ТДӨК ХХК-ийн гүйцэтгэж буй зарим ажил /холбоо, домофон систем, галын дохиолол, телефон, кабелийн, телевиз г.м/ дуусаагүй байсан нь талуудын харилцаж байсан албан бичгээс тодорхой харагдаж байна. Дээрх нь барилгын хийцлэл, ерөнхий бүтээцэд хамаарахгүй ажил. Тиймээс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ тус тус цуцлагдсан, гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй тул нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны А блок буюу 1 дүгээр орцны 5 давхар, 27 тоот, 6 дугаар давхар, 39 тоот орон сууцнуудыг шилжүүлэх үндэслэлгүй. ТДӨК ХХК нь өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцнуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгүүдийг гаргаж өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АИ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь ТДӨК ХХК-тай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн, нэмэлт гэрээг тус тус үүргийн зөрчлийн улмаас 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 99/2019 дугаартай албан тоотоор мэдэгдэж, Иргэний хуулийн 355.1 дэх хэсэгт заасан журмын дагуу цуцалсан. ТДӨК ХХК-ийн гүйцэтгээгүй, манай компаниас өөрсдөө зардал гаргаж гүйцэтгэсэн нийт ажлын хөлс нь 147 356 394 төгрөг болсон ба ажлын хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсон 2 орон сууцны нийт үнэлгээ 139 936 500 төгрөгийг үүнд тооцож, үлдэх ажлын зөрүү хөлс 7 419 894 төгрөгийг ТДӨК ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ТДӨК ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Аз жаргал хотхон, А блок, 1 дүгээр орц 6 давхрын 39 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж төлбөрийг цувуулан төлж орон сууцад орсон. Энэ үед тухайн орон сууцыг худалдан авахад АИ ХХК-ийн борлуулалтын менежер н.Номингоор зуучлуулан тус компанийн удирдлагууд болон захирал Ш.Чулуунчимэг мөн ТДӨК ХХК-ийн захирал Л.Золбаяр нарыг байлцуулан тохиролцоонд хүрч төлбөрөө бүрэн хийж, 2 компанийн удирдлагууд орон сууцны түлхүүрийг өгч, удахгүй байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө гэсэн. Гэтэл АИ ХХК түлхүүрийг нь гардуулан өгсөн орон сууцны хууль бус эзэмшигч гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00315 дугаар шийдвэрийн дагуу миний биеийг тус орон сууцнаас албадан чөлөөлөх тухай шийдвэр гарсан. АИ ХХК-ийн захирал Ш.Чулуунчимэг ТДӨК ХХК-д орон сууцны төлбөрөө 100 хувь төлж тус орон сууцны түлхүүрийг авсныг сайн мэдэж байгаа мөртлөө, 2 компанийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлээс болоод хохироож, түлхүүрийг нь өгч оруулсан орон сууцны хууль бус эзэмшигч гэж шүүхээр тогтоолгож байна. Иймд шүүхээс тус хоёр компани болон надтай холбоотой орон сууцны маргаантай хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж өгнө үү. Миний бие орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан шударга өмчлөгч гэж үзэж байгаа тул миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Т.Л-гийн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Л- нь ТДӨК ХХК-аас Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Аз жаргал хотхон, А блок, 1 дүгээр орц 5 давхрын 27 тоотод байрлах 2 өрөө байрыг худалдан авсан ба 2018 оны 5 дугаар сард эхний төлбөрөө өгсөн. 2018 оны 10 сард АИ ХХК-ийн захирал Ш.Чулуунчимэгтэй уулзахад ТДӨК ХХК-ийн захирал Л.Золбаяр багахан ажил дуусгаагүй байгааг хэлээд төлбөрөө төл гэж гэрээг өгсөн. 2018 оны 11 дүгээр сард төлбөрөө төлж Т.Л- нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч одоог хүртэл байрны гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууц болон мөн байрны 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцуудын өмчлөгчөөр ТДӨК ХХК-ийг тогтоож, орон сууцуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт /төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын гэрэл зураг зэрэг/-ыг ТДӨК ХХК-д хүлээлгэн өгөхийг АИ ХХК-д даалгаж,

АИ ХХК-ийн ТДӨК ХХК-аас 7 419 894 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ТДӨК ХХК зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 857 635 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 133 670 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 857635 төгрөг, улсаас 140 400 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид гаргуулж олгох, нэхэмжлэгчээс 133 670 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитойгоор харьцуулан, эргэлзээгүй, зөв үнэлж дүгнээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь талд ТДӨК ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны дотор цахилгааны угсралтын ажлыг, 10 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмжид цахилгаан холболт газардуулгын ажлыг, 10 дугаар сарын 22-ны өдөр барилгад аянга зайлуулагчийн ажлыг, 11 дүгээр сарын 20-ны өдөр галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн актаар захиалагчийн төлөөлөгч Л.Ганбаатарт хүлээлгэн өгсөн, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар улсын комисст актаар хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн тоног төхөөрөмжид цахилгаан холболт газардуулгын ажил, дотор цахилгааны угсралтын ажил гүйцэтгэсэн асуудалд маргадаггүй бөгөөд тухайн ажлын хөлсөнд тооцож гэрээний үнийн дүнгийн 20 хувийн төлбөр бэлэн мөнгөөр, 2 орон сууцыг шилжүүлэн өгч бүрэн төлсөн. Уг дүн нь нийт 200 020 785 төгрөг болно. Харин нэхэмжлэгч талаас холбоо дохиолол, домофон систем, галын дохиолол, телефон, кабелийн телевиз зэргийн утас сүвлэх холбох гэх мэт ажлуудыг өөрсдөө хийж гүйцэтгээгүй, галын дохиолол, домофон системыг угсрах ажлыг гүйцэтгээгүй орхисон талаар тайлбартаа тодорхой дурдсан. Энэ нь хавтаст хэргийн 18 дахь тал галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн актын дугаар 1-т станц хянах самбар, тэжээлийн блок, 3-т теле хяналтын систем зэргийг суурилуулсан талаар огт дурдаагүй, хийсэн ажлыг ашиглалтад оруулах боломжтой эсэхийг мөн дурдаагүй гэдгээр нотлогдож байхад шүүхээс уг баримтыг үндэслэн ажлыг бүрэн хүлээж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч компани нь ажлаа гүйцэтгээгүй орхиж явсан, хариуцагчаас нэхэмжлэгч компанид дутуу ажлаа гүйцээж хийх хугацаа тогтоож, шаардсан талаар албан бичгүүд, ТДӨК ХХК-ийн гүйцэтгэх захирлын ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19/27 тоот албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/30 тоот албан бичиг, гэрч Л.Ганбаатарын ТДӨК ХХК нь холбоо дохиолол, домофон систем, галын дохиолол, телефон, кабелийн телевиз зэрэг ажлыг хийгээгүй, хятад ажилчид хийсэн... гэсэн мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл дотор цахилгааны утас, унтраалга, газардуулга, утас далдлагч, төгсөвч, интернэт утас зэрэг цахилгааны дутуу үлдээсэн ажлын материалын зардал, ажиллах хүчний зардлыг өөрсдөө гаргасан баримт зэргээр ...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахаас өмнө нэхэмжлэгч компани нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2016/15 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 2016/15 тоот нэмэлт гэрээгээр тохиролцсон нийт ажлын 20 хувийг хийгээгүй орхисон, тухайн үед хийгдсэн байсан ажлыг хариуцагч АИ ХХК-аас зардал, ажиллах хүчийг гарган хийсэн гэдэг үйл баримт хөдлөшгүй нотлогдож байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрөө хүлээн зөвшөөрсөн дутуу ажлын /хийгээгүй/ үнийн дүнг гэрээний нийт үнийн дүн болох 339 957 258 төгрөгөөс тооцоход 67 991 451,6 төгрөг байна. Харин улсын комисст барилгыг хүлээлгэн өгөхөөс өмнө АИ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой материал худалдан авах, ажиллах хүчний зардал нь 73 180 770 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар бүрэн нотлогдож байна. Мөн нэхэмжлэгчийн дутуу үлдээсэн ажил буюу 301 дүгээр байрны 1 дүгээр орцны 134 айлын орон сууцны домофон систем, галын системийн тоноглол суурилуулах, 39 айлын орон сууцны цахилгаан, холбоо, дохиоллын утас дахин сүвлэх, засварлах ажлыг Зэт хөсөг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгүүлснийг нотлох гэрээ, төсөв, төлбөр төлсөн баримтыг хариуцагч гаргаж өгсөн ба уг баримтыг нэхэмжлэгч тал няцаах баримт хэрэгт огт байхгүй байхад ТДӨК ХХК 147 356 394 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй гэдэг нь тогтоогдоогүй гэсэн нь буруу байна. Хариуцагчаас гаргасан дээрх баримтуудыг нэхэмжлэгч тал няцаасан ямар ч баримт хэрэгт байхгүй буюу наад зах нь ажлыг өөрөө гүйцэтгэсэн талаар материал худалдаж авсан төлбөрийн баримт, ажиллах хүчний зардал гаргасан баримт, ажилчдын ажилласан ирц, бүртгэл, гүйцэтгэсэн ажлын төсөв, төлөвлөгөө, зураг зэрэг баримт байхгүй байхад зөвхөн Улсын комиссын акт, сантехникийн инженер албан тушаалтай Л.Ганбаатарын гарын үсэг зурсан ажлын гүйцэтгэлд туршилт хийсэн акт зэргээр ТДӨК ХХК-ийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт /6 дахь тал/ ...ямар ажлыг дутуу хийсэн, ямар ажлыг доголдолтой хийснийг тодорхойлж гаргаагүй, .захиалагч ажлын үр дүнд бүхэлд нь гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна... гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 7 удаагийн албан шаардлага, мэдэгдлээр ажил гүйцэтгэж буй материал чанарын шаардлага хангахгүй байгаа, цахилгааны утас сүвлэх, унтраалга, залгуур чанаргүй байгаа талаар фото зургийн хамт, цахилгааны утас татах, гэрэл угсрах, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар цахилгаан болон холбоо дохиолол, галын дохиолол, домофон системийн бүх материалыг барилгын талбайд буулгаагүй, ажлаа хийж эхлээгүй байгаа, 18:00 цагаас өмнө дээрх материалуудыг барилгын талбайд буулгаж АИ ХХК-аас ажиллах хүчний дэмжлэг авч хийж гүйцэтгэхийг мэдэгдсэн байх бөгөөд уг албан шаардлагуудыг ТДӨК ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн биеэр хүлээн авснаа баталгаажуулсан байгаа нь бодит байдалд ажлын гүйцэтгэл дутуу, чанаргүй байсан, энэ талаар гомдлын шаардлага гаргаж байсныг бүрэн нотолж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт АИ ХХК нь ТДӨК ХХК-ийн өмнөөс зардал гаргаж гүйцэтгэсэн нийт ажлын хөлс 147 356 394 төгрөг болж байгаа, нэхэмжлэгчид өгөхөөс татгалзаж буй 2 орон сууцны үнэлгээ 139 936 500 төгрөгийг үүнд тооцож, үлдэх ажлын зөрүү хөлс 7 419 894 төгрөгийг ТДӨК ХХК-аас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба энд үүргийг харилцан тооцох асуудал яригдаж байна гэсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Мөн шүүхээс нэхэмжлэгч тал 1-т ажлаа өөрөө гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажил доголдолтой, 2-т ажлыг дутуу орхиж, гэрээний үүргээ зөрчсөн байхад ...Иргэний хуулийн 238.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг биелүүлэх хугацаа болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болохоор заасан боловч харилцан тооцох шаардлага өөр байхын сацуу ТДӨК ХХК 147 356 394 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй болно гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч тал нь шүүхэд ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэж, ажлын үлдэгдэл хөлсөнд тооцож авах ёстой 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй буюу огт хийгээгүй үлдээсэн ажил, доголдолтой ажлын хэмжээнд дүйцэх хөлсийг төлөхгүй гэсэн татгалзлаа нотолж маргасан ба энд гэрээний үүргийн зөрчил яригдаж байна. Шүүхээс нэхэмжлэгч талыг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан эсэх, хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй эсэхийг тогтоох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч тал гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэдэг нь тодорхой, хариуцагч талыг нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй ажлыг өөрсдөө болон бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг нөхөх төлүүлэх талаар заавал сөрөг нэхэмжлэл гаргах ёстой, ...ажлын хөлсийг үл хуваагдах шинжтэй үл хөдлөх хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон ба гүйцэтгэгч ажлын дийлэнхийг гүйцэтгэсэн, хариуцагчид мэдэгдэн цааш худалдахаар тохиролцон орон сууцанд хүмүүс оруулсан байхад хариуцагч орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй байгаа нь буруу байна... гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрөө хүлээн зөвшөөрсөн гүйцэтгээгүй ажлын үнийн дүн нийт 67 991 451,6 төгрөг буюу ажлын 20 хувь, харин хариуцагчаас мэдэгдсэн албан шаардлагад ажлын гүйцэтгэл 35 гаруй хувь дутуу буюу үнийн дүн нь 118 985 040,3 төгрөг болж байгаа ба аль ч тооцоог үнэн зөв гэж дүгнэсэн гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаагүй гэдэг нь нотлогдсон атал шүүхээс хариуцагч хөлсийг бүрэн төлөх үүрэгтэй гэсэн нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.5-д Захиалагч ажлын гүйцэтгэлийг тухай бүр шалган, санхүүжилтийг гүйцэтгэлийн бодит хэмжээгээр сарын сүүлээр тооцоо хийнэ гэж заасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд тохирсон хөлс буюу 200 020 785 төгрөгийг бүрэн төлсөн байна. Хариуцагч нь сөрөг шаардлагаар ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөнтэй холбоотой өөрөөс гарсан илүү зардал болох 7 419 894 төгрөгийг Иргэний хуулийн 355.1, гэрээний 5.5-д заасны дагуу нэхэмжилсэн ба энэ нь нэхэмжлэгчээс 147 356 394 төгрөгийг шаардаж, үүргийг харилцан тооцож дуусгавар болгохтой холбоотой шаардлага огт биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Аз жаргал хотхоны А блок, 1 дүгээр орцны 27 тоот, 39 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр ТДӨК ХХК-ийг тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч ТДӨК ХХК нь хариуцагч АИ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны А блок байрны 1-р орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууцны болон 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, орон сууцнуудыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн барилга байгууламжийн зураг төсөл, барилгын /өмчлөлийн хэсгийн цонхыг тэмдэглэсэн/ гэрэл зураг зэргийг ТДӨК ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотойгоор хохиролд 7 419 894 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2016/15 тоот Дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол, домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 20-ны өдрийн №2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч ТДӨК ХХК нь хариуцагч АИ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны барилгын А блок 1 орцны дотор цахилгаан угсралт, газардуулга, аянга зайлуулагч, холбоо галын дохиолол домофон систем дохиолол хамгаалалтын угсралтын ажлыг нийт 339 957 258 төгрөгөөр гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсний үнийн дүнгийн 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувьд баригдаж буй барилгын 5 давхарт 2 орон сууц, 6 давхарт 2 орон сууц, нийт 4 орон сууцыг 274 147 500 төгрөгт тооцон шилжүүлэх, бэлнээр 65 809 758 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8-13/

Мөн талуудын хооронд дээрх ажлын хөлсөнд тооцож өгөх орон сууцтай холбоотой 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2016-107, 2016-108 дугаартай захиалгаар орон сууц барих тухай 2 гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орцны 5 давхрын 44,14 м.кв талбайтай 05-01 оот орон сууцны болон 6 давхрын 40,67 м.кв талбайтай 05-06 тоот орон сууцыг хариуцагч компани барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгөх, өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай баримт, мэдээллээр хангах, нэхэмжлэгч компани орон сууцны нийт 139 936 500 /72 831 000+67 105 500/ төгрөгт 2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний ажлын хөлсийг тооцохоор тус тус тохиролцсон байна. /хх-ийн 23-39/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг тохиролцсон нь мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч компани нь 2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дотор цахилгааны угсралтын ажлыг, 10 дугаар сарын 22-ны өдөр тоног төхөөрөмжинд цахилгаан холболт газардуулгын ажлыг, 10 дугаар сарын 29-ний өдөр барилгад аянга зайлуулагчийн ажлыг, 11 дүгээр сарын 20-ны өдөр галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн актаар захиалагчийн төлөөлөгч Л.Ганбаатарт хүлээлгэн өгсөн байхаас гадна Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/62 дугаартай дүгнэлтээр АИ ХХК-ийн 359 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх бөгөөд ажлын хөлсөнд 274 147 500 төгрөгт барилгын 5, 6 давхарт тус бүр 2 орон сууц нийт 4 орон сууц шилжүүлэхээс 2 орон сууцыг өмчлөх эрхийг захиалагч нарт шилжүүлснээр ажлын хөлснөөс зарим хэсэг төлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Харин хариуцагч компани нь Т.Л-гийн эзэмшилд байгаа 5 давхрын 44,14 м.кв талбайтай 27 тоот орон сууцыг, О.Б-гийн эзэмшилд байгаа 6 давхрын 40,67 м.кв талбайтай 39 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч компанийн ажлын гүйцэтгэл дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэх үндэслэлээр маргаж уг 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзжээ.

 

2016/15 тоот ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний 2 дахь хэсэгт ...нийт дүнгийн 80 хувийг байраар бартер хийж, нийт 4 ш байрыг гэрээний төлбөрт суутган тооцож, орон сууцны захиалгын гэрээ хийсэн болно... гэж тохиролцсон, талуудын хооронд харилцсан албан бичгүүдэд нэхэмжлэгч компанийн ажлын гүйцэтгэл удаашралтай дутуу хийгдэж байгаа талаар дурдагдсан байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/30 тоот албан бичгээр ажлын гүйцэтгэл 80 хувь хийгдсэн, захиалагч компани өөрсдөөсөө хөрөнгө гаргаж ажлыг үргэлжлүүлсэн хийсэн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. /хх-ийн 40-53, 73-84/

 

Түүнчлэн, гэрч Л.Ганбаатар ...жижиг ажлыг тухай бүрт нь хүлээн авч байсан, газардуулгын ажлыг хийсэн... дотор цахилгаан угсралтын ажил хийж дуусаагүй байсан, хятадууд хийж дуусгасан... гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 197/

 

Нэхэмжлэгч ТДӨК ХХК нь нэхэмжлэлд дурдсан 27 тоот болон 39 тоот орон сууцуудыг АИ ХХК-д хүсэлт тавьсны дагуу орон сууц захиалан бариулах гэрээгээ гуравдагч этгээд О.Б-, Т.Л- нарт шилжүүлэн худалдаж, гуравдагч этгээд нар нь орон сууцны үнийг нэхэмжлэгч компанид төлж, тэдний эзэмшил ашиглалтад орон сууцнуудыг шилжүүлсэн үйл баримт зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан магадлалуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 44, 120-125, 153, 188, 218,/

 

Иймд нэхэмжлэгч компани нь Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орцны дотор цахилгааны угсралт, цахилгаан холболт газардуулга, барилгад аянга зайлуулагч, галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажлыг 80 хувьтай хийж гүйцэтгэн хариуцагч компанид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба гүйцэтгэсэн ажлын хөлсний 80 хувьд төлөх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч компани нь нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж ажлын хөлсний зөрүү гэж 7 419 894 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч компани уг шаардлагын хүлээн зөвшөөрч маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлтийг залруулан дүгнэх шаардлагатай байв. Харин шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хамааралгүй харилцаанд хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ