Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/01129

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      2021         05         21

            182/ШШ2021/01129

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “М” ХХК

 

Хариуцагч: “СБ” ХХК

 

ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болон нэмэлт ажлын хөлсөнд 723,380,520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, “СБ” ХХК-ийн “М” ХХК-иас ажлын хөлсөнд илүү төлсөн болон хохиролд нийт 2,602,277,699.18 төгрөг гаргуулах, дээрх төлбөрийн хэсгийг 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй эксковатор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй эксковаторуудаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаатар, Т.Хаш-Эрдэнэ, Э.Уянга, И.Одонгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр, гэрч П.Э, А.Б, Б.Б, Г.Л, Н.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч “СБ” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Тайшир-Алтай” усан хангамжийн шугам хоолойны сувгийн газар шорооны ухалт, булалтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Уг ажил нь Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангахаар Завхан голоос тус аймгийн төв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах төслийн ажил байсан. Шугам хоолой суурилуулах сувгийн нийт урт 54,200 м, ажлын зургийн хөндлөн огтлолын талбай: S=10,5+4,05=15,55 м.кв (1-р үе 1,5 м-2 м-ийн гүнтэй ухалт: өргөн-7,0 м, өндөр-1,5 м, хөндлөн огтлолын талбай-10,5 м.кв, 2-р үе 4,2 м-ийн гүнтэй ухалт: өргөн-1,5 м, өндөр-2,7 м, хөндлөн огтлолын талбай-4,05 м.кв), ажлын туршид нийт ухан гаргаж булах шорооны хэмжээ 788,610 м.куб=54,200*14,55 байсан. Манай компани 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 07-ны өдрийн хооронд 28,800 м буюу 419,040 м.куб=28,800*14,55 шугам хоолойн сувгийн ухалт хийж хоолойг суурилуулсны дараах булалтын ажлыг бүрэн гүйцэт хийсэн ба энэхүү ажлын хөлс нь 1,859,699,520 төгрөг, хоолой суурилуулаагүй боловч 1-р үеийн ухалт хийсэн 13,000 м буюу 136,500 м.куб=13,000*10,5 газар байгаа ба уг ажлын хөлс нь 545,181,000 төгрөг, нийт 2,404,880,520 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн, харин хариуцагч “СБ” ХХК-аас ажлын хөлсөнд нийт 2,015,880,000 төгрөгийг төлсөн, одоо ажлын хөлсөнд 389,000,520 төгрөгийг манай компанид төлөх үүрэгтэй болно. Мөн манай компани хариуцагч “СБ” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заагаагүй боловч тус компанийн хүсэлтээр энэхүү төслийн хүрээнд зайлшгүй хийгдэх дараах ажлуудыг нэмэлтээр гүйцэтгэж өгсөн. Үүнд: дээр дурьдсан шугам хоолойн сувгийн ухалтын хажуугаар зэрэгцүүлэн 22,800 м шилэн кабель суурилуулах хамгаалалтын хоолойн сувгийн ухалт, хамгаалалтын хоолойг суурилуулсны дараах булалтын ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү ажил нь “шилэн кабелийн хамгаалалтын хоолойн доор нь элсэн дэвсгэр дэвсэх, хоолойг суурилуулсны дараа элсээр булах” зэрэг нарийн чимхлүүр ихтэй ажил байсан ба уг ажлын үнэлгээ нь 228,000,000 төгрөг, Говь-Алтай аймгийн усан сан болон Гэгээн нуурын эргийн усан сангийн суурийг ухах, усан сангийн суурийн ул хөрсийг нягтруулах, суурийн хажуугаар шороо чигжих ажлыг гүйцэтгэсэн ба уг ажлын үнэлгээ нь 106,380,000 төгрөг болно. Нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын нийт үнэлгээ нь 334,380,000 төгрөг болж байгаа бөгөөд уг ажилд зориулан хариуцагч “СБ” ХХК-аас нэг ч төгрөг төлөөгүй. Төсөл нь өөрөө 2 жилийн хугацаатай хэрэгжиж дуусах төсөл байсан ба ажлыг 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний хооронд ажлыг гүйцэтгэн дуусгах байсан боловч дараах шалтгаануудын улмаас уг ажлыг гэрээнд заасан хугацаанд дуусгаж чадаагүй. Хариуцагчаас ажлын хөлсийг тохиролцсоны дагуу төлж байгаагүй улмаас техник, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, шатахуун, тосыг худалдан авах боломжгүй болж 8 сард 8 хоног, 9 сард 7 хоног, 10 сард 15 хоног, нийт 30 хоног сул зогссон. Тухайлбал, манай компани 2019 оны 08 дугаар сарын 22-ны  байдлаар гэрээт ажлын 60 гаруй хувийг хийсэн байхад гэрээний төлбөрөөс 30 гаруй хувь нь л олгогдсон байсан. Цаг агаарын таатай бус байдал, үер дайрсан, мөн ажлын гүйцэтгэлийн явцад хөрсний тогтоцын онцлогоос хамааран газрын гадаргаас доош 2м-т цул хадан давхаргууд таарсан ба энэхүү гэнэтийн нөхцөл байдлыг даван туулах зорилгоор манай компани нэмэлтээр 4 эксковатор, 2 ковш, 1 бульдозерыг нэмж ажиллуулсан нь ажлын явцад ахиц гаргасан боловч цул хадыг тэсэлгээ хийж бутлах, суллах шаардлага үүсч 2,200 орчим цооног өрөмдсөн ба үүнээс 700 орчим цооногт тэсэлгээ хийсэн. Хариуцагчийн шугам хоолой суурилуулах краны эвдрэл, гэмтлийн улмаас хоолой суурилуулах ажил олон удаа саатаж, манай булалтын ажил дагаж саатсан. Булалтын ажилд техникүүдээ ашиглах шаардлагаас болж дагаад мөн сувгийн ухалтын ажил удааширсан зэрэг болно. Гэтэл хариуцагч ажил хугацаандаа дуусаагүй явдалд зөвхөн манай талыг буруутгаж байгаа нь шударга бус юм. Иймд хариуцагч “СБ” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 723,380,520 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэгчийн хөлс бодсоныг зөвшөөрөхгүй байгаа бол шинжээч томилж өгнө үү.

          Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд, Иргэний хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ба дараах нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж чадаагүй нь дээр зааснаар нэхэмжлэгчийн буруугаас болоогүй юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэдгээр буруутгаж алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Манай компани 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 07-ны өдрийн хооронд 28,800 м буюу 419,040 м.куб=28,800*14,55 шугам хоолойн сувгийн ухалт хийж хоолойг суурилуулсны дараах булалтын ажлыг бүрэн гүйцэт хийсэн ба энэ нь нийт ажлын 53.1%-тай (419,040*100/788,610) тэнцэж байна. Харин хоолой суурилуулаагүй боловч 1-р үеийн ухалт хийсэн 13,000м буюу 136,500 м.куб=13,000*10,5 газар шорооны ажил байгаа ба булалтын ажил хийгдээгүй байгаа тул ажлын хэмжээг 10%-аар бууруулан тооцоход 122,850 м.куб (136,500*90/100) нийт газар шорооны ажлын 15,57% (122,850*100/788,610) болж байна. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь нийт ажлын 68,67% болно. Хариуцагч булалт хийгдээгүй боловч ухалт хийсэн байгаа энэхүү ажлыг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд оруулан тооцохгүй байгаа нь дэндүү шударга бус. Учир нь хариуцагч уг ажлыг өөр компаниар гүйцэтгүүллээ гэж бодоход булалт хийгдээгүй хэсгийг буцааж шороогоор булаад дахин шинээр ухахгүй нь тодорхой юм. Хариуцагч тал нэхэмжлэгч талын ажилтнуудад мөнгө өгөх гэж байгаа, өгсөн талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Хариуцагч энэхүү төслийн Ерөнхий гүйцэтгэгч Австри улсын “Ти Ар Эм” компанид уг ажил дээр манай компанийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж байгаагаа мэдэгдээгүй, нуусан байдаг. Хариуцагч “СБ” ХХК нь нэхэмжлэгчийн З ш тэсэлгээний өрөм, 1 ш эксковатор зэрэг эд хөрөнгүүдийг өгөхгүй, барьцаалж үйл ажиллагаандаа ашиглаж нэхэмжлэгчийг давхар давхар хохироож байгаа болно. Иймд хариуцагч “СБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч “СБ” ХХК шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь Говь-Алтай аймгийн Алтай хотыг цэвэр усаар хангах зорилго бүхий Тайшир-Алтай цэвэр усан хангамжийн төслийн хүрээнд тухайн төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Ти Ар Эм” компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. Манай компани батлагдсан зураг төсөлд тусгагдсан газар шорооны болон геодези хэмжилтийн бүхий л ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “М” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу “Шугам хоолойн тэг тэнхлэгийг газар дээр байгуулах ажил, Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир сумын Гэгээн нуур хүртэлх цэвэр усны хоолойн суваг болон дагалдах худгуудийн суурийн нүх ухах ажил, Сувгийн суурийн нүхний ёроолыг гараар тэгшлэх ажил, Сувгийн суурийн ёроолд элсэн дэвсгэр дэвсэх ажил, Сувагт угсарсан хоолойн дээрх элсэн дэвсгэрийн үеийг гараар булж нягтруулах ажил, Шаардагдах элс шороог зөвшөөрөгдсөн газраас олборлох, тээвэрлэх ажил, Сувгийн нүхийг механизмаар буцаан дүүргэж, хөрсөөр булах ажил, Энэхүү төслийн барилга байгууламжууд болон ус авах хэсгийн хоолойн нүх ухах, булах, тэгшлэх, тараах газар шорооны ажил” зэргийг хийж гүйцэтгэхээр болсон. Мөн дээр дурдсан бүхий л ажилтай холбоотой геодезийн хэмжилтийн ажлыг албан ёсны эрх бүхий зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж тус тус заасан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д ажлыг 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр заасан боловч гүйцэтгэгч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хожимдуулж эхэлсэн бөгөөд манай компанийн зүгээс 2019 оны 05 сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 сарын 02-ны өдрийн хооронд олон удаагийн албан тоот шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлэн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлэхгүй явсаар “М” ХХК гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй. Өөрөөр хэлбэл “М” ХХК Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн. Манай “СБ” ХХК-ийн хувьд “М” ХХК-д нийт 2,015,880,000 төгрөг буюу нийт ажлын хөлсний 58 хувийг цаг тухайд нь шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх хугацаанд манай “СБ” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн нь баримтуудаас тодорхой харагдана. Тус компанийн удирдлагууд 2019 оны 09-р сарын 06-ны өдөр ажлын талбайг орхин явсан бөгөөд эргэж ирээгүй. Харин ажлын талбайд үлдсэн тус компанийн ажилчдын ажилласан хугацааных нь цалинг өгөөгүйгээс тухайн ажилчид хүйтний улиралд ирсэн, хотоос хол, буцах зардал, хоол хүнсгүй болсон байсан. “СБ” ХХК-ийн зүгээс дээрх “М” ХХК-ийн ажилчдын 9,10 дугаар сарын цалинг ажилчдын төлөөлөгчтэй уулзан, удаа дараа хэлэлцсэний үндсэн дээр “М” ХХК-ийн өмнөөс 32,061,606 төгрөгийн цалинг өгсөн. Гэтэл “М” ХХК одоо хүртэл манай компанид тухайн төлбөрийг төлөөгүй байгаа. Тухайн газар шорооны ажилд “М” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Пропешнл Инженеринг” ХХК ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан тооцоо, мэдээллийг тухай бүрд нь гарган өгч байсан. “М” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс манай компанийн хийж гүйцэтгэх ажил хойшилж, бусад туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, дахин илүү төлбөр төлж ажиллахаар болоод байгаа. Манай компанийн зүгээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж, 355.2-д “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцдах эрхтэй” гэж заасны дагуу “М” ХХК нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн байрлаж үйл ажиллагаа явуулдаг оффисын хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл “М” ХХК-ийхан шүүхээс зайлсхийж, шүүх нэхэмжлэлийг буцаасан. “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

           

          “М” ХХК-д хандаж ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэж акт үйлдэхийг 2019 оны 11-р сарын 28-ны өдрийн ТА-19/35 тоот албан бичиг, 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн ТА-19/37 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэж байсан. Гэсэн хэдий боловч “М” ХХК-аас уулзаж ярилцан ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт үйлдээгүй.

Манай компанийн зүгээс хариуцагч “М” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний явцад нийтдээ 2,015,880,000 төгрөг буюу нийт ажлын хөлсний 57,6 хувийг цаг тухайд нь шилжүүлсэн. Бид анх ажлын гүйцэтгэлийг 52 хувь гэж тооцоолж байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн “М” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар сар болгон тайлан, мэдээ гаргаж өгдөг хөндлөнгийн “Профешнл Инженеринг” ХХК-ийн тоон мэдээ, тайлангаас авч гүйцэтгэсэн ажлын бодит үр дүн 46,8 хувьтай байна. Иймд гүйцэтгэлийн хувь хэмжээнээс илүү төлсөн 10,8 хувь буюу 378,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилнэ.

 

          Гэрээний 12-р зүйлийн 12.2.1-д “Гүйцэтгэгч тал гэрээт ажлыг тохирсон хугацаанд дуусгаагүй бол ажлаа гүйцэтгээгүй хожимдуулсан хоног тутамд Захиалагч талд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлнө” гэж зохицуулсан. “М” ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажлын 53,2 хувиас хугацаа хэтэрсэн хоног буюу нийт 166 хоног, хоног тутамд 0,3 хувиар алданги тооцвол нийт 927,276,000 төгрөг болж байна.

         

          Манай “СБ” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “М” ХХК-ийн орхигдуулсан ажлыг гүйцэтгүүлэхээр 2020 онд бусад этгээдтэй гэрээ байгуулан нэмэлт зардлууд гаргасан. Үүнд, “Зэгэс түмэн” ХХК-тай 2020 оны 04-р сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж сувгийн ухлагийн элсэн дэвсгэрийг зургийн дагуу бэлдэх, бэлтгэсэн элсэн дэвсгэр дээр ган уян ширмэн хоолойг угсрах, кабелийн гэр хоолойг шаардлагатай хэсгүүдэд сунгаж угсрах, булалт хийх ажлыг 105 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэхээр 320,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, “Зэгэс түмэн” ХХК-тай 2020 оны 04-р сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж үлдсэн 54,8 км цэвэр усны шугамын дунд байрлах 24 ш хий авах болон ус юүлэх худгийн угсралтын ажил, булалт хийх ажлыг 105 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэхээр 50,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулж үүргийн гүйцэтгэлд нийт 370,000,000 төгрөг төлсөн. “Профешнл Инженеринг” ХХК-тай 2020 оны 04-р сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж цэвэр усны шугамын геодези хэмжилтийн ажил хийлгэхээр 2 сарын хугацаатай гэрээг байгуулж ажлын гүйцэтгэлийг харгалзан 170,000,000 төгрөг, геодезийн хэмжилтийн ажлын файлыг боловсруулж, хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх ажлын хөлс 15,000,000 төгрөг, нийт 185,000,000 төгрөг төлсөн, иргэн Н.Бадамаар 2019 онд “М” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн шилэн кабель булах ажлыг 5,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. “Оюу өгөөж” ХХК-аар газар шорооны ажилд элсэн дэвсгэрийн элс хайрга, булалтын ажилд шороо зөөх, тээвэрлэх ажил гүйцэтгүүлж 28,000,000 төгрөгийг төлсөн. /Мөн 2019 онд “М” ХХК болон “Оюу өгөөж” ХХК нь хамтарч ажилласан байдаг ба ажлын хөлсөнд манай компаниас авахаар гэрээгээр тохиролцсон 558,690,000 төгрөгийг бартераар хөрөнгөөс 200,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул хотхон, 1В байрны 9 давхрын 807 тоот, 100.5 м.кв талбайтай 3 өрөө байрыг “Оюу өгөөж” ХХК-д ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцож, ашиглуулж эхэлсэн/.

         Говь-Алтай аймгийн Алтай хотыг цэвэр усаар хангах Тайшир-Алтай ус хангамжийн төслийн ажлыг тасалдуулахгүй, хугацаанд нь гүйцэтгэх шаардлагатай байсан тул газар шорооны ажлыг гүйцэтгүүлэхээр “Ихэр Бат” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “М” ХХК-ийн гүйцэтгээгүй үлдээсэн ухлагийн ажлыг гүйцэтгүүлж, харин газар шорооны булалтын ажлыг өөрийн компанийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангаж гүйцэтгэсэн. “М” ХХК-иас үлдсэн булалтын ажлыг 2020 онд гүйцэтгэж дуусгахад машин механизм /Экскаватор,ковш/ -уудыг Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу, Говь-Алтай аймгаас Улаанбааатар хот руу тээвэрлэх, машин механизмын сэлбэг, засвар үйлчилгээ, ажилтны цалин хөлс, татвар, шимтгэл, ХАБАЭ-ийн хамгаалах хувцас хэрэгсэл, ажилтнуудын хоол хүнс, машин механизмын түлшний зардал зэрэгт нийт 676,940,093.18 төгрөгийг манайх зарцуулсан, энэ зардлаа нэхэмжилнэ. Ингээд манай сөрөг нэхэмжлэлийн дүн 2,602,277,699 төгрөг болж байгаа.

          Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээний 2-р зүйлийн 2.3-д барьцааны техникүүдийг 600,000,000 төгрөгөөр үнэлсэн. “СБ” ХХК-ийн хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хоёр экскаватораар хангуулах эрх нь өнөөдөр ч хэвээр хадгалагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2,602,277,699.18 төгрөгөөс 600,000,000 төгрөгийг барьцааны 27-36 УБ улсын дугаартай HYUNDAI R 500 lc-7 загварын экскаватор, 50-56 улсын дугаартай R290, LC-7А загварын экскаваторуудаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанд П.Э, А.Б, Б.Б, Г.Л, Н.Ш нарыг гэрчээр асуусан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Шүүх ажил гүйцэтгэх гэрээ, тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд, “Тайшир-Алтай” усан хангамжийн төслийн ажил гүйцэтгэх гэрээнүүд, “Тайшир-Алтай” усан хангамжийн төслийг хэрэгжүүлэх Зураг төсөл-нийлүүлэлт-барилга угсралтын гэрээ, түүнд холбогдох баримтууд, “М” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийн тооцоолол, хамтын ажиллагааны тухай явуулж байсан албан бичгүүд хавсралтын хамт, санхүүгийн баримтууд, Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, “М” ХХК-ийн ажилчдад олгосон цалингийн жагсаалт, төлбөрийн баримт, хөдөлмөрийн гэрээнүүд, “М” ХХК-д хүргүүлж байсан шаардлага, мэдэгдлүүд, ажил гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, ажил гүйцэтгэлтэй холбоотой актууд болон бусад баримт, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх хурлын тэмдэглэл, төслийн ажлын тоон мэдээ, ажлын зургууд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь “СБ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуух хөлс болон нэмэлт ажлын хөлсөнд 723,380,520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, “СБ” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн болон хохиролд нийт 2,602,277,699.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй эксковатор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй эксковаторуудаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хоолой суурилуулах сувгийг ухах, нягтруулж булах газрын нийт урт 54,200 м ба бүрэн хийсэн 28,800 м-ийн ажлын хөлс 1,859,699,520 төгрөг, хоолой суурилуулаагүй боловч 1-р үеийн ухалт хийсэн 13,000 м-ийн ажлын хөлс 545,181,000 төгрөг, нийт 2,404,880,520 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, хариуцагч “СБ” ХХК-аас ажлын хөлсөнд 2,015,880,000 төгрөгийг төлсөн, одоо ажлын хөлсөнд нэмж төлөх ёстой гэж 389,000,520 төгрөгийг, мөн нэмэлтээр гүйцэтгэсэн “шилэн кабелийн хамгаалалтын хоолойн доор нь элсэн дэвсгэр дэвсэх, хоолойг суурилуулсны дараа элсээр булах” ажлын үнэлгээ нь 228,000,000 төгрөг, усан сангийн суурийн ул хөрсийг нягтруулах, суурийн хажуугаар шороо чигжих ажлын хөлс 106,380,000 төгрөг, нийт нэмэлт ажлын хөлс 334,380,000 төгрөгийн хамт 723,380,520 төгрөг гаргуулна гэж үндэслэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргахдаа ажлыг хөлсийг гэрээнд тохиролцоогүй аргаар бодсон, зөвхөн сувгийн уртаар бодох байтал эзэлхүүнээр бодсон, ажлын хөлс нь сувгийг ухах, нягтруулж булах ажлыг цогцоор авч үзсэн үнэлгээ тул дутуу ухсанд ажлын хөлс тооцохгүй, шилэн кабелийн хоолойг суурилуулна гэж тусад нь суваг ухаагүй, мөн усан сан /нөөц усны байгууламж/-гийн суурийн газар шорооны ажил нь нийт хийх ёстой ажилд орсон тул нэхэмжлэгч нэмж ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй гээд, улмаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэрээгээр ажлын хөлсийг тохиролцохдоо хоолой суурилуулах сувгийн уртаар тооцох буюу нийт 54,200 м урттай сувгийг 3,500,000,000 /гурван тэрбум таван зуун  мянган/ төгрөг гэж тохиролцсон, нэхэмжлэгч нийт 28,800 м-ийн ажлыг хийсэн, үүнд ногдох нь  төгрөг байтал хариуцагч ажлын хөлсөнд илүү төлсөн гэж 378,000,000 төгрөг, гэрээний хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүйн алдангид гэж 927,276,000 төгрөг, “М” ХХК-ийн ажилчдын цалинг тус компанийн өмнөөс төлсөн төлбөрт гэж 32,061,606 төгрөг, “М” ХХК-ийн ажлаа бүрэн хийгээгүй орхин явснаас үүссэн хохирол гэж 1,264,940,093.18 төгрөг, үүнээс ажлыг өөр компаниудаар хийлгэсэн ажлын хөлсөнд 588,000,000 төгрөг, хариуцагчаас өөрөөс нь энэ ажилд 676,940,093.18 төгрөгийн зардал гарсан гэж, нийт 2,602,277,699.18 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна, гэрээний үүрэгтээ 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй эксковатор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй эксковаторуудыг барьцаалсан гэж үндэслэжээ.

“СБ” ХХК нь Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Австри улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотыг цэвэр усаар хангах зорилго бүхий Тайшир-Алтай цэвэр усан хангамжийн төслийн хүрээнд тухайн төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Ти Ар Эм” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, уг төслийг хэрэгжүүлэхдээ Тайшир-Алтай усан хангамжийн төслийн хүрээнд батлагдсан зураг төсөлд тусгагдсан газар шорооны болон геодези хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “М” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу гүйцэтгэгч нь “Шугам хоолойн тэг тэнхлэгийг газар дээр байгуулах ажил, Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир сумын Гэгээн нуур хүртэлх цэвэр усны хоолойн суваг болон дагалдах худгуудийн суурийн нүх ухах ажил, сувгийн суурийн нүхний ёроолыг гараар тэгшлэх ажил, сувгийн суурийн ёроолд элсэн дэвсгэр дэвсэх ажил, сувагт угсарсан хоолойн дээрх элсэн дэвсгэрийн үеийг гараар булж нягтруулах ажил, шаардагдах элс шороог зөвшөөрөгдсөн газраас олборлох, тээвэрлэх ажил, сувгийн нүхийг механизмаар буцаан дүүргэж, хөрсөөр булах ажил, төслийн барилга байгууламжууд болон ус авах хэсгийн хоолойн нүх ухах, булах, тэгшлэх, тараах газар шорооны ажил зэргийг 54,200 м газарт 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд  3,500,000,000 /гурван тэрбум таван зуун  мянган/ төгрөг авахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч ажлыг бүрэн дуусгаагүй орхисон, хийсэн ажлын тоон үзүүлэлтийг гаргаж байсан, нэхэмжлэгч хариуцагч талууд өөр хоорондоо ажлын талаар мэдэгдэл, шаардлагууд хүргүүлж байсан, удирдлага нь эзгүй үлдсэн нэхэмжлэгч компаний ажилтнуудын 2 сарын цалин хөлсийг тэдний хүсэлтийн дагуу хариуцагч компани өгсөн, хариуцагч үлдсэн ажлыг өөрийн зардлаар болон бусад иргэн, компаниар гүйцэтгүүлсэн байдал тус тус тогтоогдож байна.

Ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тухай нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан (хавтас 1, хуудас 35) болон геодези хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн Профешнл инженеринг (“М” ХХК-ийн туслан гүйцэтгэгч) компаний тоон мэдээнүүд (нотлох баримт хавтас 2, хуудас 452), ажлын зургийг талууд хэрэгт ирүүлсэн байна. Мөн талууд өөрсдөө тайлбарлаж, гэрчүүд мэдүүлж байна.

Дээрх баримт, тайлбар мэдүүлгээс дүгнэхэд, нэхэмжлэгч нийт 54253 м ажил хийхээс бүрэн ухаж булалт хийсэн 25363 м, сувгийн 1 дүгээр үе ухалт 36222 м (25363+10859), сувгийн 2 дугаар үе ухалт 29442 м (25363+4079)-т хийсэн, мөн усан сан /нөөц усны байгууламж/-гийн суурийн газар шорооны ажлыг хийсэн нь тогтоогдож байна. Гэрээнд 54200 м ажил хийхээр заасан байдаг ба тоон мэдээгээр 54253 м ажил хийхээр гарсан нь нэхэмжлэгчийн нэмж хийсэн гэж буй усан сангийн суурийн газар шорооны ажил 53 м бөгөөд энэ нь гэрээнд заасан ажилд ороогүй болохыг харуулж байна гэж дүгнэлээ.

Гэрээгээр 54200 м-ийн ажлын хөлсийг 3,500,000,000 төгрөг гэсэн ба 1 м ажил 64576 төгрөгийн үнэлгээтэй байна. Иймд бүрэн ухаж булалт хийсэн 25363 м ажлын үнэлгээ 1,637,831,957 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн тооцоогоор сувгийн 1 дүгээр үе ухалтын ажил нийт ажлын 61 хувь, 2 дугаар үеийн ухалтын ажил нийт ажлын 20 хувийг эзэлнэ гэж тооцсон байх ба үүгээр тооцоход  1 дүгээр үеийн ухалт хийж орхисон 10859 м-ийн үнэлгээ 140,246,157 төгрөг, 2 дугаар үеийн 4079 м ухалтын үнэлгээ 160,675,889 төгрөг болж байна. Ингээд гэрээгээр тохирсон ажлаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1,938,754,003 төгрөг болж байх ба нэхэмжлэгч гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл нэхэмжлэх эрхгүй, харин хариуцагчийн ажлын хөлсөнд төлсөн 2,015,880,000 төгрөгөөс дээрхийг хасаж тооцвол  77,125,997 төгрөгийг хариуцагч буцаан авахаар болж байна.

Шилэн кабелийн хамгаалалтын хоолойн суурилуулалтын ажлыг нэхэмжлэгчээс өөр этгээд гүйцэтгэсэн байх ба үүнд ямар нэг дээрх сувгаас өөр суваг, нүх ухагдаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч энэ талаар нэмж ажил хийсэн гэж мөнгө нэхэмжилсэнийг хангах боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч гэрээнд тохирсноос гадна усан сан /нөөц усны байгууламж/-гийн суурийн газар шорооны ажил 53 м-ийг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байх тул түүний ажлын хөлс 3,422,528 (53х64576) төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, ажлын хөлсөнд нэхэмжлэгчид илүү төлсөн 77,125,997 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдана.

“М” ХХК-ийн ажилтнуудын тухайн үед, тухайн ажил дээр ажилласан хугацааны 2 сарын цалинг “СБ” ХХК олгосон болох нь тэдний хүсэлт, “М” ХХК-д ажилладаг болохыг нотолсон баримт, ажлын гүйцэтгэл, мөнгөний баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул энд зарцуулагдсан 32,061,606 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргуулан олгох нь зүйтэй байна.

“М” ХХК-ийн ажлаа бүрэн хийгээгүй орхин явсан ажлыг хариуцагч бусад этгээдээр гүйцэтгүүлж 588,000,000 төгрөг, хариуцагч өөрөөсөө энэ ажилд 676,940,093.18 төгрөгийн зардал, нийт 1,264,940,093.18 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжлэгчээс нэхэмжилдэг боловч энэ нь тухайн төслийн ажилд гарах ёстой зардал бөгөөд гэрээний нийт үнийн дүнд багтаж байх тул хариуцагчийн энэ шаардлага хангагдахгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч гэрээг цуцалсан атлаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байх ба 927,276,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч гэрээний үүрэгтээ 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй эксковатор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй эксковаторуудыг барьцаалсан байх ба гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлэж буйтай холбоотойгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхив.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлд 13,239,538 төгрөг төлөх байтал 13,801,138 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 561,600 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-ийг баримтлан “СБ” ХХК-аас 3,422,528 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгон, “М” ХХК-ийн 719,957,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “М” ХХК-аас  109,187,603 төгрөг гаргуулж “СБ” ХХК-д олгож, “СБ” ХХК-ийн 2,493,090,096.18 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. “М” ХХК мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй эксковатор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй эксковаторуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг    Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,774,853 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 13,801,138 төгрөгийн 13,239,538 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, “СБ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 69,710 төгрөгийг  “М” ХХК-д гаргуулж олгох, “М” ХХК-иас 703,888 төгрөгийг, улсаас илүү төлсөн 561,600 төгрөгийг  тус тус гаргуулж “СБ” ХХК-д олгосугай.

 

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхисугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                    С.БУД