Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01226

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/01129 дугаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болон нэмэлт ажлын хөлсөнд 723,380,520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох ажлын хөлсөнд илүү төлсөн болон хохиролд нийт 2,602,277,699.18 төгрөг гаргуулах, дээрх төлбөрийн хэсгийг 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Хюндай маркийн экскаватор, 50-56 УБ дугаартай экскаваторуудаар хангуулах тухай “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “С” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тайшир-Алтай усан хангамжийн шугам хоолойны сувгийн газар шорооны ухалт, булалтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Уг ажил нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангахаар Завхан голоос тус аймгийн төв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах төслийн ажил байсан. Шугам хоолой суурилуулах сувгийн нийт урт 54,200 м, ажлын зургийн хөндлөн огтлолын талбай: S=10,5+4,05=15,55 м.кв (1-р үе 1,5 м-2 м-ийн гүнтэй ухалт: өргөн-7,0 м, өндөр-1,5 м, хөндлөн огтлолын талбай-10,5 м.кв, 2-р үе 4,2 м-ийн гүнтэй ухалт: өргөн-1,5 м, өндөр-2,7 м, хөндлөн огтлолын талбай-4,05 м.кв), ажлын туршид нийт ухан гаргаж булах шорооны хэмжээ 788,610 м.куб=54,200*14,55 байсан.

Манай компани 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 28,800 м буюу 419,040 м.куб=28,800*14,55 шугам хоолойн сувгийн ухалт хийж хоолойг суурилуулсны дараах булалтын ажлыг бүрэн гүйцэд хийсэн ба энэхүү ажлын хөлс нь 1,859,699,520 төгрөг, хоолой суурилуулаагүй боловч 1-р үеийн ухалт хийсэн 13,000 м буюу 136,500 м.куб=13,000*10,5 газар байгаа ба уг ажлын хөлс нь 545,181,000 төгрөг, нийт 2,404,880,520 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн, харин “С” ХХК-аас ажлын хөлсөнд нийт 2,015,880,000 төгрөгийг төлсөн, одоо ажлын хөлсөнд 389,000,520 төгрөгийг манай компанид төлөх үүрэгтэй болно.

Мөн манай компани “С” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заагаагүй боловч тус компанийн хүсэлтээр энэхүү төслийн хүрээнд зайлшгүй хийгдэх дараах ажлуудыг нэмэлтээр гүйцэтгэж өгсөн. Нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын нийт үнэлгээ нь 334,380,000 төгрөг болж байгаа бөгөөд уг ажилд зориулан “С” ХХК-аас нэг ч төгрөг төлөөгүй. Төсөл нь өөрөө 2 жилийн хугацаатай хэрэгжиж дуусах төсөл байсан ба ажлыг 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний хооронд ажлыг гүйцэтгэн дуусгах байсан боловч дараах шалтгаануудын улмаас уг ажлыг гэрээнд заасан хугацаанд дуусгаж чадаагүй.

Хариуцагчаас ажлын хөлсийг тохиролцсоны дагуу төлж байгаагүй улмаас техник, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, шатахуун, тосыг худалдан авах боломжгүй болж 8 сард 8 хоног, 9 сард 7 хоног, 10 сард 15 хоног, нийт 30 хоног сул зогссон. Тухайлбал, манай компани 2019 оны 08 дугаар сарын 22-ны байдлаар гэрээт ажлын 60 гаруй хувийг хийсэн байхад гэрээний төлбөрөөс 30 гаруй хувь нь л олгогдсон байсан. Цаг агаарын таатай бус байдал, үер дайрсан, мөн ажлын гүйцэтгэлийн явцад хөрсний тогтцын онцлогоос хамааран газрын гадаргаас доош 2м-т цул хадан давхаргууд таарсан ба энэхүү гэнэтийн нөхцөл байдлыг даван туулах зорилгоор манай компани нэмэлтээр 4 экскаватор, 2 ковш, 1 бульдозерыг нэмж ажиллуулсан нь ажлын явцад ахиц гаргасан боловч цул хадыг тэсэлгээ хийж бутлах, суллах шаардлага үүсч 2,200 орчим цооног өрөмдсөн ба үүнээс 700 орчим цооногт тэсэлгээ хийсэн. Хариуцагчийн шугам хоолой суурилуулах краны эвдрэл, гэмтлийн улмаас хоолой суурилуулах ажил олон удаа саатаж, манай булалтын ажил дагаж саатсан. Булалтын ажилд техникүүдээ ашиглах шаардлагаас болж дагаад мөн сувгийн ухалтын ажил удааширсан.

Иймд хариуцагч “С” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 723,380,520 төгрөг гаргуулж өгнө үү.

Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэдгээр буруутгаж алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь нийт ажлын 68,67 хувь болно. Хариуцагч булалт хийгдээгүй боловч ухалт хийсэн байгаа энэхүү ажлыг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд оруулан тооцохгүй байгаа нь дэндүү шударга бус. Учир нь хариуцагч уг ажлыг өөр компаниар гүйцэтгүүллээ гэж бодоход булалт хийгдээгүй хэсгийг буцааж шороогоор булаад дахин шинээр ухахгүй нь тодорхой юм.

Иймд хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Говь-Алтай аймгийн Алтай хотыг цэвэр усаар хангах зорилго бүхий Тайшир-Алтай цэвэр усан хангамжийн төслийн хүрээнд тухайн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Т” компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. Манай компани батлагдсан зураг төсөлд тусгагдсан газар шорооны болон геодези хэмжилтийн бүхий л ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “М” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу Шугам хоолойн тэг тэнхлэгийг газар дээр байгуулах ажил, Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир сумын Гэгээн нуур хүртэлх цэвэр усны хоолойн суваг болон дагалдах худгуудийн суурийн нүх ухах ажил, Сувгийн суурийн нүхний ёроолыг гараар тэгшлэх ажил, сувгийн суурийн ёроолд элсэн дэвсгэр дэвсэх ажил, сувагт угсарсан хоолойн дээрх элсэн дэвсгэрийн үеийг гараар булж нягтруулах ажил, Шаардагдах элс шороог зөвшөөрөгдсөн газраас олборлох, тээвэрлэх ажил, сувгийн нүхийг механизмаар буцаан дүүргэж, хөрсөөр булах ажил, энэхүү төслийн барилга байгууламжууд болон ус авах хэсгийн хоолойн нүх ухах, булах, тэгшлэх, тараах газар шорооны ажил зэргийг хийж гүйцэтгэхээр болсон. Мөн дээр дурдсан бүхий л ажилтай холбоотой геодезийн хэмжилтийн ажлыг албан ёсны эрх бүхий зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ гэж тус тус заасан.

Гүйцэтгэгч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хожимдуулж эхэлсэн бөгөөд манай компанийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд олон удаагийн албан тоот шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлэн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлэхгүй явсаар “М” ХХК гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй.

“С” ХХК-ийн хувьд “М” ХХК-д нийт 2,015,880,000 төгрөг буюу нийт ажлын хөлсний 58 хувийг цаг тухайд нь шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх хугацаанд “С” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн нь баримтуудаас тодорхой харагдана. Тус компанийн удирдлагууд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлын талбайг орхин явсан бөгөөд эргэж ирээгүй. Харин ажлын талбайд үлдсэн тус компанийн ажилчдын ажилласан хугацааных нь цалинг өгөөгүйгээс тухайн ажилчид хүйтний улиралд ирсэн, хотоос хол, буцах зардал, хоол хүнсгүй болсон байсан. “С” ХХК-ийн зүгээс дээрх “М” ХХК-ийн ажилчдын 9,10 дугаар сарын цалинг ажилчдын төлөөлөгчтэй уулзан, удаа дараа хэлэлцсэний үндсэн дээр “М” ХХК-ийн өмнөөс 32,061,606 төгрөгийн цалинг өгсөн.

Гэтэл “М” ХХК одоо хүртэл манай компанид тухайн төлбөрийг төлөөгүй байгаа. Тухайн газар шорооны ажилд “М” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Пропешнл Инженеринг” ХХК ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан тооцоо, мэдээллийг тухай бүрд нь гарган өгч байсан. “М” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс манай компанийн хийж гүйцэтгэх ажил хойшилж, бусад туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, дахин илүү төлбөр төлж ажиллахаар болоод байгаа.

“М” ХХК-д хандаж ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэж акт үйлдэхийг 2019 оны 11-р сарын 28-ны өдрийн ТА-19/35 тоот албан бичиг, 2019 оны 12-р сарын 26-ны өдрийн ТА-19/37 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэж байсан. “М” ХХК-аас уулзаж ярилцан ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт үйлдээгүй. Манай компани “М” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний явцад нийтдээ 2,015,880,000 төгрөг буюу нийт ажлын хөлсний 57,6 хувийг цаг тухайд нь шилжүүлсэн. Бид анх ажлын гүйцэтгэлийг 52 хувь гэж тооцоолж байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн “М” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн талаар сар болгон тайлан, мэдээ гаргаж өгдөг хөндлөнгийн “П” ХХК-ийн тоон мэдээ, тайлангаас авч гүйцэтгэсэн ажлын бодит үр дүн 46,8 хувьтай байна.

Иймд гүйцэтгэлийн хувь хэмжээнээс илүү төлсөн 10,8 хувь буюу 378,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилнэ.

Гэрээний 12.2.1-д 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцсон ба “М” ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажлын 53,2 хувиас хугацаа хэтэрсэн хоног буюу нийт 166 хоног, хоног тутамд 0,3 хувиар алданги тооцвол нийт 927,276,000 төгрөг болж байна.

“С” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “М” ХХК-ийн орхигдуулсан ажлыг гүйцэтгүүлэхээр 2020 онд бусад этгээдтэй гэрээ байгуулан нэмэлт зардлууд гаргасан. “Зэгэс түмэн” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, үүргийн гүйцэтгэлд нийт 370,000,000 төгрөг төлсөн. “П” ХХК-тай 2020 оны 04-р сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж цэвэр усны шугамын геодези хэмжилтийн ажил хийлгэхээр 2 сарын хугацаатай гэрээг байгуулж ажлын гүйцэтгэлийг харгалзан 170,000,000 төгрөг, геодезийн хэмжилтийн ажлын файлыг боловсруулж, хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх ажлын хөлс 15,000,000 төгрөг, нийт 185,000,000 төгрөг төлсөн, иргэн Н.Бадамаар 2019 онд “М” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн шилэн кабель булах ажлыг 5,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. “О” ХХК-аар газар шорооны ажилд элсэн дэвсгэрийн элс хайрга, булалтын ажилд шороо зөөх, тээвэрлэх ажил гүйцэтгүүлж 28,000,000 төгрөгийг төлсөн.

Говь-Алтай аймгийн Алтай хотыг цэвэр усаар хангах Тайшир-Алтай ус хангамжийн төслийн ажлыг тасалдуулахгүй, хугацаанд нь гүйцэтгэх шаардлагатай байсан тул газар шорооны ажлыг гүйцэтгүүлэхээр “Ихэр Бат” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “М” ХХК-ийн гүйцэтгээгүй үлдээсэн ухлагийн ажлыг гүйцэтгүүлж, харин газар шорооны булалтын ажлыг өөрийн компанийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчээр хангаж гүйцэтгэсэн. “М” ХХК-иас үлдсэн булалтын ажлыг 2020 онд гүйцэтгэж дуусгахад машин механизм /Экскаватор,ковш/-уудыг Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх, машин механизмын сэлбэг, засвар үйлчилгээ, ажилтны цалин хөлс, татвар, шимтгэл, ХАБАЭ-ийн хамгаалах хувцас хэрэгсэл, ажилтнуудын хоол хүнс, машин механизмын түлшний зардал зэрэгт нийт 676,940,093.18 төгрөгийг зарцуулсан, энэ зардлаа нэхэмжилнэ.

Иймд нийт 2,602,277,699 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээний 2-р зүйлийн 2.3-д барьцааны техникүүдийг 600,000,000 төгрөгөөр үнэлсэн. “С” ХХК-ийн хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хоёр экскаватораар хангуулах эрх нь өнөөдөр ч хэвээр хадгалагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2,602,277,699.18 төгрөгөөс 600,000,000 төгрөгийг барьцааны 27-36 УБ улсын дугаартай HYUNDAI R 500 lc-7 загварын экскаватор, 50-56 улсын дугаартай R290, LC-7А загварын экскаваторуудаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-ийг баримтлан “С” ХХК-аас 3,422,528 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгон, “М” ХХК-ийн 719,957,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “М” ХХК-аас 109,187,603 төгрөг гаргуулж “С” ХХК-д олгож, “С” ХХК-ийн 2,493,090,096.18 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

“М” ХХК мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй экскаватор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй экскаваторуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,774,853 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 13,801,138 төгрөгийн 13,239,538 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, “С” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 69,710 төгрөгийг “М” ХХК-д гаргуулж олгох, “М” ХХК-иас 703,888 төгрөгийг, улсаас илүү төлсөн 561,600 төгрөгийг тус тус гаргуулж “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...”М” ХХК-ийн 719,957,992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай,'‘ гэж, 2 дугаар зүйлд “М” ХХК-аас 109,187,603 төгрөг гаргуулж, “С” ХХК-д олгож” гэж тус тус заасныг мөн хэсгийн 3 дугаар зүйлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд 54,200 м урттай газарт ус дамжуулах хоолой байрлуулах сувгийн нүх ухах, булах болон түүнд холбогдох ажлыг нийт 3,500,000,000 төгрөгт гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь геодези, зураг зүйн “П” ХХК-ийн гаргасан нийт булалт хийж дуусгасан ажил 25,363 м гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба бодит байдал дээр нийт булалт хийж гүйцэтгэсэн суваг 28,800 м 1-р үеийн ухалт хийсэн 13,000 м байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс 1-р үеийн ухалт 10859 м-ийн үнэлгээ 140,246,157 төгрөг, 2 дугаар үеийн 4079 м ухалтын үнэлгээ 160,675,889 төгрөг гэх тодорхой бус дүгнэлт хийсэн. Хэргийн оролцогчдийн маргааны үндэс нь ажлын гүйцэтгэлийн хувь бөгөөд зүй нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж дээрх зүйлд шинжээчийн дүгнэлт гаргуулж байж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан сувгийн ажлаас гадна шилэн кабелийн хамгаалалтын хоолойн сувгийн ухалгын ажил, усан сангийн суурийн газар шорооны ажлыг тус тус нэмэлтээр гүйцэтгэсэн. Энэхүү ажил нь “хамгаалалтын хоолой доор элсэн дэвсгэр дэвсэх, хамгаалалтын хоолойг суурилуулсны дараа эдсээр будах” зэрэг нарийн чимхлүүр ихтэй ажил байсан ба уг ажлын үнэлгээ 228,000,000 төгрөг болсныг шүүхээс харгалзаж үзээгүй, нэг талыг барьсан дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс 1-р үеийн ухалт хийсэн 10859 м гэх дүгнэлт гаргахдаа хэргийн оролцогчийн хэн алинаас гаргаагүй тоог үндэслэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул 77,125,997 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч “М” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх, захиалагч “С” ХХК нь гэрээнд заасан төлбөрийг зөвхөн гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээсэн. Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ буюу төсвийг талууд гаргахдаа ажилчдын цалин хөлсийг оруулж тооцсон бөгөөд ингэхдээ гүйцэтгэгч компани нь өөрийн олох ашиг болон хуулийн дагуу төлөх татвар, нийгмийн даатгал зэргийг төлсний дараа ажилчдын гарт олгох цалин тооцсон байдаг.

“М” ХХК-ийн ажилчидтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь өөрт хадгалагдаж байхад “С” ХХК-аас гүйцэтгэгч компанийн ажилчдын хөдөлмөрийн гэрээ гэх баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа нь ойлгомжгүй, байгуулсан хугацаа тодорхойгүй, төлөөлөх эрх этгээд гарын үсэг зураагүй зэрэг нь шүүхийн үндэслэсэн баримт эргэлзээтэй болохыг харуулж байна.

Иймд захиалагч талыг ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул ажилчдад олгосон цалин гэх 32,061,606 төгрөгийг “М” ХХК хариуцах нь үндэслэлгүй юм.

 “С ХХК” нь 27-36УБ улсын дугаартай К.500БС-7 маркийн болон 50-56УБ улсын дугаартай К290БС-7А маркийн экскаваторуудаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нотлох баримтаар гаргуулж «, авсан тус 2 тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Д.Мөнх-Эрдэнэ гэх этгээд өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг. Энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Д.Мөнх-Эрдэнийн эрх, ашиг хөндөгдөх буюу гуравдагч этгээдээр оролцуулах нөхцөл бүрдсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Усан сангийн суурийн газар шорооны ажил талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр харилцан тохиролцоогүй, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажил гэж үзсэн бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Ажил гүйцэтгэх гэрээний гуравдугаар зүйлд гүйцэтгэгч талаас хийж гүйцэтгэх ажлын хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд 3.1, 3.3-т ажлын талаар нарийвчлан тохиролцсон ба гүйцэтгэгч “М” ХХК нь Тайшир-Алтай усан хангамжийн төслийн хүрээнд батлагдсан зураг төсөлд тусгагдсан газар шорооны ажил, мөн төслийн барилга байгууламжийн (төслийн барилга байгууламж нь гурван усан сан юм) газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан болох нь илэрхий байна.

Түүнчлэн “М” ХХК-ийн зүгээс төслийн хүрээнд батлагдсан зураг төсөл, ажлын даалгаврыг Барилга, Хот байгуулалтын яамнаас гаргуулахаар хүсэлт гаргаж, түүнийг нь анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ус хангамжийн системийн барилга байгууламжийн ажлын зураг, төсөв боловсруулах ажлын даалгавар”-ын 4 дэх хэсэгт Барилга байгууламжийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон бөгөөд үүнд “Ус нөөцлөх усан сан, ус түгээх цэгийн зориулалттай худаг”-ийг багтаасан байна. (Хавтаст хэрэг 2, 147 р хуудас)

Энэ нь усан сангийн суурийн газар шорооны ажил нь төслийн хүрээнд батлагдсан зураг төсөлд анхнаасаа тусгагдсан газар шорооны ажил болохыг мөн харуулж байна.

“М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа 1-р үеийн ухлагын ажил нийт ажлын 90 хувийг эзэлнэ гэсэн тооцооллыг гаргаж хавсарган, үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан “С” ХХК-д ирүүлж байсан албан бичгүүдээс харвал 1-р үеийн ухлагын ажил 61 хувь гэсэн зөрүүтэй тооцооллуудыг хийж байжээ.

Гэсэн хэдий ч энэхүү хувь хэмжээг хэрхэн яаж тооцсон, хаанаас энэ хувь хэмжээг гаргаж ирсэн нь тогтоогдохгүй, энэ талаар хавтаст хэрэг нэг ч баримт байхгүй байхад анхан шатны шүүх 1-р үеийн ухлагын ажил 61 хувь гэж “М” ХХК-аас “С” ХХК-д ирүүлсэн албан бичгийг үндэслэн шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй байна.

“С” ХХК-ийн зүгээс “М” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахдаа 1-р үеийн ухлага, 2-р үеийн ухлагын талаар огт харилцан тохиролцоогүй, харин ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн (бүрэн булалт хийж дуусгасан) тохиолдолд төлбөр мөнгийг шилжүүлэх талаар харилцан тохиролцсон.

Анхан шатны шүүхээс ямар ч нотлох баримт байхгүй 1-р үеийн ухлагын ажилд 140,246,157 төгрөг болон 2-р үеийн ухлагын ажилд 160,675,889 төгрөгийг “С” ХХК-аас гаргуулан, нийт шилжүүлсэн төлбөрөөс суутган тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

“С” ХХК-ийн зүгээс “М” ХХК-ййг гэрээний үүргээ зөрчиж, ажлаа хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбогдуулан алдангид 927,276,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс “Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, алдангид 927,276,000 төгрөг” гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гэрээ цуцлагдаагүй байсан бөгөөд харин шүүхээр гэрээгээ цуцлуулахаар шаардлага гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан байхад алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн алдангийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал “С” ХХК- ийн зүгээс “М” ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдэд “гэрээний хугацаа дуусгавар болсныг сануулж, цаашид шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх” талаар дурдсан. Гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүй тал болох “М” ХХК нь гэрээнд заасны дагуу алданги төлөх учиртай бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн “С” ХХК-ийн зүгээс гэрээ цуцлагдсантай холбоотойгоор буруутай тал болох “М” ХХК-аас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн.

“С” ХХК-ийн зүгээс хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тухайн төслийн ажилд гарах ёстой зардлыг нэхэмжлээгүй. Харин “М” ХХК нь ажлаа хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл тухайн төсөлтэй холбоотой газар шорооны ажлаас бусад ажлууд болох тооцоо судалгаа хийх, шугам хоолойн угсралтын ажил зэрэг нь газар шорооны ажилтай шууд хамааралтай байдаг. Хэрвээ “М” ХХК гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2019 онд багтаан ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2020 онд геодезийн тооцоо судалгааг хийлгэхээр “Профейшнл Инженерийг” ХХК, шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Зэгэс Түмэн” ХХК зэрэгтэй дахин гэрээ байгуулж, нэмэлт төлбөр мөнгө төлөхгүй байсан.

“М” ХХК гэрээгээр тохиролцсон газар шорооны ажлаа хугацаандаа хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоор дээр дурдсан бусад туслан гүйцэтгэгч нар сул зогсож, ажилчдын цалин хөлс, хоол унднаас эхлээд нэлээдгүй хэмжээний үргүй зардлыг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс гарах ёстой зардал байсан мэтээр дүгнэн тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх гэж заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 723,380,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсөнд илүү төлсөн болон хохиролд нийт 2,602,277,699 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 600,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-36 УБ улсын дугаартай Хюндай R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй экскаватор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй экскаваторуудаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

“М” ХХК болон “С” ХХК-иуд нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “М” ХХК нь Шугам хоолойн тэг тэнхлэгийг газар дээр байгуулах ажил, Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир сумын Гэгээн нуур хүртэлх цэвэр усны хоолойн суваг болон дагалдах худгуудийн суурийн нүх ухах ажил, сувгийн суурийн нүхний ёроолыг гараар тэгшлэх ажил, сувгийн суурийн ёроолд элсэн дэвсгэр дэвсэх ажил, сувагт угсарсан хоолойн дээрх элсэн дэвсгэрийн үеийг гараар булж нягтруулах ажил, шаардагдах элс шороог зөвшөөрөгдсөн газраас олборлох, тээвэрлэх ажил, сувгийн нүхийг механизмаар буцаан дүүргэж, хөрсөөр булах ажил, төслийн барилга байгууламжууд болон ус авах хэсгийн хоолойн нүх ухах, булах, тэгшлэх, тараах газар шорооны ажил зэргийг 54,200 м газарт 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх, “С” ХХК нь ажлын хөлс 3,500,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан. Нэхэмжлэгч гэрээнд заасан нийт ажлын 58 хувийг хийж гүйцэтгэсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 46,8 хувь гэж тус тус тайлбар гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлын хэмжээг нотлох баримтыг үндэслэж тогтоох боломжгүй буюу тусгай мэдлэг шаардахаар байхад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс 2021 оны 05 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүйг зөвтгөх боломжгүй байна. Тухайлбал талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс дүгнэвэл мэргэжлийн шинжээч томилж үйл баримтыг тодруулах шаардлагатай байсан, уг нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлогдох учиртай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Талууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн урьдчилгаа төлбөрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 27-36 УБ улсын дугаартай Hyundai R 500 lc-7 маркийн, HHIHNB02EA0000467 арлын дугаартай, шар өнгөтэй экскаватор, 50-56 УБ дугаартай R 290 LC-7A маркийн, HHIHN807JB0001934 арлын дугаартай, шар өнгөтэй экскаваторуудыг барьцаалжээ.

 

Гэтэл уг хоёр экскаваторуудыг өмчлөгч нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Д.Мөнх-Эрдэнэ болж өөрчлөгдсөн байхад анхан шатны шүүх барьцааны гэрээний өмчлөгчийг оролцуулалгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

 

Иймд уг барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.Мөнх-Эрдэнийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулаагүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/01129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4,444,100 төгрөг, хариуцагчийн төлсөн 12,640,513 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА