Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2021/01776

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Жт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,319,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ган-Од, хариуцагчийн төлөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХЗХ шүүхэд болон төлөөлөгч А.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр газар, хувийн сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 2,8 хувийн урамшуулалт хүүтэй, 3 хувийн үндсэн хүүтэй зээлж авсан. М.Ж нь 230 хоног хугацаа хэтрэлттэй, зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, хүү 2,076,000 төгрөг, алданги 243,600 төгрөг нийт 8,319,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд алданги 243,600 төгрөгөөс татгалзаж эвлэрэх саналтай байна гэв.

 

Хариуцагч М.Ж шүүхэд болон төлөөлөгч Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хадам аав М.Жт 6,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч  6,000,000 төгрөгийг М.Жт шилжүүлж өгөөгүй. Өндөр настай хүний учир байдлыг ойлгохгүйг далимдуулан 6,000,000 төгрөг зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зуруулж өмнөх зээлийг хаасан тул үндсэн зээл 6,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч М.Жт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, хүү 2,076,000 төгрөг, алданги 243,600 төгрөг нийт 8,319,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарлав.  

 

Хариуцагч М.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг шилжүүлэн аваагүй, өмнөх зээлийг хаасан тул хариуцахгүй” гэж  маргажээ.

 

Нэхэмжлэгч М ХЗХ нь М.Жтай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр газар, хувийн сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 2,8 хувийн урамшуулалт хүүтэй, 3 хувийн үндсэн хүүтэй, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож,  тоот хаягт байршилтай, 221 м.кв газар, 108 м.кв талбайтай хувийн сууц барьцаалж 03/72 дугаартай Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулжээ./хх-ийн 10-12 тал/

 

Тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэж байгаа боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

       

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу зээлдэгч М.Жт шилжүүлсэн кассын зарлагын ордер /хх-ийн 28 тал/ байгаа боловч 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09/18 дугаартай Зээлийн гэрээг хаасан болох нь мөн өдрийн кассын орлогын ордер /хх-ийг 29 тал/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М ХЗХ нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт “Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна” гэж заасныг, мөн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.4.14-т заасан банк нь төлбөр хариуцагч  болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглосон зохицуулалтыг зөрчжээ.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-д Өрхийн  хэрэглээний зориулалтаар зээл олгох нөхцөлийг тусгасан боловч бодит байдал дээр өмнөх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шинээр зээл олгосон нь М ХЗХ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дах хэсэгт зааснаар зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ  биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Зээлдэгч М.Ж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэн авч улмаар 6,075,770 төгрөг болгон нэмж, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09/18 дугаартай Зээлийн гэрээг хаасан болох нь Кассын орлогын ордер /хх-ийг 29 тал/, зохигчдын тайлбараар тогтоогдож  байх тул  хариуцагч М.Жаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,319,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Жаас 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,319,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,063 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ