Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01481

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01481

 

 

 

 

 

 

 

 

 

МСА ХЗХ--ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/01776 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МСА ХЗХ--ны хариуцагч М.Ж-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 319 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Ж- нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр газар, хувийн сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 2.8 хувийн урамшуулалт хүүтэй, 3 хувийн үндсэн хүүтэй зээлж авсан. М.Ж- нь 230 хоног хугацаа хэтрэлттэй, зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 6 000 000 төгрөг, хүү 2 076 000 төгрөг, алданги 243 600 төгрөг, нийт 8 319 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд алданги 243 600 төгрөгөөс татгалзаж эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хадам аав М.Ж-т 6 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч 6 000 000 төгрөгийг М.Ж-т шилжүүлж өгөөгүй. Өндөр настай хүний учир байдлыг ойлгохгүйг далимдуулан 6 000 000 төгрөг зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зуруулж өмнөх зээлийг хаасан тул үндсэн зээл 6 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж-аас 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МСА ХЗХ--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 319 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 063 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МСА ХЗХ--д олгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

... М.Ж- нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний едөр газар, хувийн сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 2.8 хувийн урамшуулалт хүүтэй, 3.0 үндсэн хүүтэй зээлж авсан. Зээлийн хугацаа дууссан боловч М.Ж- нь 230 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Анхан шатны шүүх 6 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 319 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт МСА ХЗХ--г Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт зааснаар гэж заасан нь үндэслэлгүй. Учир нь тус хууль нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон учраас хадгаламж зээлийн хоршоог буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Тус хоршоогоор үйлчлүүлж байгаа зээлдэгч нарт тогтоох зээлийн гэрээний хүү, алдангийн хэмжээ тус хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрээр баталгаажсан байдаг тул Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл биш юм.

Зээлдэгч М.Ж- нь өөрийн хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн гэрээний нөхцөлийг уншиж танилцан зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Тус хоршоо нь гишүүддээ үйлчилдэг байгууллага учраас банкны тухай хуулийн үйлчлэл хамаарахгүй. Учир нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаар тушаалаар батлагдсан журам нь, Монгол банкны ерөнхийлөгч, ерөнхий сайд-ын хамтарсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А-155/134 тушаалаар хүчингүйд тооцсон байх тул төлбөр болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг иш татаж бидний эрхийг хязгаарласан хариуцагч талыг гэрээний үүргээс үндэслэлгүй чөлөөлсөн гэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь утсаар бичлэг хийх гэж оролдон шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах оролдлого хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд хариуцагчаас 8 319 600 төгрөг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч МСА ХЗХ- нь хариуцагч М.Ж-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 6 000 000 төгрөг, хүү 2 076 000 төгрөг, алданги 243 600 төгрөг нийт 8 319 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг шилжүүлэн аваагүй, өмнөх зээлийг хаасан тул хүү, алдангийг хариуцахгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/72 дугаар зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөгийг М.Ж-т 18 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн урамшуулалт хүүтэй, 3 хувийн үндсэн хүүтэй, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээний нөхцлийг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан байна. Мөн өдрийн барьцааны гэрээгээр зээлдэгч нь зээлийн үүргийн баталгаа болгон Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 69 гудамж, 1103А тоот хаягт байршилтай, 221 м.кв газар, 108 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалжээ.

/хх 11,12/

 

Зээлдүүлэгч МСА ХЗХ- нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хөрөнгө болох 6 000 000 төгрөгийг зээлдэгч М.Ж-т шилжүүлсэн кассын зарлагын ордер /хх52/ хэрэгт авагдсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 09/18 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг мөн өдөр хаасан кассын орлогын ордер /хх53/ хэрэгт баримтаар авагдсан байна.

Хариуцагчийн тайлбар, дээрх бичгийн баримтуудыг харьцуулан үнэлбэл зээлдүүлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлээр 6 000 000 төгрөгт тооцон 2017 оны зээлийн гэрээний үүргийг хаасан нь тогтоогдож байх тул зээлийн хөрөнгийг бодитоор авч ашиглаагүй гэх зээлдэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосон-д тооцохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл зээлдүүлэгч МСА ХЗХ--г зээлийн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлсэн гэж үзэхээргүй, мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжийг зээлдэгчид олгоогүй тул хүү, алданги шаардах эрхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч МСА ХЗХ- нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, мөн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.4.14-т заасан банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглосон зохицуулалтыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 6 000 000 төгрөгөөр өмнөх зээлийн гэрээний үүргийг хаасныг үгүйсгээгүй тул 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн дагуу хүү, алданги төлөхгүй гэх татгалзал үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу үндсэн зээл 6 000 000 төгрөгийн хэмжээнд хангасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд хариуцагч М.Ж-аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 6 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МСА ХЗХ--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 319 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/01776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 063 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ