Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/01187

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      2021         06         02

            182/ШШ2021/01187

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: С.А

 

Хариуцагч: “КБ” ХХК дахь БЭХА

 

Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06-р сарын 24-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханш буюу /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам доллараар тооцуулах, хадгалуулсан мөнгө 14,117,665.42 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасан, С.Оюунбилэг, М.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А би КБтай 2018 оны 06 сарын 18-ны өдөр 2212000207 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба 2019 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 14,277,650.69 ам.долларын үлдэгдэлтэй байсан. Үлдэгдлийг КБтай 2019 оны 04 сарын 05-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан. 2018 оны 12 дугаар сараас хадгаламжаас тодорхой дүнгээр буцаан авах гэсэн боловч банк анхны шаардлагаар төлбөрийг гаргаж өгөхгүй харилцагчийн эрхийг ноцтойгоор зөрчиж гүйлгээ хийж өгөхгүй байсан. Энэ тухай Монгол банкны Хяналт, шалгалтын газарт өргөдөл гаргаж, 2019 оны 01 сарын 22-ны өдөр А-6/80 дугаартай албан тоотоор хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар шилжүүлэхийг КБны гүйцэтгэх захирал А.Ариунболдод үүрэг болгосон. КБ болон гүйцэтгэх захирал А.Ариунболд нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, хадгаламж эзэмшигч би банкинд хадгалуулсан хадгаламжаа авч чадалгүй явах үед Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар КБийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, БЭХАтомилсон шийдвэр гарсан.

 

          Банкны тухай хуулийн дагуу банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээд болохын хувьд С.А миний бие хуульд заасан хугацаанд “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 14,305,541.31 ам.долларыг нэхэмжилж нэхэмжлэлийг хүргүүлсэн. БЭХАминий нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан нэхэмжлэлийн дарааллыг тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 дах хэсэгт буюу “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр” гэсэн дараалалд оруулж 14,305,541.31 ам.долларын нэхэмжлэлийг баталгаажуулсан. Энэ тухай БЭХА2019 оны 06-р сарын 26-ний өдрийн 828 тоот албан бичгээр “...таны нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 14,305,541.31 ам.доллараар төлбөр барагдуулах дараалалд оруулсан” тухай мэдэгдсэн. Миний банкинд хадгалуулсан ам.долларын хэмжээ тодорхой, нэхэмжлэлээ ам.долларын хадгаламж дахь хэмжээгээр тооцож Банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн, ам.доллараар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг баталгаажуулсан гэсэн атлаа 2020 оны 03-р сарын 27-ны өдрийн 968 тоот албан бичгээр “...“КБ” ХХК дахь БЭХА2019 оны 06 сарын 24-ний өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийн дараалал”-ын, даатгагдаагүй хадгаламжийн төлбөр хэсгийн С.Агийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг баталгаажуулахдаа тухайн өдрийн Монголбанкны ханш буюу /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлэн баталгаажуулсан тухай мэдэгдсэн бөгөөд ийнхүү надад илт хохиролтой шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эрх ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр гаргасан. Дээрхи тушаалд ам.долларын хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ам.долларын хадгаламжийг монгол төгрөгт шилжүүлэх тухай огт дурьдаагүй, зөвхөн тушаалын хавсралт хүснэгт хэсэгт тоогоор илэрхийлж оруулсан байдаг. 2019 оны 06 сарын 24-ний өдөр “КБ” дахь БЭХАнь төлбөр авагчдын 400,000,000 төгрөг хүртэлх төлбөрийг барагдуулахдаа “КБ” дахь миний 2212000208 тоот долларын хадгаламжын данснаас 150,544.60 ам.долларын зарлагын гүйлгээ хийсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С.А миний Тээвэр хөгжлийн банк дахь 900004558 тоот ам.долларын дансанд 150,489.09 ам.доллар болж орсон. 2019 оны 09 сарын 27-ны өдөр “Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн ГШ-ээр” гүйлгээний утгатай 18,730.10 ам.доллар, 2019 оны 10 сарын 21-ний өдөр “Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн ГШ-ээр” гүйлгээний утгатай 18,601.19 ам.доллар тус тус С.А миний Тээвэр хөгжлийн банк дахь 900004558 тоот ам.долларын дансанд орсон. Үүнээс өөр төлбөр 2019 оны 04 сараас хойш 1 жил 10 сарын хугацаанд хийгдээгүй байна. “КБ” ХХК дахь БЭХАнадад төлсөн нийт төлбөр 187,875.89 ам.доллар болж байна. Миний хадгаламжийн үлдэгдэл 14,305,541.31 ам.доллараас БЭХАтөлбөрт өгсөн 187,875.89 долларыг хасаад эцсийн байдлаар 14,117,665.42 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Би банкинд хадгалуулсан ам.долларын хадгаламжийн төлбөрөө ам.доллараар буцаан авах хүсэлтэй байна. Учир нь Эрх хүлээн авагч ам.долларын зээлийн гэрээтэй иргэд аж ахуйн нэгжээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа төгрөгт шилжүүлэхгүй ам.доллараар тооцож шаардаж байгаа атлаа, долларын хадгаламжийг төгрөгт шилжүүлэн тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Миний зүгээс Банкны эрх хүлээн авагчаас 14,117,665.42 ам.долларыг шаардаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх учраас нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкнаас гаргасан валюты ханшаар тооцоолоход хадгаламжийн үлдэгдэл одоогийн байдпаар 14,117,665.42 ам.доллар буюу 2021 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол банкны албан ханш буюу 2,849.66 төгрөгөөр тооцоход 40,230,546,440 төгрөг болж байна. Нэхэмжлэгч миний бие энэ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардаж байна. Мөн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг баталгаажуулахдаа тухайн өдрийн Монголбанкны ханш буюу /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам доллараар тооцохыг даалгуулна гэв.

 

          Хариуцагч “КБ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Агийн нэхэмжлэлтэй “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрнө. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “КБ” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон. БЭХАнь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу КБинд хадгаламж эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу “КБ” ХХК-аас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийн 2019 оны 04-р сарын 22-ны өдрөөс 2019 оны 06-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд байхаар тогтоож, олон нийтэд мэдээлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “КБ” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн ба тушаалын үндэслэх хэсэгт “...банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан...” талаар дурдсан. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно.” гэж заасан. Урьд олгосон бүх зөвшөөрөл гэдэгт Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлүүд хамаарах ба мөн зүйлийн 6.1.5 дахь хэсэгт “гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах” гэж заасны дагуу тушаал гарсан өдрөөр КБ нь валютаар илэрхийлэгдэх харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг хадгалах эрхгүй болсон тул Банкны эрх хүлээн авагчийн тушаалаар валютыг төгрөгт шилжүүлж шийдвэрлэсэн. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “даатгалын тохиолдол” гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасныг” гэж хуульчилсан. КБин дахь С.Агийн 2212000208 дугаар дансны нөхөн төлбөрийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ханш 2,631.30 төгрөгөөр тооцож 2019 оны 04-р сарын 09-ний өдөр 7,596.19 ам.долларыг ХААН банкин дахь нэхэмжлэгчийн 5004603340 дугаар дансанд олгосон. Банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гаргасан өдрөөр буюу 2019 оны 04-р сарын 08-аар тасалбар болгож КБ бусдын өмнө хүлээсэн үүрэг хязгаарлагдаж байгаа. Мөн С.А КБтай 2018 оны 06-р сарын 18-ны өдөр байгуулсан №221200207 дугаар “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний үргэлжлэх хугацаанд данснаас зарлагын гүйлгээ гаргасан тул түүнтэй байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.18 дахь хэсэгт заасны дагуу Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05-р сарын 14-ний өдрийн А-35 дугаар тушаалаар нэхэмжлэлийн шаардлагын баталгаажсан дүн 37,510,109,031.83 төгрөгөөс 3,804,325,326.93 төгрөгөөр бууруулж шийдвэрлээд байна. Хадгаламж эзэмшигч нарын төлбөрийг барагдуулах ажиллагаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Энэ журмыг хэрэглэх боломжтой бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Банкны эд хөрөнгүүд Нийслэлийн прокурорын шийдвэрээр битүүмжлэгдсэн. Зээл төлүүлэх шийдвэрүүд удаж гарч байна. Иймд Банкны тухай хуульд заасны дагуу банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх болон хуульд заасан төлбөр барагдуулах ажлыг гүйцэтгэх боломжоор хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн А-96, А-97, 2020 оны 04-р сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн А-354, 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаал, “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05-р сарын 14-ний өдрийн А-35 дугаар тушаал, Монгол банкны 2019 оны 01-р сарын 22-ны өдрийн А-6/80 дугаартай албан бичиг, КБны 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн 29/101 дугаартай албан бичиг, “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 828 дугаартай албан бичиг, мөнгөн хадгаламжийн гэрээ, “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06-р сарын 24-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаал, дансны хуулгууд зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06-р сарын 24-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханш буюу /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/-аар тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам доллараар тооцуулах, хадгалуулсан мөнгө болох 14,117,665.42 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч “КБ” ХХК дахь БЭХАнь хадгаламжийн мөнгийг дараалалд оруулан хуваарилан олгох урьдчилан шийдвэрлэх журамтай, банк татан буугдсанаар банкинд урьд олгосон бүх зөвшөөрөл, түүн дотор “гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах” зөвшөөрөл хүчингүй болсон тул гадаад валютаар илэрхийлэгдэх харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг хадгалах эрхгүй болсон гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгч С.А нь “КБ” ХХК-д ам долларын хадгаламж эзэмшдэг байсан ба түүний дансны үлдэгдэл 14,277,650,69 ам доллар байсан үед Монгол банкны Ерөнхийлөгч 2019 оны 04-р сарын 08-ны өдөр А-96, А-97 тоот тушаалууд гаргаж, банкийг албадан татан буулгаж, БЭХАтомилсон нь мөнгөн хадгаламжийн гэрээ, Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалууд, КБны 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн 29/101 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.БЭХАнь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж олон нийтэд мэдээлнэ, 71.2.Энэ хуулийн 71.1-д  заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор БЭХАдараахь шийдвэрийг гаргана: 71.2.2.банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, 71.2.4.нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэнэ гэж заажээ.

 

Дээрх журмын дагуу хадгаламж эзэмшигч С.А нь нэхэмжлэлээ гарган, БЭХА2019 оны 06-р сарын 24-ны өдөр “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаал гаргаж, 3 дугаар заалтаар “Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн гадаад валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээ, мөнгөн дүнг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ханшаар тооцож, төгрөгөөр тогтоосугай” гэж заан хавсралтаар нэхэмжлэгч С.Агийн хадгаламжийн 14,305,541.31 ам долларыг тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ханш 2657.02 төгрөгөөр тооцон, 38,010,109,371.50 төгрөгөөр тогтоон төлбөр барагдуулах дараалалд оруулан тогтоожээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн хадгаламжийн ам долларыг төгрөгөөр тооцон төлөхөөр тогтоосноо Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т зааснаар үндэслэн буюу банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно, хадгаламжийг ам доллараар хадгалах эрхгүй болно гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Энэ заалт нь хариуцагчийн татгалзалд хамааралтай заалт биш байна, өөрөөр хэлбэл банк татан буугдсан тохиолдолд түүний эрхэлж байсан үйл ажиллагаанууд зогсох ба урьд хадгалуулсан мөнгийг хадгаламж эзэмшигчид буцаан олгоход энэ заалт хамааралгүй юм.

 

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно”, 454 дүгээр зүйлийн 454.1-т “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 

“КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06-р сарын 24-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын 3 дугаар заалтын “Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн гадаад валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээ, мөнгөн дүнг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ханшаар тооцож, төгрөгөөр тогтоосугай” гэсэн нь журам тогтоосон биш, нэг удаагийн шинжтэй зохицуулалт байна.

             

Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06-р сарын 24-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханш буюу /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/-аар тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам доллараар тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Харин хадгалуулсан мөнгө болох 14,117,665.42 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Энэ тохиолдолд Банкны тухай хуульд заасны дагуу тусгай журам үйлчилж банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдүүдийн нэхэмжлэлийг дараалалд оруулан, барагдуулах ажиллагаа явагдаж байгаа ба шүүхээс гадуур энэ журмыг хэрэглэж буй үед шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч мөнгөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад 1,000,000 төгрөг төлж, шүүх тэмдэгтийн хураамжийн үлдсэн хэсгийг төлөхийг хойшлуулж шийдвэрлэж байжээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1-ийг удирдлага болгон,

                                                                                                        

 ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 9.4.3-ыг баримтлан “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06-р сарын 24-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай” А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч С.Агийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханш /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/-аар тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, төлбөрийг ам доллараар тооцохыг хариуцагчид даалгасугай.

 

  1. “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 14,117,665.42 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,070,200 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 1,000,000 төгрөгийг улсаас, 70,200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                    С.БУД