Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01501

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01187 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч КБХХКБЭХ-ид холбогдох, 2019 оны 06 сарын 24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах, хадгалуулсан мөнгө 14,117,665.42 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2021 оны 02 сарын 04-ний өдрийн валютын ханшаар тооцож 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А-, түүний өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.А- нь КБ ХХК-тай 2018 оны 06 сарын 18-ны өдөр 2212000207 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулсан. 2019 оны 04 сарын 05-ны өдөр тооцоо нийлэхэд 14,277,650.69 ам.долларын үлдэгдэлтэйг баталгаажуулсан. 2018 оны 12 сараас эхлэн хадгаламжаас тодорхой дүнгээр мөнгө буцаан авах гэсэн боловч анхны шаардлагаар төлбөрийг гаргаж өгөөгүй. Ийнхүү хадгалуулсан мөнгөө авч чадалгүй явах үед Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар КБ ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, тус банкны эрх хүлээн авагчийг томилсон. С.А- нь 14,305,541.31 ам.долларын нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд хүргүүлснийг хүлээн авч, 2019 оны 06 сарын 24-ний өдрийн Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөр гэсэн дараалалд оруулж 14,305,541.31 ам.долларын нэхэмжлэлийг баталгаажуулсан. Энэ тухай 2019 оны 06 сарын 26-ний өдрийн 828 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн атлаа 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 968 тоот албан бичгээр 14,305,541.31 ам.долларыг 2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөгөөр тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлэн, баталгаажуулсан тухай мэдэгдсэн. Энэхүү нэхэмжлэгчид илт хохиролтой, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх тушаалд ам.долларын хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ам.долларын хадгаламжийг монгол төгрөгт шилжүүлэх тухай огт дурдаагүй. 2019 оны 06 сарын 24-ний өдөр КБХХКБЭХ- нь төлбөр авагчдын 400,000,000 төгрөг хүртэлх төлбөрийг барагдуулахдаа нэхэмжлэгчийн КБ ХХК дахь 2212000208 тоот ам.долларын хадгаламжийн данснаас 150,544.60 ам.долларын зарлагын гүйлгээ хийсэн бөгөөд 2019 оны 06 сарын 25-ны өдөр С.А-гийн Тээвэр хөгжлийн банк ХХК дахь 900004558 тоот ам.долларын дансанд 150,489.09 ам.доллар болж орсон. Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн ГШ-ээр гэсэн гүйлгээний утгаар 2019 оны 09 сарын 27-ны өдөр 18,730.10 ам.доллар, 2019 оны 10 сарын 21-ний өдөр 18,601.19 ам.доллар тус тус С.А-гийн Тээвэр хөгжлийн банк ХХК дахь 900004558 тоот ам.долларын дансанд орсон. Үүнээс өөр төлбөр 2019 оны 04 сараас хойш хийгдээгүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн нийт төлбөр 187,875.89 ам.долларыг С.А-гийн хадгаламжийн үлдэгдэл 14,305,541.31 ам.доллараас хасахад 14,117,665.42 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Банканд хадгалуулсан ам.долларын хадгаламжийн төлбөрөө ам.доллараар нь буцаан авах хүсэлтэй байна. Учир нь, эрх хүлээн авагч ам.долларын зээлийн гэрээтэй иргэд, аж ахуйн нэгжээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа төгрөгт шилжүүлэхгүй ам.доллараар тооцож шаардаж байгаа атлаа, ам.долларын хадгаламжийг төгрөгт шилжүүлэн тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Банкны эрх хүлээн авагчаас 14,117,665.42 ам.долларыг шаардаж байгаа ч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх учраас нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 02 сарын 04-ний өдрийн Монголбанкнаас гаргасан валютын ханш 2,849.66 төгрөгөөр тооцоход 40,230,546,440 төгрөг болж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардаж байна. Хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг баталгаажуулсан өдрийн Монголбанкны ханшаар /2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.5 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгуулна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрнө. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу КБ ХХК-д хадгаламж эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар КБ ХХК-ийг албадан татан буулгаж шийдвэрлэхдээ банк байгуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож цуцалсан. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болдог. Урьд олгосон бүх зөвшөөрөл гэдэгт Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлүүд хамаарах ба мөн зүйлийн 6.1.5 дахь хэсэгт гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах гэж заасны дагуу тушаал гарсан өдрөөр тус банк нь валютаар илэрхийлэгдэх харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг хадгалах эрхгүй болсон тул эрх хүлээн авагчийн тушаалаар валютыг төгрөгт шилжүүлж шийдвэрлэсэн. КБ ХХК дахь С.А-гийн 2212000208 тоот дансны нөхөн төлбөрийг хуулийн зохицуулалтын дагуу 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Монголбанкнаас зарласан албан ханш 2,631.30 төгрөгөөр тооцож 2019 оны 04 сарын 09-ний өдөр 7,596.19 ам.долларыг Хаан банк ХХК дахь нэхэмжлэгчийн 5004603340 тоот дансанд олгосон. Банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гаргасан өдрөөр буюу 2019 оны 04 сарын 08-ны өдрөөр тасалбар болгож КБ ХХК бусдын өмнө хүлээсэн үүрэг хязгаарлагдаж байна. Мөн С.А- КБ ХХК-тай байгуулсан 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 221200207 дугаар Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ний үргэлжлэх хугацаанд данснаас зарлагын гүйлгээ гаргасан тул түүнтэй байгуулсан гэрээний 2.18-т заасны дагуу Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн А-35 дугаар тушаалаар нэхэмжлэлийн шаардлагын баталгаажсан дүн 37,510,109,031.83 төгрөгөөс 3,804,325,326.93 төгрөгөөр бууруулж шийдвэрлээд байна. Хадгаламж эзэмшигч нарын төлбөрийг барагдуулах ажиллагаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Энэ журмыг хэрэглэх боломжтой бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Банкны эд хөрөнгүүд Нийслэлийн прокурорын шийдвэрээр битүүмжлэгдсэн. Зээл төлүүлэх шийдвэрүүд удаж гарч байна. Иймд Банкны тухай хуульд заасны дагуу банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх болон хуульд заасан төлбөр барагдуулах ажлыг гүйцэтгэх боломжоор хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 9.4.3-ыг баримтлан КБХХКБЭХ-ийн 2019 оны 06 сарын 24-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч С.А-гийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханш /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/-аар тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, төлбөрийг ам доллараар тооцохыг хариуцагчид даалгаж, КБХХКБЭХ-аас 14,117,665.42 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,070,200 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 1,000,000 төгрөгийг улсаас, 70,200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: КБХХКБЭХ- томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл 800 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 70 гаруй тэрбум төгрөгийн төлбөр барагдуулсан гэсэн тайлбар өгдөг. Хадгаламж даатгалын корпорацаас нөхөн төлбөрт олгосон 20,000,000 төгрөг болон КБХХКБЭХ-аас даатгагдаагүй хадгаламжийн төлбөрт нэхэмжлэгчид төлсөн 187,875.89 ам.долларыг нэхэмжлэгч бусдын өмнө үүссэн байсан өр, төлбөрт төлөөд дууссан бөгөөд хадгаламжид байсан мөнгөө авч чадахгүй байгаа учир 2020 он гарснаас хойш санхүүгийн байдал хүнд байдалтай байна. КБХХКБЭХ-аас төлсөн нийт төлбөр 187,875.89 ам.долларыг хадгаламжийн үлдэгдэл 14,305,541.31 ам.доллараас хасаад 14,117,665.42 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх тул дагнасан болон ерөнхий харьяаллын шүүхүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдлыг хүлээн авч, маргааныг хянан шийдвэрлэх ёстой. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу КБХХКБЭХ- хуульд заасны дагуу төлбөр барагдуулах үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн юм. Мөн шүүхээс гадуур журам хэрэглэж буй үед шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй юм. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-95 дугаартай Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаалыг үнэлээгүй. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсгийн заалт нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа банкны хувьд хамааралтай. Харин Монголбанкны албадан татан буулгахаар шийдвэрлэсэн банкны хувьд хамааралтай гэж үзэх боломжгүй. Банкийг төлбөрийн чадваргүйд тооцох, татан буулгах ажиллагааны хүрээнд төлбөр барагдуулах процесс ажиллагаа нь коллектив буюу хамтын ажиллагаа байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл олон төлбөр авагч нарын төлбөрийг Банкны тухай хуульд заасан дараалал, журмын дагуу барагдуулах, хэн нэгний эрх ашгийг бусдаас илүүд тавилгүйгээр шийдвэрлэх ёстой. Иргэний хууль, Банкны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид татан буулгах ажиллагаа явуулж байгаа банкнаас нэхэмжлэлийн шаардлагаа хангуулж байгаа этгээдийн валютын хадгаламжийг төгрөгт шилжүүлэх талаар тусгайлсан харилцааг зохицуулсан хууль байхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно гэж заасныг шүүх төсөөтэй хэрэглэх байсан. Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт банкийг албадан татан буулгахад хүндрэл учруулж болзошгүй, зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй, эсхүл банкны үйл ажиллагааг зохицуулахад болон харилцагч, хадгаламж эзэмшигч, банканд зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалахад сөрөг нөлөөтэй, банкны гүйцэтгээгүй үүргээс Банкны эрх хүлээн авагч татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд Банкны эрх хүлээн авагч банкны үйл ажиллагаа явуулахгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэхгүй, татан буулгах ажиллагаа хийгдэж байгаа банкны тухайд нэхэмжлэгчийн валютын шаардлагыг төгрөгт шилжүүлсэн нь тэгш байдлын зарчим, Банкны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийсэн ажиллагаа болно. Монголбанк аливаа банкийг албадан татан буулгахаар шийдвэрлэснээр банкны хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд хадгаламж эзэмшигч нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацаагаар үргэлжлэх боломжгүй болно. Ингэснээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн КБ ХХК-тай анх 2018 оны 06 сарын 18-ны өдөр байгуулсан 2212000207 тоот Мөнгөн хадгаламжийн гэрээ нь төгрөгийн хадгаламж байршуулахаар байгуулагдсан тул Банкны эрх хүлээн авагч төлбөрийн шаардлагыг төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байсан. Мөн С.А-гаас КБХХКБЭХ-ид ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын баталгаажсан дүнг Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн А-35 дугаар тушаалаар 3,804,325,326.93 төгрөгөөр бууруулсан. Дээрх тушаал нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан боловч шүүх нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч КБХХКБЭХ-ид холбогдуулан 2019 оны 06 сарын 24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах, хадгалуулсан мөнгө 14,117,665.42 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2021 оны 02 сарын 04-ний өдрийн валютын ханшаар тооцож 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-5, 86-87/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /хх 100-101/, КБ ХХК-ийн 29-101 тоот Тодорхойлолт /хх 45/, Монголбанкны Ерөнхийлөгчийн А-96, А-97 дугаар тушаал /хх 88, 89/ зэргийг харьцуулан үнэлбэл, С.А- нь КБ ХХК-тай 2018 оны 06 сарын 18-ны өдөр 12 сарын хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан, уг хадгаламжийн дансны үлдэгдэл 2019 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 14,277,650.69 ам.доллар байсан, улмаар 2019 оны 04 сарын 08-ны өдөр тухайн банкийг эрх бүхий байгууллагаас албадан татан буулгаж, мөн өдөр банкны эрх хүлээн авагчийг томилсон үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх хадгаламжийн гэрээний үүргийн гүйцэтгэл 14,305,541.31 ам.долларыг нэхэмжлэгч нь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжилсэн /хх 93-96/ байх бөгөөд банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 06 сарын 24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн заасан дээрх үнийн дүнг тушаал гаргах өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоосон нь мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 71.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх төлбөрийг төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, ам.доллараар тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Тодруулбал, 2018 оны 06 сарын 18-ны өдрийн Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ний нэг тал болох КБ ХХК нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1-д заасан үндэслэлээр татан буугдсан, тухайн банкны эрх хүлээн авагч нь уг гэрээний нэг тал биш тул банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй холбоотой үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар тухайн банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд гадаад валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээг тушаал гаргах үеийн буюу 2019 оны 06 сарын 24-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцож, төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасантай нийцсэн байна. Иймд уг үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх дүгнэлттэй холбоотойгоор хадгалуулсан мөнгө 14,117,665.42 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн валютын ханшаар тооцож хариуцагчаас 40,230,546,440 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь, татан буугдсан банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдүүдийн нэхэмжлэлийг банкны эрх хүлээн авагч нь тухайн банкны хөрөнгийг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, төлөгдсөн орлогоос хангах, энэ ажиллагааг хийхдээ тодорхой дараалал баримтлах журмыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийн зохицуулалтаар хуульчилсан. Мөн өмнө дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ тодорхойлогдсон тохиолдолд шүүх хуулиар тусгайлан зохицуулсны дагуу шүүхээс гадуур явагдаж байгаа ажиллагаанд оролцож, тодорхойлогдсон хэмжээнээс өөр дүнтэй мөнгөн хөрөнгийг банкны эрх хүлээн авагчаас тогтоосон дарааллыг харгалзахгүйгээр хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.А-гийн хариуцагч КБХХКБЭХ-ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилтад холбогдох өөрчлөлтийг оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч КБХХКБЭХ-ид холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.А-гийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах, хадгалуулсан мөнгө 14,117,665.42 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2021 оны 02 сарын 04-ний өдрийн валютын ханшаар тооцож 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,070,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 200,310,682 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данс руу оруулсугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-гаас давж заалдах гомдлын хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 201,310,682 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данс руу оруулсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР