Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 157

 

Х.П, Ц.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Х.П-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 315 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 112 дугаар магадлалтай, Х.П, Ц.З нарт холбогдох 201701000135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-гийн З нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х-гийн П нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ц.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.З-г гэм буруугүйд тооцон цагаатгаж, прокуророос Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.П-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.П-д холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 201701000135 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.З, Х.П нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн заалтыг дангаар нь барьж гэм буруугүйд тус тус тооцон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болж байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хээл хахууль гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил, үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.З өөрийн хууль бус ямар зорилгыг гүйцэтгүүлэх, эсхүл өөртөө ямар давуу байдал олох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн болохыг хөдөлбөргүй тогтоож, нотолсон үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй байна гэж Ц.З-гийн хувьд дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.З-г гэм буруугүйд тооцож, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн заалтыг хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх Ц.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмын хувьд гэм буруугүй байгаа тул Ц.З-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.З-гийн өмгөөлөгч З.Ариунжаргал хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталсан нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл бол зарчим. Анхан шатны шүүх зарчмын дээрх заалтыг үндэслэн гэм буруугүйд тооцож цагаатгасан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эргэлзээтэй зүйлийг үндэслээгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.П-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч өөрийнхөө дээд албан тушаалтан болох Б гэдэг хүнд Ц.З-гийн бичиг баримтыг шилжүүлсэн байдаг. Учир нь Х.П өөрөө бие дааж шийдвэр гаргах эрх бүхий субьект биш юм. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын зарим нэг зүйл техникийн шинжтэй алдаатай байвал хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн үйл баримтаас харахад 75,000 төгрөгийг Ц.З өгсөн гэдгээ, Х.П авсан гэдгээ тус тус хүлээн зөвшөөрдөг. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.З, Х.П нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх прокурор П.Энхболдын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх нэг талаас эрүүгийн хэргийн үйл баримт нотлогдсон мэт, нөгөө талаас энэ хэрэгт ахлах офицер Л.Б, Ц.З-гээр ундаа, тамхи авахуулсан гэх Т.Б нарын үйлдэл холбогдлыг шалгах шаардлагатай мэт эргэлзээтэй дүгнэлт хийсэн, Ц.З-гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, мөн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэсэн хоёр өөр үндэслэлийг давхар баримталж, Х.П-гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг үндэслэлтэй гэж үзнэ.

Тухайлбал, анхан шатны шүүх Ц.З нь Х.П-д мөнгө өгсөн, Х.П нь Ц.З-гээс мөнгө авсан үйл баримтыг тогтоосон атлаа прокуророос ялласан Ц.З-г “хахууль өгөх”, Х.П-г “хахууль авах” гэмт хэргүүдийг хэрхэн үгүйсгэснээ, мөн Ц.З-гийн мөнгө өгсөн үйлдлийг хууль ёсны үйлдэл болсон гэж дүгнэсэн үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан тодорхой заахгүйгээр Ц.З, Х.П нарыг цагаатгасан байна. Үүний зэрэгцээ Х.П-гийн үйлдлийг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авсан эсэхийг дахин шалгуулахаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь ойлгомжгүй бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 315 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 112 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН