Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0063

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, П.Ундармаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Туулын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг үндэслэн Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Б.Туулын нэхэмжлэлийн “ажиллаж байхад дутуу орсон цалин нийт 1 220 591 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг ханган, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Туулыг Увс аймгийн Давст сумын татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Туулын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 5 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 050 677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, П.Ундармаа нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Давст сумын татварын улсын байцаагч Б.Туул нь 2015 оны 06 дугаар сарын 15-аас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал тус хэлтсийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот хувийн ажлаар явж ажлаа тасалсан. Үүнтэй холбогдуулан албан үүрэгтээ хайнга ханддаг, татварын улсын байцаагчийн Татварын ерөнхий хуульд заасны дагуу улсын татвар ногдуулж, орлогын төлөвлөгөө биелүүлэх ажлаа удаа дараа тасалдуулдаг зэрэгт нь хэлтсээс нь “халах” сануулж ирүүлж байсан боловч Хэлтсийн даргын 2015 оны А/46 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Татвар төлөгчөөс татварын улсын байцаагчийн “торгууль, татварыг бэлэн мөнгөөр хураах тасалбар”-аар бичиж “бэлэн мөнгө”-өөр татвар хураан авсан боловч тухайн үнэт цаасны үнийн дүнг засварласан, хоосон орхисон, эсвэл огт хэнд хэрхэн бичсэн талаар тайлбар өгч хүлээлгэн өгөөгүй ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан нь хэрэгт хавсаргасан байна.

Одоо Монгол Улсын хэмжээнд 1800 татварын улсын байцаагч ажилладаг бөгөөд хойшид энэ мэтээр алдаа дутагдалтай ажилласан татварын улсын байцаагчийг шүүхийн шийдвэрээр баталгааг гаргаж ажилд нь эргүүлэн томилох нь учир дутагдалтай асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Б.Туулыг ажлаас халсан шийдвэр гаргасан нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тухай баримтаар нотлогдож байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч дүгнэлт хийгээгүй байна. Татварын улсын байцаагч бэлэн мөнгөөр татвар хураах эрх хэмжээ хуулиар олгогдсон бөгөөд түүнийг 12 цагийн дотор холбогдох төрийн санд тушааж байх үүрэгтэй юм. Ингэснээр тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, сургууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бүрэн дүүрэн явагдах үндэслэл болдог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын дарга маргаан бүхий захиргааны актаар Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Туулыг үүрэг даалгавар биелүүлээгүй, удаа дараа ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн төрийн албанаас халсан нь хууль бус болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Учир нь татварын улсын байцаагч Б.Туул нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, тухайлбал, 2014 онд Б.Туулын Үр дүнгийн гэрээг дүгнээгүй, 2015 онд “D” /67,14 оноо/ буюу “дутагдалтай” гэж дүгнэгдсэн нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл болохгүй.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7.1-д зааснаар Б.Туулын 2015 онд Үр дүнгийн гэрээ “D” /67,14 оноо/ буюу “дутагдалтай” гэж дүгнэгдсэн тохиолдолд хариуцагч түүнийг албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах эсхүл тухайн ажилтанд дутагдаж буй мэдлэг чадварыг олгох сургалтад хамруулах үүрэгтэй байтал “хангалтгүй” дүгнэгдсэнтэй адилтган Б.Туулыг ажлаас халсан нь буруу байна.

Мөн хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй атлаа үүрэгт ажлаас нь халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасантай нийцэхгүй.

Увс аймгийн татварын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/46 дугаар тушаалаар татварын улсын байцаагч Б.Туулд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 өдөр ажил тасалсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар татварын улсын байцаагч Б.Туул дахин ажил тасалсан зөрчил гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар дээрх зөрчилд дахин шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “ ... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасантай нийцээгүй байна.

Увс аймаг дахь татварын хэлтсээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр мэдэгдлээр “орон тооны бүтцээр чөлөөлөх болсон” тухай татварын улсын байцаагч Б.Туулд мэдэгдсэн боловч тус татварын хэлтсийн орон тооны бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдож маргаан бүхий захиргааны акт гараагүй байна.

Увс аймгийн татварын хэлтсийн Ёс зүйн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Б.Туулын ажлын үзүүлэлт, үр дүнгийн талаар арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-д “Тухайн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол Ёс зүйн хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргана/, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны ёс зүйн хорооны ажиллах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.5-д “... шаардлагатай баримт, нотолгоо, тодорхойлолтыг шаардан авах, ...ёс зүйн зөрчил гаргагчаар тайлбар, лавлагаа гаргуулан авах, асууж, тодруулах...” зэрэг шалган тогтоох ажиллагааг явуулаагүй, хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, илэрсэн зөрчилтэй холбоотойгоор тайлбар гаргах боломжийг хангаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нөгөөтэйгүүр, “мэдээ, тайлангаа хугацаандаа ирүүлээгүй, үнэт цаас бичихгүйгээр татвар төлөгчдөөс мөнгө хурааж, түүнийгээ далдлах зорилгоор бичсэн үнэт цаасны эх хувийг засварласан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн татварын өртэй иргэн, аж ахуй нэгжид татварын өргүй гэх тодорхойлолт хийж өгсөн” зөрчлүүдийг маргаан бүхий захиргааны акт гаргасны дараа нөхөн илрүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн/-д заасан зарчимтай нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Эдгээрээс үзвэл Б.Туул нь албан үүргээ удаа дараа /2 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөгдсөн нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дутуу олгосон цалин, хөдөлмөрийн хөлсийг олгохоос хариуцагч татгалзаагүй, захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох нь тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахгүй орхисон, мөн нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.400 төгрөг төлснийг анхан шатны шүүх бүрэн шийдвэрлээгүй боловч нэхэмжлэгчээс энэ талаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 820 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

                                ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР