Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2021/01254

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      2021         06         23

            182/ШШ2021/00676

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б. Ц

 

Хариуцагч: “ХЛ” ХХК

 

“ХЛ” ХХК-аас Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг иргэн буцаан олгохыг даалгах, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Цгээс Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйл болох Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг биет байдлаар эзэмшиж ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөрт 50,041,388 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Хүслэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц нь 2018 оны 07-р сарын 06-ны өдөр “ХЛ” ХХК-тай харилцан тохиролцож Санхүүгийн түрээсийн гэрээ /№47000214/ байгуулсан билээ. Санхүүгийн түрээсийн гэрээ нь 48 сарын хугацаатай. Гэрээний 3.1-д зааснаар дэнчин болох 32,320,000 төгрөгийг “ХЛ” ХХК-д төлсөн. Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт нийт 93,781,284 төгрөгийг төлж барагдуулсан ба санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Гэтэл Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, автомашиныг хувийн хэрэгцээндээ зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан болно. Б.Ц нь “ХЛ” ХХК-тай байгуулсан 2018 оны 07-р сарын 06-ны санхүүгийн түрээсийн /№47000214/ тоот гэрээг хүчин төгөлдөр хэвээр байхад түүнд мэдэгдэлгүй “ХЛ” ХХК нь түүний эхнэрийн дүү Г.Эрдэнээс дур мэдэн хураан авч Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин Б.Цгийн машин ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл үйл ажиллагаа хийсэн. Иймд “ХЛ” ХХК-аас  Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг буцаан олгохыг даалгах, автомашины гэрчилгээ холбогдох бичиг баримтуудыг албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж байна.

          Сөрөг нэхэмжлэлийн хувьд, иргэн Б.Ц нь Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

          Хариуцагч “ХЛ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт 1 буюу түрээсийн төлбөрийг 2019 оны 11-р сараас хойш гэрээнд заасан түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлж 3 удаа дараалан төлөөгүй. Энэ нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.4 дэх заалт, талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-д заасны дагуу бид түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах эрх хариуцагчид үүссэн. Нөгөө талаас, мөн гэрээний 6.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн зүйл буюу Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг мэдэгдэл хүлээн авсан даруйд үл маргах журмаар биет байдлаар хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэх, түрээсийн зүйлийг түр буцаан авах талаар 2020 оны 02-р сарын 10-ны өдөр урьдчилан мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчлөө арилгах хугацаа хүссэний дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг олгосон боловч зөрчлөө арилгалгүй, түрээсийн зүйлийг 2020 оны 04-р сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн жолооч биет байдлаар түр буцаан өгсөн. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчил арилсан тохиолдолд гэрээг үргэжлүүлэхээр заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй тул мөн хуулийн 9-р зүйлийн 9.1.3 дахь заалт, Санхүүгийн түрээсийн гэрээний 6.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Б.Ц нь “ХЛ” ХХК-тай байгуулсан 47000214 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйл болох Лексус LX570 маркийн **улсын дугаартай авто машиныг биет байдлаар эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2019 оны 12-р сарын 10-ны өдрөөс түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, тухай автомашиныг “ХЛ” ХХК-д түр буцаан өгөх хүртэл буюу 2020 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Санхүүгийн түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрт 33,360,925 төгрөг, гэрээний 3.4, болон Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу тооцогдсон алдангид 16,680,463 төгрөг, нийт 50,041,388 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон. Иймд Б.Цгээс гэрээний дагуу түрээсийн зүйл болох Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг биет байдлаар эзэмшиж ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр, алдангид 50,041,388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Санхүүгийн түрээсийн гэрээ, гэрээний төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, Автомашин худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт, мэдэгдэх хуудас, шаардах хуудас зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “ХЛ” ХХК-д холбогдуулан Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг иргэн Б.Цд буцаан олгохыг даалгах, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний зүйл болох автомашиныг өөрт нь мэдэгдэлгүй, дур мэдэн хураан авч Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түүний машин ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “ХЛ” ХХК нь нэхэмжлэгч Б.Цг Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж түүнд урьдчилан мэдэгдэж автомашиныг хураан авсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүйн зэрэгцээ Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг биет байдлаар эзэмшиж ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөрт 50,041,388 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

“ХЛ” ХХК нь Мөнххада ХХК-иас гэрээний зүйл болох Лексус LX570 авто машиныг худалдан авч, санхүүгийн түрээсийн гэрээний дагуу иргэн Б.Цгийн эзэмшил, ашиглалтанд өгөхөөр 2018 оны 07-р сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 48 сарын хугацаанд Б.Ц түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлж, эцэст нь автомашиныг өөрийн болгож авахаар тохиролцож, автомашиныг эзэмшил ашиглалтандаа хүлээн авсан нь гэрээнүүд, түрээсийн төлбөрийг төлөх хуваарь, автомашин хүлээлцсэн акт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ, 312.2-т Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй, 312.3.Түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно гэж заажээ.

Хариуцагч автомашиныг нэхэмжлэгчийн зөвхөн эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн, нэхэмжлэгч зөвхөн түрээсийн төлбөр төлж байгаа, гэрээ дуусангуут түрээслэгч худалдан авах, эсхүл дахин түрээслэхээр шийдвэрлэх байсан гэж тайлбарлаж байна.

Дээрх гэрээг нэхэмжлэгч автомашиныг түрээслэж байгаад эцэст нь худалдан авах гэрээ байсан гэж дүгнэх үндэслэлтэй, түрээсийн төлбөрийг төлөх хуваариас харахад түрээсийн үндсэн төлбөр 290,700,000 төгрөг, хүүгийн төлбөр 129,101,169 төгрөг, нийт 419,801,169 төгрөг, үүнд хариуцагчийн хэлж буйгаар автомашины үнэ гэх 96,900,000 төгрөг орсон байна.

 

Түүнчлэн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Санхүүгийн түрээс дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан байна:

5.1.1.гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх;

5.1.2.гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх;

5.1.3.гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ энэ зүйлийн 5.1.1-т заасан шинжийг агуулсан байна.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ:

7.1.1. түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр;

7.1.2. түрээсийн хүү.

Талуудын байгуулсан гэрээний 1.5-т Гэрээний нийт үнийг заагаад түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх зэрэг тэдгээртэй адилтгах үйл ажиллагаатай холбоотойгоор түрээслүүлэгчээс гарсан бодит зардал болон холбогдох татвар хураамж, шимтгэлийг тооцсон дүн байна, 2.2-т Түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа түрээсийн зүйлийг үлдэх өртгөөр нь худалдан авах, эсхүл үргэлжлүүлэн түрээслэх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд автомашины үнэ түрээсийн төлбөрт шингэж явсан гэдэг нь харагдаж байна.

 

2019 оны 12 дугаар сарын төлбөрөөс хойш түрээсийн төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн, хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд нэхэмжлэгчид шаардах болон мэдэгдэх хуудас өгч, түрээсийн зүйлийг түр хураан авах, буцаан өгч болохыг зааж байсан боловч энэ нь хэрэгжээгүй байна.

 

2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр автомашиныг актаар хураан авч, улмаар 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч гэрээг цуцалсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Яг тухайн үед хариуцагч нэхэмжлэгчид автомашиныг түр хураан авахаар хэдийд хэрхэн мэдэгдсэн нь болон хэдэн төгрөгийн өрийг хэдий хугацаанд төлүүлэхийг хүссэн нь тодорхойгүй, автомашиныг барьж явсан өөр этгээдээс автомашиныг хураан авсан байна.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараахь тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй: 15.1.4. түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй бол, 15.2-т Түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй, 15.3-т Энэ хуулийн 15.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй бол түрээслэгч түүнээс үүсэх хохирлыг түрээслүүлэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж тус тус заасан байна. Энэ заалтуудаас харахад түрээсийн зүйлийг түр хураан авах нь түрээсийн төлбөрийг төлүүлэх зорилготой байхад хариуцагч түрээсийн зүйл болох автомашиныг түр хурааж аваад гэрээг цуцалсан нь буруу болсон байна.

Мөн талуудын байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т Түрээслүүлэгч Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.4-т заасан  бий болсон үед түрээсийн зүйлийг түр буцаан авна., 6.2-т түрээсийн зүйлийг түр буцаан авах тохиолдолд урьдчилан бичгээр мэдэгдэх бөгөөд үүргийн зөрчлийг арилгах хугацааг мэдэгдэлд заана., 6.5-д Мэдэгдэлд заасан хугацааны дотор түрээслэгч үүргийн зөрчлийг арилгасан тохиолдолд түрээслүүлэгч түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгнө, 6.7-д үүргийн зөрчлийг түрээслэгч мэдэгдэлд заасан ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд түрээслүүлэгч тэр даруй цуцлах эрхтэй бөгөөд цуцалсан тохиолдолд түрээслэгчид мэдэгдэнэ гэж заан тохиролцжээ. Энэ заалтуудыг хариуцагч бас зөрчсөн байна.

Иймд “ХЛ” ХХК-аас Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг иргэн Б.Цд буцаан олгохыг даалгуулах, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай Б.Цгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэв.

 Б.Цгээс түрээсийн төлбөрт 50,041,388 төгрөг гаргуулах тухай “ХЛ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч автомашиныг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа төлөөгүй буюу хариуцагчийн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 33,360,925 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй.

Харин хариуцагч алдангид 16,680,463 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч гэрээг цуцалсан атлаа гэрээний үүргийг гүйцэтгүүлэх аргыг хэрэглэж алданги нэхэмжилсэн нь болон алдангийг хэдийгээс хэдий хүртэл хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3-ыг баримтлан “ХЛ” ХХК-аас Лексус LX570 маркийн **дугаартай авто машиныг иргэн Б.Цд буцаан олгохыг даалгаж, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулж Б.Цд олгож, мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Б.Цгээс 33,360,925 төгрөгийг гаргуулж “ХЛ” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 16,680,463 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 408,160 төрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчид 70,200 төгрөгийг, нэхэмжлэгчээс хариуцагч “ХЛ” ХХК-д 337,960 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.БУД