Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01188

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01188

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 182Ш2021/01254 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХЛ ХХК-д холбогдох

 

Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг эзэмшилд шилжүүлэхийг даалгах, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Ц-гээс түрээсийн төлбөрт 50 041 388 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц- нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ХЛ ХХК-тай харилцан тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээг 48 сарын хугацаатай /№47000214/ байгуулсан. Гэрээний 3.1-д зааснаар дэнчин болох 32 320 000 төгрөгийг ХЛ ХХК-д төлсөн. Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт нийт 93 781 284 төгрөгийг төлж барагдуулсан ба санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, автомашиныг хувийн хэрэгцээндээ зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан болно. Гэтэл ХЛ ХХК нь Б.Ц-д мэдэгдэлгүй түүний эхнэрийн дүү Г.Эрдэнээс автомашиныг дур мэдэн хураан авч санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түүний автомашин ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа хийсэн. Иймд ХЛ ХХК-аас Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг буцаан олгохыг даалгах, автомашины гэрчилгээ холбогдох бичиг баримтуудыг албадан гаргуулахыг тухай нэхэмжлэл гаргаж байна. Б.Ц- нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч ХЛ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан түрээсийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сараас хойш хугацаа хэтрүүлж 3 удаа дараалан төлөөгүй. Энэ нь санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-д заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах эрх ХЛ ХХК-д үүсгэсэн. Нөгөө талаас, мөн гэрээний 6.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн зүйл буюу Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг мэдэгдэл хүлээн авсан даруйд үл маргах журмаар биет байдлаар хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэх, түрээсийн зүйлийг түр буцаан авах талаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилан мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчлөө арилгах хугацаа хүссэний дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг олгосон боловч зөрчлөө арилгалгүй, түрээсийн зүйлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн жолоочид буцаан өгсөн. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчил арилсан тохиолдолд гэрээг үргэлжлүүлэхээр заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, санхүүгийн түрээсийн гэрээний 6.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Ц- нь ХЛ ХХК-тай байгуулсан 47000214 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйл болох Лексус LX570 маркийн 6885 УНХ улсын дугаартай автомашиныг биет байдлаар эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, тухай автомашиныг ХЛ ХХК-д түр буцаан өгөх хүртэл буюу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 33 360 925 төгрөг, алданги 16 680 463 төгрөг, нийт 50 041 388 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд Б.Ц-гээс 50 041 388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгийг баримтлан ХЛ ХХК-аас Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай авто машиныг иргэн Б.Ц-д буцаан олгохыг даалгаж, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулж Б.Ц-д олгож, мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Ц-гээс 33 360 925 төгрөгийг гаргуулж ХЛ ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 16 680 463 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаас эд хөрөнгө буюу Лексус LX 570 маркийн 6885 УНХ улсын дугаартай автомашиныг гаргуулж өөрт олгохыг даалгах агуулгатай тул үнэлж болох нэхэмжлэлд хамаарна. Нэхэмжлэлд дурдсан автомашин нь үнэлж болох эд хөрөнгө тул нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 заалтад заасны дагуу зах зээлийн үнийн дүнгээр төлөх ёстой байтал үнэлэх боломжгүй эд хөрөнгө гаргуулах гэж буй мэтээр 70 200 төгрөг төлж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн, хариуцагч гэрээний үүргийн зөрчил болон автомашиныг буцаан авахаар нэхэмжлэгчмд мэдэгдсэн. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргийн зөрчил байгааг нэхэмжлэгчид мэдэгдэж, автомашиныг түр буцаан авах эрх үүссэн учраас эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон атал үүнийг хэрэгжээгүй гэж дүгнэж байгаа нь буруу юм. Нэхэмжлэлд хариуцагч гэрээг цуцалсан нь хууль бус тухай шаардлага байхгүй атал шүүх энэ талаар дүгнэлт хийснээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шаардаагүй зүйлийн талаар дүгнэлт хийж улмаар үүнийг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн 15.1-д заасан нөхцөл арилмагц ... гэдэг хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээний зөрчлийг арилгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад автомашиныг буцаан олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16 680 463 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл дурдаагүй. Түүнчлэн, алдангийг ямар хугацаанд тооцсон нь тодорхой бус гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн. Учир нь сөрөг нэхэмжлэлтэй хамт өгсөн Санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримтаар алдангийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тооцсон нь тодорхой харагдах бөгөөд хариуцагч энэ хугацаанд гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй гэдгээ хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн. Талууд нэгэнт гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан бол үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцалсан эсэхээс үл хамааран шаардах эрхтэй. Санхүүгийн түрээсийн харилцаанд өмчлөх эрх шилжихээр талууд тохирч болох боловч энэ нь санхүүгийн түрээсийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор тайлбарласан. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн өмчлөлд автомашиныг шилжүүлэх үүрэг хүлээсэн агуулгаар дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэж гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хангасан болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахгүй орхисон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн тул уг шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн агуулга бүхий өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч ХЛ ХХК-д холбогдуулан Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг эзэмшигчид шилжүүлэхийг даалгах, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр, алданги 50 041 388 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ХЛ ХХК нь Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг Б.Ц-гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, Б.Ц- 48 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 47000214 тоот гэрээ, түрээсийн төлбөрийг төлөх хуваарь, автомашин хүлээлцсэн акт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3, 312.4-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед дэнчин 32 320 000 төгрөг төлснөөс гадна түрээсийн төлбөрт 112 424 236 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл төлсөн, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш гэрээний хавсралтад заасан төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 36-37/

 

ХЛ ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ц-д мэдэгдэл хүргүүлж, гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2 удаа биелүүлээгүй зөрчлөө арилгахыг сануулсан байна. /хх-ийн 28/

 

Мөн ХЛ ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б.Ц-д дахин мэдэгдэл хүргүүлж, гэрээнд заасан төлбөрийн үүргээ 3 удаа биелүүлээгүй зөрчсөн тул санхүүгийн түрээсийн зүйлийг гэрээний 6.1-д заасны дагуу түр буцаан авах, зөрчлөө арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн байна. /хх-ийн 27/

 

Нэхэмжлэгч Б.Ц- түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, уг зөрчлийг арилгаагүй тул хариуцагч ХЛ ХХК нь түрээсийн зүйл болох Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр түр буцаан авсан нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, гэрээний 6.1, 6.2-д тус тус нийцжээ. /хх-ийн 25/

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг ...мэдэгдэл өгч байсан боловч мэдэгдлийг хэрэгжүүлээгүй... гэж хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэж, улмаар нэхэмжлэлийг хангасан нь хууль болон гэрээний дээрх заалтад нийцээгүй байна.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй бол түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг түр буцаан авах эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 15.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч ХЛ ХХК нь хуулийн 15.1-д заасан нөхцөл арилаагүй, түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэг үүсээгүй тул ийнхүү эд хөрөнгийг буцаан авснаас хойш гэрээг цуцлах эрхийг ХЛ ХХК хэрэгжүүлж, гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл бий болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХЛ ХХК-д холбогдуулан гаргасан Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг буцаан олгохыг даалгах, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Санхүүгийн түрээсийн гэрээ нь хиймэгц биелэх хэлцэл биш ба урт хугацааны гэрээнд хамаарах тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлахад өмнө нь гүйцэтгэсэн түрээсийн төлбөрийн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ц- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс гэрээг цуцалсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

 

Гэрээний 3.1-д зааснаар Б.Ц- нь дэнчинд 32 300 000 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгөн хөрөнгийг гэрээний төлбөрөөс хасч тооцно.

 

Санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл нэхэмжлэгч Б.Ц-гээс түрээсийн төлбөрт 143 444 717 төгрөг төлөх үүрэгтэй ба тэрээр 112 424 236 төгрөг төлсөн тул төлөгдөөгүй үүрэг болох 31 020 481 төгрөгөөс төлсөн дэнчин 32 300 000 төгрөгөөс хасч тооцвол 1 279 519 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хугацаа хэтэрсэн үндсэн үүрэг байхгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх хариуцагчид үүсээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 1 279 519 хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2021/01254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь тус тус хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ХЛ ХХК-аас Лексус LX570 маркийн 6885 УНХ дугаартай автомашиныг Б.Ц-д буцаан олгохыг даалгаж, автомашины гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б.Ц-гээс түрээсийн төлбөр, алданги 50 041 388 төгрөг гаргуулах тухай ХЛ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХЛ ХХК-аас 1 279 519 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай гэж,

2 дахь заалтын хариуцагчаас нэхэмжлэгчид 70 200 төгрөгийг, нэхэмжлэгчээс хариуцагч ХЛ ХХК-д 33 960 төгрөгийг тус тус гаргуулж олгсугай гэснийг хариуцагчаас 35 258 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 311 560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ