Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2021/01371

 

                                                      

 

 

 

 

 

                                     2021         06          22

          182/ШШ2021/01371

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ж. Д

 

Хариуцагч: НЗД,

 

            ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: НЗДын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаартай захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халж ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч 2019 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/00678 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “...НЗДын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Дг урьд эрхэлж байсан Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа 3 сар 9 хоногийн цалин 1,979,966 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НЗДд даалгасугай.” гэж шийдвэр гарсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 95 дугаар магадлал, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 173 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

НЗД 2020 оны 12 сарын 10-ны Б/229 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч 2020 оны 12 сарын 10-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0678 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 12 сарын 10-ны өдөр хүртэлх, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, энэхүү хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 10 сарын 11-ны өдрөөс 2020 оны 12 сарын 10-ны өдрийн хооронд олгох байсан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх нэхэмжлэл, Ж.Дд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай НЗДын захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас, ажилд эгүүлэн томилох тухай НЗДын захирамж, хавсралт болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч НЗДд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0678 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 95 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Ж.Дг урьд ажиллаж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,979,996 төгрөгийг гаргуулж олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг НЗДд үүрэг болгон шийдвэрлэсэн байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж.Дг албан тушаалд эгүүлэн томилох тухай НЗДын захирамж гарч, мөн өдөр ажил хүлээлцсэнийг нэхэмжлэгч тайлбарлаж, ажил хүлээлцсэн тэмдэглэлийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 10 сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан нь Ж.Дгийн буруутай холбогдохгүй, түүнээс шалтгаалаагүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч түүнд олгож, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийх нь зүйд нийцнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэр дээд шатны шүүхүүдэд хянагдаж байсан, түүнчлэн  шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ажилтныг ажилд авахгүй байсан ажил олгогчийн үйлдэл үргэлжилж байсан гэж үзнэ. Шүүхийн шийдвэрт 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан байдал тогтоогдож байна. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж.Д ажилдаа эргэн орж, урьд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохыг хүссэн боловч олгогдоогүй тул тэрээр 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн олгогдоогүй 304 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг түрүүчийн шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлсний дунджийг үндэслэн тооцоход 8,290,992 төгрөг болж байна.  

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан НЗДас /ажил олгогч/ 8,290,992 төгрөгийг гаргуулж Ж.Дд олгосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-ыг баримтлан Ж.Дд олгох 8,290,992  төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 147,606 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД