Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01259

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Дэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/01371 дугаар шийдвэртэй Ж.Дэнгийн нэхэмжлэлтэй Н даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Н даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халж ажлаас чөлөөлсөн байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/00678 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Н даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Дэнг урьд эрхэлж байсан Нгазрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа 3 сар 9 хоногийн цалин 1,979,966 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Н даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Н дарга 2020 оны 12 дугаар сарын 10-ны Б/229 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд олгох байсан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Н даргаас /ажил олгогч/ 8,290,992 төгрөгийг гаргуулж Ж.Дэнд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-ыг баримтлан Ж.Дэнд олгох 8,290,992 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 147,606 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/00678 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай тогтоолоор нэхэмжпэгч Ж.Дэнг урьд эрхэлж байсзн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорт 1,979,966 төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 1,979,966 төгрөгийн нөхөн олговор олгохыг тогтоож шийдвэрлэсэн байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны олговорт 8,290,992 төгрөгийг дахин гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хээгт заасан дахин нотлохгүй гэснийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Дэн нь хариуцагч Н даргад холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж хөлстэй тэнцэх цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг нотлох баримтыг үндэслэж мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0678 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Ж.Дэнг урьд ажиллаж байсан Нгазрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,979,996 төгрөгийг гаргуулж олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Н даргад үүрэг болгон шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх5-19/

 

Дээрх шийдвэрээр Ж.Дэнд олгох олговрыг 3 сар 20 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцож олгосон байна.

 

Н дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/229 тоот тушаалаар Ж.Дэнг Нгазрын даргаар томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх26/

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх буюу 1 жил 2 сарын 1 хоногийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй байсан гэж дүгнэх боловч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргах ёстой.

 

Гэтэл Ж.Дэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт  заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гурван сарын дотор буюу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор гомдлын шаардлага шүүхэд гаргах байтал уг хугацааг 1 сар 10 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай Ж.Дэнгийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж нэршлийн хувьд буруу бичсэн, хуулийн зүйлийг тодорхойлохдоо хууль зүйн техникийн алдагдуулсан, дээрх зөрчил нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.3-т “зүйлийг араб тоогоор, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр”, 28.7.1-т “зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” гэж бичгээр” гэж тус тус заасантай нийцээгүй байгааг анхааруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/01371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Н даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай Ж.Дэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Н дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА