Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2021/01406

 

                                                                                                                                          

 

 

 

 

 

 

                                      2021         06          25

          182/ШШ2021/01406

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: БОАЖЯны сайд,

 

БОАЖЯны сайдын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн Б/62 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун, Х.Норовсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Х нь 2019 оны 08 сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 08 сарын 28-ны өдрийн БОАЖЯны сайдын Б/46 дугаар “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаалаар зуух, түлшний бодлого төлөвлөлтийн ажилтнаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгч Д.Х нь ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд түүний хийж бүтээсэн ажлыг үнэлж, БОАЖЯны сайдын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ***ий албан тушаалд томилсон байдаг. 2019 оны 08 сарын 19-ний өдөр байгуулагдсан Д.Хийн Хөдөлмөрийн гэрээний 1.11 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байх бөгөөд аль нэг тал гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцно” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т зааснаар “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” Ийнхүү хөдөлмөрийн гэрээ дуусах үед талуудын зүгээс гэрээг цуцлах санал гараагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Х 2020 оны 08 сарын 19-ний өдрөөс хойш ажил үүргээ хэвийн хийж гүйцэтгэж байсан юм. Иймд нэхэмжлэгч Д.Хийн хөдөлмөрийн гэрээ дахин нэг жилээр сунгагдсан буюу 2021 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэл сунгагдсанд тооцогдох учиртай. Гэтэл 2020 оны 12 сарын 22-ны өдрийн Б/62 тоот БОАЖЯны сайд “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 37.1.3 болон хөдөлмөрийн гэрээний 1.15-д заасан “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасан нь илт хууль зөрчиж гаргасан тушаал бөгөөд нэхэмжэлгч Д.Хийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Хийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь албан тушаалын чиг үүрэгт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлж, хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан талаар удаа дараагийн хуралдаанаар танилцуулж байсан. Ялангуяа автобусанд суурилуулсан шүүлтүүртэй холбоотой ажил чинь шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ, Нийслэлийн ажлын албанаас удаа дараа үүнийгээ татаж ав гэдэг албан бичиг ирүүлсэн байна гэж Д.Хээс асуухад мэдэхгүй байна гэж өөдөөс тайлбар тавьж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. Сайдын тушаалаар аймгуудын дулааны цахилгаан станцад утаа шүүгч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх чиг үүргийн дагуу хариуцсан бөгөөд Хөвсгөл аймгийн цахилгаан станцын янданд утаа шүүгч суурилуулсан боловч Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад суурилуулах ёстой байсан шүүлтүүрийг нам даралтын зууханд дур мэдэн суурилуулсан. Үүнийг Д.Хээс тодруулахад тухайн нөхцөл байдлаас шалтгаалж ингэхээс өөр арга байхгүй байсан гэдэг тайлбар өгдөг. Мөн шингэн лаг хаягдлыг боловсруулах үйлдвэр Чингэлтэй дүүрэгт байгуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ эрх зүйн шаардлага хангахгүй, гэрээний хэрэгжилт одоогийн байдлаар хангалтгүй байгаа зэрэг олон алдаа дутагдал гаргасан учраас Д.Хийг ажлаас нь халах болсон талаар мэдэгдэж, ямар бодолтой байгаа талаар асуухад Д.Х дараагийн ажлаа олсон учраас намайг ажлаас битгий халаач, харин би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлттэй байна гэж хэлсэн. Ингэхэд нь бидний зүгээс ажил олохгүй бол хэлээрэй, би чамд ажил олж өгнө, хоёулаа холбоотой байя гэж хэлж байсан. Тухайн үед ажлын албаны дарга байсан н.Гантулга гэдэг хүн байсан бөгөөд тэр хүн Д.Хтэй шинээр гэрээ байгуулаагүй. Д.Х ажлын хариуцлага муу, чанарын шаардлага хангадаггүй байсан гэв.

Шүүх нэхэмжлэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БОАЖЯны сайдын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн Б/62 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч БОАЖЯны сайдын 2019 оны 08 сарын 28-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зуух, түлшний бодлого төлөвлөлтийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад БОАЖЯны сайдын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

БОАЖЯны сайдын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн Б/62 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37.1.3 болон хөдөлмөрийн гэрээний 1.15-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр Д.Хийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Д.Хийг албан тушаалын чиг үүрэгт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлж, хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь БОАЖЯны дэргэд ажиллаж, сайд нь даргалж, мөн Сайдын багцаас санхүүждэг болох нь Ерөнхий сайдын захирамж, Сайдын тушаал шийдвэрээр тогтоогдож байна.

Ажил олгогч нэхэмжлэгчийг зуух, түлшний бодлого төлөвлөлтийн ажилтнаар томилон ажиллуулахдаа 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан ба Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хугацааг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй атлаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Ажил олгогч урьдын хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байсан гэж тайлбарлаж буй боловч хэрэв тэгж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан, дуусаагүй гэж үзэхээр байна. Зүй нь ажилтны албан тушаал өөрчлөгдөж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ өөрчлөгдөж буй тул хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах нь зүйд нийцэх ба хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүйд ажил олгогчийг буруутгах юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т Хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно, 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Ийнхүү хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл буруу байх тул түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Ажилгүй байсан 130 өдрийн цалинтай тэнцэх олговор 5,497,190 төгрөг болж байна.

 

БОАЖЯны сайдын тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг шаардлага байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Д.Хийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ***ий ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан БОАЖЯны сайдын багцаас 5,497,190 төгрөгийг гаргуулж Д.Хд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг баримтлан Д.Хд олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас 102,905 төгрөгийг гаргуулж улсад олгосугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД