Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01390

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01390

 

Д.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01406 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Х-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б яамны сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , түүний өмгөөлөгч Ч.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Х нь 2019 оны 8 сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын Б/46 дугаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаалаар зуух, түлшний бодлого төлөвлөлтийн ажилтнаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгч Д.Х нь ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд түүний хийж бүтээсэн ажлыг үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байдаг. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Д.Х-ийн хөдөлмөрийн гэрээний 1.11 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байх бөгөөд аль нэг тал гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ дуусах үед талуудын зүгээс гэрээг цуцлах санал гараагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Х 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажил үүргээ хэвийн хийж гүйцэтгэж байсан. Иймд нэхэмжлэгч Д.Х-ийн хөдөлмөрийн гэрээ дахин нэг жилээр сунгагдсан буюу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгагдсанд тооцогдох учиртай. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 1.15-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан нь илт хууль зөрчиж гаргасан тушаал бөгөөд нэхэмжэлгч Д.Х-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Х ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь албан тушаалын чиг үүрэгт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлж, хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан талаар удаа дараагийн хуралдаанаар танилцуулж байсан. Автобусанд суурилуулсан шүүлтүүртэй холбоотой ажил нь шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ, Нийслэлийн ажлын албанаас удаа дараа үүнийгээ татаж ав гэдэг албан бичиг ирүүлсэн байна гэж Д.Х ээс асуухад мэдэхгүй байна гэж өөдөөс тайлбар тавьж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. Сайдын тушаалаар аймгуудын дулааны цахилгаан станцад утаа шүүгч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх чиг үүргийн дагуу хариуцсан бөгөөд Хөвсгөл аймгийн цахилгаан станцын янданд утаа шүүгч суурилуулсан боловч Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад суурилуулах ёстой байсан шүүлтүүрийг нам даралтын зууханд дур мэдэн суурилуулсан. Үүнийг Д.Х ээс тодруулахад тухайн нөхцөл байдлаас шалтгаалж ингэхээс өөр арга байхгүй байсан гэдэг тайлбар өгдөг. Мөн шингэн лаг хаягдлыг боловсруулах үйлдвэр Чингэлтэй дүүрэгт байгуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ эрх зүйн шаардлага хангахгүй, гэрээний хэрэгжилт одоогийн байдлаар хангалтгүй байгаа зэрэг олон алдаа дутагдал гаргасан учраас Д.Х ийг ажлаас нь халах болсон талаар мэдэгдэж, ямар бодолтой байгаа талаар асуухад Д.Х дараагийн ажлаа олсон учраас намайг ажлаас битгий халаач, харин би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлттэй байна гэж хэлсэн. Тухайн үед ажлын албаны дарга байсан н.Г гэдэг хүн байсан бөгөөд тэр хүн Д.Х тэй шинээр гэрээ байгуулаагүй. Д.Х ажлын хариуцлага муу, чанарын шаардлага хангадаггүй байсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Д.Х ийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын багцаас 5 497 190 төгрөгийг гаргуулж Д.Х д олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х д олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 102 905 төгрөгийг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Х ийг анх манай байгууллагад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар зуух, түлшний бодлого төлөвлөлтийн ажилтнаар томилж, түүнтэй 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар дахин сайдын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн байдаг. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ ... зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл өөрчлөгдсөн байхад ажилтан, ажил олгогч /миний өмнө ажиллаж байсан хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга/ хэн аль нь хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй, нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, энэ талаар санал, санаачилга гаргаагүй байдаг бөгөөд шүүх үүнд дан ганц ажил олгогчийг буруутгаж байгааг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл зааж, чөлөөлсөн нь ажилтантай харилцан тохиролцсоны дагуу цаашид түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор гаргасан шийдвэр билээ. Д.Х нь албан тушаалын чиг үүрэгт заасан ажил, үүргээ хангалтгүй биелүүлж, хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд түүнийг ноцтой зөрчил гаргасан" үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг санаачилгаар цуцлах асуудал яригдах үед нэхэмжлэгчийн саналыг сонсож харилцан зөвшилцсөний дагуу шийдвэр гаргасан. Д.Х нь өөрийн хэлж, ярьж байснаас буцаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн. Дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа нэр бүхий гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй болно. Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Б  яамны сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Х нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/46 тоот тушаалаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны зуух, түлшний бодлого төвлөлтийн ажилтнаар, тус яамны сайдын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-3-5 дах тал/

 

Нэхэмжлэгч Д.Х нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 тоот тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 тоот тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажиллах журмын 5.4, хөдөлмөрийн гэрээний 1.15 дах заалтуудыг тус тус баримталсан байх ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно, 24 дүгээр зүйлийн 24.1-т ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд ажиллаж, сайд нь даргалж, мөн Сайдын багцаас санхүүждэг болох нь хэргийн 89-91 дэх талд авагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг шаардлага гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу боловч дээрх дүгнэлтийг залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул Д.Х-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлд хамаарч байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зуух, түлшний бодлого төлөвлөлтийн ажилтнаар томилон ажиллуулахдаа 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хугацааг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Х ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Ажилтантай тохиролцон хөдөлмөрийг гэрээг хугацаатай байгуулсан гэх байдлаа ажил олгогч баримтаар нотолж чадаагүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж Д.Х ийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Агаар, орчны бохирдлыг бууруулах технологи, инновацийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 497 190 төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын багцаас гаргуулж нэхэмжлэгч Д.Х д олгож, Д.Х д олгогдох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Г-г гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргасныг шүүх ажил олгогч Д.Х ийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх ба түүнтэй холбоотой зөрчил, дутагдлын асуудлын талаар Г.Г-с тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэж гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг шүүхээс хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ