Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2021/01491

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                      2021         07         09

            182/ШШ2021/01491

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХК

 

Хариуцагч: Ч.Б

 

 зээлийн гэрээний үүрэгт 78,566,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батсайхан, Г.Дөлгөөн, хариуцагчийн төлөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Б нь манай компанитай 2018 оны 05 сарын 01-ний өдөр В18050144 дугаартай зээлийн гэрээ, F18050144 дугаартай фидуцийн гэрээг байгуулж, 40,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдсэн. Уг Фидуцийн гэрээний барьцаанд XZU3410006022 арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн ***улсын дугаартай Хино дутро /Hino Dutro/ маркийн ачааны машин, мөн 5GRGN238X8H106478 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн ***улсын дугаартай, Хаммер эйч 2 /Hummer H2/ маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгч төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг бодитоор гаргуулан авахаар шаардсан ч хөдлөх хөрөнгийг гаргаж өгөөгүй зэргээр гэрээний үүргээ зөрчсөн болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчлийг гаргаж, гэрээний хавсарлт №1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй,  мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2021 оны 02 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 39,955,785 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 35,214,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,396,419 төгрөг, нийт 78,566,902 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан. Гэтэл машинаа биш, мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Барьцаа хөрөнгө болох авто машинууд нь явж байгаа ба машиныг авъя гэж шаардаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкет,материал, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч Ч.Бт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 78,566,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Б нь “И ББСБ” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр В18050144 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдэн авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар F18050144 дугаартай фидуцийн гэрээг байгуулж, XZU3410006022 арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн ***улсын дугаартай Хино дутро /Hino Dutro/ маркийн ачааны машин, мөн 5GRGN238X8H106478 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн ***улсын дугаартай, Хаммер эйч 2 /Hummer H2/ маркийн суудлын автомашиныг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь гэрээнүүд, зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч зээлийг эргэн төлөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 39,955,785 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 35,214,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,396,419 төгрөг, нийт 78,566,902 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөх ёстой гэж тооцоолжээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заажээ. Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд хариуцагчтай байгуулсан фидуцийн гэрээг дуусгавар болгож, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан 2 ширхэг автомашиныг бодитой гаргуулан авах боломж байсан ба үүнийг одоо ч хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн /эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/ онцлог билээ. Хариуцагч 2 ширхэг автомашин байгаа гээд үзлэг хийлгэсэн ч болно, нэхэмжлэгч тэдгээрийг шаардаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч фидуцийн гэрээгээр өөрт нь шилжсэн 2 ширхэг автомашиныг бодитой гаргуулан авахаар хариуцагчаас шаардсан байдал харагдахгүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас мөнгөн төлбөр нэхэмжилсэн буюу 78,566,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Ч.Баас 78,566,902 төгрөгийг гаргуулах тухай “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 550,785 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                        С. БУД