Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01401

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01401

 

 

 

 

 

                               И ББСБХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/01491 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ББСБХК-ийн хариуцагч Ч.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 78 566 902 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Б 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, 40 000 000 төгрөг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд XZU3410006022 арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн ...УБИ улсын дугаартай Хино дутро маркийн ачааны машин, 5GRGN238X8H106478 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн ...УБС улсын дугаартай, Хаммер эйч 2 маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, барьцааны зүйл болох автомашиныг бодитоор гаргаж өгөхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөр тооцон үндсэн зээлийн үлдэгдэлд 39 955 785 төгрөг, зээлийн хүүд 35 214 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 396 419 төгрөг, нийт 78 566 902 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч автомашиныг биш, мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барьцааны автомашинуудыг шаардаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Ч.Баас 78 566 902 төгрөгийг гаргуулах тухай И ББСБХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 550 785 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайханы давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд хариуцагчтай байгуулсан фидуцийн гэрээг дуусгавар болгож, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан 2 ширхэг автомашиныг бодитой гаргуулан авах боломж байсан ба үүнийг одоо ч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь автомашиныг бодитоор гаргуулан авахаар шаардсан байдал харагдахгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 235.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн уг зохицуулалт нь фидуцийн гэрээ дуусгавар болох нөхцөл бөгөөд фидуцийн гэрээ дуусгавар болсон эсэх нь зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дах хэсэгт зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл бөгөөд гагцхүү зээлийн гэрээний төлбөрийг төлүүлэх зорилгоор уг гэрээг байгуулдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож фидуцийн зүйлийг авна гэсэн тохиролцоо биш. Харин хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангана гэсэн талуудын тохиролцоо. Гэтэл анхан шатны шүүх фидуцийн гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн төлбөрөөр гаргуулах боломжгүй гэсэн нь хуулийг илт буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Фидуцийн болон зээлийн гэрээ нь 2 тусдаа харилцааг зохицуулсан гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээл олголт, буцаан төлөлтийн хэмжээний хувьд талууд маргаагүй байхад шүүх фидуцийн гэрээ дуусгавар болоогүй тул зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах боломжгүй гэж хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэв нэхэмжлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авсан бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй гэж дүгнэх үндэслэлтэй боловч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан аваагүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байхад фидуцийн зүйлийг бодитоор гаргуулж авах боломжоо нэхэмжлэгч ашиглах ёстой гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Шүүх гагцхүү хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах шаардлага гаргаагүй байна гэж дүгнэсэн нь илт нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан төдийгүй нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч компанийн зүгээс фидуцийн зүйлийг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсан болохыг дурдсан. Гэтэл уг тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй атлаа хариуцагчийн хоорондоо зөрчилтэй тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах шаардлага гаргасан байдал нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа фидуцийн зүйл болох нэг автомашиныг зээлдэгч унаж байгаа, нөгөө автомашин нь хот хооронд тээвэр хийж байгаа гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан аваагүй, фидуцийн зүйл нь гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаагаас гаргуулах боломжгүй болохыг нотлоно. Хэдийгээр фидуцийн зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа боловч эзэмшил, ашиглалт нь хариуцагчид байгаа. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг үл маргах журмаар гарган өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч хаана байгаа нь тодорхойгүй автомашиныг гаргуулан авах боломжгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах шаардлага гаргасан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, харин фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бодитоор гаргуулан авсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад хэрэгт ач холбогдолгүй дүгнэлт хийж, илт хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан нь талуудын тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаарх нотлох баримт, хууль зүйн үндэслэлд нь дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч И ББСБХХК-ийн зээлд 39 955 785 төгрөг, зээлийн хүүд 35 214 698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 396 419 төгрөг, нийт 78 566 902 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй атлаа мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар эд зүйлийг эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авах, эсхүл үүргээ бодитойгоор гүйцэтгүүлэх шаардлагын аль алиныг нь гаргах эрхтэй байхад үүргийг бодитойгоор гүйцэтгүүлэх буюу зээл, зээлийн хүүг буцаан төлөхийг шаардах эрхгүй гэж буруу дүгнэжээ.

 Анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлтийг залруулж хэрэгт авагдсан талуудын тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтад үндэслэн хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзэв. /хх5-9,14/

Нэхэмжлэгч нь дараахь үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. 

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдүүлэх тухай зээлийн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2005 онд үйлдвэрлэгдсэн ...УБИ улсын дугаартай цагаан өнгийн Хино дутро маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн ...УБС улсын дугаартай Хаймер Н2 маркийн автомашиныг өмчлөлд нь шилжүүлэх тухай фидуцийн гэрээ тус тус байгуулжээ. /хх5-9/

Дээрх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх  хэсэгт заасан зээлийн болон фидуцийн гэрээ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн, зээлдэгчийн үүргийн зөрчил 2019 оны 3 дугаар сараас үүссэн талаар талууд маргаагүй.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ тул гэрээний нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжтой байх ёстой.

Талууд зээлийн хүүг “үндсэн хүү жилийн 48 хувь, сарын 4 хувь”, урамшуулалт хүү жилийн 36 хувь, сарын хүү 3 хувь” гэж 2 янзаар тусгасан байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “стандарт нөхцөл илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэснийг үндэслэн зээлийн хүүг 3 хувиар тогтоосон гэж үзлээ.

Хариуцагчийн гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үүрэг нь үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 21 600 000 төгрөг, нийт 61 600 000 төгрөг бөгөөд үүнээс зээлдэгч 12 961 655 төгрөг төлсөн байх тул зөрүүг нь нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 Нэмэгдүүлсэн хүүний хувьд талууд гэрээний 2.1.5 дахь хэсэгт үндсэн хүүгийн 20 хувь байх, ”3.1.4-т “зээлийн нэмэгдүүлсэн хүү сарын 0.80 хувь байна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасантай нийцсэн байна. Зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч талуудын зарчимд нийцүүлэн нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 3 396 419 төгрөг гаргуулна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүд 48  638 345 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 396 419 төгрөг нийт 52 034 764 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Харин нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна. Учир нь гэрээнд хэтэрсэн хугацаанд авах хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй байна. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн хувьд хэрэглэгчдэд хандсан гэрээний заалт нь тодорхой байх шаардлагатай.

Тодруулбал, зохигчид хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, 25 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасны дагуу гэрээнд заагаагүй байна.  

           

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/01491 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Баас зээлийн гэрээний үүрэгт 52 034 764 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 532 138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “ ... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж,” гэж өөрчилж, “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 418 123 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

                                                                                                А.МӨНХЗУЛ