Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 950

 

                                                       Т.О-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тулга,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1054 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006 01391 1159 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-н О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн;  

Т.О нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн “Самсунг А-80” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж  нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О-н цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            1. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Т.О-с нотолбол зохих нотлох баримтыг хавтас хэрэгт аваагүй.

            2. Ч.Пүрэвдорж нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн надтай хамтран амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаандаа байнга архи ууж, намайг зоддог, бэлгийн дарамтад оруулж, өөрийнхөө аясаар байхгүй бол чамайг алсан ч яадаг юм гэх мэтээр хэлдэг байсан.

            3. Надад валентины баяр гэж лизингээр гар утас авч өгсөн нь үнэн. Гэхдээ би энэ утсыг хулгай хийж, нууцаар, өөрт нь хэлэлгүй авч яваад зарж борлуулж мөнгийг нь аваагүй.

            4. Ч.Пүрэвдорж манайд байдаг, надтай амьдарна гэж байсан мөртлөө хааяа ирж хонодог, намайг байнга харддаг, намайг утсаа зарчих гээд хэд хэдэн удаа хэлж, дарамталж зодсон. Тэгээд би аргагүй эрхшээлд нь ороод зарсан.

            5. Дээрх нөхцөл байдлын талаар мөрдөн байцаагчид хэлнэ гэхээр “чамайг ална шүү, ээж, хүүхэдтэй чинь хамт ална” гэж сэтгэл зүйн маш хүнд дарамт үзүүлдэг байснаас болж би мэдүүлгээ буруу зөрүүтэй, өөрийн эрх зүйн байдлаа дордуулж өгсөн. Би харж хандах хүнгүй бага насны охиныгоо өнчрүүлж байна.

            6. Намайг мөнгө олж өг гээд зодож дарамтлаад байхаар нь би өөрийн найзаасаа 2.000.000 төгрөг зээлж өгөн. Тэгтэл “би чамд гомдолгүй, хохирол төлбөргүй гэсэн бичиг цагдаад хийж өгье” гэж хэлж байсан.

            Т.О миний бие нь 2 удаа шийтгэгдэж байсан нь үнэн. Гэвч би энэ асуудалдаа маш их гэмшдэг. Би хөдөө орон нутгаас ээж, охины хамт шилжиж ирээд саун, караоке, зочид буудалд ажилд орж тууштай ажилласан. ... Намайг П “чи өмгөөлөгч авч болохгүй, хэрвээ авсан байвал өмгөөлөгчтэй чинь хамт шоронгийн хадаас болгоно” гэж зоддог байснаас болж би айгаад мэдүүлгээ буруу өгсөн. Өмгөөлөгч авч өөрийгөө өмгөөлүүлж чадаагүйдээ маш их харамсаж байна. Иймд ганц удаа миний нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь ойлгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Энэ үед би камерын бичлэг болон нотлох баримтыг гаргаж өгч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.О-н өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Т.О-н үйлдлийг хулгайн гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хулгайн гэмт хэрэг нь нууц, далд аргаар авсныг хулгай гэж ойлгодог. Шүүгдэгч Т.О нь өөрийн нөхөр болох хамтран амьдарч байсан Ч.П бэлэглэсэн гар утсыг авсан. Өөрт нь валентины баяраар бэлэглэсэн гар утсыг өөрийн өмчлөлийн гар утас гэж ойлгосон. Харин утсыг зарснаа Ч.П-д хэлээгүй. Ч.П нь “Т.О-г танихгүй, 1, 2 удаа уулзаж байсан” гэж илт худал мэдүүлэг өгч гомдол гаргасан. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн санаа зорилго, хор уршигтай шалтгаант холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.О-н үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Гар утсыг Т.О-д бэлэглэсэн гэдэг нь нотлогдож тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримт нь агуулгын хувьд зөрүүгүй, хуульд заасан журам зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Шүүгдэгч Т.О нь урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн байх ба тэрээр тэнссэн хугацаанд буюу 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дотно харилцаатай гэх Ч.П-н “Самсунг А-80” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн долдугаар бүлэгт “Тэнсэх, албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх тусгай журмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж маш тодорхой заасан.

 Гэтэл анхан шатны шүүхээс өмнөх буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголгүй, уг тэнссэн 2 жилийг хорих ял гэж үзэн, түүнд 2 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг тогтоож шийдвэрлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Т.О нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн 4 настай буюу бага насны хүүхэдтэй тул асран хамгааллын асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Т.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгчийн гаргасан  давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.