Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1611

 

 

 

 

 

  2020         09         04                                       2020/ШЦТ/1611

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Тулга,

Хохирогч Ч.Пүрэвдорж,

Гэрч У.Баярмагнай,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч А.Энхбуйр /ҮД:0970/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох эрүүгийн 2006 01391 1159 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт амьдардаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт уулын 12 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 2 дугаар гудамжны 320 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

Төв аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Б овогт Тын О /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн Самсунг А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Огийн өгсөн: “Би Пүрэвдоржтой нэг гэрт хамтран амьдардаг байсан. Хамтран амьдардаг байсан байж 1-2 удаа уулзаж байсан гэж илт худлаа ярьсанд нь гомдолтой байна. Надад гар утсаа бэлэглэсэн, би хулгайлаагүй. Хамтран амьдрахгүй гэж хэлснээс болж намайг ийм сэтгэл зүйн байдалд оруулж 2 жилийн тэнсэнг минь ял болгосонд би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Пүрэвдоржийн өгсөн: “Би жилийн 4 улирлын 1 сар нь Улаанбаатар хотод байдаг. Бусад үед нь хөдөөгүүр зам ангид автын инженер ажил хийдэг. Одоогоор манай компаний тоног төхөөрөмж Төв аймагт байдаг. Би Улаанбаатар хотод байхаасаа байхгүй нь их байдаг. Би наадмын үеэр Улаанбаатар хотод орж ирэх ажилтай болсон. Хотод орж ирчихээд орой нь манай жолооч бид 2 караоке ороод ганц нэг пиво уугаад сууж байгаад О түүний эгч хоёртой танилцсан. Ингэж танилцаад бид нар орой нь буудалд хоносон. Өглөө нь буцах байсан, буцах гээд явж байсан чинь манай найз залгаад үзье “хаана байгааг нь асуучих” гэж залгаад үзтэл “гэртээ байна” гэсэн. Би “бантан хийгээд байж байгаач очоод идье” гээд Огийнд очиж бантан идсэн. Тэгээд бид 2 буцаад Дорнод аймаг руу явсан. Ажилдаа явчихаад ирээгүй байж байгаад нэг ирсэн. Тэгэхдээ би түлшний тэрэгтэй ирсэн. Би “Дорнод аймгаас гарч байна” гэж утсаар Од хэлсэн. О “гэртээ хүлээж байя” гэж хэлсэн. Шөнө хотод 20 тонны түлшний тэрэгтэй орж ирчихээд энэ хүнтэй уулзах гээд очтол гэртээ байгаагүй. Би залгасан чинь утас нь холбогдохгүй байж байгаад холбогдоод ярьтал Баянзүрхийн товчоонд ирээд авчих гэсэн. Би тэнд нь очоод өглөөний 5 цаг хүртэл хүлээсэн. Сүүлдээ Огийн утас нь холбогдохоо болиод таг болсон. Тэгэхээр нь би гэртээ ирээд нөгөөдөр нь холбоо барьтал О “манай найз миний симийг зажлаад би холбоо барих боломжгүй болсон, явах гэсэн чинь явуулахгүй байсан, гэж хэлсэн. Тэгж байж байгаад утас бэлэглэсэн гэж яриад байна. Би тэр утсыг бэлэглээгүй. Хөдөөнөөс ирчихээд байж байхдаа би утасгүй байсан. Манай компаний инженер залуу гайгүй утаснууд барьдаг байсан болохоор би гайгүй утас барья гээд авсан. Би утас худалдаж авчихаад ирээд Огийнд 2 сард очиж хоносон. Би тэр утсанд симээ ч хийж үзээгүй байсан. О би симээ хийгээд үзчихье гээд симээ хийсэн. Намайг унтах хүртэл утсаар оролдсоор байсан. Би унтчихаад өглөө боссон чинь өөрөө ч байгаагүй, ээж нь ч байгаагүй. Огийнх гэрийнхээ гадна талын таамбарны шалавч доор түлхүүрээ хийдэг байсан. Би хаалгыг нь түгжчихээд О руу залгасан чинь “би ээжийн ажил дээр байна” гэсэн. Би “утас авчирч өгөхгүй юм уу” гэсэн чинь утас нь холбогдохоо больчихсон. Шөнө 8802-той  дугаараас залгаад “би утсыг чинь зарсан, чи юу олж долоох юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Баярмагнайн өгсөн: “Ч.Пүрэвдорж манайд 4-5 удаа ирж хонож байсан. Намайг ажлаас ирж байхад хүүхэд “Пүрэвдорж утас авч өгнө” гэж байсан. Маргааш нь ажилдаа очоод байж байтал охин “ээжээ бид 3 утас авах гээд явж байна” гэж залгасан. Орой гэртээ байж байтал “утсаа авчихлаа” гээд ирж хоноод явсан. Би өглөө 9 гээд ажилдаа явсан. Манай охин гэртээ гурвуулаа үлдсэн. Ажил дээр очиход охин “энэ утсыг зарахаар болсон, би Пүүжээтэй холбогдоно. Пүүжээ ажилдаа явчихсан” гэж байсан. “Яаж байгаа юм бэ? болж байгаа юм уу” гэхэд “бид 2 ярьсан” гэж хэлэх шиг болсон. Ч.Пүрэвдорж манайд ирэхдээ “энэ хүнтэй суух гэж байгаа” гэдэг байсан. Би “чи аль нутгийн хүн бэ” гэхэд “би Архангай аймгийн Батцэнгэл сумын хүн” гэж байсан. Сууна гээд ярьж байсан. Нэг өдөр О “Пүрэвдорж намайг ингэхчихлээ” гээд гуя нь хөхөрчихсөн байж байсан. Өөр юм болоогүй. Зам тээврийн ослын төлбөр бараг 5.000.000 төгрөг болсон. Би цалингаа барьцаалаад одоо болтол төлж байгаа. Би маргааш өглөө нь ажилдаа явсаны дараа над руу О залгаад “энэ утсыг зарахаар боллоо” гэж хэлсэн. Аваар осол гээд мөнгө төгрөгний асуудалтай байсан. Бид нар хоорондоо яриад хэлэлцсэн байсан. Гэхдээ яг Пүрэвдоржоос авъя гэж яриагүй. Зарсан мөнгөөрөө аваар ослын төлбөр төлсөн. Ч.Пүрэвдорж манайд 4-5 удаа ирж хонож байсан. Т.О надад хэлэхдээ “би ийм хүнтэй танилцсан байгаа, одоохондоо наана цаана гээд явж байгаа” гэсэн өөр зүйл яриагүй. Ч.Пүрэвдорж надад “би энэ хүнтэй болж бүтнэ” гэж хэлж байсан.  Хамт очиж хонодог байсан. Тэр хугацаандаа хэрүүл зодоон хийж байгаагүй. Ч.Пүрэвдорж энэ оны 01 дүгээр сарын дундуур анх ирж хоносон. Түүнээс хойш 4, 5 удаа ирж хоносон. Ч.Пүрэвдорж утас авснаас хойш манайд ирж хоноогүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Пүрэвдоржийн өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөгжил Финанс банк бус санхүүгийн байгууллагаас Самсунг А-80 маркийн гар утсыг 1.999.999 төгрөгөөр зээлийн гэрээ хийж худалдаж авсан. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Тын О гэх эмэгтэйнд очиж хоноод маргааш өглөө нь сэрэхэд миний гар утас хайрцаг, сав, дагалдах хэрэгсэлтэйгээ байхгүй болчихсон байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О гэх эмэгтэй нь гар утсыг маань авч яваад бусдад зарж өөрийнхөө өр төлбөрийг төлсөн талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,

“Би 2020.02.12-ны өдөр өөрийн танидаг эмэгтэй Отгонзаягийнд хоносон. Би Отай хамтран амьдардаггүй бөгөөд О бид 2 хааяа бэлгийн харилцаанд л ордог байсан. Харин 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Отай хамт явж байхдаа Улаанбаатар хот Чингисийн талбайн урд талд үйл ажиллагаа явуулдаг электрон барааны дэлгүүрээс Samsung Galaxy А80 загварын rap утсыг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр 3 жилийн хугацаатай лизингээр худалдаж авсан. Утсаа линзингээр авчихаад Отгонзаягийн хамтаар гэрт нь очиж хонохоор явсан. Би тухайн үед өөрийн лизингээр худалдан авсан гар утсандаа сим карт хийгээгүй бөгөөд би тухайн үед Nokia маркийн гар утсанд өөрийнхөө 88186294 гэсэн дугаарыг хийгээд барьж байсан. Улмаар О гэртээ очоод “утсаа өгөөч, би сим картаа хийгээд наад утсыг чинь сонирхоё” гэж хэлээд миний шинээр худалдан авсан Samsung Galaxy А80 загварын rap утсанд өөрийнхөө Мобикомын сим картыг хийсэн. Би тэр сим картных нь дугаарыг мэдэхгүй. О тэр утсыг аваад нэг хашаанд хамт амьдардаг хажуу айлынхаа хүүхдээр /би тэр хүүхдийг нь болон хажуу айлыг нь танихгүй гэх/ миний худалдаж авсан утсан дээр аппликэйшн татаж суулгуулна гэж хэлээд орж, гараад яваад байсан. Би тухайн орой Огийн гэрт нь шалан дээр ор засуулаад унтаад өгсөн. Харин О намайг унтсан хойгуур миний хажуугаар орж унтсан байсан, Огийн ээж /мөн нэрийг нь мэдэхгүй гэх/ нь орон дээр Огийн охин /нас болон нэрийг нь мэдэхгүй гэх/-ыг нь аваад хоносон.

Би Ог сайн танихгүй бөгөөд түүнээс өмнө 3 удаа уулзаж хамт хонохдоо 1 удаа манай гэрт, дараагийн 2 удаад нь зочид буудалд хамт хонож байсан. Анх бид 2 Баянзүрх дүүргийн Сансар хороололд үйл ажиллагаа явуулдаг +30 нэртэй шөнийн цэнгээний газарт 2019 оны 08 дугаар сард танилцаж байсан. Түүнээс хойш утсаар ярьдаг, хааяа фэйсбүүкээр харилцдаг байж байгаад тухайн шөнөтэй нийлээд нийтдээ 4 удаа л хамт хоносон.

Намайг тухайн шөнө унтаад өглөө 07-оос 08 цагийн орчим сэрэхэд О миний хажууд унтаж байсан, Огийн охин орон дээр унтаж байсан, харин ээж нь байхгүй байсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа 10 цагийн орчим сэрэхэд О, түүний ээж болон Огийн охин нар бүгд байхгүй, би гэрт нь ганцаараа унтаж байсан... “ажил дээр ээжид туслаад байж байна, одоо удахгүй очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш Огийн утас нь холбогдохгүй болсон. Тэгэхээр нь би гэрийг нь гадна талаас зүүдэг цоожоор нь цоожлоод гэрийнх нь түлхүүрийг гэрийн гадна талын хөлийн гишгүүрийн доогуур нь хийгээд яваад өгсөн. Би тухайн өдөр Отай холбогдох гэж олон удаа оролдсон боловч утас нь холбогдохгүй байсан. Харин тухайн шөнө буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө О 8810-тай дугаараас миний утас руу залгаад “Чиний гар утсыг чинь 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр зарчихсан, чиний гар утас чинь үнэ хүрдэггүй юм байна лээ, чи надаас яаж олж авч чадах юм бэ, би тэр мөнгөөр банкныхаа мөнгийг дарчихсан” гэж мессэж бичээд байсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би Од гар утсыг өгөөгүй, намайг унтаж байх хойгуур миний гар утсыг дур мэдэн авч явсан байна. Од миний гар утсыг худалдах болон захиран зарцуулах эрх огт байхгүй. Би өөрийн гар утсаа олж авмаар байна, би тэр гар утасны төлбөрийг төлж байгаа, худалдаж авсан гар утсаа өөрөө ашиглаж чадаагүй байж хулгайд алдах үнэхээр харамсалтай байна, би Од гомдолтой... “ гэх мэдүүлгүүд /хх.12-14, 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Огийн гэрчээр өгсөн: “Би Пүрэвдорж гэх хүнийг 2019 оны 04 сараас таньж мэдэх болж улмаар дотно харилцаатай болсон. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Пүрэвдорж бид хоёр Сүхбаатарын урд байдаг “Сайн юнивейшин” нэртэй газарт хамт очиж Самсунг А-80 маркийн гар утас лизингээр худалдаж аваад тэр оройноо манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Пүрэвдорж, манай охин бид гурав гэрээс хамт гараад Баянзүрх дүүргийн 16-ийн автобусны буудал дээр ирээд охин бид хоёр автобуснаас буугаад би охиноо ээжийн ажил дээр буулгачихаад тэгээд би Теди худалдааны төв орж гар утас авна, зарна гэж зогсдог танихгүй ахад Самсунг А-80 маркийн гар утсыг 850.000 төгрөгөөр зарсан. Би Пүрэвдоржоос Самсунг А-80 гар утсыг зарах үедээ зөвшөөрөл аваагүй. Гэхдээ Пүрэвдорж нь уг утсыг намайг аваад гэрээс гарсаныг мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл надад Валентиний бэлэг болгож өгсөн гэж би бодсон. Би өөрөөс нь хүртэл уг гар утсыг надад өгч байгаа юм уу гэхэд “тиймээ, миний хайр ч үнэтэй хүүхэн шүү” гэж хэлж байсан. Би уг гар утсыг зарсан мөнгөөрөө банкны зээл, утасны төлбөрөө дараад дуусгасан. Би Пүрэвдорж гэх хүнтэй 2019 оны 04 сард танилцаж улмаар манай гэр болон Пүрэвдоржийн гэр орноор ээлжлэн хамтран амьдрах болсон. Би урд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан. Би уг гар утсыг ганцаараа бусдад зарж борлуулсан...” гэх мэдүүлгүүд /хх.18-19/,

“... Ч.Пүрэвдоржийн авсан байсан шинэ гар утас байсанг аваад Теди худалдааны төвд хувь хүнд зарсан. Би энэ утсыг зарах болсон шалтгаан нь бол банкны өр, утасны төлбөр, бага зэрэг өр шир байсанг утас зарсан мөнгөөрөө төлсөн. Ч.Пүрэвдоржоос гар утсыг нь авч зөвшөөрөл авсан, гэрээс цуг гараад салаад явцгаасан. Самсунг-А-80 маркийн цагаан өнгийн шинэ хайрцаг савтай, дагалдах хэрэгсэлтэйгээ хамт байсан. Ч.Пүрэвдорж манайхаар ер нь ирэн очин байдаг. Тухайн өдөр манайд ирж хоносон. Тэр үедээ шинэ гар утастай байсан. Тухайн үед манай гэрт ээж, охин байсан. 2020.02.12-ны өглөө ээж түрүүлээд гарч яваа, хэсэг хугацааны дараа охин Нандинцэцэг /4 настай/, Ч.Пүрэвдорж бид нар гэрээс хамт гарч яваад салаад явсан. Тэр үед Ч.Пүрэвдорж надад гар утас байгааг мэдэж байсан. Тэгэхдээ зарсан үгүйг мэдээгүй, би зарсаны дараа хэлсэн. Ч.Пүрэвдоржийг шинэ гар утас авах үед би хамт явж банк бус санхүүгийн байгууллага дээр хамт очсон. Шинэ гар утас авсан хойноо орой нь манайд ирж хоносон юм...” гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Огийн яллагдагчаар өгсөн: “... Ч.Пүрэвдорж надад хэлэхдээ “гар утсаа зараад чиний өр ширийг дараад хоёулаа салья” гэсэн зүйлийг хэлсэн. Би Ч.Пүрэвдоржийн rap утасыг 800.000 төгрөгөнд Теди худалдааны төвд хувь хүнд зарсан. Би утас зарсан мөнгөөрөө банкны төлбөр болох 2 сарын төлбөр болох 380.000 төгрөг. Утасны төлбөр 2 сарын төлбөрт 260.000 төгрөг, үлдсэн мөнгөөр нь гэртээ хоол хүнс аваад дуусгасан. Ч.Пүрэвдорж бид хоёр гэр бүлийн харилцаатай биш. Зүгээр хамтран амьдарч байгаад салцгаасан. Бие биенээ мэддэг болоод жил болж байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Ч.Пүрэвдоржийн гаргасан өргөдөл /хх.4/,

“Тод үнэлгээ” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 839 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.23/,

Эд хөрөнгийн үнэлгээний дүнг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх.27-25/,

Хохирогч Ч.Пүрэвдоржийн хохирлыг барагдуулсан тухай мөнгөн гүйлгээний баримт /хх.34/,

Эрүүгийн хариуцлага шалгаж байсан эсэхийг шалгах хуудас /хх.43/,

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоол /хх.46-50/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоол /хх.53-57/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.82-83/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Т.Огийн хүсэлт /хх.85/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дотно харилцаатай гэх Ч.Пүрэвдоржийн Самсунг А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Пүрэвдоржийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Тын О гэх эмэгтэйнд очиж хоноод маргааш өглөө нь сэрэхэд миний гар утас хайрцаг, сав, дагалдах хэрэгсэлтэйгээ байхгүй болчихсон байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О гэх эмэгтэй нь гар утсыг маань авч яваад бусдад зарж өөрийнхөө өр төлбөрийг төлсөн талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,

“... 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө О 8810-тай дугаараас миний утас руу залгаад “Чиний гар утсыг чинь 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр зарчихсан, чиний гар утас чинь үнэ хүрдэггүй юм байна лээ, чи надаас яаж олж авч чадах юм бэ, би тэр мөнгөөр банкныхаа мөнгийг дарчихсан” гэж мессэж бичээд байсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би Од гар утсыг өгөөгүй, намайг унтаж байх хойгуур миний гар утсыг дур мэдэн авч явсан байна. Од миний гар утсыг худалдах болон захиран зарцуулах эрх огт байхгүй... “ гэх мэдүүлгүүд /хх.12-14, 15-16/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Ч.Пүрэвдоржийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл /хх.4/,

“Тод үнэлгээ” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 839 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.23/,

Хохирогч Ч.Пүрэвдоржийн хохирлыг барагдуулсан тухай мөнгөн гүйлгээний баримт /хх.34/,

Т.Огийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.85/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Пүрэвдоржийн өгсөн: “... Би тэр утсыг бэлэглээгүй. Хөдөөнөөс ирчихээд байж байхдаа би утасгүй байсан. Манай компаний инженер залуу гайгүй утаснууд барьдаг байсан болохоор би гайгүй утас барья гээд авсан. Би утас худалдаж авчихаад ирээд Огийнд 2 сард очиж хоносон. Би тэр утсанд симээ ч хийж үзээгүй байсан. О би симээ хийгээд үзчихье гээд симээ хийсэн. Намайг унтах хүртэл утсаар оролдсоор байсан. Би унтчихаад өглөө боссон чинь өөрөө ч байгаагүй, ээж нь ч байгаагүй. Огийнх гэрийнхээ гадна талын таамбарны шалавч доор түлхүүрээ хийдэг байсан. Би хаалгыг нь түгжчихээд О руу залгасан чинь “би ээжийн ажил дээр байна” гэсэн. Би “утас авчирч өгөхгүй юм уу” гэсэн чинь утас нь холбогдохоо больчихсон. Шөнө 8802-той  дугаараас залгаад “би утсыг чинь зарсан, чи юу олж долоох юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Огийн өгсөн “Надад гар утсаа бэлэглэсэн, би хулгайлаагүй...” гэх агуулгатай мэдүүлгүүд, түүнчлэн шүүгдэгчийн төрсөн эх У.Баярмагнайн гэрчээр өгсөн: “... Намайг ажлаас ирж байхад хүүхэд “Пүрэвдорж утас авч өгнө” гэж байсан. Маргааш нь ажилдаа очоод байж байтал охин “ээжээ бид 3 утас авах гээд явж байна” гэж залгасан. Орой гэртээ байж байтал “утсаа авчихлаа” гээд ирж хоноод явсан...” гэх мэдүүлэг  зэрэг нь дээрх нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Пүрэвдоржийн өгсөн мэдүүлгүүд нь илүү тогтвортой, үнэмшилтэй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.Огийн өгсөн мэдүүлгүүд нь гэмт хэрэг үйлдсэн болон түүнээс өмнөх өдрийн хохирогч Ч.Пүрэвдоржтой байсан харьцааны талаар, мөн гар утас бэлэглэсэн гэх болон худалдсан шалтгаан нөхцлийн хувьд харилцан уялдаа авцалдаа муутай, үнэмшилгүй байна гэж дүгнэсэн болно.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Огийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Т.О нь хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ч.Пүрэвдорж нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Од үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгэгдэж байсан, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Од хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон, шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Т.Од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Т.Огийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Тын Ог “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Од хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд, нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Од оногдуулсан нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Ог цагдан хорьсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          7. Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар, Т.Огийн 4 настай охин О.Нандинцэцэгийн асран хамгаалах, харгалзан дэмжих хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгасугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР