Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2021/00992

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/00992 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр туул гудамж, 00б дүгээр байр, 0 тоотод оршин суух Х овогт Д.З /РД:ФА00000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж 0 байрлах Н.Ш.Ш..Г.Г-т холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00/00 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 00б дугаар байр 0 тоот хаягт байрлах үл эд хөдлөх хөрөнгийг худалдсан хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00000 тоот захирамжаар Б.Г, Д.З нараас үүргийн гүйцэтгэлд 108,946,050.00 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, Б.Г-д мэдэгдэж, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 000 дугаар байр 0 тоот хаягт байрлах үл эд хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байна. Д.З надад албадан дуудлага худалдааны тухай, мөн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдээгүй. Би 2010 оноос эхлэн Б.Г-оос тусдаа амьдарч байгаа бөгөөд албадан дуудлага худалдаа явагдсаныг мэдээгүй байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2010 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 000 дугаар байр 0 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй, мөн хуулийн 14.2-т ... төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө. гэж тус тус заасан байна.

Албадан дуудлага худалдаа явуулах тухай Д.З надад огт мэдэгдээгүй бөгөөд шуудангаар мэдэгдсэн гэх боловч энэ тухай баримт нь хэргийн материалд байхгүй. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд, Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Мөнхбаярт хандан гомдол гаргасан, гомдлын хариуг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0/00 дугаар тогтоолоор гаргаж, надад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардууллаа. Би тус тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Н гомдол гаргасан боловч 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 00/0000 тоот хариуг мэдэгдлээ. Тиймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00/00 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2010 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн албадан дуудлага худалдааны Хан-Уул дүүргийн 15 хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 000 дугаар байр 0 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0000дугаар захирамжаар Б.Г, Д.З нараас 109,290,390 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 00000000 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Г, Д.З нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 000 байрны 0 тоотод байрлах, 69.84 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 000/00дугаар тогтоолоор битүүмжилж, 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 000/00 дугаар тогтоолоор хурааж, холбогдох хуульд заасны дагуу хөрөнгөд үнэлгээ тогтоож талуудад мэдэгдсэн.

Талуудад Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00/00 дүгээр тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0/0000 дугаартай албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахад барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй тул Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, албадан дуудлага худалдааг 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, хөрөнгийг худалдан борлуулсан. Төлбөр төлөгч Б.Г, Д.З нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн цагаас эхлэн төлбөр төлөгчөөр татагдан оролцож, 2010 оны 10 дугаар сарын 20-ны болоод 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр явагдах албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдэлтэй танилцсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зураг болон холбогдох баримтуудаар тогтоогдоно. Иймд төлбөр төлөгч Д.З нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй удаа дараа хөрөнгийн үнэлгээ болоод бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Н.Ш.Ш..Г.Г холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00/00 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 00б дугаар байр 0 тоот хаягт байрлах үл эд хөдлөх хөрөнгийг худалдсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Д.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.О ... 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 00б дугаар байр 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үлдэх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00/00 тоот албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна...гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан, мэтгэлцэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г ... төлбөр төлөгч Б.Г, Д.З нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн цагаас эхлэн төлбөр төлөгчөөр татагдан оролцож, 2010 оны 10 дугаар сарын 20-ны болоод 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр явагдах албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдэлтэй танилцсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зураг болон холбогдох баримтуудаар тогтоогдоно. Д.З нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй удаа дараа хөрөнгийн үнэлгээ болоод бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0000дугаар захирамжаар Б.Г, Д.З нараас 108,946,050.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 00б дугаар байр 0 тоот хаягт байрлах үл эд хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 20-21 хуудас/

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.З шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2016/00000дүгээр албадан гүйцэтгэх захирамж, 1928 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна. /х.х-ийн 19, 22 хуудас/

Дээрх шүүхийн 183/ШЗ2016/00000дүгээр захирамжийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Д.Згийн улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 00б дугаар байр 0 тоот хаягт байрлах үл эд хөдлөх хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 000/00дугаар тогтоолоор битүүмжилж, 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 000/00 дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 24-29 хуудас/

Улсын бүртгэлийн Ү-0000000000 эрхийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр, Туул гол гудамжны 00б дугаар байр 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 91,203,421 төгрөгөөр худалдах анхны албадан дуудлага худалдааны саналыг 2010 оны 10 дугаар сарын 10-ны 0/00000 дугаар мэдэгдлийг гардуулж, тэмдэглэл үйлдсэн, мөн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 00/00 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Д.Зд гардуулж, мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 32-34 хуудас/

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 2010 оны 10 дугаар сарын 11-ний 00/00 дугаар тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч Д.Зд өгч, анхны албадан дуудлага худалдаа 2010 оны 10 дугаар сарын 20-ны 10 цаг 00 минутад болохыг мэдэгдэж, баримтад Д.З гарын үсэг зурж, 00/00 дугаар тогтоолын хуулбарыг Д.Зд хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуульд нийцсэн байх тул 00/00 дугаар тогтоол хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа явуулах 00/00 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.З-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 50 дугаар зүйлийн 50.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.0 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                 Ц.ОЮУНБИЛЭГ