Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03324

 

 

2020 12 22 183/ШШ2020/03324

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 00 дугаар хороолол, энх тайвны өргөн чөлөө гудамж, 00-0 байр, 00 тоотод оршин суух хаягтай, Б.Ч.Д /РД:ЧЙ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, чөч, 00 байр, 0 тоотод оршин суух хаягтай, Б овогт Ж.О-Э /РД:ХП000000000/-д холбогдох,

Худалдах,худалдан авах гэрээнээс татгалзаж, 19,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ч.Д болон Ж.О-Э нарын хооронд 2019.10.04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр Зээлдүүлэгч Ч.Д-гийн зүгээс зээлдэгч Ж.О.Э-ийн өмчлөлд 20,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Хэдийгээр тус гэрээ нь зээлийн гэрээ нэртэй боловч худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул урьдчилсан байдлаар худалдах худалдан авах гэрээ бус зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээнд хүү, анз төлөхөөр тусгаагүй бөгөөд учир нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах байсан тул хүү, анзыг тохироогүй юм. Улмаар худалдагчийн зүгээс гэрээний төлбөрийг урьдчилан шилжүүлэх шаардлагатай гэж шаардсаны дагуу 2019.10.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.10.04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019.10.04-ний өдөр 17,000,000 төгрөг, 2019.11.19-ний өдөр 400,000 төгрөг, нийт 19,400,000 төгрөгийн төлбөрийг урьдчилан төлсөн. 2019.12.09-ний өдөр гэрээний зүйл болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 000а байр, 00 тоот байрандаа орсон. Анх орон сууцанд орох үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Хэзээ гарах талаар асуухад удахгүй гарна, гарахаар нь худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж хэлж, хойшлуулсаар, 2020.01.06-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, гарсан өдөр нь худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр очиж байгуулсан. Гэрээний нийт үнэ нь 56,340,000 төгрөг ба урьдчилгаа олгож 19,400,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Харин үлдэгдэл төлбөр 36,940,000 төгрөгийг зээл гарахаар төлж барагдуулахаар тохиролцсон. Худалдан авагчийн хувьд гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020.04.30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь ХУД Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.00-ний өдрийн 0000 дугаар шийдвэрээр төлбөрт хураахаар болсон гээд миний амьдарч буй орон сууцанд ирж, 00000000/00 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг танилцуулсан. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Өгөөмөр зам ХХК-ийн захирал Ж.О-Эд шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020.05.06-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэв гэж дурдсан. Уг үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс мэдсэн даруй Ж.О-Этэй уулзах гэж удаа дараа оролдсон боловч утас нь холбогдохгүй, гэрийн хаяг дээрээ байхгүй зэрэг төвөгтэй байдал үүсэж уулзаж чадаагүй. Харин өөрийн дүүгээрээ дамжуулан вичат ашиглан холбогдсон боловч өөрийн утсыг өгөөгүйгээс гадна өмгөөлөгчтэй очиж уулзах мөн асуудлаа шүүх, цагдаагаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан боловч гомдлыг хэрхэн шийдэх, хэдий хугацаанд шийдвэрлэх зэрэг нь тодорхойгүй, хэзээ хураагдах нь мэдэгдэхгүй, цаашид орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх нь эрсдэлтэй байх тул гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн мөнгө болох 19,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч Ж.О-Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.О-Э болон Ч.Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь холбогдох хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээнээс нэг талын санаачилгаар шууд татгалзах эрх худалдан авагч Ч.Дд үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Ж.О-Эд холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 19,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ... Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол 00а байр, 000 тоот орон сууцны үл хөлдөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул хариуцагч Ж.О-Этэй анх орон сууцны урьдчилгаа төлбөрт 19,400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулан, орон сууцандаа орсон. Ингээд дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2020.01.06-ны өдөр гарсан тул уг өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр 36,940,000 төгрөгийг банкнаас зээл гарахаар төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас уг орон сууцыг төлбөрт хурааж, битүүмжилж байгааг мэдэгдсэн, уг байдлын талаар Ж.О-Этэй ярилцаж, уулзах гэтэл надтай уулзахгүй, хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Иймд хэзээ хураагдах нь мэдэгдэхгүй, цаашид орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх нь эрсдэлтэй байх тул гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн мөнгө болох 19,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ... Ч.Д бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь холбогдох хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээнээс нэг талын санаачилгаар шууд татгалзах эрх худалдан авагч Ч.Дд үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ч.Д 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар Ж.О-Эд олгосон зээлийн гэрээ, худалдагч Ж.О-Э 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол 00а байр, 00 тоот, нэг өрөө орон сууцыг нийт 56,340,000 төгрөгөөр худалдан авагч Ч.Дд худалдахаар худалдах, худалдан авах гэрээ тус тус хэрэгт авагдсан байна. /х.х-ийн 45,46/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд хариуцагч Ж.О-Э Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол 00а байр, 00 тоот, нэг өрөө орон сууцыг нийт 56,340,000 төгрөгөөр худалдах санал гаргаж хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч Ч.Д хүлээн авч, орон сууцны урьдчилгаа төлбөрт 19,400,000 төгрөг нэхэмжлэгч Ч.Д төлсөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл бус харин худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан байна гэж шүүх үзлээ./х.х-ийн 42, 46, 48-50 хуудас/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай талуудын хооронд байгуулсан гэрээ нийцэж байна.

Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15313 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас тус шүүхэд ирүүлсэн 2020 оны 4 сарын 00-ний өдрийн 00000000/00 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 00-ний өдрийн 18000323 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл зэргээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаар шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол 00а байр, 00 тоот, нэг өрөө орон сууц өр төлбөр барагдуулахаар битүүмжлэгдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 76-77, 84-86 хуудас/

Худалдагч Ж.О-Э нь худалдан авагч Ч.Д нар худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан боловч, 2017 оны шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрт уг орон сууц битүүмжилж, хураагдах боломжтой талаар хариуцагч тал мэдэх боломжтой байсан атал энэ талаар худалдан авагчид орон сууцыг худалдан авах шийдвэр гарахад үнэн зөв мэдээллээр хангаагүй, өмчлөлийн гэрчилгээ хэдийгээр худалдагчийн нэр дээр гарсан хэдий ч өр төлбөр барагдуулахаар маргааны зүйл болох орон сууц битүүмжлэгдсэн тогтоол гарсан нь эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно, мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэж заажээ./х.х-ийн 46 хуудас/

Маргааны зүйл болох Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол 85а байр, 70 тоот, нэг өрөө орон сууцыг бусдын өр төлбөрт төлөхөөр битүүмжлэгдсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох орон сууцыг нэхэмжлэгч Ч.Дд шилжүүлэх үүргээ хариуцагч Ж.О-Э нь биелүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч дээрх хууль болон гэрээнд заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Д хариуцагч Ж.О-Этэй худалдах, худалдан авах гэрээ болон дээрх үйл баримттай холбогдуулан уулзахыг хичээсэн боловч уулзахгүй гэж татгалзаж, хуулийн байгууллагаар явахыг мэдэгдсэн, надад олдохгүй, шүүхийн шатанд хүртэл ирж уулзаагүй, худалдсан эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн тул цаашид хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлнэ гэдэгт эргэлзэж байх тул цаашид гэрээг үргэлжлүүлэхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний 00000дугаар захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ц.Мгаас Ж.О-Эд олгосон итгэмжлэлд авагдсан хариуцагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа Ж.О-Э оршин сууж байгаа атал шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн шууданг хүлээн аваагүй, уг хаягт оршин суудаггүй гэж шууданд худлаа тайлбар гаргасан, албадан ирүүлэх ажиллагааны дагуу нэхэмжлэл гардан авч байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзэхээр байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.О-Э гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд хариуцагч хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх, түүнтэй гэрээг цаашид хэрхэн биелүүлэх талаар санал гаргаагүй, орон сууц шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн зөрчлийг өнөөдрийг хүртэл арилгаагүй байх тул гэрээг биелүүлэх бодитой үр дүн гараагүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр талууд орон сууцны үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууцыг банкинд барьцаалж, банкнаас зээл авч худалдан авагч худалдагчид төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Банк орон сууцны зээл гаргахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл лавлагааг, бүрдүүлж эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, орон сууцны зээлийг олгодог. Гэтэл уг орон сууц битүүмжлэгдсэн, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гарсан, энэ талаарх мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар тухайн орон сууцны харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгддэг. Энэ нь худалдан авагч банкнаас зээл авах, цаашид худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал худалдан авагчид мөн үүссэн байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ч.Д 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ж.О-Э тус шүүхийн албадан ирүүлэх 00000дугаар захирамжийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардан авч, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн баримт болон эрх үүрэгтэйгээ танилцан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 34-38 хуудас/

Хариуцагч нь Ж.О-Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Эвсэг Монгол ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай хуульч Ц.Мг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр томилсон болох нь итгэмжлэл, эмнэлгийн магадлагаар тус тус нотлогдож байна. /х.х-ийн 34, 66 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ, мөн хуулийн 105.2-д Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж тус тус заасан ба хариуцагч тал 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эрх, үүрэгтэй танилцан, өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэхийг мэдсэн, шүүх хуралдаан болох 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл өмгөөлөгч авч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх 90 хоногийн хугацаа дууссан үед хурал хойшлуулах ямар ч баримт, хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдохгүй байхад шүүгчид хуралдаан хойшлуулах эрх хуулиар олгоогүй байна.

Нөгөөтээгүүр хариуцагч Ж.О-Э өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч хүнийг томилсон, хуульч Ц.М нь эрх, үүрэгтэй танилцсан, эрхээ хэрэгжүүлэх талаар хуульчийн хувьд ухамсарлаж ойлгох бүрэн боломжтой мэргэжлийн хүн байх тул хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хөндөөгүй байна. Харин хариуцагч Ж.О-Э итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө хуульч биш мэргэжилтэй хэн нэгэн этгээдийг томилсон бол хариуцагчийн хуульчаас хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хэрэгжүүлэх байсан болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэл 19,400,000 төгрөгийг хариуцагч Ж.О-Ээс гаргуулж нэхэмжлэгч Ч.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 254,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-Ээс 254,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ             Ц.ОЮУНБИЛЭГ