Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00403

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00403

 

Ч.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2020/03324 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д-ийн хариуцагч Ж.О-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 19 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д болон Ж.О нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ч.Д-ийн зүгээс зээлдэгч Ж.О-ийн өмчлөлд 20 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Хэдийгээр тус гэрээ нь зээлийн гэрээ нэртэй боловч худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул урьдчилсан байдлаар худалдах-худалдан авах гэрээ бус зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээнд хүү, анз төлөхөөр тусгаагүй бөгөөд учир нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах байсан тул хүү, анзыг тохироогүй юм. Улмаар худалдагчийн зүгээс гэрээний төлбөрийг урьдчилан шилжүүлэх шаардлагатай гэж шаардсаны дагуу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400 000 төгрөг, нийт 19 400 000 төгрөгийн төлбөрийг урьдчилан төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээний зүйл болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 85а байр, 70 тоот байрандаа орсон. Анх орон сууцанд орох үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Хэзээ гарах талаар асуухад удахгүй гарна, гарахаар нь худалдах-худалдан авах гэрээ хийнэ гэж хэлж, хойшлуулсаар, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, гарсан өдөр нь худалдах-худалдан авах гэрээг нотариат дээр очиж байгуулсан. Гэрээний нийт үнэ нь 56 340 000 төгрөг ба урьдчилгаа олгож 19 400 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Харин үлдэгдэл төлбөр 36 940 000 төгрөгийг зээл гарахаар төлж барагдуулахаар тохиролцсон. Худалдан авагчийн хувьд гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1548 дугаар шийдвэрээр төлбөрт хураахаар болсон гээд миний амьдарч буй орон сууцанд ирж, 18290323/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг танилцуулсан. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Өгөөмөр зам ХХК-ийн захирал Ж.О-д шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэв гэж дурдсан. Уг үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс мэдсэн даруй Ж.Отэй уулзах гэж удаа дараа оролдсон боловч утас нь холбогдохгүй, гэрийн хаяг дээрээ байхгүй зэрэг төвөгтэй байдал үүсэж уулзаж чадаагүй. Харин өөрийн дүүгээрээ дамжуулан вичат ашиглан холбогдсон боловч өөрийн утсыг өгөөгүйгээс гадна өмгөөлөгчтэй очиж уулзах мөн асуудлаа шүүх, цагдаагаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан боловч гомдлыг хэрхэн шийдэх, хэдий хугацаанд шийдвэрлэх зэрэг нь тодорхойгүй, хэзээ хураагдах нь мэдэгдэхгүй, цаашид орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх нь эрсдэлтэй байх тул гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн мөнгө болох 19 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О болон Ч.Д нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь холбогдох хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээнээс нэг талын санаачилгаар шууд татгалзах эрх худалдан авагч Ч.Д д үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэл 19 400 000 төгрөгийг хариуцагч Ж.Оэс гаргуулж нэхэмжлэгч Ч.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 254 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оэс 254 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон материаллаг эрх зүйн эрхүүдийг ноцтойгоор зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явдад буюу анх 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 183/Ш32020/10853 дугаар захирамжийг гаргаж, Ч.Д-ийн нэхэмжлэлтэй Ж.О-д холбогдох "иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнийг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргасныг шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гомдлын хурлаар авч хэлэлцжээ. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн /Д.Энхцэцэг, Д.Мөнхцэцэг болон Ц.Оюунбилэг шүүгч нар/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хянаад "хэрэг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл тус гомдлыг хянан шийдвэрлэхэд оролцсон Ц.Оюунбилэг шүүгч нь гомдлыг хянан шийдвэрлэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндсэн шүүгчээр томилогдсон нь, улмаар хэргийг хянаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэг болон 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт хэргийн оролцогчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүй байх-аар заасан. Улмаар тус заалтын агуулгыг үгийн шууд утгаар нь тайлбарлавал, хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч гэх нөхцөлд "цаг хугацааны хязгаарлалт тогтоож өгөөгүй. Өөрөөр хэлбэл, маргааныг 170-ийн гомдол гарахаас өмнө шийдвэрлэж байсан шүүгч болон гомдол хэлэлцсэний дараа хурал даргалагчаар томилогдсон шүүгчийг аль аль нь хамааруулж ойлгохоор байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заагдсан захирамж, тогтоолтой холбоотой гомдлыг шийдвэрлэсэн, хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийж, итгэл үнэмшилтэй болсон шүүгч дахин маргаан шийдвэрлэх үндсэн шүүгчээр томилогдох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох үр дагавартай. Иймд урьд гомдлын шүүх хуралдаанд оролцсон Ц.Оюунбилэг шүүгч тус хэргийг шийдвэрлэх үндсэн шүүгчээр томилогдох ёсгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах ёстой байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заагдсан эрхийг ноцтойгоор зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүгч хянаж үзээд, хангахаас татгалзсан ба үүнийхээ хууль зүйн үндэслэлийг "өмнө нь өмгөөлөгч авах боломжтой байсан, өөрөө эрх зүйч мэргэжилтэй гэсэн нөхцөлүүдээр тайлбарласан байна. Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Ц.М нь эрх зүйч мэргэжилтэй боловч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд биш, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байсан байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ "хүнийг ...ажил, албан тушаал... бусад байдлаар нь ялгаварлахгүй эрх тэгш хандах ёстой-г ч давхар хуульчилсан. Ийнхүү хуульд тодорхой заасан байтал анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ажил, албан тушаалынх нь хувьд ялгаварлаж, өмгөөлөгч авах эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарласан. Энэхүү эрх хязгаарласан үйлдлээс шалтгаалан хариуцагчийн эсрэг тал буюу Ч.Д нь өмгөөлөгчтэй байхад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч чадаагүй, тэгш бус нөхцөл байдалд шүүх хуралдаанд оролцсон. Тус нөхцөл байдлаас шатггаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заагдсан мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих" хуулийн үндэслэл журам ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт орон сууц нь битүүмжлэгдсэн, үүнээс шалтгаалан худалдагч нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэр дундаа 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нь Ч.Д болон Ж.О нарын хоорондын маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй баримтууд байсан. Учир нь дээрх эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос харахад маргаан бүхий орон сууцыг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ж.О-д бус Өгөөмөр зам ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа байсан ба шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчиж, Өгөөмөр зам ХХК бус, харин түүний хувьцаа эзэмшигч Ж.О-ийн хувийн өмчид халдсанаас дээрх үл ойлголцол үүссэн байна. Иймд хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд нь холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 183/Ш32021/00180 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгээд байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө нь эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө байхаас гадна, дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэг шийдвэрлэгдсэн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд ямар нэгэн саадгүй, үүрэг биелэгдэхгүй байх бодит нөхцөл үгүй болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, орон сууц битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдыг хангалттай тодруулаагүйгээс талуудын хоорондын маргааныг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Ж.О-д холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 19 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 45 дугаар талд нэхэмжлэгчид хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн гэрээ авагдсан байна. Уг гэрээ нь зээлийн гэрээ бус худалдах-худалдан авах гэрээ байгуулах байсан боловч худалдан авч буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тул урьдчилсан байдлаар зээлийн гэрээ байгуулсан, энэ гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

 

Дээрх гэрээ байгуулсны дараа худалдан авч буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан тул талууд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол 85а байр, 70 тоот, 1 өрөө орон сууцыг 56 340 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцжээ.

 

Гэрээний дагуу худалдан авсан орон сууцанд Ч.Д 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нүүн орж, уг орон сууцны урьдчилгаа төлбөрт 19 400 000 төгрөг Ж.О-д төлсөн үйл баримт хэргийн 42, 48-50 дугаар талд авагдсан худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт гэх баримтаар нотлогджээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн 85-87 дугаар талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 18290323/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 18290323 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1548 дугаар шийдвэрийн дагуу маргааны зүйл болох Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол 85а байр, 70 тоот, 1 өрөө орон сууцнаас өр төлбөр барагдуулахаар битүүмжлэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гарсан боловч тэрээр шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй, уг төлбөрт худалдсан орон сууцыг битүүмжилж, хураах талаар мэдэх боломжтой байсан атлаа нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж орон сууц худалдан авахад үнэн зөв мэдээллээр хангаагүйгээс гадна уг орон сууцанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж битүүмжилсэн тогтоол гарсан нь эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Мөн нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцыг банкинд барьцаалж үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон гэх тайлбараас үзвэл битүүмжлэгдсэн орон сууцыг банкинд барьцаалж орон сууцны зээл авч төлөх боломжгүй болсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Худалдах-худалдан авах гэрээний 4.6-д гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэж талууд тохиролцжээ.

 

Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол 85а байр, 70 тоот, 1 өрөө орон сууц нь бусдын өр төлбөрт битүүмжлэгдсэнээс худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.Д-ийн өмчлөлд маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүргээ хариуцагч Ж.О биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлснээс талуудын хооронд маргаан үүссэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Д худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах талаар хариуцагч Ж.О-д мэдэгдсэн боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх талаар санал гаргаагүй, орон сууц шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн зөрчлийг тэрээр арилгаагүй, гэрээний үүргийг биелүүлэх талаар бодитой үр дүн гараагүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 19 400 000 төгрөгийг хариуцагч Ж.Оэс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Д д олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Д нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10237 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10853 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй байдал хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон тул Ж.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дээрх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10853 тоот захирамжийг тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 00359 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэргийн 65 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ЗТ2020/01008 дугаар тогтоолоор уг хэргийг шүүгч Ц.Оюунбилэгт хуваарилагдсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10853 тоот захирамжийг хүчингүй болгох тухай гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгч Ц.Оюунбилэг оролцсоныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10237 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцаж өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх талаар мэдсэн, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч тал өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байснаас гадна хариуцагч тал өөрийгөө хуульч мэргэжилтэй Ц.М гаар төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа байдлыг харгалзан анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол нь Ч.Д , Ж.О нарын хоорондын маргаанд хамааралгүй, уг хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа Ж.О-д бус Өгөөмөр зам ХХК-д холбогдох ажиллагаа байхад Ж.О-ийн өмчинд халдсаныг шүүх анхаараагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогчийг тодруулаагүйгээс маргааныг буруу шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь маргааны зүйл болох орон сууцыг битүүмжлэгдсэн, энэхүү нөхцөл байдлыг арилгах талаар хариуцагч ямар нэг арга хэмжээ аваагүйгээс гэрээ биелэгдэх боломжгүй болсон нь бодитойгоор бий болсон тул уг гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2020/03324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 254 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ