Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00324

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00324

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААДС

Хариуцагч: Жц ХХК

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн АҮ/2018/94 тоот гэрээний үнэ болох 480.000.000 төгрөгийг хохирол төлбөрт буцаан гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Д, Д.Б, хариуцагч Жц ХХК-ийн захирал Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, Д.Б нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах барих ТЭДС/201806014 тендерийг зарласан. Энэ тендерт Жц ХХК шалгарсан. Хэвтээ агуулах барих түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлыг 480.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногт багтаан гэрээний үнийн дүнгийн 30 хувь 144.000.000 төгрөг, нийт гүйцэтгэл 70 хувь болсны дараа санхүүжилтийн 40 хувь 192.000.000 төгрөг, үлдэгдэл 30 хувь 144.000.000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсөн актыг үндэслэн төлбөрийг төлнө гэж заасан. Гэрээт ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах хугацаатай байсан ч цаг агаарын хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж гүйцэтгэгч талын хүсэлтийн дагуу хугацааг сунгаж 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авахаар болсон. Гэрээт ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт гарсан. Комиссын дүгнэлтээр ажил гүйцэтгэгч нь үрийн хэвтээ агуулахын барилга байгууламж, түүний холбогдох хэсгийг барилгын ажлын зөвшөөрөл ББСМО ХХК-иас гаргасан зураг төслийн дагуу, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан байхыг дүгнэснийг захиалагч тал хүлээн авч гэрээг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №тоот актаар гэрээ дүгнэж, дараах ажлыг баталгаат хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэгч нь өөрийн зардлаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон байдаг. Үүнд аянга зайлуулагч, газардуулга, бетонон хаяавч, агаар сэлгэлтийн систем гэсэн 4 ажил гүйцэтгэх юм. Энэ ажлыг гүйцэтгэлийн баталгаа болгож үнийн дүнгийн 5 хувийн банкны баталгааг гүйцэтгэгч өөрийн зардлаар бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохирсон. Гэтэл ажлыг бүрэн гүйцэтгээгүй байхад 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүчтэй салхины улмаас 2000 тонны хэвтээ агуулах нурж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Манай талаас эвдэрсэн барилгаа засаад өгөх шаардлага гаргаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Дээрх 4 ажлыг хүлээлгэж өгсөн бол манайх ажлыг хүлээж авсан гэдэгт маргахгүй байсан. Хариуцагч тал ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй байхад энэ үйл явц болсон тул хохирол төлбөрт гэрээний үнэ болох 480.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Жц ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Г.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт үрийн хэвтээ агуулах барих барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЭДС/201806014 тендерийг зарлан зохион байгуулсан. Тендерт манай компани оролцож гүйцэтгэгчээр шалгарсан. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тендерийн ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний зүйл болох барилга байгууламжийн зураг төслийг ББСМО ХХК боловсруулж, Барилга хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төв 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1658/2018 тоот Магадлалын ерөнхий дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хяналтын тасаг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/18 тоот Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргаж, зураг төслийг баталгаажуулсан. Барилгын ажлын явцад ерөнхий захиалагч Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон түүнийг төлөөлж Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Барилгын техникийн хяналтыг гүйцэтгэсэн. Тус компани нь гэрээт ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн барилгыг ашиглалтад оруулсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллаж, барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж Барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэв гэсэн дүгнэлттэйгээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БУ-06/2018 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дагуу барилга байгууламжийг захиалагчид хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэтэл 2019 оны 07 дугаар сард үрийн хэтээ агуулах хүчтэй салхины улмаас эвдрэл гэмтэл учирч нурсан болохыг мэдсэн бөгөөд бидний зүгээс тухайн үеийн гамшиг ослын байдлыг тодруулахаар холбогдох газруудад хүсэлт өгсний дагуу тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу байгалийн гамшигт үзэгдэл болсон болох нь тогтоогдсон. Онцгой байдлын газрын актад дурдсанчлан 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17-18 цагийн орчим аадар бороо, 18-25 м/с буюу түүнээс их байж болох хүчтэй салхи шуурга болж агуулахын барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарсан байна гэж тогтоогдсон. Мөн Онцгой байдлын газрын байцаагчийн актад дурдсанаар үрийн хэвтээ агуулахын өмнө байрлах цахилгаан дамжуулах агаарын шугамын модон шон хугарч унасан, агуулахаас баруун өмнө тийш 2 км орчимд байрлах айлын гэр нурсан, ургаа мод үндсээрээ булгарч унасан байдаг. Үрийн хэвтээ агуулахын барилга байгууламжийг нураасан хүчтэй салхи шуурга нь Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт-нд орсон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл байсан байна. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа 4 ажил нь гэрээ, төсөвт байхгүй ажил. Захиалагч тал энэ 4 ажлыг өөрийн зардлаараа хийгээд өгөөч хувь биш улсын ажил гэж гуйсан тул бид өөрийн зардлаар хийхийг зөвшөөрсөн боловч гэрээнд тусгаагүй ажлыг хийж байх явцад байгалийн гамшиг болсон ба энэ 4 ажил байгалийн давагдашгүй хүчин зүйл болж агуулахын дээвэр нурахад ямар ч нөлөөлөл байхгүй. Усны хаялаганы бетонон хаяавч, аянга зайлуулагч, газардуулга, агаар сэлгэлтийн систем зэргийг хийгээгүйгээс болж агуулах нураагүй. Зургийн дагуу хийгдэж ажлыг бүрэн хийж дуусгасан учир 7 хоног хойшлуулсан хоногт 2.400.000 төгрөг алдангид суутгаж аваад үлдэх 130.000.000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргийн биелэлт хангагдсан гэж дүгнэн акт үйлдсэн. Иймд нэхэмлэлийг зөвшөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч Жц ХХК-нд холбогдох гэрээний үнэ болох 480.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Захиалагч ХХны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Шаамар сум 4-н замын баруун хойно байрлалт Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлыг 480.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгч Жц ХХК-ийн тендерийг хүлээн зөвшөөрч, зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэрээгээр захиалагч нь ажлын гүйцэтгэлийн 480.000.000 төгрөгийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчээс гэрээний үнэ 480.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээт ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгах хугацаатай байсан боловч цаг агаарын хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж гэрээний 8-д зааснаар талууд хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр 2000 тонн хүчин чадал бүхий үрийн агуулахын зориулалттай барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах дүгнэлт гарч, комиссын актыг үндэслэн талууд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээг дүгнэж №акт үйлдсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дээврийн бэхэлгээг эмхэрдэж бэхлэх ажил дутуу хийгдсэн, батлагдсан зургийн дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй, гэрээ дүгнэсэн актаар аянга зайлуулагч, газардуулга, бетонон хаяавч, агаар сэлгэлтийн систем гэсэн 4 ажлыг хийхээр тохиролцсон боловч эдгээр ажлыг хийгээгүй тул манайх ажлыг бүрэн хүлээж авсан гэж үзэхгүй хэмээн тайлбарласан боловч үр тарианы агуулахын барилгын ажлын зургийг зураг төслийн ББСМО ХХК гүйцэтгэж, уг зураг төсөл нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/18 дугаарын дүгнэлтээр хянагдаж Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан /хх-112-116/. Мөн гэрээт ажил гэрээнд зааснаар гүйцэтгэгдэж, барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан, ББСМО ХХК-ийн боловсруулж батлуулсан ББ-51/2018 шифртэй зураг төсөлд зааснаар ган рамтай, хэвлэмэл төмөр дээвэр, ханатай, бетонон суурьтай, цутгамал төмөр бетонон шалтай байхаар зураг төсөлд заагдаж Жц ХХК барилгын суурь, шал, ган рам, хана дээврийн ажлуудыг зураг төсөлд заагдсан хийц материалаар хийж гүйцэтгэсэн болох нь гэрээ дүгнэсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ дүгнэсэн №актаар гэрээний гүйцэтгэлийн баталгаа буюу үндсэн үнийн дүнгийн 5 хувийн банкны баталгааг гүйцэтгэгч нь өөрийн зардлаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэх 4 ажлыг бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохиролцсон боловч агуулахын зориулалттай барилга байгууламжийн ажил дуусгавар болж улсын комисс хүлээн авч гэрээг талууд актаар дүгнэсэн тул ажлыг бүрэн хүлээж аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Барилгын дээвэр нурсан байдал нь дээрх 4 ажлыг бүрэн гүйцэтгээгүйтэй холбоогүй байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал энэ тухай захиалагч гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор заасан тул нэхэмжлэгч нь Жц ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхгүй байна. Харин захиалагч нь хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар ажил гүйцэтгэгчийг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, ажлын үр дүнг доголдолтой гэж үзвэл доголдолыг арилгахад шаардагдах зардлыг гаргуулах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 2000 тоннын багтаамжтай үрийн хэвтээ агуулахын барилга нь зураг төслийн ББСМО ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийж баталгаажуулсан ББ-51/2018 шифртэй зураг төсөлд зааснаар гүйцэтгэгдсэн болох нь тогтоогдсон байна.

Ажил гүйцэтгэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдоогүй, гэрээ хэрэгжиж талууд гэрээний үүргийг хэн аль нь биелүүлсэн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 480.000.000 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар хариуцагч Жц ХХК-наас 480.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА