Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00059

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 30 210/МА2023/00059

 

 

 

 

***ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/03807 дугаар шийдвэртэй,

***ны нэхэмжлэлтэй

* ХХК-д холбогдох

480,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *** /хуучнаар хххх/ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах барих тендер зарласан.

Уг тендерт * ХХК шалгарч ***тай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сэлэнгэ салбар, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 4 замын баруун хойно байрлах 2000 тн-ын багтаамжтай үрийн хэвтээ агуулахыг түлхүүр гардуулах нөхцөлтэй барих, ажлыг 480,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

1.2. Талуудын хоорондын гэрээ дүгнэсэн актаар гэрээг гүйцэтгэгч өөрийн зардлаараа 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх байсан 4 ажлыг бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохиролцсон.

Гэрээгээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээн өгөх ёстой байтал 07 дугаар сарын 12-ны өдөр хүчтэй салхины улмаас 2000 тонны хэвтээ агуулах нурж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон.

1.3. Тус барилгын зургийн ажлыг гүйцэтгэсэн ********** ХХК-ийн зургийн төсөлд ангор дээвэр 1.2 мм-ийн зузаантай байхаар заасан байтал шинжээчийн дүгнэлтээр 1 мм-ийн зузаантай төмрийг тусгай зориулалттай төмрөөр хийлгэсэн байна гэжээ. Мөн зураг төсөлд агуулах 10 метрийн өндөрт салхины хурд 21-25 м/с байхаар тооцсон болно гэж тусгасан. Тухайн үед 18 м/с-ийн салхитай байсан гэж хариуцагчийн гаргаж өгсөн баримтад байна.

1.4. Иймд зураг төслийн дагуу барилга баригдсан бол нурахгүй байсан гэж үзэж байгаа тул хариуцагч * ХХК-аас 480,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *** /хххх/-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгыг зургийн дагуу барьж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын комиссын дүгнэлт гарсан.

Улсын комисс барилгыг зургийн дагуу барьсан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах талаар дүгнэлт гаргасан.

2.2. Энэ дагуу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба гэрээ дүгнэсэн акт үйлдсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэснээ нотолж айгаа баримт бичиг юм. 2018 оны 09 сард тариагаа хураах байсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сард байгалийн онц ноцтой үзэгдэл болж агуулахын дээвэр нурсан.

Байгалийн онц ноцтой үзэгдэл болсон талаар Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол байдаг. Мөн хугацаа хамаарахгүйгээр салхины дундаж хурд 18 м/с болон түүнээс их тохиолдолд түүнийг байгалийн онц ноцтой гамшигт үзэлд хамааруулдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох 480,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тухайн агуулахыг улсын комисс хүлээн авсан хэдий ч хариуцагч байгууллага хийх ёстой ажлыг дутуу гүйцэтгэснийг шүүх харгалзан үзээгүй.

Мөн * ХХК нь ********** ХХК-аар агуулахын зургийг хянуулаагүй талаарх нотлох баримтуудыг дүгнэлгүй хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Энэ хэрэг өмнө Улсын Дээд шүүх хүртэл явсан. Анхан шатны шүүхэд хэрэг очоод дахин нэмэлт шинжээчийн дүгнэлт гарсан. Хоёр дахь дүгнэлтэд зохиогчийн хяналт, зохиогчийн хяналтын дүгнэлт, хяналт хийсэн гэрээ, байнгын ашиглалтад авахыг зөвшөөрсөн бичиг баримт зэрэг бүгд хэрэгт авагдсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч * ХХК-д холбогдуулан 480,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэснээс салхинд нурсан гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчид агуулахын ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн тул агуулахын барилга байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас нурсны үр дагаврыг хариуцахгүй гэж өөр өөрөөр тайлбарласан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нь барилга чанаргүй баригдсантай холбоотойгоор ажлын үр дүн байхгүй болсон тул уг доголдлыг арилгуулахаар 480,000,000 төгрөг шаардсан гэж тайлбарлажээ.

 

3. Хэргийн 2-р хавтасны 39 дүгээр тал дахь баримтаар маргаан бүхий үр тарианы агуулахын зураг төслийг барилгын зураг төслийн ********** ХХК нь хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компанийн албан бичигт ...барилга угсралтын ажлын явцад гүйцэтгэгч байгууллага зохиогчийн хяналт хийгдээгүй мөн зураг төсөлд тусгагдсан чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, ...Сэлэнгэ аймагт салхины жилийн хурд 1,8 м/с-4,5 м/с, 10 метрийн өндөрт салхины дээд хурд 21-25 м/с байхаар зураг төсөлд тооцсон болно. гэжээ.

 

3.а. Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 127-128 дахь талд авагдсан Сэлэнгэ аймаг дахь онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай актад ...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Шаамар сумын Дулаахан тосгоны нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн хүчтэй салхи шуурга нь Засгийн газрын 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтад хамаарагдаж байна гэжээ. /1хх127/

 

3.б. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар салхины дундаж хурд 18 м/с, түүнээс их (өрөвхийлэлт 24 м/с түүнээс их) бол аюултай үзэгдэл байхаар тусгасан байна. /2хх145/

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчийн гүйцэтгэсэн барилгын ажлын чанар байдлын талаар өөрөөр хэлбэл агуулахын барилга хэдэн м/с-ийн салхи шуурганд тэсвэртэй болохыг тогтоолгохоор удаа дараа дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байна. /2хх121, 175, 212/

 

4.а. Анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахдаа үр тарианы агуулахын барилга 18-25м/с хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай эсэхийг тодруулаагүйгээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч барилгын чанар, доголдлын талаар маргаж байгаа тохиолдолд энэ нөхцөл байдлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

 

5.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/03807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ