Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0038

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын системийн чанартай үйлчилгээний 75 хоногийн аян зарласан юм. Уг аян зарлагдаж, ажлын хэсгийг 01 дүгээр сарын 17-ны өдөр хэлтсийн даргад танилцуулж, тушаалын төслийг батлуулсан юм. Ингээд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас төлөвлөгөө иртэл хүлээж бай гэсэн учир ажлын төлөвлөгөөг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор боловсруулж хэлтсийн даргад батлуулахаар өгсөн боловч  2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр баталж өгсөн. Энэ хугацаанд 75 хоногийн аян болоод өнгөрсөн. Уг аянтай холбоотой ажлыг үйлчилгээний хэлтсийн дарга нь хариуцах ёстой байсан. Гэтэл уг ажлыг надад хариуцуулахгүй, өөрөө хийнэ гэж хэлж байгаад өөр хүнээр хариуцуулан хийлгэсэн юм. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас хийгдсэн нь хийгдсэнээрээ, хийгээгүй нь хийгээгүйгээрээ тайланд тусгагдаж, тайлангаа гаргаж явуулсан. Тухайн үед хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар нь Улаанбаатар хотод сургалтад сууж байхдаа нилээн зэмлэл хүртэж ирээд уурандаа надад сануулах арга хэмжээ авсан.

Байгууллагын нарийн бичигт хугацаандаа хийгдсэн ажлын тайланг хийгээгүй мэтээр баримт гаргасан байгаа юм. Нийгмийн даатгалтай холбоотой ажлын талаар нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцсон гэж хуурамч байдлаар тайлан бэлдэж явуулсан. Нэг цонхны мэргэжилтэн нь ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан ба тайлангаа явуулах ёстой байсан. Хийгээгүй байсан ч хийсэн болгож тайлангаа явуул гэсэн байдаг. Ингээд надад сануулах арга хэмжээ авсан боловч уг сануулах арга хэмжээний талаар надад танилцуулаагүй. Би тушаал танилцуулах байх гэж хүлээсэн боловч танилцуулаагүй. Гэтэл үйлчлэгч надад тушаал өгөхөөр нь би маргааш нь шүүхэд хандсан.

Мэдээ тайлан хожимдуулсан гэдэг нь Баруун бүсийн боловсролын академид сурах тухай албан бичгийг ажилчдад танилцуулж, сурах хүн байхгүй байсан ба үүнийг нарийн бичигт хэлсэн. Нарийн бичиг нь албан тоотоор хариуг нь явуулах боломжтой байсан. Миний гарын үсгээр бичиг явахгүй. Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах ёстой байтал “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд элэгний талаар сургалт, сурталчилгаа явагдахаар болж, уг хөтөлбөртэй хамтран нээлттэй хаалганы өдрийг Оюунтуул зохион байгуулах ёстой байсан ба аймгийн хэмжээнд сурталчилгаа хийгдээгүй бөгөөд уг ажлыг эрүүл мэндийн дарга зохион байгуулсан.

Анх уг ажлыг зохион байгуулах талаар надад цохолт хийсэн боловч би энэ ажлыг зохион байгуулах боломжгүй, хэлтсийн дарга зохион байгуулах ёстой гэж хэлсэн.

Явуулсан бичгийн бүртгэл дээр 75 хоногийн аяны тайланг явуулаагүй гэж байгаа боловч аяны тайланг 14 хоног тутам явуулахыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Шинэбаярт хариуцуулсан ажлын хэсгийн төлөвлөгөө байдаг. Гэтэл явуулсан бичгийн бүртгэлд 75 хоногийн тайлан хавсаргагдаагүй байна. Үр дүнгийн гэрээ, 2017 оны жилийн ажлын төлөвлөгөө, прокурорын мэдэгдлийн дагуу сургалтыг зохион байгуулж тайланг нь явуулсан. Хугацаатай баримтын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн бүртгэлийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн ба нарийн бичигт байгаа баримтыг компьютерээс хайхад олдохгүй байсан. Гэтэл уг баримтыг шүүхэд хуурамчаар үйлдэж хавсаргасан байна. Шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн баримтыг нарийн бичиг нь мэдээний тайлан гээд надад гаргаж өгсөн .

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолтонд “Өргөдөл, гомдол, санал, албан бичигт хариу өгөх, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ тэдгээрийн биелэлт, тайлан мэдээг тухай бүр гаргаж, удирдлагад танилцуулж байх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

Тус хэлтсийн үйлчилгээний албаны дарга Г.Н  нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаас ирүүлсэн хугацаатай бичгийн хариу хүргүүлээгүй, хугацаа хожимдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасныг зөрчсөн тул уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан.

Тодруулбал нэхэмжлэгч нь 75 хоногийн аяны хүрээнд хариуцуулсан ажлыг хангалтгүй хийсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, бусад тайлан мэдээг удаа дараа хоцроосон, үйлчилгээний даргад цохолт хийж өгсөн 2, 3 ажлын тайлан хоцроосон тул ажлыг нь сайжруулахын тулд сахилгын шийтгэл ногдуулсан.

Бусад тайлан мэдээ гэдэгтэй холбоотой нотлох баримтуудаар шүүхэд гаргаж өгсөн баримтаас харагдана. Бусад хийх ёстой ажлыг үйлчилгээний тасгийн дарга хариуцан хийх ёстой байсан.

Ажлын байрны тодорхойлолтын дагуу Баруун бүсийн боловсролын академид суралцах иргэдийн судалгааг явуулах ёстой байхад үүнд хариу хүргүүлээгүй. Мөн нээлттэй хаалганы өдрийг хамтран ажилладаг байгууллагуудтай тохирч зохион байгуул гэсэн нь нэг удаа хойшилсон шалтгаанаар зохион байгуулаагүй.  Аян зохион байгуулах тухай ажлын тайлан нь 1 сараар хоцорч, тайлан нь хүргэгдсэн. Ажил зохион байгуулах тухай цохолт хийж өгсөн боловч хийгээгүй юм гэв.

Төрийн албыг түргэн шуурхай хүргэх, тасралтгүй явуулахын тулд нэхэмжлэгчид ажлын хариуцлага дээшлүүлэх шаардлага тавьсны төлөө би шүүхэд хариуцагчаар татагдсан. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:  Захиргааны ерөнхий хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын хурал дээр сонсох ажиллагааг зохион байгуулсан гэж хариуцагч нь тайлбарлаж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар тодорхой заасан. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад сонсох ажиллагаа явуулсан нь харагдахгүй байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хурлыг хэлтсийн даргын өрөөнд хийсэн ба эхлээд даргын зүгээс хийсэн ажлын талаар танилцуулсан ба хурлаар хэлэлцэх асуудал гэж бичигдээгүй байгаа юм.

Уг хурал дээр тэтгэврийн байцаагч нарын асуудал болон аяны ажлын хэсэг байгуулагдсан талаар, бусад асуудлын талаар танилцуулсан байна. Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, нэг цонхны мэргэжилтэн нь нарт сахилгын шийтгэл оногдуулна гэсэн байна. Нэхэмжлэгчийг тасгийн ажилчдаа зангидаж ажиллаж чадахгүй байна гэж хэлсэн байна. Гэтэл яг ямар ажлыг хангалтгүй хийсэн юм бэ гэдэг нь харагдахгүй байна. Нэхэмжлэгч нь 75 хоногийн ажлын төлөвлөгөөг баталсан ба Шинэбаяр хийж явуулж байгаа талаар хэлсэн байдаг. Хурлын тэмдэглэл дээр хэргийн шийдвэрлэлт гэх зүйл харагдахгүй байна. Ингэж сонсох ажиллагааг хийх ёсгүй. Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна. Уг нь сонсох ажиллагааг явуулж, тайлбар авах ёстой юм. Гэтэл шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа зөрчлүүд дээр сонсох ажиллагааг явуулаагүй юм. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан акт гаргасан ба уг тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сануулах арга хэмжээг ямар тохиолдолд авах талаар тодорхой заасан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлүүдийг баримталж тушаал гарсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Дээд шатны албан тушаалтны ямар шийдвэрийг биелүүлээгүй юм бэ гэдгийг тодорхойлоогүй байна. Гэтэл уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажлын байрны тодорхойлолт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж захиргааны акт гаргасан байх боловч захиргааны актад гаргасан зөрчлүүдийг тодорхой заасан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь тайлан мэдээгээ явуулсан баримтыг бүртгэдэг этгээд биш юм. Нэхэмжлэгч нь тухайн ажил үүргийн тайлан мэдээ, хариугаа нарийн бичигт өгч, нарийн бичиг нь явуулах үүрэгтэй юм.

 Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй байна гэж дүгнэсэн бол нөхцөл байдал өөр байх байсан. Гэтэл үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнээгүй байж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж сахилгын арга хэмжээ авсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын Г.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. /хх-95/

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар Г.Н-д сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргаан үүсчээ.

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар  зүйлийн 26.1, 26.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн  ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хугацаатай тайлан мэдээг удаа дараа хожимдуулсан зөрчилд Г.Н-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-5/

1.Нэхэмжлэгчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулах талаар надад сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй талаар тайлбарлаж байна.

Захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулдаг.

Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж  эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл  түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд  маргаан бүхий А/15 дугаар тушаал нь  Г.Н-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Хариуцагч А/15 дугаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Г.Н-д сонсох ажиллагаа явуулсан болох нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  ажилчдын хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-13-16/

Нэхэмжлэгч ажилчдын хуралд арга хэмжээ авах талаар ярьж байсан болохоос сануулах арга хэмжээ авах талаар яригдаагүй гэж тайлбарлах боловч  тус хурлын тэмдэглэлд Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга “....хэлтсийн бичиг, цаас, тайлан мэдээг үйлчилгээний тасаг хариуцаж явуулдаг. Үйлчилгээний тасгийн дарга, сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан  мэргэжилтэн хоёр удаа дараа тайлан мэдээ хоцроож хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлж байгаа тул  сануулах сахилгын шийтгэл ногдуулна...”  гэж , нэхэмжлэгч үүнтэй холбоотой тайлбар хэлсэн байдал нь ажилчдын хурлын тэмдэглэлээр нотлогдох ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан Оролцогчийг сонсох ажиллагааг явуулсан гэж үзнэ.

Өөрөө хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Сонсох ажиллагааны   арга хэлбэрийг хуульчилж өгсөн ба 27 дугаар зүйлийн 27.4.7-д Бусад  гэсэн хэлбэрт ажилчдын хуралд  танилцуулах хэлбэр орох бөгөөд  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй  этгээдэд  буюу нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар  тайлбар, санал гаргах боломжийг олгосон байна.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа  нэхэмжлэгчид сонсох, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл үндэслэлгүй байна.

2.Ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хугацаатай тайлан мэдээг удаа дараа хожимдуулсан зөрчлийн тухайд:

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  Үйлчилгээний тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан байна. /хх-17,18/

Ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны зорилгын  хүрээнд явуулах бусад үйл ажиллагааны 1-д  Өргөдөл, гомдол,   албан бичигт хариу өгөх талаар тусгажээ.

Тус ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, хариуцагчийн шүүхэд тодорхойлж тайлбарласан дээд шатны байгууллага болон бусад байгууллагаас ирүүлсэн хугацаатай бичиг явуулдаггүй, тайлан  хоцроодог гэх зөрчлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагад ирсэн бичгийн бүртгэлээс Г.Н-д хуваарилагдсан бичиг, түүний шийдвэрлэлт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхээс тус хэлтсийн ирсэн, явсан баримт бичгийн бүртгэл, тогтоол, захирамж, тушаалын бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, ажилчдын хурлын тэмдэглэл, гэрч Б.Отгонхишигийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Н  нь дээд шатны албан тушаалтнаас албан үүрэгтэй нь холбоотой өгсөн үүрэг даалгавар, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн /хугацаатай бичгийг хугацаа хожимдуулж явуулсан/ нь тогтоогдож байх ба энэ нь түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зөрчил тус бүрийг авч үзвэл: 1.Монгол улсын Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10-1/1650, 10-1/1651 дугаар “Сургалтанд нэр дэвшүүлэх тухай, Ховд аймгийн Засаг  даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны 2/975 дугаар “Баруун бүсийн боловсролын академийн эрчимжүүлсэн богино хугацааны сургалтанд хамруулах тухай албан бичгүүдийг Г.Н-д хариуцуулан цохолт хийсэн байх ба нэхэмжлэгч нь бичигтэй танилцаж гарын үсэг зурж хүлээж авч ажилчдад танилцуулсан боловч холбогдох хариуг  байгууллагуудад нь хүргүүлээгүй болох нь гэрч Б.Отгонхишигийн мэдүүлэг /хх-90-92/, нэхэмжлэгчийн “.. би уг албан бичгийг алба хаагчдад танилцуулсан, албан бичгээр хариу өгөөгүй... “ гэх тайлбар зэргээр,

2.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1012 дугаар албан бичигт “ “Төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулж, сахилга хариуцлага сайжруулах, ажил эрчимжүүлэх тухай НДЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын А/67 тоот тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг  өдөр тутмын ажилдаа чанд мөрдөж ажиллахыг мэдэгдье. Зохион байгуулсан ажлын гүйцэтгэлийг Хяналт шалгалтын газарт 2017 оны 04 дүгээр сарын 24-ний дотор ирүүлэх”   бичгийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан болох нь гэрч Б.Отгонхишигийн “...Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2017  оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1012 дугаар албан бичгийн хариуг  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий газраас залгаад тайлангаа явуул гэсэн. Шинэбаяртай ярихад  бичиг хэргийн ажилтнаас авчих гэсэн гэж хэллээ гэж ярьсан. Тэгэхээр нь би Үйлчилгээний тасгийн дарга Г.Н-д танилцуулахад  уг ажлыг  зохион байгуулах  ажлын төлөвлөгөөний биелэлтийг тооцон гаргаж уг өдрөө Ерөнхий газар руу  сүлжээгээр явуулсан гэх мэдүүлэг /хх-90-92/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6/1577 дугаар албан бичигт “.. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн прокурорын мэдэгдлийн  дагуу хийх  ажлын төлөвлөгөөний тухай 1/1012 тоот албан  бичгээр өгсөн үүрэг  даалгаврын  хэрэгжилтийн мэдээг Баянхонгор, Төв, Увс, Дархан-Уул,  Орхон аймгуудын болон Баянгол, Хан-Уул дүүргийн ЭМНДХ-үүд ирүүлээгүй, бусад бүх хэлтсүүд  хоцроосон..”  албан бичгээр /хх-19/

3.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар “Аян зохион байгуулах тухай” албан бичгийн хариуг хоцроосон болох нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6/1577 дугаар албан бичигт “2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/11 тоот тушаалын биелэлтийн тайлан  мэдээг бүх ЭМНДХ-үүд хоцроосон...” албан бичгээр /хх-19/ тус тус нотлогдож байна.

Харин хариуцагчийн зүгээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2/1017 дугаар  албан бичгийн хариуг хүргүүлээгүй талаар тайлбарлаж байгаа ба уг албан бичгийн хариу хүргүүлэх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байх тул  нэхэмжлэгчийг уг бичгийн хариуг хүргүүлээгүй, эсхүл хугацаа хоцорсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “...албан үүргээ биелүүлээгүй...” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг  гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгоно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Г.Н  нь дээд шатны албан тушаалтнаас албан үүрэгтэй нь холбоотой өгсөн үүрэг даалгавар, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн холбогдох заалтыг хэрэглэх боломжтой бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар  дээрх үндэслэлүүд нь нотлогдож байна.

Иймд  хариуцагчийн нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан  маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ