Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0878

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Н-ийн  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

    Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгч Г.Н, түүний өмгөөлөгч Ж.Э нар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. 

Нэг. ...Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна...” гэж заажээ. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад сонсох ажиллагаа явуулсан нь харагдахгүй байна. Уг хурлыг хэлтсийн даргын өрөөнд хийсэн ба эхлээд даргын зүгээс хийсэн ажлын талаар танилцуулсан ба хурлаар хэлэлцэх асуудал гэж бичигдээгүй байсан.

    Уг хурал дээр тэтгэврийн байцаагч нарын асуудал болон аяны ажлын хэсэг байгуулагдсан талаар, бусад асуудлын талаар танилцуулсан. Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, нэг цонхны мэргэжилтэн нарт сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байна. Нэхэмжлэгчийг тасгийн ажилчдаа зангидаж ажиллаж чадахгүй байна гэж хэлсэн. Гэтэл яг ямар ажлыг хангалтгүй хийсэн гэдэг нь харагдахгүй байна. Нэхэмжлэгч нь 75 хоногийн ажлын төлөвлөгөөг баталсан ба Ч.Ш хийж явуулж байгаа талаар хэлсэн. Хурлын тэмдэглэл дээр шийдвэрлэлт гэх зүйл байхгүй бөгөөд сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

    Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар тодорхой заасан байдаг. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүйд гомдолтой байна.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заажээ.

    Гэтэл байгууллагын нарийн бичигт хугацаандаа хийгдсэн ажлын тайланг хийгээгүй мэтээр баримт гаргахыг Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б даалгасан байдаг. Нийгмийн даатгалтай холбоотой ажлын талаар нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцсон гэж хуурамч байдлаар тайлан бэлдэж явуулсан. Нэг цонхны мэргэжилтэн нь ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан ба тайлангаа явуулах ёстой байсан. Хийгээгүй байсан ч хийсэн болгож явуул гэсэн байдаг.

    Явуулсан бичгийн бүртгэл дээр 75 хоногийн аяны тайланг явуулаагүй гэж байгаа боловч аяны тайланг 14 хоног тутам явуулахыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ч.Ш харьцуулсан ажлын хэсгийн төлөвлөгөө байдаг.

    Гэтэл явуулсан бичгийн бүртгэлд 75 хоногийн тайланг хавсаргаагүй байна. Үр дүнгийн гэрээ, 2017 оны ажлын төлөвлөгөө, прокурорын мэдэгдлийн дагуу сургалтыг зохион байгуулж тайланг нь явуулсан. Хугацаатай баримтын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн бүртгэлийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн ба нарийн бичигт байгаа баримтыг компьютероос хайхад олдохгүй байсан. Гэтэл дээрх баримтыг шүүхэд хуурамчаар үйлдэж хавсаргасан байхад шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэр гаргасан.

Гурав. ...Анх уг ажлыг зохион байгуулах талаар Г.Н-д цохолт хийсэн боловч би энэ ажлыг зохион байгуулах боломжгүй, хэлтсийн дарга зохион байгуулах ёстой гэж хэлсэн.

    Нийгмийн даатгалын системийн чанартай үйлчилгээний 75 хоногийн аян зарласан. Уг аян зарлагдаж, ажлын хэсгийг 01 дүгээр сарын 17-ны өдөр хэлтсийн даргад танилцуулж, тушаалын төслийг батлуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөө иртэл хүлээж бай гэсэн учир ажлын төлөвлөгөөг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор боловсруулж хэлтсийн даргад батлуулахаар өгсөн боловч 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталж өгсөн. Энэ хугацаанд 75 хоногийн аян болоод өнгөрсөн. Уг аянтай холбоотой ажлыг үйлчилгээний хэлтсийн дарга хариуцах ёстой байсан. Гэтэл уг ажлыг Г.Н-д хариуцуулахгүй, өөрөө хийнэ гэж хэлж байгаад өөр хүнээр хариуцуулан хийлгэсэн. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас хийгдсэн нь хийгдсэнээр, хийгдээгүй нь хийгдээгүйгээрээ тусгагдаж, тайлангаа гаргуулж явуулсан.

    Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж захиргааны акт гаргасан байх боловч захиргааны актад гаргасан зөрчлүүдийг тодорхой заасан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь тайлан мэдээгээ явуулсан баримтыг бүртгэдэг этгээд биш. Нэхэмжлэгч нь тухайн ажил үүргийн тайлан мэдээ, хариугаа нарийн бичигт өгч, нарийн бичиг нь явуулах үүрэгтэй.

    Мэдээ тайлан хожимдуулсан гэдэг нь Баруун бүсийн боловсролын академид сурах тухай албан бичгийг ажилчдад танилцуулсан боловч сурах хүн байхгүй байсан ба үүнийг нарийн бичигт хэлсэн. Нарийн бичиг албан тоотоор хариуг нь явуулах боломжтой.

    Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний дагуу ажил албан үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, дээрх А/15 дугаартай тушаал нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, агуулга нь тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заажээ. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг баримталсанд гомдолтой байна.

    Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

    Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг үндэслэн тус хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Г.Н-д “ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хугацаатай тайлан мэдээг удаа дараа хожимдуулсан” гэж сануулах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

    Нэхэмжлэгч Г.Н нь “Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний дагуу албан үүргээ хангалттай биелүүлж ажилласан, ...надад хугацаатай албаны тайлан, мэдээ гаргах талаар ямар ч албан бичиг өгч байгаагүй, тушаал гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй” гэсэн үндэслэлээр уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын “Ажлын байрны тодорхойлолт”-д зааснаар нэхэмжлэгч Г.Н нь өөрийн ажлын байрны зорилгын хүрээнд “өргөдөл, гомдол, санал, албан бичигт хариу өгөх, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, тэдгээрийн биелэлт, тайлан мэдээг тухай бүр гаргаж удирдлагад танилцуулах” үүрэгтэй байна.

    Гэтэл нэхэмжлэгч Г.Н нь дээд шатны албан тушаалтны албан үүрэгтэй нь холбоотой өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, өөрт хуваарилагдсан албан бичгийн хариуг өгөх, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, тэдгээрийн биелэлт, тайлан мэдээг тухай бүр гаргаж удирдлагад танилцуулах ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалттай хэрэгжүүлж ажиллаагүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрт хуваарилагдсан Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10-1/1650, 10-1/1651 дугаартай, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/975 дугаартай хугацаатай албан бичгүүдэд хариу хүргүүлээгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1012 дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн мэдээ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын дагуу зохион байгуулсан “Чанартай үйлчилгээ-соёлтой харилцаа” аяны тайланг тус тус хоцроосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тус хэлтэст Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтай гэрч Б.О-ийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогджээ.

    Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.1-д “сануулах” гэж заасан.

    Хуулийн дээрх зүйлд заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Г.Н нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан бичигт хариу өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хугацаатай тайлан мэдээг удаа дараа хожимдуулсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

    Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж, маргаан бүхий актыг гаргах талаар нэхэмжлэгчээс тайлбар авч, сонсох ажиллагааг хийгээгүй” гэх гомдлын тухайд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд хариуцагчаас “үйлчилгээний тасгийн дарга, Сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтэн нарт хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулах” талаар мэдэгдсэн, үүнтэй холбоотойгоор мөн хуралдаанд нэхэмжлэгчээс тайлбар гаргасан байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй. 

    Иймд “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай” нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Н, түүний өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН