Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00734

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: Н

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: №шийдвэрээр С.А, П.Г нараас 65.276.575 төгрөг гаргуулж Э И ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэж, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг миний өмчлөлийн барьцаа хөрөнгө ..тооторон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие энэхүү шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй ба тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд түдгэлзүүлэх тухай хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба гомдол гаргах хугацаа олголгүй мөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дугаар 4-142/37017 тоот мэдэгдэх хуудсаар миний өмчлөлийн орон сууцыг 142.421.700 төгрөгөөр үнэлэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан борлуулахыг үүрэг болгож мэдэгдсэн. Энэ нь хуульд нийцэхгүй байна хэмээн үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байхад өвлийн улиралд орон сууцаа худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлж, үүрэг болгож байгаад гомдолтой байна. Мөн миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас М ХХК-иар үнэлүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Миний өмчлөлийн орон сууц А зэрэглэлийн бүсд хамаарах бөгөөд ашиглалтад ороод 5 жил болж байгаа ба 1 мкв нь одоогийн зах зээлийн үнэлгээ 2.000.000-2.200.000 төгрөг байхад М ХХК нь 1мкв-ийн үнэлгээг хэт доогуур буюу 1.794.600 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: № дугаар шийдвэрээр С.А, П.Г нараас 65.276.575 төгрөг гаргуулж Э И ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Агийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205060168 дугаарт бүртгэгдсэн ..тоот79,36 мкв 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанд оруулахгүй, үнийн санал ирүүлэхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн тул төлбөр авагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/28 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтээр 2020 оны 9/486 дугаар тогтоолоор М ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Үнэлгээний тайланг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад, мөн өдрийн 4-142/36638, 36639 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгчид хүргүүлсэн мэдэгдэл дээр шуудангийн тэмдэг дарагдсан байгаа. Төлбөр төлөгч П.Г өмчлөгч С.Агийн аав С нар нь төлбөр төлөхөд хугацаа шаардлагатай, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг солихоор төлбөр авагчтай ярилцаж байгаа, оронд нь барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөлийн гэрчилгээ гараагүй тул гаргуулахаар хөөцөлдөхөд хугацаа шаардлагатай байна гэсэн шалтгаанаар төлбөр төлөх 30 хоногийн хугацаа авсан. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 142.421.700 төгрөгийн 70 хувь 99.695.190 төгрөгөөр оруулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарлуулсан боловч шүүхийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн хуулинд талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд энэ хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Нт холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03107 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч П.Гоос 65.000.000 төгрөгийг гаргуулж Э И ББСБ ХХК-д олгож, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд С.Агийн өмчлөлийн ..хаягт байрлах 79.36 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 102/ГХ2020/00... гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн №20250698 хувийн хэрэг нээсэн байна.

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, ..хаягт байрлах 79.36 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20250698/1.. эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан, төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг танилцуулж тэмдэглэл үйлдсэн болох нь мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол гэсэн баримтуудаар тогтоогджээ.

Төлбөр төлөгч С.А Нт орон сууцыг худалдах үнийн санал өгөхөөс татгалзсан болох нь түүнтэй ярилцсан тэмдэглэл, Нт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтээр тогтоогдсон ба 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр авагч Э И ББСБ ХХК барьцаа хөрөнгөнд хөндлөнгийн шинжээч томилон албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар М хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/486 дугаартай тогтоолоор томилж, тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээр батлуулсан байна.

Шинжээчээр томилогдсон хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий М хөрөнгийн үнэлгээний төв ХХК ..хаягт байрлах 79.36 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 142.421.700 төгрөг болохыг тогтоож, энэ тухай тайланг Нт ирүүлж, үнэлгээг төлбөр төлөгч С.А,П.Г нарт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч П.Г, С.А нар үнэлгээний мэдэгдэлтэй танилцсан, өөрийн хөрөнгөө бие даан 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж талууд шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулж, С.А энэ талаар хүсэлтийг бичгээр гаргасан байна. /хх-53-72/

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн хүсэлтээр 1 сарын хугацааг олгож, хугацаа дуусгавар болох 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор орлогыг тушаагаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай мэдэгдэлийг С.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б нарт мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хх-73-74/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгчээс уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч С.А үнэлгээний талаар шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тогтоогдоогүй, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулж, 03 дугаар сарын 22-ны өдрийн 13.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдэж, төлөөлөгчид хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч нь нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, хэргийн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломтой байх тул нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ..хаягт байрлах 79.36 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 102/ШЗ2021/00974 шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА