Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00801

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ааагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00734 дугаар шийдвэртэй С.Ааагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03107 дугаар шийдвэрээр С.Ааа, П.Глд нараас 65 276 575 төгрөг гаргуулж “Э.И ББСБ” ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг С.Ааагийн өмчлөлийн, Баянгол дүүрэг ааааааааа2 тоот орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дугаар 4-142/37017 тоот мэдэгдэх хуудсаар миний өмчлөлийн орон сууцыг 142 421 700 төгрөгөөр үнэлэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан борлуулахыг үүрэг болгож мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байхад өвлийн улиралд орон сууцаа худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлж, үүрэг болгож байгаад гомдолтой байна.

Мөн “Мөнх Оргил трейд” ХХК нь миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Миний өмчлөлийн орон сууц А зэрэглэлийн бүсд хамаарах бөгөөд ашиглалтад ороод 5 жил болж байгаа, 1 м.кв-ын үнэ 2 000 000-2 200 000 төгрөг байхад шинжээч 1 м.кв-ын үнэлгээг 1 794 600 төгрөгөөр үнэлсэн. Иймд орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03107 дугаар шийдвэрээр С.Ааа, П.Глд нараас 65 276 575 төгрөг гаргуулж “Э.И ББСБ” ХХК-нд олгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч С.Ааагийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205060168 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг ааааааааа2 тоот 79,36 м.кв орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанд оруулахгүй, үнийн санал ирүүлэхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 9/486 дугаар тогтоолоор “Мөнх Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Үнэлгээний тайланг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад, мөн өдрийн 4-142/36638, 36639 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгчид хүргүүлсэн мэдэгдэл дээр шуудангийн тэмдэг дарагдсан байгаа. Төлбөр төлөгч П.Глд, өмчлөгч С.Ааагийн аав н.Соёл-Эрдэнэ нар нь төлбөр төлөхөд хугацаа шаардлагатай, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг солихоор төлбөр авагчтай ярилцаж байгаа, оронд нь барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөлийн гэрчилгээ гараагүй тул гаргуулахаар хөөцөлдөхөд хугацаа шаардлагатай байна гэсэн шалтгаанаар төлбөр төлөх 30 хоногийн хугацаа авсан.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд орон сууцны үнийг шинжээчийн тогтоосон үнэ 142 421 700 төгрөгийн 70 хувь болох 99 695 190 төгрөгөөр тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарлуулсан боловч шүүхийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуултд зааснаар талууд үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхжд гомдол гаргах эрхтэй ба уг хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 85 дугаар байр 2 тоот хаягт байрлах 79.36 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэгч С.Ааагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. : Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03107 дугаар шийдвэрээр С.Ааа, П.Глд нараас 65 276 575 төгрөг гаргуулж “Э.И ББСБ” ХХК-нд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг С.Ааагийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг ааааааааа2 тоот орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, орон сууцыг үнэлүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гамшгаас хамгаалах хорио цээрийн дэглэмийн дагуу хорионд байх үед анхан шатны шүүх шүүх хурлыг товлож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Ааа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03107 дугаар захирамжаар П.Глдоос 65 000 000 төгрөг гаргуулж “Э.И ББСБ” ХХК-д олгож, барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааг явуулж байна. /хх 23-26/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь С.Ааагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205060168 дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 85 дугаар байр, 2 тоот, 79,36 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, мөн сарын 23-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх 28, 39/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ааад барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байх ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх42/

 

Хариуцагч байгууллага нь барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ааагийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үнийн санал өгөхөөс татгалзсан хүсэлт, төлбөр авагч “Э.И ББСБ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/28 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг тус тус үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоороо шинжээч томилсон ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар талууд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх зохицуулалтад нийцжээ. /хх44, 48, 49/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК барьцаа хөрөнгө болох орон сууцны зах зээлийн үнийг 142 421 700 төгрөгөөр үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-142/36639 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ааад мэдэгджээ. /хх68, 69/

 

Төлбөр төлөгч П.Глд болон барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ааа нар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг 142 421 700 төгрөгөөс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтийг гаргасан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-142/37017 тоот, 4-142/37015 тоот албан бичгээр шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр орон сууцыг худалдан борлуулж, төлбөр төлөхийг мэдэгдэж, тэдгээрт 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл буюу 1 сарын хугацаа олгожээ. /хх73/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг С.Ааад мэдэгдсэн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд тэрээр дээрх хугацааг хэтрүүлэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу 2 сар 1 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ааа нь барьцааны зүйл болох орон сууц А зэрэглэлийн бүсд хамаарах бөгөөд ашиглалтад ороод 5 жил болж байгаа, 1 м.кв-ын үнэ 2 000 000-2 200 000 төгрөг байхад шинжээч 1 м.кв-ын үнэлгээг 1 794 600 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан ба уг хугацаанаас 1 сар 24 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, мөн сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр товлон зарласан шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх...” гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА