Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00940

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00940

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, Р.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У

Нэхэмжлэгч: Н

Хариуцагч: Я

хохиролд 41.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.У, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.У, Л.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Л.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... тоот 69.23 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай 1 өрөө байрыг Г.Яаас худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өмчлөх эрхийг Г.Я нь Л.Нт шилжүүлж, Л.Н төлбөрийг Г.Яд төлөх үүрэг тус тус хүлээсэн. Гэтэл талуудын хооронд маргаан үүсэж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дээрх үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Л.Н болохыг тогтоосон. Энэ хугацаанаас хойш Г.Я нь өнөөдрийг хүртэл тухайн байрыг чөлөөлж өгөөгүй бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд амьдрах боломжийг хязгаарлаж өмчлөгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөний улмаас бидэнд орон сууцандаа амьдрах боломжгүй нөхцөл үүсч өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Тухайн орон сууцыг орон сууцны зээлд хамрагдан худалдаж авахаар болж эгч Л.Нийн нэр дээр арилжааны банкнаас зээл авч урьдчилгаа 20.000.000 төгрөгийг хашаа байшингаа зарж хийсэн. Бидний хооронд байртай холбоотой маргаан гарч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрээр байрны төлбөрт 28.000.000 төгрөгийг Л.Н, Л.У нараас гаргуулж Г.Яд олгож, орон сууцыг Л.Н, Л.У нарт шилжүүлж өгөхийг Г.Яд даалгаж шийдвэрлэсэн боловч байрыг өнөөдрийг хүртэл суллаж өгөөгүй. Би шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг цалингаасаа суутгуулж төлж байгаа. Энэ байдлаас болж орон сууц түрээслэн 41.000.000 төгрөг төлсөн тул хариуцагч Г.Яаас эд хөрөнгөд учирсан хохирол гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм хорын хохиролд 41.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Я шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 онд сонинд гарсан зарын дагуу Л.У байр үзэхээр ирж байрыг Голомт банкны зээлээр худалдаж авахаар тохирсон. Гэрээг эгч Л.Нийн нэр дээр хийж өөрөө хамтран зээлдэгчээр орж байр худалдан авах гэрээ хийгдсэн. Урьдчилгаа 30 хувь буюу 46.640.000 төгрөгний 38.640.000 төгрөгийг Хас банкинд байршуулж, 8.000.000 төгрөгөнд машин тооцуулж, үлдсэн төлбөрийг Голомт банкны 8 хувьд зээлээр оруулахаар гэрээ хийсэн. Голомт банкнаас орж ирсэн гээд 92.000.000 төгрөг шилжүүлсэн. Хас банкинд байршуулах 30 хувь, машинаа өгөхгүй сар гаран болсон. 2017 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 46.640.000 төгрөгийг Л.Н, Л.У нараас гаргуулж олгох шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд Л.У, Л.Н нараас 28.640.000 төгрөг гаргаж Г.Яд олгосны дараа байраа хүлээлгэж өг гэж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд 8.866.000 төгрөг төлөгдсөн. Одоо үлдэх 20.000.000 төгрөгөө өгвөл байрыг нь чөлөөлж өгнө. Иймд 41.000.000 төгрөгний шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н, Л.У нар нь хариуцагч Г.Яд холбогдох хохиролд 41.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.Я, Л.У, Л.Н нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж ... тоот 69.32 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 120.00.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Л.Н 92.040.000 төгрөгийг орон сууцны үнэд шилжүүлсэн, үлдэгдэл 28.000.000 төгрөгийг Л.Н, Л.У нараас гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож, гэрээний зүйл болох ... тоот 69.32 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Л.Н, Л.У нарт шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч Г.Яд даалгаж шийдвэрлэсэн болох нь зохигчийн гаргасан тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор нотлогдож байна.

Шүүхийн шийдвэрээр талууд харилцан үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч Л.У, Л.Н нар нь төлбөр 28.000.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулсан өдөр ...тоот 69.32 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.Я чөлөөлөхөөр шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 4/14 тогтоолоор тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.У нь шүүхийн шийдвэрт заагдсан 28.000.000 төгрөгний төлбөрөөс 8.866.000 төгрөгийг төлсөн талаар шүүх хуралдаанд зохигч тайлбарлаж үнийн дүнд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа худалдаж авсан орон сууцыг хариуцагч чөлөөлж өгөөгүйгээс орон сууц түрээслэн хөлсөлж 41.000.000 төгрөгний хохирол учирсан гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч Л.Н, Л.У нар хууль буюу гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд, үнийг төлснөөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр хуульд заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсны улмаас учирсан хохиролд орон сууц хөлсөлсөн төлбөр 41.000.000 төгрөгийг эд хөрөнгөнд учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.-д зааснаар шаардах эрхгүй байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 362.950 төгрөг төлөхөөс 520.000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 157.950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Яд холбогдох хохиролд 41.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Н, Л.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520.900 төгрөгний 362.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 157.950 төгрөгийг төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Л.У, Л.Н нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

 

Р.АЛТАНТУЯА