Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00838

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00838

 

 

 

 

                                               Л.У, Л.Н нарын

                                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00940 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.У, Л.Н нарын хариуцагч Г.Яд холбогдуулан гаргасан хохиролд 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...талбай бүхий орон сууцны зориулалттай 1 өрөө байрыг Г.Яаас худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өмчлөх эрхийг Г.Я нь Л.Нт шилжүүлж, Л.Н төлбөрийг Г.Яд төлөх үүрэг хүлээсэн. Талуудын хооронд маргаан үүсч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дээрх үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Л.Н болохыг тогтоосон. Энэ хугацаанаас хойш Г.Я нь өнөөдрийг хүртэл тухайн байрыг чөлөөлж өгөөгүй, өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Шүүхийн шийдвэрээр байрны төлбөрт 28 000 000 төгрөгийг Л.Н, Л.У нараас гаргуулж Г.Яд олгож, орон сууцыг Л.Н, Л.У нарт шилжүүлж өгөхийг Г.Яд даалгаж шийдвэрлэсэн. Би шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг цалингаасаа суутгуулж төлж байгаа. Энэ байдлаас болж орон сууц түрээслэн 41 000 000 төгрөг төлсөн тул хариуцагч Г.Яаас эд хөрөнгөд учирсан хохирол гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 41 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 2013 онд Л.У байрыг Голомт банкны зээлээр худалдаж авахаар тохирсон. Гэрээг Л.Нийн нэр дээр хийсэн. Урьдчилгаа 30 хувь буюу 46 640 000 төгрөгийн 38 640 000 төгрөгийг Хас банкинд байршуулж, 8 000 000 төгрөгт машин тооцуулж, үлдсэн төлбөрийг Голомт банкны 8 хувийн зээлээр оруулахаар тохирсон. Голомт банкнаас орж ирсэн 92 000 000 төгрөгийг Г.Яд шилжүүлсэн. 2017 онд Чингэлтэй дүүргийн шүүх 46 640 000 төгрөгийг Л.Н, Л.У нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд Л.У, Л.Н нараас 28 640 000 төгрөг гаргаж Г.Яд олгосны дараа байраа хүлээлгэж өг гэж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд 8 866 000 төгрөг төлөгдсөн. Одоо үлдэх 20 000 000 төгрөгөө өгвөл байрыг нь чөлөөлж өгнө. Иймд 41 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Яд холбогдох хохиролд 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Н, Л.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520 900 төгрөгний 362 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 157 950 төгрөгийг төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Л.У, Л.Н нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан агуулгаар тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан. Гэтэл талуудын хооронд үүссэн эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргаан гэж үзэж эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргааныг зохицуулсан хуулийн зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өмчлөлтэй холбоотой маргааныг өмнө нь шүүхээр шийдсэн. Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор өмчлөгч нь Л.Н гэдгийг тогтоосон. Анхан шатны шүүх хариуцагч нь гэм хор учруулахад гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь гэм буруутай шалтгаант холбоотой эсэх, түүний хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан эсэх, тухайн гэм хор учрахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан эсэх асуудалд дүгнэлт өгөх ёстой байсан. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн өмнө хүчин төгөлдөр тогтоолоор мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн төлбөрөө биелүүлээд явж байгаа тухайгаа илэрхийлдэг. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн атлаа үүнийгээ биелүүлээгүй. Үүнээс болж нэхэмжлэгч нар нь өөрөөс зайлшгүй гарах ёсгүй байсан нэмэлт зардал болох 41 000 000 төгрөгийг гаргасан байдаг. Энэ нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол, бусдын хууль бус үйлдлээс болж түүний эд хөрөнгө хорогдсон нөхцөл байдал бий болсон. Шүүх нэхэмжлэгчийг бусдын өмнө хүлээсэн үүргээ шударгаар зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэх бус Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан байдлаар шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.                               

 

Нэхэмжлэгч Л.Н, Л.У нар нь гэм хорын хохиролд 41 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Г.Я эс зөвшөөрч маргажээ.

 

Маргаан бүхий үйл баримтын талаар хэргийн 1-2, 42-48, 55-61 талуудад Улсын дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00303 дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/14 дугаартай тогтоол, талуудын тайлбар авагдсан байх ба эдгээрээр  дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Талууд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ... 69.32 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэ 120 000 000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тохиролцсон. Худалдагч Г.Я нь орон сууцны үлдэгдэл төлбөр төлөөгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ2017/00303 дугаар тогтоолоор хариуцагч Л.Н, Л.У нараас 28 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгож, ... 69.32 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Л.Н, Л.У нарт шилжүүлж өгөхийг Г.Яд даалгаж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн талаар дүгнэлт хийсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

 

Хэдийгээр шүүх хариуцагч Г.Яыг орон сууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дах хэсэгт зааснаар шударга эзэмшигч нь өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талууд харилцан үүрэг хүлээсэн, Л.У, Л.Н нар шүүхийн шийдвэрт заагдсан 28 000 000 төгрөгийг тус газрын дансанд байршуулсан тохиолдолд Г.Яын эзэмшлээс орон сууцыг чөлөөлнө гэх тогтоол  нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байна. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.У, Л.Н нар нь 8 866 000 төгрөгийг Г.Яд төлсөн бөгөөд хариуцагчийн “...төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлсний дараа орон сууцыг чөлөөлнө...” гэх татгалзлыг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалт нь хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан боловч түүний хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн нөхцөлд гэм хорын хэмжээг багасгах тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт тул энэ талаар гаргасан  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ... нь цар тахалтай холбоотойгоор 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хуралдааныг өөрийнх нь эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байна. /хх80/ Шүүх хуралдааны явцад талуудаас шүүгч ирцтэй холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж асуухад иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэжээ. /хх82, 85/ Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  

                                                 ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                          А.МӨНХЗУЛ