Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2022/03177/И/Н |
Дугаар | 001/ХТ2024/00031 |
Огноо | 2024-02-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2024/00031
“УБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02675 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2023/02001 дүгээр магадлалтай,
“УБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
“М” ТӨХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23,302,954,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, М.Б нарын гаргасан гомдлоор шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, Б.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“УБ” ХК нь “М” ТӨХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23,302,954,977 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02675 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан “М” ТӨХК болон “УБ” ХК нарын хооронд байгуулагдсан 2020.07.27-ны ХХАГ-20/182-179/37, 2020.01.22-ны ХХАГ-20/14-13/02, 2020.09.23-ны ХХАГ-20/233-230/44, 2019.07.24-ний ХХАГ-19/144137/18 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч “М” ТӨХК-аас нийт 14,896,069,732.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБ” ХК-д олгож, нэхэмжлэлээс 8,406,885,244.8 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,070,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 74,638,298.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБ” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2023/02001 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ТӨХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,436,513,914 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “УБ” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,866,441,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “74,638,299” гэснийг “97,340,520” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг, хариуцагчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,700,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,192,377 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, М.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлтэй. ...дээрх 4 гэрээг хуулиар төрийн нууцад хамааруулсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байгаа ба түүнчлэн гэрээнүүдийн талаар үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэж томъёолсон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасан “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн заалтыг үндэслэл болгон магадлалд тусгасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх хууль зүйн үндэслэлүүдийг сайтар нягталж үзэлгүйгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж хариуцагчаас алдангид 4,437,096,723 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг талдаа төрийн өмчит компанид маш их хохиролтой, харин нэхэмжлэгч талд хууль зүйн үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль бус үр дагавар үүсгэхээр байгаа тул Улсын дээд шүүхээс уг шийдвэрийг сайтар нягтлан, үнэн зөвөөр залруулж өгөхийг хүсье.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба 4.4-т зааснаас бусад тохиолдолд “М”-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг, 4.2-т зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, 4.3-т хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төгрөгөөр илэрхийлэх зохицуулалтуудыг тус тус зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх “...төмөр бетон дэрний нэг бүрийн үнийг 84,7 ам.доллараар тогтоож, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд харшлаагүй байна” гэж хэт нэг талыг барьсан буюу нэхэмжлэгч талд ашигтайгаар, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Мөн 2 шатны шүүх дээрх 4 гэрээний төлбөрийн гадаад валют болох ам.долларын ханшийн зөрүүнд хариуцагчаас нийт 705,873,873.03 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
...Давж заалдах шатны шүүхээс 4 гэрээний хувьд баталгааны хугацааг тоолохдоо бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн өдрөөс эхлэн тооцсон нь Т чиглэлийн төмөр замын барилгын ажлын дууссан хугацааг тооцоогүй, учир дутагдалтай шийдвэр болсон. Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх гэрээнүүдийн баталгаат хугацааг 12 сар гэж үзэхдээ уг төмөр замын барилга байгууламжийн зүгшрүүлэх, тохируулах хугацаа хэдийнээс эхэлсэн болон дууссан, байнгын ашиглалтад хүлээн авсныг анхаараагүй нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасныг тус тус зөрчсөн, уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба дээрх гэрээний гүйцэтгэлийн баталгааг олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, хуулийн хугацаа өнгөрөөгүй болохыг хяналтын шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.04-ний өдрийн 181/ШШ2023/02675 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.17-ны өдрийн 210/МА2023/02001 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, М.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.25-ны өдрийн 001/ШХТ2024/00156 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “УБ” ХК нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан нийт 4 худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,302,954,977 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч “М” ТӨХК нэхэмжлэлийг татгалзаж, “...Т чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа, “Э” ХК-ийн зүгээс төслийн үлдэгдэл санхүүжилтийг хугацаанд нь гүйцэтгээгүй саатуулснаас гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх санхүүгийн боломж үүсээгүй тул алданги төлөх үндэслэлгүй, гэрээнд баталгаат хугацааг 12 сар байхаар заасан нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, худалдах-худалдан авах гэрээг тендер шалгаруулалтын журмаар явуулаагүй, гэрээнд төлбөрийг ам.доллараар тохирсон нь мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх хуулийг зөрчсөн учир гэрээнүүд хүчин төгөлдөр бус ...” гэж мэтгэлцсэн байна.
8.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээ тус бүрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд, нэхэмжлэгч “УБ” ХК нь тодорхой бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлсэн, энэ нь “М” ТӨХК-ийн зорилгыг хангасан, хариуцагч нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагчаас 14,896,069,732.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 8,406,885,244.8 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 19,436,513,914 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дэх хэсэгт “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан, Монгол Улсын ЗГ-ын 2019.05.17-ны өдрийн 1** дугаар тогтоолоор 2017 оны 2** дугаар тогтоолын хавсралтад “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг”-ийг төрийн нууцын “М”-ын зэрэглэлд хамаарах мэдээлэлд нэмж оруулсан, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргын 2019.06.31-ний өдрийн ** дүгээр тушаалаар Т чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зохион байгуулах худалдан авах ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, СЯ, ЗТХЯ, ТЕГ, ЦЕГ, ТӨБЗГ, АТГ зэрэг байгууллагуудын төлөөллийг бүрэлдэхүүнд оруулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ, 18, 2 тоот гэрээний дагуу талууд үүргийн гүйцэтгэлийг хангах “Баталгаа”-ны аргыг тохирсон тул алданги төлөх үүрэг үүсэхгүй, ...харин 2020.07.27-ны гэрээний дагуу хариуцагч нь алданги 4,437,096,723 төгрөгийг төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
9.Нэхэмжлэлийн үндэслэл болох дараах гэрээнд “УБ” ХК нь худалдагч, “М” ТӨХК нь худалдан авагчаар оролцож, гэрээг бичгээр байгуулан, улмаар гэрээгээ дүгнэсэн баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
9.1.2019.07.24-ний өдрийн 18 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр нэг ширхэг нь 84,7 ам.долларын үнэтэй нийт 46,000 ширхэг Пандрол маягийн бэхэлгээтэй 1520 мм царигийн төмөр бетон дэрийг худалдагч нь 2019 оны 11 дүгээр сард багтаан нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 2.2-т заасан нөхцөлөөр төлбөр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд тус гэрээнд 2019.12.11-ний өдөр өөрчлөлт оруулж, гэрээний хүчинтэй хугацааг 2019.12.31-ний өдөр хүртэл сунгаж, төлбөр төлөх нөхцөлд өөрчлөлт оруулсан. /2хх 203/
Талууд 2021.03.09, 2022.05.20-ны өдөр гэрээгээ дүгнэж, худалдагч “УБ” ХК гэрээний зүйл болох 46,000 ширхэг төмөр бетон дэрийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн, худалдан авагч “М” ТӨХК нь гэрээний дагуу төлбөр тооцоог хийсэн ба гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувьтай тэнцэх хэмжээний 2,300 ширхэг төмөр бетон дэрний төлбөр төлөгдөөгүй болохыг батлав” гэжээ. /2хх 205, 207-209/
9.2.2020.01.22-ны өдрийн 02 тоот худалдах-худалдан авах гэрээгээр нэг ширхэг нь 84,7 ам.долларын үнэтэй нийт 252,000 ширхэг Пандрол маягийн бэхэлгээтэй 1520 мм царигийн төмөр бетон дэрийг худалдагч нь 2020 оны 10 дугаар сард багтаан нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 2-т заасан нөхцөлөөр төлбөр төлөхөөр тохиролцжээ. /1хх 175/
Талууд 2021.03.09, 2022.05.20-ны өдөр дээрх гэрээг дүгнэж, худалдагч нь бетон дэрийг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид бүрэн хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь гэрээний дагуу төлбөр тооцоог хийсэн ба гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувьтай тэнцэх хэмжээний 12,600 ширхэг төмөр бетон дэрний төлбөр төлөгдөөгүй болохыг батлав” гэж тооцоонд тусгажээ. /1хх 180, 185-187/
9.3.2020.07.27-ны өдөр ХХАГ-20/182-179/37 дугаартай гэрээгээр “М” ТӨХК нь нэг ширхэг нь 84,7 ам.долларын үнэтэй нийт 125,497 ширхэг Пандрол маягийн бэхэлгээтэй 1520 мм царигийн төмөр бетон дэрийг 2020 оны 11 дүгээр сард нийлүүлэх, худалдан авагч “М” ТӨХК нь гэрээний 2-т заасан нөхцөлөөр төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон ба тус гэрээнд 2021.01.08, 2021.02.25-ны өдөр тус тус өөрчлөлт оруулахдаа нийлүүлэх төмөр бетон дэрийн хэмжээг нэмэгдүүлж нийт 180,297 ширхэгээр тогтоож, үүрэг гүйцэтгэх хугацааг 2021.03.31-ний өдөр хүртэл сунгажээ. /1хх 24-30/
Талууд 2021.03.09, 2021.12.31, 2022.05.20-ны өдөр дээрх гэрээг дүгнэж, нэхэмжлэгч 180,297 ширхэг төмөр бетон дэрийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь 132,350 ширхэг төмөр бетон дэрний үнэ болох 31,896,606,224.79 төгрөгийг төлсөн, гүйцэтгэлийн баталгаанд үлдээх 5 хувь буюу 9,015 төмөр бетон дэрийг оруулаад нийт 43,920 ширхэг төмөр бетон дэрний төлбөр тооцоо байгаа талаар акт үйлджээ. /1хх 44, 46-48/
9.4.2020.09.23-ны өдрийн 44 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр нэг ширхэг нь 84,7 ам.долларын үнэтэй нийт 4,881 ширхэг Пандрол маягийн бэхэлгээтэй 1520 мм царигийн төмөр бетон дэрийг худалдагч нь 2020 оны 10 дугаар сард багтаан нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 2-т заасан нөхцөлөөр төлбөр төлөхөөр тохиролцсон байна. /2хх 63/
Талууд 2021.03.09, 2022.05.20-ны өдөр гэрээгээ дүгнэж, гэрээний зүйл болох 4,881 ширхэг төмөр бетон дэрийг худалдагч гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь гэрээний дагуу төлбөр тооцоог хийсэн ба гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 244 ширхэг төмөр бетон дэрний төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулжээ. /2хх 27,72-74/
10.Мөн хоёр байгууллага 2019.07.25-2022.05.20-ны хоорондох хугацааны өглөг, авлагын тооцоо нийлж, худалдан авсан төмөр замын бетон дэрний өглөгийг 5,002,720.80 ам.доллар, төлбөрийг төгрөгөөр шилжүүлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Мны албан ханшаар тооцохоор баталгаажуулжээ. /1хх-46-47/
Дээрх байдлаар талууд гэрээ тус бүрийг дүгнэснээр хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхой болгосон ба талууд төлбөрийн хэмжээг маргаагүй, харин худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, төлбөрийг ам.доллараар тохирсон нь хууль зөрчсөн эсэх, гэрээ байгуулах үеийн ханшаар үүргийг тодорхойлох эсэх тухайд маргасан байна.
11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сонгосон нь зөв боловч өөр өөр дүгнэлтийг хийсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дэх хэсэгт “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан. Давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуульд нийцээгүй, хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл болж буй худалдах-худалдан авах гэрээнүүдийг “М”-ын зэрэглэлд оруулсан баримтгүй болохоос гадна агуулгын хувьд дээрх гэрээ хамаарах эсэх нь ч эргэлзээтэй, хожим нь Монгол Улсын ЗГ-ын 2022.12.09-ний өдрийн *** тогтоолоор дээрх төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгосон нөхцөл байдлаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад дурдсан үндэслэл тогтоогдоогүй, иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
12.Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулна”, тендер ирүүлэх, тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг зохицуулсан мөн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь мөн хуулийн 42.1, 42.1.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцжээ.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
13.Нэхэмжлэгч “УБ” ХК нь төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх ба гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнийг ам.доллараар тохирохдоо төмөр бетон дэрийг үйлдвэрлэхэд зарим эд ангийг гадаад улсаас авдаг учир энэ зардлыг ам.доллараар, үлдэх хэсгийг гэрээ байгуулах үеийн “М”-ны албан ёсны ханшаар ялгамжтай тооцохоор гэрээнд тусгасан, талуудын энэ тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
13.1.2020.07.27-ны өдрийн 37 тоот гэрээний 2.1.1-д төмөр бетон дэрний нэг бүрийн үнэ 84,7 ам.доллар, үүний 38,39 ам.долларыг “М”-ны тухайн өдрийн зарласан албан ёсны ханшаар, 46,31 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн “М”-ны албан ёсны ханшаар буюу 2,842.11 төгрөгөөр тус тус тооцож төлөхөөр гэрээний 2.1.3, 2.1.4-д заасан. Үүнээс 46,31 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханш 2,842.11 төгрөгөөр, 38,39 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.08.25-ны өдрийн ханш 3,194.07 төгрөгөөр тооцвол нэг ширхэг төмөр бетон дэрний үнэ 254,238.4 төгрөг, төлөгдөөгүй 43,920 ширхэг төмөр бетон дэрний төлбөр /43,920ш*254,238.4₮/ 11,166,150,528 төгрөг,
13.2.2020.01.22-ны өдрийн 02 тоот гэрээний 2.1.1-д төмөр бетон дэрний нэг бүрийн үнэ 84,7 ам.доллар, үүний 38,39 ам.долларыг “М”-ны тухайн өдрийн зарласан албан ёсны ханшаар, 46,31 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн “М”-ны албан ёсны ханшаар буюу 2,748.61 төгрөгөөр тус тус тооцож төлөхөөр гэрээний 2.1.3, 2.1.4-д заасан. Үүнээс 46,31 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханш 2,748.61 төгрөгөөр, 38,39 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.08.25-ны өдрийн ханш 3,194.07 төгрөгөөр тооцвол нэг ширхэг бетон дэрний үнэ 249,908.476 төгрөг, төлөгдөөгүй 12,600 ширхэг төмөр бетон дэрний төлбөр /12,600ш*249,908.476₮/ 3,148,846,797.6 төгрөг,
13.3.2020.09.23-ны өдрийн 44 тоот гэрээний 2.1.1-д төмөр бетон дэрний нэг бүрийн үнэ 84,7 ам.доллар, үүний 38,39 ам.долларыг “М”-ны тухайн өдрийн зарласан албан ёсны ханшаар, 46,31 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн “М”-ны албан ёсны ханшаар буюу 2,855.05 төгрөгөөр тус тус тооцож төлөхөөр гэрээний 2.1.3, 2.1.4-д заажээ. Үүнээс 46,31 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханш 2,855.05 төгрөгөөр, 38,39 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн 2022.08.25-ны өдрийн ханш 3,194.07 төгрөгөөр тооцвол нэг ширхэг төмөр бетон дэрний үнэ 254,837.7 төгрөг, төлөгдөөгүй 244 ширхэг төмөр бетон дэрний төлбөр /244ш*254,837.7₮/ 62,180,400.6 төгрөг,
13.4.2019.07.24-ний өдрийн 18 тоот гэрээний 2.1.1-д зааснаар төмөр бетон дэрний нэг бүрийн үнэ 84,7 ам.доллар гэж заасан бөгөөд гэрээ байгуулсан өдрийн “М”-ны албан ёсны ханшаар тооцно гэж заасан тул 225,605.22 төгрөгөөр тооцвол төлөгдөөгүй 2,300 ширхэг төмөр бетон дэрний төлбөр /2,300ш*225,605.22₮/ 518,892,006 төгрөг нийт 14,896,069,732.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан “анзын гэрээг бичгээр хийх” хуулийн шаардлагыг хангаагүй тул алданги гаргуулах үндэслэлгүй, улмаар нэхэмжлэлээс 8,406,885,244.8 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах”, “алданги төлөх үндэслэлгүй” гэсэн хэсгийг хангаж, үлдэх хэсгийг буюу үүргийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцуулах тухай гомдлын хэсгийг хангахгүй орхив. Зохигч нь гэрээний зүйл доголдолтой гэж, энэ талаар маргаагүй тул баталгаат хугацааг богино тогтоосон, Барилгын тухай хуулийг зөрчсөн гэх гомдол ач холбогдолгүй байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2023/02001 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “М” ТӨХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 97,340,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН