Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 865

 

      2020        07           02                                           2020/ДШМ/865

Т.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Эад холбогдох эрүүгийн 1909044690285 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............................., 2000 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүнс технологийн политехник коллежийн 2а ангид суралцдаг, ам бүл 8, эмээ, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 510 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн Шинэчилсэн найруулгаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан;

Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоотод буюу гэртээ дахин архи уухаар гадагшаа гаргахгүй хориглолоо гэж хохирогч Е.Дашдамбын цээжин тус газар нь хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ......................ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Т.Эыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Эын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см хэмжээтэй, 15 см урттай ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий хар хуванцар материалаар хийгдсэн иштэй хутга 1 ширхэг, ногоон саарал алаг өнгийн хуванцар оруулгатай 11 см иштэй, 23 см урттай, 6 см өргөнтэй заазуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Т.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Т.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Е.Дашдамба давж заалдах гомдолтой танилцаад тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Багын найз Т.Э миний биед заазуур, хутгаар хүнд гэмтэл учруулсан. Гэвч найз маань надаас уучлалт удаа дараа гуйж, надад учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа өөрийнхөө хэмжээнд төлж барагдуулж, миний биед учирсан гэмтэл эдгэрсэн. Иймд би анхнаасаа найздаа гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байгаа болно. Т.Э маань надад анхны эмнэлгийн тусламж үзүүлж, өөрөө цагдаа дуудсан. Тэр үед найз маань гэр бариад найз охинтойгоо хамтран амьдарч, сургуулиа төгсөж, ажил хийж бие даан амьдрах гэж байгаа болно. Харин Т.Э тэр шөнө хутга, заазуураа эгчдээ өгөх гэж гараад намайг заазуур, хутгаар миний биеийг гэмтээсэн. Дээрх байдлуудыг үндэслэж Энхмандах найзад маань оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шоронгоос гаргаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хүнс технологийн политехник коллежийн 4 дүгээр курсэд сурдаг. Ам бүлийн хувьд, эмээ, эгч, дүү нарын хамт наймуулаа амьдардаг. Би гэмт хэрэгт холбогдох багагүй энэ хугацаанд үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Мөн олон зүйлийг ухаарч ойлгож авлаа. Миний гэмт хэрэгт холбогдсон асуудлаас үүдэн намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн өндөр настай эмээгийнхээ итгэлийг нь алдаж, сэтгэлийг нь шархлуулж өөрийн хайртай ах, эгч, дүү нартаа сэтгэлийн дарамт учруулж байгаад маш ихээр харамсаж байна. Миний увиагүй мунхаг үйлдлээс болж хохирсон багын найз Е.Дашдамба болон түүний аав, ээж, ах, дүү нараас нь хийсэн хэрэгтээ асар ихээр харамсан гэмшиж, дахин уучлалт гуйж байна. Дашдамбын биеийн байдал сайжирч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байгаа болно. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, өсвөр насны хүн, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа гэдэг үүднээс харж үзэж цаашдын ирээдүйг минь бодолцож, хүнлэг энэрэнгүй шийдвэр гаргаж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, надад оногдуулсан ялыг, хэргийн зүйлчлэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Э болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй. Зөвхөн заазуур хэрэглэсэн нь зэвсэг мөн эсэх дээр давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгч би хутга, заазуурыг ахуйн хэрэглээний эд зүйл гэж ойлгодог. Ер нь хутга заазуурыг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд зэвсэгт хамааруулж байгаагүй ба чулууг зэвсэгт хамааруулж чулуун зэвсгийн үе түүхэнд олон зуун жилийг өнгөрүүлсэн болно. Харин хутга заазуурыг хүний бие, амь насанд хор уршиг учруулахаар тусгайлан бэлтгэсэн, хайж олсон, шинээр хийсэн, засаж тохируулсан бол зэвсэг биш харин тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болно. Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор хутгыг зэвсэг гэж заасан. Энэ тогтоолыг үндэслэж хутгыг зэвсгийн чанартай зүйл гэж үзэн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд “зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл” гэж заасан байсан. Бусад зүйл гэдэг нь Улсын Дээд шүүхийн 3 дугаартай тогтоолд заасан зүйлс багтдаг байсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуульд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж шал өөр ойлголтоор орж ирсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэх ёсгүй. Иймд зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Дээрх зүйлээр ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, урьдчилсан мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүх хуралдааны шат хүртэл үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн. Ам бүл 8, эмэг эх, эгч, түүний хүүхдүүдийн хамт тогтмол хаяг дээр амьдардаг. Сурлага хүмүүжлээрээ хамт олноо хошуучлан тэргүүлдэг. Сургалт хөдөлмөрийн төвийг төгсөж, мэргэжил маш сайн эзэмшсэнээс түүний ажлын байр бэлэн байгаа. Т.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хохирогч Дашдамбад шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, 1.5-д зааснаар Энхмандах өөрийнхөө үйлдсэн хэргээ илчилж цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдсэн. Хохирогч Дашдамба өөрт учирсан гэмтэл эдгэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Энхмандахад хөнгөн ял оногдуулахыг хүсэж байгаа зэрэг байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон тул анхан шатны шүүхээс Т.Эыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Хутга аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэгт орж байгаа учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоотод буюу гэртээ дахин архи уухаар гадагшаа гаргахгүй хориглолоо гэж хохирогч Е.Дашдамбын цээжин тус газар нь хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Е.Дашдамбын “...Т.Эыг орон дээр нь хэвтүүлээд унтуулах гэсэн боловч унтахгүй миний өөдөөс маргаан хийгээд байсан. Т.Э “дахиад архи ууя, гадуур гарч шоудах болно” гэж хэлээд гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би “гэртээ унтаад өгөөч” гэж хэлээд хориглож байсан чинь Т.Э нь баруун гартаа заазуур хутгыг гал тогооны өрөөний шүүгээнээсээ авч бариад намайг “гэрээс гараад ирчих” гэж хэлэхээр нь дагаад гэрээс гартал гартаа барьсан заазуураа миний өөдөөс далайлгаж хацар хэсэгт нэг удаа зүссэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ, андаа” гэж хэлтэл үгийн зөрөөгүй шууд цээжин тус газарт хар өнгийн иштэй хутгаараа нэг удаа хутгалж, цээж хэсгээс цус гарсан. ...” /хх 19-22/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1616 дугаартай “...Е.Дашдамбын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 31-32/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5896 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хайрцгийг нээхэд нийт 27 см хэмжээтэй, 15 см урттай ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий хар хуванцар материалаар хийгдсэн иштэй хутга 1 ширхэг, 13,2 см х 6 см ажлын хэсэгтэй, 13 см урттай 3 хадаас бүхий ногоон иштэй заазуур 1 ширхэгийг ирүүлсэн ба хутганы ажлын хэсэг цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байна. ...” /хх 36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6649 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар 12 см иштэй 26 см урттай хутган дээр хүний цус илэрсэн. ...” /хх 41-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5892 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 45 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлт гарсан байна. ...” /хх 46/ гэх дүгнэлтүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 76-81/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 83/ зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Т.Эын хохирогч Е.Дашдамбыг хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Т.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлсэн нь буруу болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн гэсэн атлаа тогтоох хэсэгт уг шинжийг орхигдуулсан байх тул шүүгдэгч Т.Эыг гэм буруутайд тооцсон тогтоох хэсгийн 1 дэх заалтад зэвсэг хэрэглэсэн шинжийг оруулан өөрчлөв.

 

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нар нь “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Эрүүгийн хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь дээрх зэвсэгт хамаарч байх тул түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүхээс түүнд тухайн зүйлд зааснаас доогуур ял оногдуулжээ.

 

Иймд, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Бөхчин овгийн Тунгалагийн Энхмандахыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Бөхчин овгийн Тунгалагийн Энхмандахыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

2 дахь заалтын “Шүүгдэгч Тунгалагийн Энхмандахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Тунгалагийн Энхмандахыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ