Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/388

 

 

 

 

                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

Иргэдийн төлөөлөгч А.Намтайсарнай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 1909044690285 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Т-н Энь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоот гэртээ дахин архи уухаар гадагшаа гаргахгүй хориглолоо гэж хохирогч Е.Дашдамбыг цээжин тус газар нь хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутгаар хутгалж,  эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 ...Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ... Орны урд талд ертөнцийн зүгээр хойшоо толгойгоо харуулсан газар хэвтсэн дээгүүрээ хар өнгийн ноосон цамцтай, цамцыг цээж хүртэл сөхсөн цээжний баруун хэсэг хөхний доод талд хутгалуулсан байдалтай цус мэт зүйл урссан, доогуураа хөх өнгийн женсэн өмдтэй, 19 настай Дашдамба гэх хүн хэвтэж байсныг түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргүүлэхээр өгч явуулав, ... Дашдамбын гадуур өмсөж байсан гэх хар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон куртикийг хураан авав. Гарч амбаарын үүдэнд Дашдамба миний араас ирээд энд түргэн дуудахад газар унасан гэж түүний найз Т.Эхэлснийг тус газар нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх 76-78, 79-81 /

 

Хохирогч Е.Дашдамба мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Мандахтай гадуур гарч наргиж цэнгэж явж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн үед Т.Эын гэр болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоотод хамтдаа очсон. Т.Эыг орон дээр нь хэвтүүлээд унтуулах гэсэн боловч унтахгүй миний өөдөөс маргаан хийгээд байсан. Т.Э“ Дахиад архи ууя. Гадуур гарч шоудах болно “ гэж хэлээд гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би “ Гэртээ унтаад өгөөч “ гэж хэлээд хориглож байсан чинь Т.Энь баруун зүүн гартаа заазуур хутгыг гал тогооны шүүгээнээсээ авч бариад намайг гэрээс гараад ирчих гэж хэлэхээр нь дагаад гэрээс гартал гартаа барьсан заазуураа миний өөдөөс далайлгаж хацар хэсэгт нэг удаа зүссэн. Тэгэхээр нь би “ Яаж байгаа юм бэ. Андаа “ гэж хэлтэл үгийн зөрөөгүй, шууд цээжин тус газарт хар өнгийн иштэй хутгаараа нэг удаа хутгалж, цээж хэсгээс цус гаргасан. Т.Эыг “ Чи намайг хутгалчихлаа ш дээ “ гэж хэлтэл гартаа барьсан хутга заазуураа хаяад намайг газарт хэвтүүлсэн. Т.Энь гар утсаараа цагдаа, эмнэлэг дуудсан. Би газарт хэвтэж байх хугацаанд ухаан алдсан. Т.Эыг гадуур гаргаж явуулсангүй гэх шалтгаанаар намайг хутгаар хутгалсан. Т.Эаас хохирлын мөнгө гэж 600,000 төгрөг авсан, эмнэлэгт хэвтэж байхад эм тарианы мөнгө өгч тусламж үзүүлсэн. Миний бие эрүүл саруул байгаа, санал, гомдол байхгүй гэжээ. / хх 19-20, 21-22 /

           

Мөрдөгчийн "... нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүний өмсөж явсан зүйлс болох хар өнгөтэй, цагаан өнгийн үстэй захтай, куртка 1 ширхэг, /цамц цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/... 1 ширхэг кадр зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв..." гэсэн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 83 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5896 дугаартай дүгнэлтэнд:

 “... нийт 27 см хэмжээтэй, 15 см урттай ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий хар хуванцар материалаар хийгдсэн иштэй хутга 1 ширхэг, ... хутганы ажлын хэсэг цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон, хутганаас гарын мөр илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх 36-37 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5892 дугаартай дүгнэлтэнд:

 “... хар хүрмэнд 45 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлт гарсан байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх 46-47 /

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6649 дугаартай дүгнэлтэнд:

 ...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутган дээр хүний цус илэрсэн, АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна, ... шаргал өнгийн хуванцар хутга, заазуур дээр цус илрээгүй гэжээ. / хх 41-42/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6648 дугаартай дүгнэлтэнд:

 "...цагаан үстэй захтай, хар өнгийн богино куртик дээр хүний цус илэрсэн, АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. / хх 51-52 /

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1616 дугаартай дүгнэлтэнд:

Е.Дашдамбын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. / хх 31-32 /

 

Мөрдөн шалгалтын явцад яллагдагч Т.Эмэдүүлэхдээ:  ...Е.Дашдамбыг би “ Архи уух уу. Гадуур гарч, наргиж цэнгэе “ гэсэн чинь Е.Дашдамба “ Маргааш ажилтай шүү дээ. Унтаж амаръя “ гээд намайг гэрээс гаргахгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдаад... би айлгах санаатай гал тогооны шүүгээнээс хутга, заазуур аваад гартал Е.Дашдамба өөдөөс томроод байхаар нь заазуураар зүүн хацрыг нь зүссэн чинь хацраа гараараа бариад дахиад над дээр тулж ирснээ гараа өргөсөн. Тэгэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод зүүн гартаа барьж байсан хутгаараа цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан гэжээ. / хх 07-08 /

 

Шүүгдэгч Т.Эыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 05-08 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 600.000 төгрөг бэлнээр өгсөн ба эмнэлэгт байхад эмчилгээний зардал, эм тарианы мөнгийг төлсөн. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй. Зүйл ангийг хөнгөрүүлж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоот гэртээ дахин архи уухаар явуулсангүй гэх шалтгаанаар хохирогч Е.Дашдамбын хацрыг заазуураар зүсэж, цээжин тус газар нь хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Т.Эыг орон дээр нь хэвтүүлээд унтуулах гэсэн боловч “ Дахиад архи ууя. Гадуур гарч шоудах болно “ гэж хэлээд гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би “ Гэртээ унтаад өгөөч “ гэж хэлээд хориглож байсан чинь Э- нь гартаа барьсан заазуураар хацарт нэг удаа зүсэхээр нь би “ Яаж байгаа юм бэ. Андаа “ гэж хэлтэл үгийн зөрөөгүй, шууд цээжин тус газарт нэг удаа хутгалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Е.Дашдамбын  мэдүүлэг / хх 19-22 /,  ... хар хүрмэнд 45 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлт гарсан байна..." гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5892 дугаартай дүгнэлт / хх 46-47 /,   ...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутган дээр хүний цус илэрсэн, АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6649 дугаартай дүгнэлт / хх 41-42/,  ...цагаан үстэй захтай хар өнгийн богино куртик дээр хүний цус илэрсэн, АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6648 дугаартай дүгнэлт / хх 51-52 /,  ... Е.Дашдамбын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1616 дугаартай дүгнэлт / хх 31-32 /,  ...Дашдамбыг би “ Архи уух уу. Гадуур гарч, наргиж цэнгэе “ гэсэн чинь Е.Дашдамба “ Маргааш ажилтай шүү дээ. Унтаж амаръя “ гээд намайг гэрээс гаргахгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдаад... би айлгах санаатай гал тогооны шүүгээнээс хутга, заазуур авч, ... заазуураар зүүн хацрыг нь зүссэн, ... зүүн гартаа барьж байсан хутгаараа цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан гэж мөрдөн шалгалтын явцад яллагдагч Т.Эын мэдүүлэг / хх 07-08 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Э-ад ял шийтгэл оногдуулахдаа эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  Т.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Е.Дашдамбын биеийн байдал сайжирсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн, түүний цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, Т.Энь сургуульд суралцдаг зэргийг харгалзаад хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см хэмжээтэй, 15 см урттай ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий хар хуванцар материалаар хийгдсэн иштэй хутга 1 ширхэг, ногоон саарал алаг өнгийн хуванцар оруулгатай 11 см иштэй, 23 см урттай, 6 см өргөнтэй заазуур 1ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй / хх 100 / гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нь хутга, заазуур нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд орохгүй учир зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Т.Энь 21 насанд хүрээгүй учир албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “ Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай, эд зүйл тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно “ гэж тайлбарласан. Хүйтэн зэвсэгт хутга, заазуур нь орох тул шүүгдэгч Т.Эыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.

2. Шүүгдэгч Т.Э нь 19 настай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн зохицуулалт нь зөвхөн өсвөр насны хүнд буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэглэх талаар заасан болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т-н Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-н Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-г журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Э-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см хэмжээтэй, 15 см урттай ажлын хэсэгтэй, 12 см урттай, 3 хадаас бүхий хар хуванцар материалаар хийгдсэн иштэй хутга 1 ширхэг, ногоон саарал алаг өнгийн хуванцар оруулгатай 11 см иштэй, 23 см урттай, 6 см өргөнтэй заазуур 1ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Т.Энь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Т.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч   Т.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧИД                              Х.ИДЭР

                                                                                                 

                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ