Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/01642

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/01642

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, 38-48 тоотод оршин суух, Цэрэндуламын А

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, 38-48 тоотод оршин суух, Агийн Д

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, 38-48 тоотод оршин суух, Бтийн И

Хариуцагч: .. тоотод оршин суух, Сорогжоогийн Д

Хариуцагч: .. тоотод оршин суух, Бтийн Ц

.. тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлөх, маргаан бүхий эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгч А.Д, Б.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На, өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, өмгөөлөгч Ц.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д, Б.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.На шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий .. тоот орон сууцыг 2002 онд З.Бт төлбөрийг нь төлж худалдаж авсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд мэдүүлэг гаргах бөгөөд түүнд мэдүүлэг гаргагчид бүгд гарын үсэг зурхаар заасан байдаг. Гэтэл 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн С.Дгийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт анхны өмчлөгч болох З.Бт гарын үсэг зураагүй байдаг. Үүнээс үзэхэд З.Бтийн хүсэл зоригийг хаасан эсвэл тухайн хүн нь энэ тухай мэдсэн эсэхийг ч мэдэх аргагүй юм. Иймд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлгийг буцааж 15 дүгээр зүйлийн 15.4-т зааснаар мэдүүлэг, түүнд тусгасан баримтад энэ хуулийн 14.1-т заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичигт татгалзсан үндэслэлийн хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэж хуульчилсан байдаг. Гэвч тухайн үед мэдүүлгийг ашиглан бүртгэл хийлгэж, уг байрны өмчлөх эрх С.Дд олгогдсон байдаг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ уг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх нь баталгаажих буюу гэрчилгээ гарснаар уг орон сууц нь С.Дгийн өмчлөлд шилжих тухай зааж өгсөн байдаг. Гэтэл хууль бус процессын дагуу гарсан гэрчилгээн дээр С.Д тус орон сууцыг өмчилж, ашиглаж ирсэн байна. Хэрэв уг гэрчилгээ нь гараагүй байсан бол С.Д нь уг байрыг өмчлөх, захиран зарцуулах эрх үүсэхгүй байсан. Тухайн үед эд хөрөнгө улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль бус, гэрчилгээг хуульд заасны дагуу гаргахгүй байх ёстой байсан. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1633 дугаартай шийдвэрээр З.Бт, С.Д нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож улсын бүртгэлээс хассан байдаг. Үүнээс үзэхэд С.Д, Б.Ц нар нь З.Бттой хамааралгүй хүмүүс учир уг орон сууцыг өмчлөх эрхгүй юм. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т эд хөрөнгийг шударга бусаар олж авсан бол тус эд хөрөнгийг олж авсан этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй буюу С.Д, Б.Ц нар нь уг байрыг өмчлөх эрхгүй байсан нь харагдаж байна. Мөн өмнөх маргааны шийдвэрээс харахад С.Д нь З.Бтийг хууль ёсны гэр бүл, үр хүүхэдтэй гэдгийг мэдээгүй гэх тайлбар гаргасан байдаг. 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд З.Бт нь С.Дтай хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар уулзахад З.Бтоос асуусан байдаг. Иймд С.Д нь 2008 онд З.Бтийг өөр гэр бүлтэй, хүүхэдтэй, З.Бтийг гэрлэлтээ батлуулсныг мэддэг байсан байж 2011 онд хуурамчаар З.Бттой гэрлэлтээ батлуулсан. 2003 онд албан ёсны гэрлэлт байгаагүй, хамтран амьдардаг боловч өмчлөлийг өөрийн эзэмшилд авсан нь хууль бус юм. Нэхэмжлэгч Ц.А, З.Бт нар нь 1995 онд гэр бүл болж 1998 онд гэрлэлтээ батлуулсан. Байрыг 2002 онд худалдаж авсан. 2005 оны Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолтоор Ц.А, З.Бт нар нь хамтран амьдарч байсан нь уг байр гэр бүлийн дундын өмч гэдгийг нотолж байна. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаар магадлалд .. тоот орон сууц нь нэхэмжлэгч Ц.А, З.Бт нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт нийцсэн байна гэж тодорхойлдог. З.Бт нь 2011 оны 05 дугаар сарын 09-ны өдөр нас барсан бөгөөд нас барсны 326 дугаар гэрчилгээг авсан. Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Аийн баталснаар Ц.А, А.Д, Б.И нар нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон юм. Орон сууц нь гэр бүлийн хамтын өмчлөл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд байрны өмчлөгч нь Ц.А, А.Д, Б.И нар юм. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасныг үндэслэн ..тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоож өгнө үү. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .. тоотод манай гэр бүл амьдарч байсан учраас уг орон сууц нь гэр бүлийн дундын өмч юм. 2005 онд уг орон сууцтай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоог хүртэл энэ маргаан нь үргэлжилж байна. Энэ хугацаанд би өөрийн хүүхдүүдийн хамт түрээсийн байр түрээсэлж амьдарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ маргаан нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. Иймд уг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нар нь хариуцагч С.Д, Б.Ц нарт холбогдох ..тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тус шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1633 дугаартай Ж.Бт С.Д нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 1479 дугаартай хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас талийгаач Ж.Бтт ногдох хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн зүйл болох 59 тоот орон сууцны анхны өмчлөгчийг тогтоолгох магадлал, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Бт Ц.А нарын 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн гэрчилгээ, Ж.Бт нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тухай гэрчилгээ, Бтийн Иий төрсний гэрчилгээ С.Дтай хүүхдийн тэтгэлэг төлөгч Ж.Бтийн талаар уулзсан тэмдэглэл, 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатад маргаан бүхий орон сууц болон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуулийн дагуу өвлөн авах Ц.А, А.Д, Б.И нарын гаргасан өргөдөл зэргийг хавсарган ..тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасанг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Маргаан бүхий ..тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Бт, Б.Ц, С.Д нар болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Дугаар 000714609 гэрчилгээгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь С.Д нь байрыг өмчлөх, захиран зарцуулах эрхгүй. Эд хөрөнгө улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль бус, гэрчилгээг хуульд заасны дагуу гаргахгүй байх ёстой байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1633 дугаартай шийдвэрээр З.Бт, С.Д нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр буст тооцож улсын бүртгэлээс хассан. Үүнээс үзэхэд С.Д, Б.Ц нар нь З.Бттой хамааралгүй хүмүүс учир уг орон сууцыг өмчлөх эрхгүй. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т эд хөрөнгийг шударга бусаар олж авсан бол тус эд хөрөнгийг олж авсан этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй буюу С.Д, Б.Ц нар нь орон сууцыг өмчлөх эрхгүй байсан нь харагдаж байна. С.Д нь З.Бтийг өөр гэр бүлтэй, гэрлэлтийн баталгаатай, хүүхэдтэйг мэдсээр байж 2011 онд хуурамчаар З.Бттой гэрлэлтээ батлуулж орон сууцны өмчлөлийг өөрийн эзэмшилд авсан нь хууль бус гэж тайлбарлан маргасан боловч Ж.Бт, Б.Ц, С.Д нар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар холбогдох баримтыг бүрдүүлж орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эдгээр 3 хүн орон сууцны өмчлөгч байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар 102/ШШ2017/00974 шийдвэрээр 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий ..тоот орон сууцны талийгаач Ж.Бтт ногдох хэсгээс нэхэмжлэгч Ц.А, Б.И нарыг бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.А, Б.И нар нь маргаан бүхий орон сууцны Ж.Бтт ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохоос орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч С.Д, Б.Ц нарт холбогдох ..тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Д, Б.Ц нарт холбогдох ..тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА