Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01318

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01318

 

 

 

Ц.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01642 дугаар шийдвэртэй

Ц.А, А.Д, Б.И нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Д, Б.Ц нарт холбогдох

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 3а байр 59 тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлөх, маргаан бүхий эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгч Б.И, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч А.Д, Б.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болж буй Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол За байр 59 тоот орон сууцыг 2002 онд З.Б төлбөрийг нь төлж худалдаж авсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд мэдүүлэг гаргах бөгөөд түүнд мэдүүлэг гаргагчид бүгд гарын үсэг зурахаар заасан байдаг. Гэтэл 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн С.Дгийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт анхны өмчлөгч болох З.Б гарын үсэг зураагүй байдаг. Үүнээс үзэхэд З.Бийн хүсэл зоригийг хаасан эсвэл тухайн хүн нь энэ тухай мэдсэн эсэхийг ч мэдэх аргагүй юм. Иймд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлгийг буцааж 15 дүгээр зүйлийн 15.4-т зааснаар мэдүүлэг, түүнд тусгасан баримтад энэ хуулийн 14.1-т заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичигт татгалзсан үндэслэлийн хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэж хуульчилсан байдаг. Гэвч тухайн үед мэдүүлгийг ашиглан бүртгэл хийлгэж, уг байрны өмчлөх эрх С.Дд олгогдсон байдаг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ уг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх нь баталгаажих буюу гэрчилгээ гарснаар уг орон сууц нь С.Дгийн өмчлөлд шилжих тухай зааж өгсөн байдаг. Гэтэл хууль бус процессын дагуу гарсан гэрчилгээн дээр С.Д тус орон сууцыг өмчилж, ашиглаж ирсэн байна. Хэрэв уг гэрчилгээ нь гараагүй байсан бол С.Д нь уг байрыг өмчлөх, захиран зарцуулах эрх үүсэхгүй байсан. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1633 дугаартай шийдвэрээр З.Б, С.Д нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож улсын бүртгэлээс хассан байдаг. Үүнээс үзэхэд С.Д, Б.Ц нар нь З.Бтой хамааралгүй хүмүүс учир уг орон сууцыг өмчлөх эрхгүй юм. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т эд хөрөнгийг шударга бусаар олж авсан бол тус эд хөрөнгийг олж авсан этгээдэд өмчлөх эрх үүсэхгүй буюу С.Д, Б.Ц нар нь уг байрыг өмчлөх эрхгүй байсан нь харагдаж байна. С.Д нь 2008 онд З.Бийг өөр гэр бүлтэй, хүүхэдтэй, З.Бийг гэрлэлтээ батлуулсныг мэддэг байсан атлаа 2011 онд хуурамчаар З.Бтой гэрлэлтээ батлуулсан. 2003 онд албан ёсны гэрлэлт байгаагүй, хамтран амьдардаг боловч өмчлөлийг өөрийн эзэмшилд авсан нь хууль бус юм. Нэхэмжлэгч Ц.А, З.Б нар нь 1995 онд гэр бүл болж 1998 онд гэрлэлтээ батлуулсан. Байрыг 2002 онд худалдаж авсан. 2005 оны Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолтоор Ц.А, З.Б нар нь хамтран амьдарч байсан нь уг байр гэр бүлийн дундын өмч гэдгийг нотолж байна. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаар магадлалд Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол За байр 59 тоот орон сууц нь нэхэмжлэгч Ц.А, З.Б нарын хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт нийцсэн байна гэж тодорхойлдог. З.Б нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд нас барсны 326 дугаар гэрчилгээг авсан. Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Алтанхуягийн баталснаар Ц.А, А.Д, Б.И нар нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон юм. Орон сууц нь гэр бүлийн хамтын өмчлөл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд байрны өмчлөгч нь Ц.А, А.Д, Б.И нар юм. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасныг үндэслэн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 3а байрны 59 тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоож өгнө үү. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол За байр 59 тоотод манай гэр бүл амьдарч байсан учраас уг орон сууц нь гэр бүлийн дундын өмч юм. 2005 онд уг орон сууцтай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоог хүртэл энэ маргаан нь үргэлжилж байна. Энэ хугацаанд би өөрийн хүүхдүүдийн хамт түрээсийн байр түрээсэлж амьдарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Учрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. Иймд уг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Д, Б.Ц нарт холбогдох Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 3а байрны 59 тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсаныг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ц.А миний бие 1995 онд Ж.Бтой гэр бүл болж 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд гэрлэлт одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. 2002 онд Баянгол дүүргийн 1-р хороо, Богд Арын 3А байрны 59 тоот байрыг худалдан авч гэрээний төлбөрийг бүрэн хийсэн, харин тус байр 2004 онд ашиглалтад орсон. Гэвч 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч бидний өмчлөх эрх зөрчигдөж байгаа учраас. шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх 2005 онд Ж.Бтой гэрлэлт цуцлуулж 59 тоот гэр бүлийн өмчөөс өөрт ногдох хувиа гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад шүүхээс гэрлэлт цуцлаагүй, дундын өмчийг хуваах асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Үүний дараа 2011 онд С.Д Ж.Бийг хууль ёсны гэр бүлтэй гэдгийг мэдсээр байж нөхөр Ж.Бийг 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барахаас нэг сарын өмнө Баянгол дүүргээс гэрлэлтийн баталгаа авсан байсныг Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс тус гэрлэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. 2005 онд анх Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл энэ 16 жилийн хугацаанд нэхэмжлэгчид бидний гэр бүлийн өмчөө өмчлөх эрх өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр байна. Үүнээс гадна хариуцагчийн нэг бус удаагийн үйлдлүүд нь хууль бус болохыг шүүхээр тогтоолгоход гарсан шүүхийн зардал, өмгөөллийн хөлсийг олон удаа төлж, өнөөдрийг хүртэл өөрсдийн өмчийг өмчилж чадахгүй, олон жил бусдын байрыг түрээсэлж сэтгэл санааны болон мөнгө санхүүгийн их хэмжээний хохиролтой байна. 2006 оны шүүхийн шийдвэрээр хүү Бийн Ид төлөгдөх ёстой 6 000 000 төгрөгийн авлага, 2008 оны шүүхийн шийдвэрээр эхнэр Ц.А, хүү А.Д, Б.И нарт төлөгдөх ёстой 49 500 000 төгрөгийн хохирол өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Хариуцагч С.Д бусдын өмчийг завшиж, хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх авч үзэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг хянан шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. Иймээс анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсанчлан тус гэрчилгээг авахдаа тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан бөгөөд анхнаасаа хууль бус аргаар олгогдсон гэрчилгээ байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.А болон Ж.Б нарын хамтран амьдарч байх хугацаанд буюу 2002 оны 8 дугаар сарын 20-нд 59 тоотыг худалдах, худалдан авах гэрээ хийж, 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эрхийн бичиг авснаар Ж.Б нь тус байрны эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг үндэслэн гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хамаарах эд хөрөнгө юм. Гэтэл 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр С.Д нь Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг, өргөдөл гаргаснаар тухайн байрны өмчлөгчөөр Ж.Б, С.Д, Б.Ц нар бүртгэгдсэн. Тухайн мэдүүлэг, болон өргөдөлд байрны жинхэнэ эзэн Ж.Б огтхон ч гарын үсэг зураагүй, итгэмжлэл олгогдоогүй, хүсэл зориг илэрхийллийг хангаагүй байдаг. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчин зөвхөн гэрчилгээн дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дахин олгогдсон гэрчилгээг анх удаа Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж буруу дүгнэн, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлэхэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг тусгасан байдаг учир хуулийн хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэжээ. Гэтэл анх гэрчилгээ 2004 онд олгогдсон, 2019 онд олгогдсон гэрчилгээ нь С.Д нь Ж.Бийг өмчлөгчөөс хууль бусаар хассан болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангасан, буцаан 3 өмчлөгчтэй болгосон гэрчилгээ юм. Мөн шүүхээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг үндэслэжээ. Гэтэл уг зүйл заалт нь эрх шилжүүлж байгаа этгээд болон эрх шилжүүлэн авч байгаа этгээдийн хооронд үүсэх харилцаа байна. Тухайн үедээ Ж.Б нь ямар нэгэн байдлаар эрхийг шилжүүлэн өгөөгүй бөгөөд өөрөө хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг тул уг хуулийн зүйл заалтыг хэрэглэх нь үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01642 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нар нь хариуцагч С.Д, Б.Ц нарт холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 3а байр 59 тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлөх орон сууцны шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч ... энэ маргаан гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэсэн тайлбар гаргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00974 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.А, Б.И нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны талийгаач Ж.Бт ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс А.Дий өвлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хорооллын 3А байрны 59 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Бийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1479 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00033 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх.50-77/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

Хэргийн 9 дүгээр талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3А байр, 59 тоот хаягт байрлах, 88.28 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ж.Б, Б.Ц, С.Д нар бүртгэгджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нарыг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3А байр, 59 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б, Б.Ц, С.Д нарыг орон сууцны өмчлөгч байна гэж дүгнэсэн нь буруу биш юм. Иймд анхан шатны шүүх Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 3а байрны 59 тоот орон сууцыг шударга бус өмчлөгчийн өмчлөлөөс чөлөөлж, шударга өмчлөгчөөр Ц.А, А.Д, Б.И нарыг тогтоолгох нэхэмжлэгч Ц.А, А.Д, Б.И нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Харин шүүх нэхэмжлэгч нарын шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01642 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн... гэсний дараа ...101 дүгээр зүйлийн 101.1, гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО