Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/00026

 

“М  ББСБ” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02140 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б , Г , П , Б  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 111,517,943 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б , хариуцагч нарын өмгөөлөгч Н , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК нь хариуцагч Б , Г , П , Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 111,517,943 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г , Б , Б  нараас зээлийн гэрээний үүрэгт 111,517,943 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх ... УНР улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12б байр 29 тоотод орших 40 м.кв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3-р хороолол 2 дугаар байр 39 тоотод орших 18 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г , Б , Б  нараас улсын тэмдэгтийн хураамжид 785,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02140 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “111,517,943” гэснийг “63,808,332” гэж, “нэхэмжлэлээс үлдэх” гэсний дараа “41,875,010 төгрөг болон” гэж нэмж, 2 дахь заалтад “баталсугай.” гэснийг “баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж  өөрчилж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2в байр, 39 тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12б байр, 29 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “785,740” гэснийг “476,992” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б ын хяналтын журмаар гаргасан гомдолд:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.11-ний өдрийн 210/МА2023/02140 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээхээр дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг биелүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5.1-д дүгнэхдээ “2019.07.23-ны өдрөөс 2021.03.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах зээлийн хүүг сарын 3.5 хувийн хүүтэйгээр тооцвол үндсэн зээл 105,000,000 төгрөг, зээлийн хүү 27,317,500 /7 сарын зээлийн хүү 105,000,000 х 3.5 % х 7 сар = 25,725,000 төгрөг дээр 13 хоногийн зээлийн хүү 105,000,000 х 3.5 % :30 хоног х 13 хоног = 1,592,500 төгрөгийг нэмж/ нийт үүрэг 132,635,000 төгрөгөөс мөн хугацаанд хариуцагч нарын төлсөн 71,481,000 төгрөгийг хасвал зээлийн үлдэгдэл 61,154,000 төгрөг байна” гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь, давж заалдах шатны шүүх 2019.07.23-ны өдрөөс 2021.03.06-ны өдрийг хүртэлх хугацааг 7 сар хэмээн буруу тооцоолсон бөгөөд зээлийн хамрагдах энэ хугацаа нь 19 сар 13 хоног юм. Дээрх 19 сар 13 хоногоор тооцоолоход 2019.07.23-ны өдрөөс 2021.03.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах зээлийн хүүг сарын 3.5 хувийн хүүтэйгээр тооцвол үндсэн зээл 105,000,000 төгрөг, зээлийн хүү 71,417,500 /19 сарын зээлийн хүү 105,000,000 х 3.5 % х 19 сар = 69,825,000/ төгрөг дээр 13 хоногийн зээлийн хүү 105,000,000 х 3.5 % :30 хоног х 13 хоног = 1,592,500 төгрөгийг нэмж/ нийт үүрэг 176,417,500 төгрөгөөс мөн хугацаанд хариуцагч нарын төлсөн 71,481,000 төгрөгийг хасвал зээлийн үлдэгдэл 104,936,500 төгрөг байна. Иймд зээлийн хугацааг бурууг тооцоолсон магадлалын үндэслэх хэсгийн 5.1-ээс хойших 5.2, 5.3 дахь үндэслэлүүд бүгд буруу тооцож бодогдсон. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 8-т заасан тооцоолол, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.11-ний өдрийн 210/МА2023/02140 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.01.25-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00169 тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Б ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК нь хариуцагч Б , Г , П , Б  нарт холбогдуулан зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 91,357,024.13 төгрөг, зээлийн хүү 20,160,919.67 төгрөг, нийт 111,517,943.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нь “...2019-2023 оны хооронд нийт 116,881,000 төгрөг төлсөн, ...нэхэмжлэгч тал энэ төлсөн мөнгөнөөс үндсэн зээл 13,642,975 төгрөг, зээлийн хүү 102,592,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 645,294 төгрөгийг тус тус суутгаж тооцсон байна, ...төлөгдсөн төлбөрөөс нэн тэргүүнд зээлийн хүүгийн төлбөрийг суутган авсан, ингэхдээ төлөгдсөн төлбөрөөс эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлбөрийн хэмжээнээс илүү мөнгийг зээлийн хүүд суутган авсан, ...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс хасуулна, ...үндсэн зээл нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, хүү 20,160,919 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэж маргажээ.

7. Нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК болон хариуцагч Б , Г , П , Б  нарын хооронд 2019.07.23-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу  105,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл шилжсэн байх бөгөөд зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12б байр 29 тоотод орших 40 м.кв 3 өрөө орон сууц, улсын буртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2 дугаар байр 39 тоотод орших 18 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... УНР улсын дугаартай ... маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон.

Зээлдүүлэгч тал гэрээнд заасны дагуу 105,000,000 төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн, зээлдэгч нар нийт 116,881,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч П  2023.07.15-ны өдөр нас барсан тул нэхэмжлэгч нь түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

8. Анхан шатны шүүх “...талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, ...зээлдэгч нар нь 2019.08.22-ны өдрөөс 2023.01.26-ны өдөр хүртэл үндсэн зээл 13,642,975.87 төгрөг, зээлийн хүү 102,592,729.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 645,294 төгрөг, нийт 116,881,000 төгрөг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, “М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна” гэж дүгнээд, хариуцагч Г , Б , Б  нараас үндсэн зээл 91,357,024 төгрөг, зээлийн хүү 20,160,919.67 төгрөг, нийт 111,517,943 төгрөгийг гаргуулж “М  ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй гэж, харин фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд “...нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлийг бодитоор гаргуулан авах эрхтэй атлаа хариуцагч нараас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж, фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь фидуцийн гэрээний шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэхээр байна. ... талуудын хооронд тухайн хөрөнгөөр барьцааны гэрээ байгуулагдаагүй тул фидуцийн гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсэхгүй” гэсэн үндэслэлээр ... УНР улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэх хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 9.  Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...зээлдэгч нараас 2021.03.06-ны өдөр зээлийн хүүгээ 3 хувь болгож бууруулж өгөөч гэсэн хүсэлт өгснийг хүлээн аваад 2,8 хувь болгож бууруулсан. 2021.03.08-ны өдөр зээлийн хүүг дахиж 2 хувь болгон бууруулсан. ... 2023.10.23-ны өдрөөс зээлийн хүүг зогсоосон тухай нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг үндэслэн зээлдүүлэгчээс ирүүлсэн  баримтыг үнэлж, зээлдэгч нарын зээл төлсөн хэмжээ, хугацааг харгалзан зээлийн тооцооллыг хийх нь зүйтэй” гэж дүгнээд, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 63,808,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.   

Ингэхдээ хариуцагч нарын зээлийн хүүд төлөх хэмжээг 2019.07.23-ны өдрөөс 2021.03.06-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3,5 хувиар, 2021.03.06-ны өдрөөс 2022.04.08-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 2,8 хувиар тус тус тооцооллыг хийж, улмаар 2022.04.08-ны өдрөөс зээлийн хүүг зогсоосон 2023.10.23-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн үүргийг тооцож, үндсэн зээл 51,915,898 төгрөг, зээлийн хүү 26,892,434 төгрөг, нийт 78,808,332 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, зээлд 63,808,332 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

Түүнчлэн хариуцагч П нас барсан тул нэхэмжлэгч нь түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх татгалзлыг баталж шийдвэрлэхдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасныг залруулна гэжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний үүрэг 24 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүг төлөхөөр тохиролцсон ч зээлдэгч нар сар бүрийн үндсэн зээл болон хүүгийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн боловч 2019-2023 оны хооронд нийт 116,881,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөлт хийх үүргээ зөрчсөн, түүнчлэн зээлийн үндсэн хүүгийн хувь хэмжээг бууруулснаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тооцоолол өөрчлөгдсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой биш байна.

10.1.Анхан шатны шүүх үндсэн зээл болон хүүг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллын баримтыг хэрхэн, яаж үнэлж байгаа тухайгаа тодорхой дүгнээгүй буюу хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс зээлдэгчийн хариуцах үүрэгт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг хэрэглэх эсэх нь ойлгомжтой бус болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний хугацаанд болон хугацаа өнгөрсний дараа зээлийг ямар хэмжээгээр төлсөн, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцооллыг тодруулж чадаагүй, хариуцагчийн татгалзалд эрх зүйн үндэслэл бүхий няцаалт хийгээгүй байх тул “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

10.2.Давж заалдах шатны шүүх зээлийн эргэн төлөлтийн тооцоог үндсэн хүүгийн хувь хэмжээ өөрчлөгдсөн дүнгээр, тухайн хамаарах хугацаанд тооцсон боловч “2019.07.23-ны өдрөөс 2021.03.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах зээлийн хүүг сарын 3,5 хувийн хүүтэйгээр тооцвол үндсэн зээл 105,000,000 төгрөг, зээлийн хүү 27,317,500 /7 сарын зээлийн хүү 105,000,000*3,5хувь*7сар= 25,725,000 төгрөг дээр 13 хоногийн зээлийн хүү 105,000,000*3,5 хувь:30 хоног*13хоног=1,592,500 төгрөгийг нэмж/ төгрөг, нийт үүрэг 132,635,000 төгрөгөөс мөн хугацаанд хариуцагч нарын төлсөн 71,481,000 төгрөгийг хасвал зээлийн үлдэгдэл 61,154,000 төгрөг байна” гэж дүгнэхдээ “2019.07.23-ны өдрөөс 2021.03.06-ны өдрийг хүртэлх хугацаа”-г 7 сар гэж тогтоосон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын энэ хэсгийг үндэслэлтэй гэж үзэх хэдий ч хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг тооцооллыг залруулан дүгнэх боломжгүй юм.  

Түүнчлэн давж заалдах шатны шүүх аль хуулийн, ямар үндэслэлээр хариуцагч нарын төлөх үүргийн хэмжээг тогтоосон тухайд эрх зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй байна.  

10.3.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах суурь нөхцөл нь болдог. Энэ хэргийн тухайд талууд зээл өгсөн, зээлийн буцаан төлсөн хэмжээнд маргаагүй ч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийн зөрчлөөс шалтгаалж хариуцагч нарын хүлээх үүргийн хэмжээг хуульд нийцүүлэн зөв тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул зээлийн эргэн төлөлт буюу зээлдэгчийн үүргийн хэмжээг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт болон талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар тооцсон эсэх нь ойлгомжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хэмжээ нь эрх бүхий байгууллагаас баталсан зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалаар бодогдсон эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Улмаар зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлох буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхэд зээлийн тооцоолол чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, зээлдэгчээс гэрээний хугацаанд төлсөн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тодорхой бус, түүнчлэн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн хэмжээ, хугацаа хэтэрсний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон, мөн хугацаа дууссанаас хойш хариуцагч нарын төлсөн төлбөрийг үүргийн аль хэсгээс хасаж тооцсон нь ойлгомжгүй байхад хоёр шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр өөр өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ялгаатай хэмжээгээр хангасныг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

Иймээс хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн эхэнд “нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор” гэж гомдол гаргагч талыг буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02140 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 785,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

      Н.БАТЧИМЭГ

      П.ЗОЛЗАЯА                                                              

                                                                                         Д.ЦОЛМОН