Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02140

 

 2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02140

 

 

“ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дугаар шийдвэртэй,

 

“ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.О, Г.С, П.Бу, Б.Ба нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 105,683,342 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пагамдулам, хариуцагч Б.О, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч Б.О, Г.С, П.Бу, Б.Ба нар нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1280002204 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 105,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар авсан.

1.2. Гэвч тэд гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 91,357,024 төгрөг, зээлийн хүү 20,160,919 төгрөг, нийт 111,517,943 төгрөг төлөөгүй байна.

“ББСБ” ХХК болон хариуцагч Б.О, Г.С, П.Бу, Б.Ба нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 111,517,943 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох улсын буртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, - байр, -од орших 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын буртгэлийн 2205014637 дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, - байр, -од орших 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,

1280002204 дугаар фидуцийн гэрээнд заасан SHAANHXI маркийн 2011 онд үйлдвэрлэсэн өөрөө буулгагч ачааны автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.3. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 105,683,342 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.О нь том оврын ачааны машин худалдан авч тээврийн ажил хийх зорилгоор “ББСБ” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 105,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан.

2.2. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч нь 2019 онд үндсэн зээл 15,080,968 төгрөг, зээлийн хүү 17,718,147 төгрөг, нийт 32,799,115 төгрөгийн төлбөрөөс 26,531,000 төгрөг төлсөн. 2020 онд үндсэн зээл 49,768,994 төгрөг, зээлийн хүү 28,948,881 төгрөг, нийт 78,717,875 төгрөгийн төлбөрөөс 36,150,000 төгрөг төлсөн. 2021 онд үндсэн зээл 40,150,038 төгрөг, зээлийн 5,768,722 төгрөг, нийт 45,918,760 төгрөгийн төлбөрөөс 38,700,000 төгрөг, 2022 онд 15,000,000 төгрөг, 2023 онд 500,000 төгрөг, нийт 116,881,000 төгрөг тус тус төлсөн.

2.3. Гэтэл “ББСБ” ХХК нь зээлдэгчээс 2019 онд төлсөн 26,531,000 төгрөгөөс үндсэн зээл 8,606,130 төгрөг, зээлийн хүү 17,884,689 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,180 төгрөг, 2020 онд төлсөн 36,150,000 төгрөгөөс үндсэн зээл 2,369,108 төгрөг, зээлийн хүү 33,780,891 төгрөг, 2021 онд төлсөн 38,700,000 төгрөгөөс үндсэн зээл 2,667,736 төгрөг, зээлийн хүү 35,427,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 605,114 төгрөг, 2022 онд төлсөн 15,000,000 төгрөгөөс зээлийн хүү 15,000,000 төгрөг, 2023 онд төлсөн 500,000 төгрөгөөс зээлийн хүү 500,000 төгрөг тус тус хасаж, зээлдэгчийн нийт төлсөн 116,881,000 төгрөгөөс үндсэн зээл 13,642,975 төгрөг, зээлийн хүү 102,592,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 645,294 төгрөг тус тус суутгаж тооцсон байна.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч “ББСБ” ХХК нь зээлдэгчээс төлөгдсөн төлбөрөөс нэн тэргүүнд зээлийн хүүгийн төлбөрийг суутган авсан, ингэхдээ төлөгдсөн төлбөрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлбөрийн хэмжээнээс илүү мөнгийг зээлийн хүүд суутган авсан байна.

2.4. Зээлдэгчийн хувьд, хамгийн хүнд нөхцөлтэй үүрэг нь үндсэн зээлийн төлбөр юм. Үндсэн зээлээ төлж дуусгахгүйгээр хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, хоног хугацаа өнгөрөх тутам өрийн хэмжээ улам нэмэгдэх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт зааснаар төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулж тооцуулна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч үндсэн зээлд 91,357,024 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, харин зээлийн хүүд нэхэмжилсэн 20,160,919 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, Б.О, Б.Ба нараас зээлийн гэрээний үүрэгт 111,517,943 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх - улсын дугаартай Shaanhxi маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Буд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч “ББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, - байр -од орших 40 мкв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн 2205014637 дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3-р хороолол - байр -од орших 18 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, Б.О, Б.Ба улсын тэмдэгтийн хураамжид 785,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

5.1.1. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдын гаргасан тайлбар болон нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй, зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, баримтуудыг үнэн зөв гэж үзэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Тухайлбал, нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь “зээлийн дансны хуулга” гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад шүүх зээлдэгч нар нь нийт 111,517,943 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч талаас “Зээлдэгч П.Буд 1280002204 тоот гэрээний тооцоолол” гэх 3 нүүр хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг тооцоолол нь нэхэмжлэгч байгууллагын үйлдсэн баримт юм. Уг тооцооллоос харахад нэхэмжлэгч нь хариуцагч нараас төлөгдсөн 116,881,000 төгрөгөөс 13,642,975 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, үлдэх 103,238,024 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцон суутгасан байгаа нь илт шударга бус, уг нөхцөл байдал нь зээлийн гэрээ, хууль тогтоомжтой нийцэж байгааг тодруулах шаардлагатай байхад анхан шатны шүүхээс уг баримтыг хариуцагчийн гаргасан тооцоололтой харьцуулан үзээгүйд гомдолтой байна.

5.1.2. Шүүгч нь хариуцагчийн татгалзлын агуулгыг зөв ойлгоогүй, оновчтой дүгнэлт хийж чадаагүй. Тодруулбал, хариуцагч нь 105,0 сая төгрөгийн зээлийг зээлийн гэрээний хугацаанд бүрэн төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү бодож нэхэмжилсэнтэй маргаагүй. Мөн зээлийн хүүг жилээр тооцож илүү авсан гэж маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 116,881,000 төгрөгийн 103,238,024 төгрөгийг зээлийн хүүнд, 13,642,975 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцож, одоо үндсэн зээлийн үлдэгдлийг 91,357,024 төгрөг, хүү 20,160,919 төгрөг, нийт 111,517,943 төгрөг нэхэмжилж байгааг эс зөвшөөрч маргасан.

5.1.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 2.3-т: “...Талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний Хавсралт 1-0 харилцан тохиролцож, баталгаажуулсан бөгөөд Зээлдэгч нь хуваарийн дагуу тухай бүр төлнө гэж заасан.

Эргэн төлөлтийн хуваарьт зааснаар /саруудын төлбөрийг нэгтгэсэн дүнгээр/ нийт 105,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг 2019 онд зээлд 15,080,968 төгрөг, хүүд 17,718,147 төгрөг, нийт 32,799,115 төгрөг /хэсэгчлэн төлөгдөх нийт төлбөрт зээлийн төлбөрийн эзлэх харьцаа 45,97%/, 2020 онд зээлд 49,768,994 төгрөг, хүүд 28,948,881 төгрөг, нийт 78,717,875 төгрөг /хэсэгчлэн төлөгдөх нийт төлбөрт зээлийн төлбөрийн эзлэх харьцаа 63,22%/, 2021 онд зээлд 5,768,722 төгрөг, хүүд 5,768,722 төгрөг, нийт 45,918,760 төгрөг /хэсэгчлэн төлөгдөх нийт төлбөрт зээлийн төлбөрийн эзлэх харьцаа 87,43%/ тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл хэрэгт авагдсан зээлийн тооцоолол баримтаас үзэхэд нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь хариуцагч нараас 2019 онд төлсөн 26,531,000 төгрөгийн 8,606,130 төгрөгийг зээлд, 17,884,689 төгрөгийг хүүд, 40,180 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд /төлөгдсөн дүнд зээлийн эзлэх харьцаа 32,43%/, 2020 онд төлсөн 36,150,000 төгрөгийн 2,369,108 төгрөгийг зээлд, 33,780,891 төгрөгийг хүүд /төлөгдсөн дүнд зээлийн эзлэх харьцаа 6,55%/, 2021 онд төлсөн 38,7000,000 төгрөгийн 2,667,736 төгрөгийг зээлд, 35,427,149 төгрөгийг хүүд, 605,114 төгрөг нэмэгдүүлсэн хүүд /төлөгдсөн дүнд зээлийн эзлэх харьцаа 6,89%/, 2022 онд төлсөн 15,000,000 төгрөгийг хүүд, 2023 төлсөн 500,000 төгрөгийг хүүд тооцон хасалт хийсэн байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нийт 33,000,000 төгрөгийг төлсөн нь хариуцагчаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь дээрх 33,000,000 төгрөгийг зээлийн хүүд суутгаж авсан.

Нэхэмжлэгч нь зээлийн хүү хуримтлагдсан учраас төлөгдсөн төлбөрийг хүүгийн төлбөрөөс түрүүлж суутгасан гэж тайлбарладаг ч зээлийн хүүг түрүүлж суутгаснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээлийн төлбөр ч бас хуримтлагдах үр дагавар үүсч байгаа тул уг тайлбар үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний хугацаанд төлөгдсөн 83,881,000 төгрөгийг “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т заасан хэсэгчлэн төлвөл зохих зээл, хүүгийн дүнд үндсэн зээлийн эзлэх харьцаа буюу хувиар зээл, хүүгийн төлбөрт хуваарилан суутгаж, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөгдсөн 33,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцвол зээлийн үлдэгдэл 18,414,510 төгрөг, хүүгийн үлдэгдэл 36,482,727 төгрөг, нийт 54,897,237 төгрөг болж байна.

5.2. Шийдвэр “хууль ёсны байх” хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн   20.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн үндсэн үүргийг төлүүлэх үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэх татгалзал үндэслэлгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлсөн 116,881,000 төгрөгийн шилжүүлгийн баримтуудаа он, оноор нь товъёолон нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр мөнгөн шилжүүлгийн баримтууд, дансны хуулгууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариас дүгнэхэд, хариуцагч нар нь мөнгөн шилжүүлгийн утгыг “П.Буд, Б.О зээл төлөв” гэх утгаар шилжүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, зээл болон хүүгийн төлбөрт 2019 онд нийт 32,799,115 төгрөг төлөх үүрэгтэйгээс 26,531,000 төгрөгийг, 2020 онд 78,717,875 төгрөг төлөх үүрэгтэйгээс 36,150,000 төгрөгийг, 2021 онд 45,918,760 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 38,700,000 төгрөгийг төлсөн буюу нийт төлсөн төлбөр нь үндсэн зээл, хүүгийн нийт төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх заалтуудыг хэрэглэх үндэслэл бүрдсэн байна.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт зааснаас өөрөөр тохиролцсон заалт байхгүй байна. Гэвч анхан шатны шүүх зохигчдын маргаанд хамааралтай Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан.

Дээрх үндэслэлүүдээр, хариуцагч нараас төлөгдсөн төлбөрийг тэргүүн ээлжинд үндсэн зээлээс хасч үлдэгдэл дүнгээс зээлийн гэрээний 2.1.3-т “зээлийн хүү жилийн 42%”, 2.2-т “Зээлийн хүүг жилийн 365 хоногоор бодно”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт “зээлийг хэсэгчлэн төлсний дараах үлдэгдэл дүнгээс зээлийн хүүг бодож төлвөл зохих хүүгийн хэмжээг гаргасан” байх тул уг зарчмын дагуу зээл, хүүгийн үлдэгдлийг тооцвол нийт 33,949,684 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна.

5.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн.

Нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахын зэрэгцээ багасгасан байдаг. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага 111,517,943.55 төгрөгийг 5,834,601 төгрөгөөр багасгаж үндсэн зээл 91,357,024 төгрөг, хүү 14,326,318 төгрөг нийт 105,683,342 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлээ дэмжсэн боловч анхан шатны шүүх анх нэхэмжилсэн хэмжээгээр 111,517,943 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлүүдээр “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 77,568,259 төгрөгийг хэрэгсэхгүй болгох буюу хариуцагч нарын төлөх төлбөрийг 33,949,684 төгрөг болгож багасгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас зээлийн төлбөрийг хавсралт 1-ийн дагуу төлсөн тохиолдолд 2019, 2020 онд үндсэн зээл, хүүгийн төлбөр хуваарийн дагуу төлөгдөх байсан. Хариуцагч нар нь зээл авснаас хойш эхний 1 сар төлбөр төлсөн боловч дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй. Зээлийн хүүгийн хуримтлал үүссэн тохиолдолд дараагийн төлсөн үнийн дүнгээс хуримтлагдсан хүүгийн төлбөрийг авч, үлдэгдлийг үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж тооцсон. Нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчиж, гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээл авч, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч нарын зүгээс зээлийн хүүг багасгахыг хүссэн. Уг хүсэлтийг хүлээн авч, зээлийн хүүгийн хэмжээг 2,8 хувь болгож багасгасан. Хариуцагч нар нь 17 сарын хугацаанд нийт 47,918,000 төгрөгийг төлөх ёстой байхад 16,803,000 төгрөгийг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь хариуцагч Б.О, Г.С, П.Бу, Б.Ба нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 105,683,342 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар үндсэн зээл 91,357,024 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “ББСБ” ХХК болон П.Буд, Б.О, П.Бу, Г.С, Б.Ба нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “ББСБ” ХХК 105,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч П.Бу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул нэхэмжлэгч түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж шийдвэрлэхдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

 

5. “ББСБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 105,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд “2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нөгөө талаас зээлийн хүүгээ 3 хувь болгож бууруулж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Манайх хүсэлтийг хүлээн аваад 2,8 хувь болгож бууруулсан. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хүүг дахиж 2 хувь болгон бууруулсан. ... 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн хүүг зогсоосон” гэх тайлбар гаргасан байна.

Дээрх тайлбарт үндэслэн зээлийн тооцооллыг нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн “Зээлдэгч П.Буд 1280002204 тоот гэрээний тооцоолол”-д зээлдэгч нараас зээл төлсөн хэмжээ, хугацааг харгалзан хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

5.1. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах зээлийн хүүг сарын 3,5 хувийн хүүтэйгээр тооцвол үндсэн зээл 105,000,000 төгрөг, зээлийн хүү 27,317,500 /7 сарын зээлийн хүү 105,000,000*3,5хувь*7сар= 25,725,000 төгрөг дээр 13 хоногийн зээлийн хүү 105,000,000*3,5 хувь:30 хоног*13хоног=1,592,500 төгрөгийг нэмж/ төгрөг, нийт үүрэг 132,635,000 төгрөгөөс мөн хугацаанд хариуцагч нарын төлсөн 71,481,000 төгрөгийг хасвал зээлийн үлдэгдэл 61,154,000 төгрөг байна.

5.2. 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 61,154,000 төгрөг, зээлийн хүүг 12 сар 8 хоногийн хугацаанд сарын 2,8 хувийн хүүгээр тооцвол нийт 20,661,898 /12 сарын зээлийн хүү болох 61,154,000*2,8хувь*12сар=20,547,744, төгрөг дээр 2 хоногийн хүү 61,154,000*2,8хувь:30 хоног*2 хоног=114,154 төгрөгийг нэмж/ төгрөг, нийт 91,815,898 төгрөгөөс хариуцагч нарын мөн хугацаанд төлсөн 29,900,000 төгрөгийг хасаж тооцвол зээлийн үлдэгдэл 51,915,898 төгрөг болж байна.

5.3. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс зээлийн хүүг зогсоосон 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн үүргийг тооцвол үндсэн зээл 51,915,898 төгрөг, зээлийн хүү 26,892,434 /18 сарын зээлийн хүү 51,915,898*2,8 хувь 18 сар= 26,165,612 төгрөг дээр 15 хоногийн хүү 51,915,898*2,8 хувь:30 хоног*15хоног=726,822 төгрөгийг нэмж/ төгрөг, нийт 78,808,332 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж зээлд 63,808,332 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45- зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт нийт 63,808,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

6. “ББСБ” ХХК болон П.Буд, Б.О, П.Бу, Г.С, Б.Ба, Б.Баттулга нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Б.О, Г.С нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, - байр, -, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг болон Б.Ба, Б.Баттулга нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, - байр, -, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.  

Дээрх барьцааны гэрээг бичгээр байгуулсан, - 1 өрөө орон сууцны барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх бөгөөд анхан шатны шүүхээс уг гэрээг мөн   хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэснийг буруутгахгүй юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Харин - 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх баримтгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодруулаагүй байна. Иймд - 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээний дагуу - 3 өрөө орон сууцыг албадан худалдаж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.   

 

7. “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээс фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “111,517,943 /нэг зуун арван нэгэн сая таван зуун арван долоон мянга есөн зуун дөчин гурав/” гэснийг “63,808,332” гэж, “нэхэмжлэлээс үлдэх” гэсний дараа “41,875,010 төгрөг болон” гэж нэмж,

2 дахь заалтад “баталсугай.” гэснийг “баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж  өөрчилж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн          Ү-2205014637 дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2в байр, -, 18 м.кв талбайтай 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс улсын бүртгэлийн Ү-- дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, - байр, -, 40 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “785,740” гэснийг “476,992” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч Н.Мөнгөнтуягаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 545,791 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17- зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                     Э.ЗОЛЗАЯА