Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 867

 

     2020        07           02                                           2020/ДШМ/867

Б.М, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч, хохирогч Б.М,

            шүүгдэгч, хохирогч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1098 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2008000000623 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............................., 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэхийн инженер мэргэжилтэй, “Эрхэт түлш” ХХК-нд механик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их дарь эхийн 4 дүгээр хэсэг, 8 дугаар гудамжны 227 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

 

2. ........................., 1990 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “НВЦ трейд” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 6-1759 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.Мтэй маргалдаж, улмаар харилцан зодолдохдоо нүүр, хамар руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.Бтай маргалдаж, улмаар харилцан зодолдохдоо нүүр, хамар руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ын талаар заасан ба тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.3 дахь заалтад “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” зэрэг нөхцөл байдлыг хянана гэж заасан. Шүүх хэрэгт цугларсан баримтыг үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын тогтоох хэсэгт “..........................ийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.Мтэй маргалдаж, харилцан зодолдож, нүүр, хамар руу нь цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна. /хх 37-38/ Тус хэрэгт яллагдагчаас өөр Б.М гэх этгээд тогтоогдоогүй бөгөөд дээрх тогтоолын агуулгыг үзвэл яллагдагч .............ийг өөрөө өөртөө хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан байх ба уг тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Улмаар прокурорын яллах дүгнэлт нь Б.Мд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоос өөр агуулгаар буюу ..............ийг иргэн Б.Бтай маргалдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж ялласан байх ба яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь хоорондоо ноцтой зөрүүтэй байна. Энэхүү байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.3 дахь заалтыг хангаагүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн гэх нөхцлийг хангаагүй гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Б, Б.М нарт холбогдох 2008000000623 дугаар эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Отгончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мон-Лаа” 2-18 тоот хашаанд иргэн Б.Мтэй маргалдаж, харилцан зодолдож нүүр, хамар руу цохиж биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мон-Лаа” 2-18 тоот хашаанд иргэн Б.Бтай маргалдаж, харилцан зодолдож нүүр, хамар руу цохиж биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч Б.М, Б.Б нар харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч Б.М, Б.Б нарын мэдүүлэг, гэрч Б.Энх-Анар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 4235 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4303 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын “тогтоох” хэсэгт хохирогч Б.Бын нэрийг буруу бичиж техникийн алдаа гаргасан боловч гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцгийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар, зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа болохыг тодорхой зааж өгсөн. Мөн тогтоолын “тодорхойлох” хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээлэл, гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцгийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар, зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа болох, хохирогчийн нэрийг зөв бичсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэсэн байх бөгөөд яллагдагч Б.Б, Б.М нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.3 дахь заалтыг хангаагүй, шүүгдэгч зөвшөөрсөн гэх нөхцлийг хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасан байх бөгөөд мөрдөгчөөс яллагдагч Б.Мд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, эрхийг нь тайлбарлан өгч, тэмдэглэлд тусгаж гарын үсэг зуруулж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэсэн байх тул яллагдагч Б.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй, өөрөөр хэлбэл энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүгчийн захирамжинд “шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв” гэжээ. Гэвч яллагдагч Б.М, Б.Б нар нь шүүх хуралдаанд болсон үйл явдлын талаар ярихгүй гэсэн боловч шүүгч, улсын яллагчийн асуултанд нэг бүрчлэн хариулж гэм бурүугаа хулээн зөвшөөрсөн. Хэнд, хэзээ, хэрхэн ямар байдлаар гэмтэл учруулсан, мөн хохирогчийн эрх, үүрэгтэйгээр оролцож, хэний үйлдлийн улмаас гэмтэл авсан талаараа тодорхой мэдүүлэг өгсөн байгаагаас үзэхэд гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин шүүхээс хэрхэн, яаж ямар байдлаар нотлох, ямар ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зөрчил гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож  өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Бын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Мөнх-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/1098 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Хэргийг хянахад, прокуророос “...Батмөнхийн Мөнх-Эрдэнийг ...иргэн Б.Мтэй маргалдаж, улмаар харилцан зодолдохдоо, нүүр, хамар руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байх боловч шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэж, энэ талаараа тайлбар, мэдүүлэг өгч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Б.М, Б.Б нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.М, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрчээ.

            Иймд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1098 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ