Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 958

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,  

хохирогч, шүүгдэгч Б.Б ,  

хохирогч, шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Борлууд овогт Б.Б ,

Дүдэл овогт Б.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000000623 дугаартай, нэг хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Борлууд овогт Б.Б , Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэхийн техникийн инженер мэргэжилтэй, “.....” ХК-д механик инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эх ......, ... гудамжны ......тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.........).

2. Дүдэл овогт Б.М , Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.....” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД.........).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Б.Б  нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.М тэй маргалдаж, харилцан зодолдож, нүүр, хамар руу нь цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт;

Б.М  нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.Б тай маргалдаж, харилцан зодолдож, нүүр, хамар руу нь цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүүлэгт:

            Б.Б  шүүгдэгчээр: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэж,

            -хохирогчоор: Миний хамар хэсэгт гэмтэл учирсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж;  

            Б.М  шүүгдэгчээр: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэж,

-хохирогчоор: Б.Б  миний хамрыг гэмтээсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж тус тус мэдүүлсэн.

Хоёр. Эрүүгийн 2008 0000 00623 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:

1.Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын

10-ны өдөр өгсөн: “...Би М д 2.500.000 төгрөгийн өртэй байсан юм. Үүнээс үүдэж 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой М  бид хоёр уулзаж 2.000.000 төгрөгт автомашины кузов өгөхөөр тохиролцож, Баянхошууны Мон-лаад манай найз Билгүүний ахынх нь хашаанаас М  машины кузов авах гэж ирсэн юм. Тэгсэн чинь М  өмнө нь уг кузовыг үзчихээд авна гэсэн мөртлөө шууд 2.000.000 төгрөгийн кузов биш байна, чи намайг доромжлоод байгаа юм уу гэж үгээр өдөж, машин дотор бид хоёр маргалдаж, намайг машины урд суудалд дээр сууж байхад хажууд сууж байгаад нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон.Би машинаас буух гэсэн чинь мөн хөлөөрөө зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. Тэр өшиглөсөн нь биед гэмтэл учруулаагүй. Тухайн үед хамар эвгүй болсон. Би машинаас буутал араас М ч жолооч талын хаалгаар буугаад ирсэн. Намайг гараараа дахиж цохих гээд байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. М  гараараа миний хамар руу цохиж хамрын яс хугалсан. Би гэмтлийн эмнэлэгт 2020 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө үзүүлж зөвлөгөө авсан. Би зодуулсандаа гомдолтой. Эмчилгээний зардлын баримтыг нь гаргаж өгч байгаад нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

2. Хохирогч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:

“...Б тай 2018 оноос хойш мөнгөний авлагатай байсан. Миний автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад төлбөрийг нь төлж чадаагүй хураалгасан асуудлаас болж Б аас 3.000.000 төгрөг нэхэмжлэх болсон. ...2020 оны 3 дугаар сарын дунд үед, өдрийг нь санахгүй байна, 3.000.000 төгрөгийн 2.500.000 төгрөгт автомашины кузов өгнө гэж тохиролцсон. 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой Б , танил Анартай хамт бид гурав Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-лаагийн 2-18 тоот хашаанд очиж кузов үзсэн. Тухайн 2.500.000 төгрөгт үнэлэгдэхгүй, муу кузов байсан. Би Б д “чи бэлэн мөнгөтэй байсан бол ийм муу кузов авах байсан уу” гэж асуутал Б  уурлаж “чи өөрөө авъя гэж хэлсэн биз дээ, даварчихсан пизда вэ” гэж хэлээд миний баруун мөрнөөс зуурч аваад татаж, жолооч талын хаалгаар буулгах гэхээр нь би чангаасан чинь миний зүүн хөлөөс чирч татаж газар унагасан. Би босож ирээд Б ын хоёр гараас барьж автал толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. Миний хамраас цус гарсан. 102-т дуудлага өгч, цагдаа нар ирж шалгаад гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би Б ын нүүрэнд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Б ын баруун ханцуйнаас нь гараараа татсан. Тухайн үед Б ын хамраас цус гараагүй. Нүүрэнд нь ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед цагдаа ирэхэд, мөн шүүх эмнэлэг дээр Б тай таарахад ч бас зүгээр байсан. Тийм байхад яагаад Б ын биед гэмтлийн зэрэг тогтоосонд эргэлзээтэй байна. Би Б ын биед гэмтэл учруулаагүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал гэж баримттайгаар 200.000 гаруй төгрөг болсон. Барагцаагаар 1.200.000 төгрөгийн эмчилгээний зардал гарах юм шиг байна лээ. Хамрандаа эмчилгээ хийлгэж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

 

            3. Гэрч Б.Энх-Анарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найз М  айлд очиж машины кузов үзэх гэсэн юм, хамт яваад өгөөч гэхээр нь би хамт Баянхошуунд ирсэн. Тухайн үед танил Б ын машинд суугаад явсан. Мон-лаа гэдэг гудамжинд ирээд нэг айлын хашаанд орсон. Тэнд машины кузов байсан. М , Б  хоёр машин дотор юм яриад сууж байсан. Би тэр үед нь нойл орчихоод буцаад гараад иртэл Б , М  хоёр маргалдчихсан, Б  машиныхаа баруун талын хаалгаар М ийг татаж буулгаад толгойгоороо нүүр рүү нь мөргөх шиг харагдсан. ...Б  ална гэж орилоод, М  тонгойгоод нүүрээ барьчихсан сууж харагдахаар нь би явж очоод Б ыг хувцаснаас нь татаад холдуулсан. М  Б ыг цохиж байхыг нь би хараагүй. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

            4. Шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би болсон хэргийн талаар дахиж мэдүүлэг өгмөөргүй байна. Анх өгсөн мэдүүлгээрээ явна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

5. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

            “...Би М тэй 2010 онд Улаанбаатар хотод машин засаж байгаад танилцсан. Өр зээлийн асуудал байсан. Ямар учиртай вэ гэхээр би М д 2.500.000 төгрөгийн өртэй байсан юм. Үүнээс үүдэж 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой М  бид хоёр уулзаж 2.000.000 төгрөгт автомашины кузов өгөхөөр тохиролцож, Баянхошууны Мон-лаад найз Билгүүний ахынх нь хашаанаас М  машины кузов авах гэж ирсэн юм. Тэгсэн чинь М  өмнө нь уг кузовыг үзчихээд авна гэсэн мөртлөө шууд 2.000.000 төгрөгийн кузов биш байна, чи намайг доромжлоод байгаа юм уу гэж үгээр өдөж, машин дотор бид хоёр маргалдаж, намайг машины урд суудалд рулын ард сууж байхад хажууд сууж байгаад нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон.Би машинаас буух гэсэн чинь мөн хөлөөрөө зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хамар эвгүй болсон. Би машинаас буутал араас М  жолооч талын хаалгаар буугаад ирсэн. Намайг гараараа дахиж цохих гээд байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4234 дугаар дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хамрын хянганы зүүн хажуу хэсгээр тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Зүүн нүдний доод зовхины дотор буланд хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

2020.4.01-ний өдрийн ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Хамрын ясны далд хугарал, тархи доргилт гэжээ.

2020.4.01-ний өдрийн гавлын 2 байрлалын /CD-1ш/-р: Гавлын ясанд гэмтлийн өөрчлөлтгүй. Хамрын яс хугарсан, хамрын таславч мурий. Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2020/4/02 гэжээ.

Дүгнэлт: “...Б.Б ын биед хамрын ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4235 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хамрын хянганы дээд хоёр хажуу хэсгээр тэмтрэхэд бага зэрэг өвчин эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020-04.01-ний өдрийн ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын ясны хугарал.

Дүгнэлт: “...Б.М ийн биед хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Бадрал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

8. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 27, 32 дугаар тал),

9. Хохирогч Б.М эс хэрэгт ирүүлсэн хохирол нэхэмжилсэн баримтууд  (хавтаст хэргийн 64-66 дугаар тал),

 

            10.Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

-Шүүгдэгч Б.М ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 55 дугаар тал), 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дүгээр тал), “НВЦ Трейдинг” ХХК-ийн Б.М  нь 2018 оны 8 дугаар сараас хойш одоог хүртэл тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 70 дугаар тал), 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дугаар тал), жолооны үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 87 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Б.М , Б.Б  нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагч нарт танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М , Б.Б  нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М , Б.Б  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.М тэй өр төлбөрийн асуудлаас болж маргалдан, биед нь халдаж нүүр, хамар руу нь цохих зэргээр  харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан;

Шүүгдэгч Б.М  нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мон-Лаагийн 2-18 тоот хашаанд иргэн Б.Б тай өр төлбөрийн асуудлаас болж маргалдан харилцан зодолдож, биед нь халдаж хамрын ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл  санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнгө төгрөг, өр зээлийн асуудал байсан. ...2020 оны 3 дугаар сарын 31-нд М  бид хоёр уулзаж 2.000.000 төгрөгт автомашины кузов өгөхөөр тохиролцсон.  ...М  ...2.000.000 төгрөгийн кузов биш байна, чи намайг доромжлоод байгаа юм уу гэж үгээр өдөж, машин дотор бид маргалдаж, ...нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. ...мөн хөлөөрөө зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. ...Намайг гараараа дахиж цохих гээд байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. М  гараараа миний хамар руу цохиж хамрын яс хугалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

-хохирогч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б тай 2018 оноос хойш мөнгөний авлагатай байсан. ...3.000.000 төгрөгийн 2.500.000 төгрөгт автомашины кузов өгнө гэж тохиролцсон. ...Тухайн кузов нь ашиглах боломжгүй, 2.500.000 төгрөгт үнэлэгдэхгүй, муу кузов байсан тул...Б д “чи бэлэн мөнгөтэй байсан бол ийм муу кузов авах байсан уу” гэхэд Б  уурлаж “чи өөрөө авъя гэж хэлсэн биз дээ, даварчихсан пизда вэ” гэж хэлсэн. ...Б  ...миний баруун мөрнөөс зуурч аваад татаж, жолооч талын хаалгаар буулгах гэхээр нь би чангаасан чинь миний зүүн хөлөөс чирч татаж газар унагасан. ...толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

            -гэрч Б.Энх-Анарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б , М  хоёр маргалдсан. …Б  машиныхаа баруун талын хаалгаар М ийг татаж буулгаад толгойгоороо нүүр рүү нь мөргөх шиг харагдсан. ...Б  ална гээд орилоод, М  тонгойгоод нүүрээ барьчихсан сууж харагдсан. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...машин дотор бид хоёр маргалдаж, намайг машины урд суудалд сууж байхад хажууд сууж байгаад нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон.Би машинаас буух гэсэн чинь мөн хөлөөрөө зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. ...Намайг гараараа дахиж цохих гээд байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн  хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4234 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4235 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 27, 32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М ийн хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, шүүгдэгч Б.Б ын хохирогч Б.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч, шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харьцаа, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М , Б.Б  нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Харин тус хэрэгт прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын тогтоох хэсэгт “... Б.М ийг Б.М тэй маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж бичсэн буюу тодруулбал яллагдагчийг өөрөө өөртөө гэмтэл учруулсан мэтээр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн ноцтой алдаатай байсан ба, шүүхийн шатанд прокуророос шүүх хуралдаанд дээрх тогтоолд өөрчлөлт оруулсан буюу алдаагаа зассан талаарх 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 318 дугаартай тогтоолыг ирүүлж зөвтгөсөн болохыг дурдав.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Б  нь хохирогч Б.М ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.М  нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.М , Б.Б  нар нь шүүх хуралдаанд хохирогчоор тус тус мэдүүлэхдээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ улсын яллагчаас “шүүгдэгч Б.М , Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Б.М , Б.Б  нарыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн байдлыг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

Мөн шүүгдэгч Б.М ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс  2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 550.000 төгрөгийн торгох ялаас 135.000 торгох ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.М ийн биечлэн эдлэх ялыг 415.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борлууд овогт Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Дүдэл овогт Б.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс  2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 (ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 550.000 төгрөгийн торгох ялаас 135.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.М ийн биечлэн эдлэх ялыг 415.000 (дөрвөн зуун арван таван мянга) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Б.Б  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , Б.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 2008000000623 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.М , Б.Б  нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б , Б.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА