Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2021/00370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Ц.Б-н,

Хариуцагч Д.О-д холбогдох 

 Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 7 сард наадмын дараа “88” авто угаалгын газрын дарга Отэй ярилцаж тохиролцоод барилгын ажил эхэлчихсэн явагдаж байхад нь “88” авто угаалгын газарт манаачаар ажилд орж байсан. Тэгээд шөнөдөө барилгыг манаж хоноод, өдрийн цагаар шавар зуурна, цемент зөөнө, тоосго зөөнө, мөн ажилчдын хоолыг зөөнө гэх мэтээр нэг сар гаруй хугацаанд ажилласан. О надад өдрийн 25 000 төгрөгийн цалин өгнө гэж тохирсон. Тэгээд өгнө, өгнө гээд өдийг болтол миний цалинг өгөөгүй байгаа. Би цалингаа нэхэхээр за өгнөө, та хүлээж байгаарай л гэсэн хариу өгдөг. Би Дашбалбарт байх хугацаандаа дүүгээ очоод миний цалинг аваадхаарай гэж  хүртэл явуулж л байсан. Мөнгө өгөөгүй буцаасан байсан. Ингэсээр байгаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээд би хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаад гэрч болоод өгөөч гэхээр Отэй уулзаж яах юм бэ, хэл аманд орноо гээд байдаг. О бид хоёр амаар тохироод л би ажилласан, бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, нийгмийн даатгал төлнө гэж яриагүй. Намайг 20 хоног ажилласан, бас архи уугаад ажлаасаа гарсан, бага багаар мөнгө авдаг байсан гэсэн байсан. Би 20 хоног биш сар гаран ажилласан. Тэгээд удаа дараа хоолны мөнгө нэхээд архи уугаад яваад байсан зүйл байхгүй. Отэй өөртэй нь л хамт ганц нэг удаа архи ууж байсан. Б.О намайг архинд явуулж зөөлөн хараа аваад ир гэхэд нь би яваад л ирдэг байсан. Хоол авдаг айл нь тэндээ бэлэн байхад би хоолны мөнгө нэхэж байгаагүй. Хааяа өдөртөө тэндээ өөрөө хоолоо хийгээд л идчихдэг байсан. Ихдээ л би 40 000 юмуу 50 000 төгрөг л авсан байх. Тэрнээс илүү мөнгө аваагүй. 500 000 төгрөг  авсан байсан бол би ингээд шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх байсан. Ажлаа өгсний хувьд Б.О нэг орой ямаа авчраад, тэр ямаагаа боогоод тэгээд хэдэн залуучуудтай бид хэд архи ууцгаасан. Тэгсэн чинь маргааш өглөө нь Б.О-гийн эхнэр нь ирээд та согтуу ажил дээрээ байна, үүнээс цааш та энд ажиллах шаардлагагүй гэсэн. Тэгээд л хамаг түлхүүрээ аваад яваад өгсөн. Тэр үед ер нь барилгын ажил үндсэндээ дууссан байсан. Ганц, хоёр зүйл л дутуу байсан. Тэгээд л би дүүгээ дуудаад Дашбалбар яваад өгсөн. Дашбалбарт би нилээн удаан байсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Тэгээд ч мөнгийг маань өгнө, хүлээж бай л гэдэг байсан. Би компанитай биш Б.Отэй ажилд орохоор тохирч ажилд орсон. Түүнээс угаалгын газрыг “Х” ХХК-нийх гэж мэдэхгүй. “Х” ХХК-ийг Тамсагт машин явуулдаг компани гэдгээр нь би мэддэг, Отгоогийн ахынх нь компани гэж ярьдаг. Би энэ компанид өмнө нь нэг удаа нэг сар гаран тог залгадаг ажил хийгээд увуулан цувуулан байж 300 000 төгрөг авч байсан. Түүнээс энэ компанийг хариуцагчаар солихгүй. Иймд би нэг сар ажилласан хөлс болох 750 000 төгрөгийг Б.Огээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

   Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О би 2019 оны зун Ц.Быг өөрийн “88” авто угаалгын газарт манаачаар ажилд авсан. Ц.Б нь ажил хийх явцдаа ажлын байран дээрээ удаа дараа согтуу байсан. Манай угаалгын газарт 15-20 хоног ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хоол хүнсний мөнгө гэж авдаг байсан. Дараа нь бас л согтуу ирж мөнгө авч байсан. Одоо энэ хүнтэй тооцоо байхгүй. Цалинг нь өгч дуусгасан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажлаасаа гарсны дараа 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Энэ хүн 2019 оны наадмын дараах зүйлийг одоо ярьж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Балдангийн О хуулийн дагуу итгэмжлэлээр намайг томилсон. Ингээд би итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчийн эрх, үүрэг болон түүний бүхий л хуульд заасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэйгээр оролцож байна. Нэхэмжлэгч Ц.Болдбаатрын нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан, хэргийн материалтай танилцсан, шүүхэд гаргаж өгч байгаа тайлбартай нь танилцлаа, сонслоо. 2019 оны 7 сард наадмын дараа О, Б нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Энэ нь одоогоос 1 жил 10 сарын өмнө юм. Хөдөлмөрийн харилцаа үүсэхдээ Б нь  “88” авто угаалгын газарт манаачийн үүрэгт ажлыг хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа хоолны мөнгө гээд цувуулаад цалингаа ерөнхийдөө авсан. Ер нь бол 20 хоног л ажилласан гэж үзэж байгаа юм. Яагаад вэ гэхээр Б өөрөө ажлаа хийхгүй архи уугаад явдаг байсан. Ийм нөхцөл байдлаас болж цаашид Быг ажиллуулахад хүндрэлтэй байсан юм байна лээ. Яг үндсэндээ 20 хоног ажилласан болохоор 20 хоногийнх нь хөлсийг 500 000 төгрөгөөр тооцоод, түүний хүссэн гуйлтаар нь бага багаар 40 000, 50 000 төгрөгөөр хоолны мөнгө гэж өгсөөр байгаад 500 000 төгрөгийг өгч барагдуулсан байдаг. Одоо бол ямар нэгэн тооцоо байхгүй, надаас цалин хөлс нэхээд яваад байдаг ч би таньтай тооцоогүй шүү гэдгийг хэлдэг. Гэтэл шүүхэд өргөдөл гаргасан байсан. Тэгэхээр энэ 2 хүн 2019 оны 7 дугаар сард ажилласан дээр маргаагүй, нэг сар орчим буюу 20 хоног ажилласан байдал дээр хариуцагч маргаагүй. Өдрийн 25000 төгрөгийн цалинтай гэж тохирсон гэдэг зүйл дээр хариуцагч маргаагүй, яагаад гэвэл ер нь 25000-30000 төгрөгөөр мэргэжлийн бус ажлыг хийлгэдэг учраас тэр жишгээр нь бодсон гэж байгаа юм. 20 хоног ажилласан ажлын хувьд бол 500 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй гэдгээ Б.О хэлдэг. Гэхдээ одоо нэхэмжилж байгаа энэ мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч Б нь цалин хөлстэй холбоотой маргаан гарсан буюу өөрийнхөө эрхийг зөрчсөн буюу зөрчигдсөнийг мэдсэн цаг хугацаанаас хойш 3 сарын хугацааны дотор шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл 1 жил 10 сарын дараа шүүхэд хандсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөрчсөн байдалтай байна. Хэргийн материал дотор Б нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай  хүсэлт гаргаагүй, энэ талаар шийдвэрлэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Огийн ажиллуулдаг “88” авто угаалгын газар нь түүний компани болох “Х” ХХК-ийн ажиллуулдаг газар юм. Б.О нь тус компанийн захирал. Тэгэхээр нэхэмжлэгч нь компанитай хөдөлмөрийн харилцаанд орсон байгаа юм. Гэвч компанийг хариуцагчаар татсан ч захирал нь гээд Б.О л ирэх учраас Б.Ог хувь хүнээр хариуцагчаар татсанд маргахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Од холбогдуулан ажлын хөлс 750 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би Б.Отэй амаар тохиролцон түүний “88” авто угаалгын газрын барилгын манаачаар нэг сар гаран хугацаанд өдрийн 25 000 төгрөгийн хөлс авахаар тохирч ажилласан боловч ажлын хөлсийг өгөөгүй тул нэг сарын ажлын хөлс 750 000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “ Ц.Б нь манай авто угаалгын газартаа манаачийн орон тоон дээр өдрийн 25 000 төгрөгөөр цалинжуулан 20 хоногийн хугацаанд ажилласан. Б нь цалингаа бага багаар буюу 40-50 мянгаар авсаар байгаад нийт 500 000 төгрөгийг авсан. Одоо тооцоо байхгүй. Түүнтэй хөдөлмөрийн харилцаанд орсон ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсний маргааныг 3 сарын дотор шүүхэд гаргахаар заасан байхад 2019 оны 7 сарын асуудлыг одоо нэхэмжилж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй....” гэж тайлбарлан маргадаг.

            Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Отэй түүний ажиллуулдаг “88” авто угаалгын газрын барилгын ажил явагдаж байх үед өдрийн 25 000 төгрөгийн хөлстэйгөөр барилгын манаачаар ажиллахаар харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 7 сард наадмын дараагаас эхлэн тус барилгын манаачаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т тус тус зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болох ба энэ нь нэг удаагийн болон урт хугацаанд хийж гүйцэтгэх ажил байж болдог.

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Ц.Быг өдрийн 25 000 төгрөгийн хөлстэйгөөр авто угаалгын газрын барилгын манаачаар ажиллуулахаар тохирсон, улмаар нэхэмжлэгч нь шөнийн цагаар барилгыг манаж хонох, өдрийн цагаар шавар зуурах, цемент тоосго зөөх зэргээр барилгын ажилд туслах, ажилчдын хоолыг зөөх гэх мэтээр 20 хоногийн хугацаанд дээрх ажил үүргийг гүйцэтгэсэн талаар талууд маргадаггүй бөгөөд дээрх байдлаас үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, иргэн иргэнтэй хөдөлмөрийн харилцаанд орж болдог.” гэж маргаж байх боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болохыг хариуцагч шүүхэд нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ба хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн нөхцөл болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, ажлын байрны нэр, үндсэн цалин зэрэг гол нөхцлүүдийг тусгасан байна. 

Өөрөөр хэлбэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажилтантай бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болдоггүй үр дагавартай тул хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаг.

Гэвч хариуцагч Б.О нь Ц.Бын ажиллаж байсан манаачийн ажлын байр нь “88” авто угаалгын газрын байнгын ажлын байр мөн эсэх, түүнийг ажиллуулахдаа хөдөлмөрийн нөхцөл болон сарын үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг тохирсон эсэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох татвар, суутгалыг хэн төлөхөөр тохирсон гэх мэт Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах нөхцлүүдийг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байгаагаас шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хариуцагч Б.О нь гэрээний дагуу ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөө нэг сар ажилласан гэж үзэн 750 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр нэг сар ажилласан болохоо шүүхэд нотолж чадаагүй бөгөөд хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 20 хоног ажилласан болохыг, мөн өдрийн 25 000 төгрөгөөр хөлс тохирсон болохыг тус тус хүлээн зөвшөөрч, энэ талаар үгүйсгээгүй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн ажилласан хугацааг 20 хоногоор тооцон нийт 500 000 /25 000х20 хоног/ төгрөгийг ажлын хөлсөнд тооцон хариуцагч Б.Огээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг “20 хоног ажилласны хөлс болох 500 000 төгрөгийг Ц.Бт хоолны мөнгө гэж 40-50 мянган төгрөгөөр бага багаар цувуулан өгсөн, одоо түүнтэй тооцоо байхгүй” гэж татгалзан маргадаг.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болж байгаа бичгийн баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс дээрх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Түүнчлэн  хариуцагч  тал  нь  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа  “88” авто  угаалгын  газар  нь  “Х”  ХХК-д  харъяалагддаг бөгөөд нэхэмжлэгч нь компанитай хөдөлмөрийн харилцаанд орсон. Тус компанийн захирал нь Б.О бөгөөд компанийг хариуцагчаар татсан нь Б.О төлөөлж оролцох учраас нэхэмжлэгчийн Б.Ог хариуцагчаар татсанд маргахгүй” гэж, нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд “88 авто угаалгын газрыг тус компанийх гэдгийг мэдэхгүй, Б.Отэй тохирсон тул хариуцагчийг солихгүй” гэж тус тус тайлбарладаг.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь “Х” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсгэсэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч тал энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.  

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд  15 650 /500 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Б.Огээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.УРТНАСАН