Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/21

 

*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ны өдрийн 138/ШШ2021/00370 дугаар шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 06 сарын 29ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 7 сард наадмын дараа 88 авто угаалгын газрын дарга Отгонхүүтэй ярилцаж тохиролцоод барилгын ажил эхэлчихсэн явагдаж байхад нь 88 авто угаалгын газарт манаачаар ажилд орж байсан. Тэгээд шөнөдөө барилгыг манаж хоноод, өдрийн цагаар шавар зуурна, цемент зөөнө, тоосго зөөнө, мөн ажилчдын хоолыг зөөнө гэх мэтээр нэг сар гаруй хугацаанд ажилласан. Отгонхүү надад өдрийн 25 000 төгрөгийн цалин өгнө гэж тохирсон. Тэгээд өгнө, өгнө гээд өдийг болтол миний цалинг өгөөгүй байгаа. Би цалингаа нэхэхээр за өгнөө, та хүлээж байгаарай л гэсэн хариу өгдөг. Би Дашбалбарт байх хугацаандаа дүүгээ очоод миний цалинг авчихаарай гэж хүртэл явуулж л байсан. Мөнгө өгөөгүй буцаасан байсан. Ингэсээр байгаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээд би хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаад гэрч болоод өгөөч гэхээр Отгонхүүтэй уулзаж яах юм бэ, хэл аманд орно гээд байдаг. Отгонхүү бид хоёр амаар тохироод л би ажилласан, бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, нийгмийн даатгал төлнө гэж яриагүй. Намайг 20 хоног ажилласан, бас архи уугаад ажлаасаа гарсан, бага багаар мөнгө авдаг байсан гэсэн байсан. Би 20 хоног биш сар гаран ажилласан. Тэгээд удаа дараа хоолны мөнгө нэхээд архи уугаад яваад байсан зүйл байхгүй. Отгонхүүтэй өөртэй нь л хамт ганц нэг удаа архи ууж байсан.******* намайг архинд явуулж зөөлөн хараа аваад ир гэхэд нь би яваад л ирдэг байсан. Хоол авдаг айл нь тэндээ бэлэн байхад би хоолны мөнгө нэхэж байгаагүй. Хааяа өдөртөө тэндээ өөрөө хоолоо хийгээд л идчихдэг байсан. Ихдээ л би 40 000 юмуу 50 000 төгрөг л авсан байх. Тэрнээс илүү мөнгө аваагүй. 500 000 төгрөг авсан байсан бол би ингээд шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх байсан. Ажлаа өгсний хувьд******* нэг орой ямаа авчраад, тэр ямаагаа боогоод тэгээд хэдэн залуучуудтай бид хэд архи ууцгаасан. Тэгсэн чинь маргааш өглөө нь*******гийн эхнэр нь ирээд та согтуу ажил дээрээ байна, үүнээс цааш та энд ажиллах шаардлагагүй гэсэн. Тэгээд л хамаг түлхүүрээ аваад яваад өгсөн. Тэр үед ер нь барилгын ажил үндсэндээ дууссан байсан. Ганц, хоёр зүйл л дутуу байсан. Тэгээд л би дүүгээ дуудаад Дашбалбар яваад өгсөн. Дашбалбарт би нилээн удаан байсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Тэгээд ч мөнгийг маань өгнө, хүлээж бай л гэдэг байсан. Би компанитай биш*******тэй ажилд орохоор тохирч ажилд орсон. Түүнээс угаалгын газрыг Хурд хүрээ ХХК-ийнх гэж мэдэхгүй. Хурд хүрээ ХХК-ийг Тамсагт машин явуулдаг компани гэдгээр нь би мэддэг, Отгоогийн ахынх нь компани гэж ярьдаг. Би энэ компанид өмнө нь нэг удаа нэг сар гаран тог залгадаг ажил хийгээд увуулан цувуулан байж 300 000 төгрөг авч байсан. Түүнээс энэ компанийг хариуцагчаар солихгүй. Иймд би нэг сар ажилласан хөлс болох 750 000 төгрөгийг*******гээс гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Отгонхүү би 2019 оны зун *******ыг өөрийн 88 авто угаалгын газарт манаачаар ажилд авсан. ******* нь ажил хийх явцдаа ажлын байран дээрээ удаа дараа согтуу байсан. Манай угаалгын газарт 15-20 хоног ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хоол хүнсний мөнгө гэж авдаг байсан. Дараа нь бас л согтуу ирж мөнгө авч байсан. Одоо энэ хүнтэй тооцоо байхгүй. Цалинг нь өгч дуусгасан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажлаасаа гарсны дараа 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Энэ хүн 2019 оны наадмын дараах зүйлийг одоо ярьж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Болдбаатрын нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан, хэргийн материалтай танилцсан, шүүхэд гаргаж өгч байгаа тайлбартай нь танилцлаа, сонслоо. 2019 оны 7 сард наадмын дараа Отгонхүү, Болдбаатар нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Энэ нь одоогоос 1 жил 10 сарын өмнө юм. Хөдөлмөрийн харилцаа үүсэхдээ Болдбаатар нь 88 авто угаалгын газарт манаачийн үүрэгт ажлыг хийж байсан. Ажиллаж байх хугацаандаа хоолны мөнгө гээд цувуулаад цалингаа ерөнхийдөө авсан. Ер нь бол 20 хоног л ажилласан гэж үзэж байгаа юм. Яагаад вэ гэхээр Болдбаатар өөрөө ажлаа хийхгүй архи уугаад явдаг байсан. Ийм нөхцөл байдлаас болж цаашид Болдбаатарыг ажиллуулахад хүндрэлтэй байсан юм байна лээ. Яг үндсэндээ 20 хоног ажилласан болохоор 20 хоногийнх нь хөлсийг 500 000 төгрөгөөр тооцоод, түүний хүссэн гуйлтаар нь бага багаар 40 000, 50 000 төгрөгөөр хоолны мөнгө гэж өгсөөр байгаад 500 000 төгрөгийг өгч барагдуулсан байдаг. Одоо бол ямар нэгэн тооцоо байхгүй, надаас цалин хөлс нэхээд яваад байдаг ч би тантай тооцоогүй шүү гэдгийг хэлдэг. Гэтэл шүүхэд өргөдөл гаргасан байсан. Тэгэхээр энэ 2 хүн 2019 оны 7 дугаар сард ажилласан дээр маргаагүй, нэг сар орчим буюу 20 хоног ажилласан байдал дээр хариуцагч маргаагүй. Өдрийн 25000 төгрөгийн цалинтай гэж тохирсон гэдэг зүйл дээр хариуцагч маргаагүй, яагаад гэвэл ер нь 25000-30000 төгрөгөөр мэргэжлийн бус ажлыг хийлгэдэг учраас тэр жишгээр нь бодсон гэж байгаа юм. 20 хоног ажилласан ажлын хувьд бол 500 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй гэдгээ******* хэлдэг. Гэхдээ одоо нэхэмжилж байгаа энэ мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч Болдбаатар нь цалин хөлстэй холбоотой маргаан гарсан буюу өөрийнхөө эрхийг зөрчсөн буюу зөрчигдсөнийг мэдсэн цаг хугацаанаас хойш 3 сарын хугацааны дотор шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл 1 жил 10 сарын дараа шүүхэд хандсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөрчсөн байдалтай байна. Хэргийн материал дотор Болдбаатар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй, энэ талаар шийдвэрлэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.*******гийн ажиллуулдаг 88 авто угаалгын газар нь түүний компани болох Хурд хүрээ ХХК-ийн ажиллуулдаг газар юм.******* нь тус компанийн захирал. Тэгэхээр нэхэмжлэгч нь компанитай хөдөлмөрийн харилцаанд орсон байгаа юм. Гэвч компанийг хариуцагчаар татсан ч захирал нь гээд******* л ирэх учраас*******г хувь хүнээр хариуцагчаар татсанд маргахгүй.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 138/ШШ2021/00370 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Б.Отгонхүүгээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550  өгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “... Шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хоорондын харилцааг хөлсөөр ажиллах харилцаа гэж буруу дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч*******гийн авто угаалгын газарт манаачаар ажилд орсон. Энэ тал дээр хэн аль нь маргаагүй. Угаалгын газар хувийн хэвшлийн хувиараа хөдөлмөр эрхлэгч Отгонхүүгийн өмч бөгөөд уг ажлын байр тасралтгүй орон тоотой манаачийн үүрэгт ажилтай холбоотой маргаан байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй боловч гэрээгүй ажилласнаар хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй болохыг Хөдөлмөрийн  тухай хуулийн талаарх Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх ... гэж зохицуулсан байгаа. Хувь иргэн ажил олгогч байж болно. Гэтэл шүүх хувь иргэн буюу хариуцагчийг *******тай хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд орсон гэж үйл явдлыг буруу дүгнэн хуулийг буруу хэрэглэсэн. Хөлсөөр ажиллах гэрээ нь тодорхой цаг хугацаанд үргэлжлэх ажил үйлчилгээг 2 талаас харилцан тохирсон хэлцэл бөгөөд Отгонхүү Болдбаатар нарын тухайд тодорхой цаг хугацаа огт яриагүй манаачийн ажилд авч ажиллуулах тухай хэлцэл юм. Болдбаатар нь ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудлаас болж ажил гүйцэтгэх үүрэг нь дуусгавар болсон. Энэ асуудал нь байнга давтагддаг байсан учраас ажлаас чөлөөлсөн. Үүгээрээ хөлсөөр ажиллах гэрээнээс ялгаатай харилцаа байхад шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон.

Улсын Дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийг хэрэглэх талаар 4 дүгээр бүлэгт Хөдөлмөрийн гэрээ ба бусад ойролцоо төрлийн гэрээний ялгааны талаар заасан байна. Хамгийн гол нь ажлын байр, ажил гүйцэтгэх байдал зэрэг нь хөлсөөр ажиллах гэрээнээс ялгаатай байхад энэ тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй хуулийг хэрэглэсэн. Эхлээд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд болсон үйл явдалд Иргэний хуулийн ямар харилцаа үүссэн, энэ харилцааг шүүх ямар үндэслэлээр дүгнэсэн болох нь тодорхой биш байна.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдэхдээ хариуцагч нь түүний ажилласан үеийн цалин хөлсийг өгсөн гэж маргадаг нэхэмжлэгч 40000-50000 төгрөгөөр 2 удаа авсан гэж тайлбарлаж байхад асуудлыг дүгнээгүй орхигдуулан хариуцагчаас гаргуулах болсон нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна./хх-ийн 1-2 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21. 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна. 

Иймд хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 138/ШШ2021/00370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувдаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ЭНХЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                             С.ОЮУНТУНГАЛАГ