Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2021/00203

 

 


 

 

   2021          6             11                                      103/ШШ2021/00203

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:............ дүүргийн ......... дугаар хороо, ............ хорооллын ....... дүгээр байрны ........ тоотод оршин суух, ......... овогт Ч.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... дүүргийн ..... дүгээр хороо, ....... дугаар байрны ....... тоотод оршин суух, Ш овогт Э.Өт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат,  хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машин зарна гэсэн зарын дагуу Э.Өтай холбогдож 70-77 БРА улсын дугаартай Lexus RX 350 маркын машиныг худалдан авсан. Би өөрөө машины талаар мэдлэг муу тул сүүлийн загвар хэмээн бодож гадна талаас нь харж хууртсан байсан. Э.Өаас “машин бүрэн бүтэн эсэх, сольж зассан эсэх, мөргөлдөж байсан” талаар асуухад ямар ч асуудалгүй, яг өөрөөрөө байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөр газраар машин сонирхож яваад уг машинтай адилхан нүүртэй машин доод тал нь 110.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Би гайхаж байсан ч Э.Өыг араас бодох сөхөө өгөхгүй байн байн залгаж толгой эргүүлэн найдвартай асуудалгүй машин хариугаа өг гээд шахсан, би судлах хэрэгтэй байна гэхэд асуудалгүй, мөнгөний хэрэг гараад хямд өгч байна гэсэн. Гэвч уг машины одоогийн зах зээлийн үнэлгээ 45.000.000 төгрөгөөс 50.000.000 төгрөгийн хооронд байгааг сүүлд мэдсэн. Тухайн үед би Э.Өт итгэж машиныг 71.000.000 төгрөгөөр худалдаж авахаар, 40.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгч гэрээ хийсэн. Анх машиныг үзээд үнээ тохирох үед 69.000.000 төгрөг гэж байснаа яг авах гээд очих үед 71.000.000 төгрөг болсон байсан. Яагаад үнээ нэмсэн тухай асуухад худал ярьж мэлзэж байсан нь миний техникийн мэдлэггүйг ашиглаж уг машинд он залуу машины нүүр, бусад эд ангиудыг стандарт бусаар тавьж миний амь нас болон мөнгө төгрөгт заналхийсэн байна. Уг машин нь техникийн шаардлага хангахгүй, стандарт бус гэдгийг инженер үзээд баталсан. Мөн урд мэдрэгч алдаа зааж ажиллахгүй байсныг зориуд дууг нь хааж зарсан, хуучин машины нүүрийг сольж тавьснаа надад хэлээгүй. Ингээд би машинаа буцаах болсон тухайгаа мэдэгдэж 1 сар хүлээгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт байгаа техникийн дүгнэлтээр хуучин машины зарим эд ангийг солисон гэдэг нь тогтоогддог. Тийм учраас хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. О машиныг унасан гээд 1.000.000-2.000.000 төгрөг суутгасан бол би юм хэлэхгүй байсан. Бүхэл бүтэн 9.000.000 төгрөг суутгасан гэдэгтэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг, хамгийн гол нь худалдах, худалдан авах уг гэрээг ноцтой төөрөгдөлд оруулж хийсэн байдаг. Өөр машин үзээд явж байхад нь араас нь дахин дахин утасдаад бодох ямар ч боломж өгөхгүй, ямар ч асуудалгүй сайхан машин гээд яриад байсан юм байна лээ. Тийм учраас энэ гэрээг ноцтой төөрөгдөлд оруулж хийсэн гэрээ гэж үзэж байна. Энэ автомашинд техникийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд машины урд гупер, урд гэрэл солигдсон, ухрахын камер, урд карлан мэдрэгч ажиллахгүй байна гэсэн. Ийм тодорхой байхад энэ машиныг зарсан байгаа юм. Тэгэхээр энэ гэрээ бол техник мэдэхгүй хүнийг мэдэхгүйг нь далимдуулаад төөрөгдөлж оруулж хийсэн гэрээ байна. Тийм учраас энэ гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, 9.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэв.

Хариуцагч Э.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Отай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Lexus RX 350 маркын 70-77 БРА улсын дугаартай автомашиныг 71.000.000 төгрөгөөр, урьдчилгаа 40.000.000 төгрөг, үлдэгдэл 31.000.000 төгрөгийг тодорхой хугацаагаар төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлүүдийг тус тус хангасан гэрээг бичгээр байгуулж гэрээний харилцаа үүссэн юм. Нэхэмжлэгчийн эхний төлбөр төлөх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байсан боловч төлөхгүй байсан болохоор нь ковид-19 цар тахалтай холбоотой төлөх боломжгүй байгаа юм байна гэж бодоод 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Ч.Огийн 90090002 дугаарын утас руу ярьж төлбөр төлөх ёстой гэдгийг сануулахад ковидын үед ажлаа хийхгүй байгаа тул 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхний төлбөрөө төлөөд сарын сүүлд 12 дугаар сарын төлбөрөө төлөх талаар хэлж байсан боловч төлөөгүй тул гэрээг цуцалж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлээр зарсан машинаа авч, 2021 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлөх ёстой байсан 9.000.000 төгрөгөөр тооцсон. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотойгоор урьдчилж өгсөн мөнгөө яаралтай өгөхийг шаардсан тул 71.000.000 төгрөгөөр борлуулсан байсан машинаа бэлэн мөнгөөр 62.000.000 төгрөгөөр худалдахаас өөр аргагүй байдалд орж зөрүү 9.000.000 төгрөгийн алдагдалд орсон, минийхтэй адил автомашиныг түрээслэсэн бол өдрийн 130.000 төгрөгөөр түрээслэхээр байсан ба 3 сар нь 92 хоног*130.000 төгрөг 11.960.000 төгрөг болох байсан тул 9.000.000 төгрөгийг суутган авсан юм. Манай зүгээс гэрээ цуцлах саналыг гаргаагүй, нөхөр нь гэх хүн гэнэт яриад л 40.000.000 орчимд машин ав гэсэн чинь үнэтэй машин авчихаж, буцааж өгье гэсэн шалтгаан хэлсэн. Манай зүгээс бэлэн мөнгийг машин зарж байж л өгөх боломжтой гэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э.Ө миний итгэмжлэлээр манай найз болох В.Б маргаан бүхий автомашиныг хүлээн авсан юм гэжээ.

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Э.Өт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь 71.000.000 төгрөгөөр худалдсан машинаа буцаан авч 62.000.000 төгрөгөөр зарж, 9.000.000 төгрөгийн алдагдалд орсон, түрээсэлсэн бол өдрийн 130.000 төгрөгөөр түрээслэхээр байсан тул 9.000.000 төгрөг буцаан төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Э.Ө, Ч.О нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдан авагч нь Lexus RX 350 маркын машиныг 71.000.000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 40.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 31.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, графикийн дагуу төлж барагдуулсан байх гэрээний 3.5-т зааснаар автомашины үнийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрх худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-11-12/

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Э.Өыг “намайг техникийн мэдлэггүйг ашиглан уг машинд он залуу машины нүүр, бусад эд ангиудыг стандарт бусаар тавьж намайг хуурсан” гэж мөн оны 12 сард машинаа авахаа больсоноо мэдэгдэж, 1 сард Lexus RX 350 маркын авто машиныг хариуцагчид буцаан өгсөн болох нь талуудын тайлбар болон Ч.Огийн дансанд урьдчилгаа 31.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-34/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчжээ.

Хариуцагч Э.Өын нэхэмжлэгч Ч.Од худалдсан 70-77 БРА улсын дугаартай, Lexus RX 350 маркын автомашины эд ангийг сольсон болох нь “Далайн сувдан аялгуу” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 100/14 дугаартай “Урд нүүр, урд гупер, урд их гэрэл зэрэг нь стандарт бусаар 2016 оны LX350-аар солигдсон байна. Хойд ухрахын камер, урд хоёр под кирло стандарт бус, урд мэдрэгч ажиллахгүй байгаа зэрэг нь үнэн болно. Иймд дээрх тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангахгүй байгаад техникийн дүгнэлт гаргасан болно” гэсэн тодорхойлолт”, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна. Хариуцагч нь авто машины харагдах байдал, гадаад өнгө үзэмжийг өөрчлөн 2016 оны, өөр машины сэлбэг сольж худалдан авагчийг хуурч мэхлэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Э.Ө нь 9.000.000 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ уг авто машины эд ангийг солиогүй, авто машинаа буцаан авч 62.000.000 төгрөгөөр зарж алдагдалд орсон гэх тайлбараа хуульд заасан арга хэрэгслээр нотлоогүй байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзал нь хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс үүсэх үүрэгт хамаарах юм. 

Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж зааснаар талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад  тооцож, хариуцагч Э.Өаас 9.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгох нь  зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Э.Ө өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.   

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 671.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 671.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1.Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, 243 дуаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Ө, Ч.О нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Э.Өаас 9.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671.900  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Өаас 671.900  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ