Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01192

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01192

 

 

Ч.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 103Ш2021/00203 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ө-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машин зарна гэсэн зарын дагуу Э.Өсөхбаяртай холбогдож 70-77 БРА улсын дугаартай Lexus RX 350 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Би өөрөө автомашины талаар мэдлэг муу тул сүүлийн үеийн загвар хэмээн бодож гадна талаас нь харж хууртсан байсан. Э.Өсөхбаяраас машин бүрэн бүтэн эсэх, сольж зассан эсэх, мөргөлдөж байсан талаар асуухад ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Би өөр газраар машин сонирхож үзэхэд уг машинтай адилхан нүүртэй машин доод тал нь 110 000 000 төгрөгийн үнэтэй байсан. Би гайхаж байсан ч Э.Ө-нь араас бодох сөхөө өгөхгүй үргэлж залган, толгой эргүүлэн, найдвартай асуудалгүй машин хариугаа өг мөнгөний хэрэг гараад хямд өгч байна гэсэн. Гэвч уг машины одоогийн зах зээлийн үнэлгээ 45 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийн хооронд байгааг сүүлд мэдсэн. Тухайн үед би Э.Өсөхбаярт итгэж машиныг 71 000 000 төгрөгөөр худалдаж авахаар, 40 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгч гэрээ хийсэн. Анх машиныг үзээд үнэ тохирох үед 69 000 000 төгрөг гэж байснаа яг авах гээд очих үед 71 000 000 төгрөг болсон байсан. Уг машин нь техникийн шаардлага хангахгүй, стандарт бус гэдгийг инженер үзээд баталсан. Мөн урд мэдрэгч алдаа зааж ажиллахгүй байсныг зориуд дууг нь хааж зарсан, хуучин машины нүүрийг сольж тавьснаа надад хэлээгүй. Ингээд би машинаа буцаах болсон тухайгаа мэдэгдэж 1 сар хүлээгээд цагдаагийн байгууллагад хандсан. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашины урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Э.Ө-шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.О-тай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Lexus RX 350 маркийн 70-77 БРА улсын дугаартай автомашиныг 71 000 000 төгрөгөөр, урьдчилгаа 40 000 000 төгрөг, үлдэгдэл 31 000 000 төгрөгийг тодорхой хугацаагаар төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлүүдийг тус тус хангасан гэрээг бичгээр байгуулж гэрээний харилцаа үүссэн юм. Нэхэмжлэгчийн эхний төлбөр төлөх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байсан. Ч.О- нь ковидын үед ажлаа хийхгүй байгаа тул 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхний төлбөрөө төлөөд сарын сүүлд 12 дугаар сарын төлбөрөө төлөх талаар хэлсэн боловч төлөөгүй. Ингээд гэрээг цуцалж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр машинаа авсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотойгоор урьдчилж өгсөн мөнгөө яаралтай өгөхийг шаардсан тул 71 000 000 төгрөгөөр борлуулсан байсан машинаа бэлэн мөнгөөр 62 000 000 төгрөгөөр худалдахаас өөр аргагүй байдалд орж зөрүү 9 000 000 төгрөгийн алдагдалд орсон, Хэрвээ автомашиныг түрээслэсэн бол өдрийн 130 000 төгрөгөөр түрээслэхээр байсан ба 3 сар нь 92 хоног 130 000 төгрөг 11 960 000 төгрөг болох байсан тул 9 000 000 төгрөгийг суутган авсан юм. Манай зүгээс гэрээ цуцлах саналыг гаргаагүй, нөхөр нь гэх хүн гэнэт яриад л 40 000 000 орчимд машин ав гэсэн чинь үнэтэй машин авчихаж, буцааж өгье гэсэн шалтгаан хэлсэн. Манай зүгээс бэлэн мөнгийг машин зарж байж л өгөх боломжтой гэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э.Ө-миний итгэмжлэлээр манай найз болох В.Болорхүү маргаан бүхий автомашиныг хүлээн авсан юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Өсөхбаяр, Ч.О- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Э.Өсөхбаяраас 9 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Өсөхбаяраас 671 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхээ алдсан, Далайн сувдан аялгуу" ХХК-иар гаргуулсан гэх тодорхойлолтын хувьд техникийн шинжээч хийдэг болон эрх бүхий байгууллага мөн эсэх нь тодорхойгүй. Нүүрийг урд гупер, нүүр, хойд ухрахын камер, урд хоёр под крыло нь стандарт бус, урд мэдрэгч ажиллахгүй байгаа гэж тодорхойлохдоо Монгол улсад мөрдөгдөж байгаа ямар стандартыг зөрчсөн тухай тодорхойлоогүй нэг талын хүсэл зоригоор хийгдсэн гэж үзэж байна. Мөн тодорхойлолтоос хамаарч эрх зүйн үр дагавар үүсэх талаар эрх, үүрэг сануулаагүй, цагдаагийн байгууллагад хариуцагч намайг залилан хийсэн гэж гомдол гаргахдаа өгсөн тодорхойлолтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч миний автомашиныг гурван сар тасралтгүй ашигласан зардал, мөн 2020 оны 11, 12, 1 сард графикийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөө төлөөгүй. Ч.О- нь гэрээ цуцалсантай холбоотойгоор урьдчилж өгсөн мөнгөө яаралтай өгөхийг шаардсан тул 71 000 000 төгрөгөөр борлуулсан автомашинаа бэлэн мөнгөөр 62 000 000 төгрөгөөр худалдахаас өөр аргагүй байдалд орж зөрүү 9 000 000 төгрөгийн алдагдалд орсон тул 9 000 000 төгрөгийг суутган авсан. Шүүхээс талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр үүссэн, эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа хууран мэхлэгдсэн гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Иймд худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар хариуцагч талаас 9 000 000 төгрөг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Э.Өсөхбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, автомашины үнэд төлсөн 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Э.Ө-нь 70-77 БРА улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн Lexus RX 350  маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагч Ч.О-д шилжүүлэх, худалдан авагч нь тээврийн хэрэгслийн үнэ 71 000 000 төгрөгийн урьдчилгаа 40 000 000 төгрөгийг төлж, үлдэх 31 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 1.5 хувийн хүүтэй, зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд гэрээний 3.5-д зааснаар тээврийн хэрэгслийн бүртгэлийг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцсон. /хх-11-12/

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.

Худалдан авагч худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхдөө хүү тохиролцсоноос үзэхэд тэдгээрийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.1, 263.2.2, 263.2.3-т заасан нөхцөл болох төлбөл зохих хүүгийн хэмжээг талууд гэрээнд тусгасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь Lexus RX 350 маркийн автомашинд он залуу машины нүүр, бусад эд ангиудыг стандарт бусаар суурилуулж, хууран мэхэлж гэрээ байгуулсан тул үлдэгдэл 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлаж, Далайн сувдан аялгуу ХХК-ийн 2020 оны 100/14 тоот тодорхойлолт хавсаргасан байх боловч уг компани нь техникийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн гэрээнд тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он, гэрээний зүйлийн үнэ тодорхой тусгагдсан байхаас гадна тээврийн хэрэгслийг хүлээн авах үед өөрөө шалгаж авах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн хууран мэхэлсэн гэсэн тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 2020 оны 11, 12 дугаар сард хэсэгчлэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй, хариуцагч тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буцаан авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 31 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр талууд гэрээнээс татгалзсан үйл баримт Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 11-12, 34/

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагчаас 9 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй үндэслэлээ ...71 000 000 төгрөгөөр борлуулсан автомашиныг 62 000 000 төгрөгөөр худалдсанаас 9 000 000 төгрөгийн алдагдалд орсон, мөн автомашиныг түрээслэсэн бол дээрх хугацаанд 11 960 000 төгрөг болох байсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсэгт зааснаар худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй боловч ийнхүү хохирол учирсан, зардал гаргасан болохыг нотлох үүрэгтэй.

Хэрэгт 70-77 БРА улсын дугаартай, Lexus RX 350 маркийн автомашиныг Э.Өсөхбаяраас 62 сая төгрөгөөр худалдан авсан талаар А.Амаржаргал тодорхойлолт гаргасан байх боловч түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй, автомашиныг 62 сая төгрөгөөр худалдсан талаар өөр баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд уг тодорхойлолтыг үндэслэн хариуцагчид зөрүү 9 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Түүнчлэн талуудын хооронд тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй, уг тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээний зүйл байгаагүй тул автомашиныг түрээслэсэн бол өдрийн 130 000 төгрөгөөр түрээслэхээр байсан ба 3 сар нь 92 хоног 130 000 төгрөг 11 960 000 төгрөг болох байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон тул 3 сарын төлөх ёстой байсан 9 000 000 төгрөгт тооцсон гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар хариуцагч нь 9 сая төгрөгийг буцаан өгөхгүй байх үндэслэлээ буюу өөрт учирсан хохирлоо нотлоогүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 103Ш2021/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Н.БАТЗОРИГ