Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 898

 

      2020        07           07                                           2020/ДШМ/898

Т.М, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Э.Ганбат, Ж.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Э.Билэгсайхан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.М, Д.О нарт холбогдох эрүүгийн 1807001780080 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................., 19...... оны ....... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, “............... захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын “Голден Вилл” хотхоны 104-201 тоотод оршин суух бүртгэлтэй, Алтан гадас одонгоор шагнуулж байсан, ял шийтгэлгүй, /РД:................./;

 

2. .............., 19........ оны 5 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 53 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант хорооллын 1-108 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

Т.М нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд найрамдах хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэгдэн хүргэгдэх замдаа амьсгал гэнэт зогсож нас барсан буюу Ш.Цэрэнг санаатай алсан,

Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд найрамдах хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр, 4 дүгээр сарын 17-ны өдөр хоёр удаа тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “М.Мөнхбат, Ш.Цэрэн хоёр хоёулаа гурван Өвөрмонгол, Хятад хүн ирээд бид хоёрын толгой, нүд рүү цохьчихоод зугтаачихлаа гэж хэлж байсан”, “тэр хоёр бусдад зодуулсан гэж яриад байсан” гэх зэргээр Т.Мын Ш.Цэрэнг зодсон үйлдлийг нууж хаах зорилготой зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ыг хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч .................. мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх гэмт хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мад 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Мад оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 350 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Д.О нь энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар Т.Маас 13.219.995 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлд олгож, Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг Сиди, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 15 хуудас, магадлагаанд хавсаргасан 1 ширхэг Сиди зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Мын эзэмшлийн 25-71 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг шүүгдэгч Т.Мын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан орчуулгын зардал 850.000 төгрөгийг шүүгдэгч Т.М, Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст олгож, шүүгдэгч Т.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг өнөөдрөөс тоолж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2, 42.1, 42.6 дугаар зүйлүүдийг зөрчсөн талаар, анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журмыг илт шууд зөрчсөн нотлох баримтыг үнэлэн илт гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт...” гэж тооцохыг хуулиар тодорхойлсон байх ба нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авагдаж байж л нотлох чадвартай байхыг шууд заажээ. Иймээс энэ хуульд заасан журмаас гадуур, эсвэл илтэд хууль зөрчиж цуглуулсан бол уг нотлох баримт нь ямарч тохиолдолд хэргийн нотлох баримтаар тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Т.Мад холбогдох хэрэгт энэ байдал нь шууд зөрчигдсөн бөгөөд нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, хөндлөнгийн хийсвэр оюун дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг бүхэлд нь, мөн хуулийн 42.1, 42.6 дугаар зүйлүүдийг бүр илт зөрчсөн байхад л гэм бурууг нотлох баримтаар шууд үнэлж байгаа нь хэтэрхий буруутгасан, хуулийг хэт хялбарчлан тайлбарлаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр боллоо. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд зааснаар Улсын Ерөнхий прокурорын газраас Бүгд найрамдах хятад ард улсын Ерөнхий прокурорын газарт явуулсан албан бичгийн хариу ирээгүй байхад мөрдөгч нь албан томилолтоор Бүгд найрамдах хятад ард улсад очиж, хилийн чанадад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа явуулсан нь хэрэгт байгаа албан томилолт, галт тэрэгний билет, илтгэх хуудас зэргээр нотлогдож байх ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Бүгд найрамдах хятад ард улс, Бүгд найрамдах хятад ард улсын хооронд эрүү, иргэний хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ /1989 оны 08 дугаар сарын 31/-ний Гуравдугаар зуйл “Харилцах журам: 1. Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч хоёр талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна. 2. Энэ зүйлийн 1-д заасан “төв байгууллага” гэж Бүгд найрамдах хятад ард улсын хувьд Бүгд найрамдах хятад ард улсын Хууль зүй, Арбитрын яам, Бүгд найрамдах хятад ард улсын Дээд шүүхийг; Бүгд найрамдах хятад ард улсын хувьд Бүгд найрамдах хятад ард улсын Шүүх, Яам, Бүгд найрамдах хятад ард улсын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ.”, 23 дугаар зүйл “Эрх зүйн туслалцааны хэмжээ хязгаар “Хэлэлцэн тохирогч тал бүр нөгөө талынхаа хүсэлтээр эрүүгийн хэргийн талаархи баримт бичгийг харилцан хүргүүлэх, гардуулан өгөх, зохигчид, сэжигтэн, ялтан, гэрч, шинжээч болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч бусад этгээдийг мөрдөн байцаах, магадлагаа, үзлэг, шинжилгээ хийх буюу мөрдөн шалгаж нотолгоо гаргуулан авахтай холбогдсон байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулна.” гэсэн заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн. Бид ийм байдлаар хууль зөрчсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямарч үндэслэлгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлүүдийг баримтлаагүй талаар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэл муутай, хэтэрхий таамаглалын шинжтэй, тохиолдлын байж болох, эсвэл бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байдлыг хооронд нь шууд холбож, хамгийн гол нь талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Т.Мын үйлдлийн улмаас болсон гэдгийг нотлоогүй, нотлох баримт байхгүй байхад хийсвэрлэн сэтгэж гэм буруутайд тооцсон. Хэрэгт илт худал дүгнэлт хийсэн нь дараахь байдлаар нотлогдоно. Үүнд, шийтгэх тогтоолын 10 дугаар хуудасны дээрээсээ 3 дахь догол мөрнөөс эхэлж буй дүгнэлт хэсэгт “...Уг шүүгчийн захирамжид заасны дагуу Бүгд найрамдах хятад ард улсын, Бүгд найрамдах хятад ард улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Бүгд найрамдах хятад ард улсын мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад /ямар байгууллагад гэдэг нь тодорхойгүй/ эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүсэж 2019.032.18-ны өдөр даалгаврыг хүргүүлжээ. Үүний дагуу Бүгд найрамдах хятад ард улсын Эрээн хотын цагдаагийн газраас ...Эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талд хүлээлгэж өгсөн нь монгол орчуулгатайгаар хавтаст хэрэгт /5хх 4-24/ авагдсан байна. ...хууль зөрчсөн зүйл байхгүй, шүүгдэгч Т.Мын бизнесийн хамтрагчаа Бүгд найрамдах хятад ард улсын нутаг дэвсгэрт зодож, аврагдах боломжгүй хүнд гэмтэл санаатай учруулж амь насыг нь хохироосон талаарх Бүгд найрамдах хятад ард улсын Эрээн хотын цагдаагийн газраас шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авсан байх тул...” гэж маш худал дүгнэлт хийжээ. Шүүх, шүүгч ийм илт худал үйл баримтыг шүүхийн шийдвэрт ингэж оруулж огт болохгүй. Ганцхан энэ дүгнэлтээр л шүүхийн шийдвэр нь илт үндэслэлгүй, тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тодруулбал дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтуудад тодорхойлсон зөрчил гаргасан гэж үзнэ. Бүгд найрамдах хятад ард улсаас ирсэн гээд дүгнээд байгаа баримт нь 1 дүгээрт хууль, олон улсын гэрээнд зааснаар ирээгүй мөрдөгч дур мэдэн Бүгд найрамдах хятад ард улсын нутаг дэвсгэр эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явуулж олж ирсэн, 2 дугаарт хамгийн ноцтой нь эдгээр баримтад иргэн Т.М гэмт хэрэг үйлдсэн талаар нэг ч үг, үсэг, өгүүлбэр, нотлох баримт байхгүй. Дээрх байдлуудыг дүгнэж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн, хэргийн талаар ямар ч хуулийн үндэслэлгүй худал дүгнэлт хийсэн, хэрэгт хэт нэг талыг барьж эргэлзээтэй байдлыг бодит байдал мэтээр илт худал дүгнэсэн, хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх заалтуудыг ноцтой зөрчиж, нотлох чадвараа алдсан буюу үнэлэх боломжгүй нотлох баримтуудыг үнэлэн, гэм буруугийн талаар ноцтой эргэлзээ бүхий байдлыг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр хүний эрхийг шууд зөрчиж, хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон, гэм буруу нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 395 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлүүд, мөн хуулийн 42 дугаар бүлгийн 42.1, 42.6 дугаар зүйлүүдийг илтэд шууд зөрчсөн болохыг магадлан тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлүүдийг үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэгт заасан журмыг зөрчсөн нотлох баримтуудыг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж байна. “Тухайн улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэнэ” гэх олон улсын зарчмын хүрээнд энэ гэрээг баримтлах ёстой. Мөн хүний эрхийг хангах үүднээс ийм гэрээ хэлцлийг олон улсад хэрэгжүүлдэг. Үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн тогтоолд “Дорноговь аймгийн цагдаагийн газар болон Бүгд найрамдах хятад ард улсын Эрээн хотын цагдаагийн газрын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажил хэргийн харилцаа нэгэнт бүрэлдэн бий болсон гэрээний биелэлт” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Санамж бичиг гэдэг нь гэрээ биш. Мөн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс болон Бүгд найрамдах хятад ард улсын Эрээн хотын цагдаагийн хэлтсийн хооронд хийсэн цагдаагийн санамж бичиг нь хавтас хэрэгт байгаа. Энэ нь зөвхөн хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой хэрэг дээр харилцан мэдээлэл солилцох тухай санамж бичиг. Түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 улсын хоорондын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд энэ санамж бичиг хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ баримтыг үнэлэхдээ “Олон улсын гэрээ нь Монгол улсын хуулийн адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой” гэх зарчмыг санамж бичигтэй холбож дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, яллах талыг хэт барьж нотлох баримтыг үнэлсэн. Мөн энэ хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй. Хохирогч тархиндаа гэмтэл авсан. Шинжээчийн дүгнэлтэд “цохигдох үйлчлэлээр үүснэ” гэсэн байсан. Тэгэхээр энэ нь хүн цохисон гэх дүгнэлт биш. Гэтэл хавтас хэрэгт Т.М нь хохирогчийг цохих үйлдэл хийсэн гэх нотлох баримт байхгүй. Гэрч Д.О мэдүүлэхдээ “энэ 2 гадаа хүнд зодуулсан гэж надад хэлсэн” гэснийгээ өөрчилж мэдүүлсэн гээд түүнийг “худал мэдүүлсэн” гэх үндэслэлээр хариуцлага тооцсон. Түүнээс гэрч Д.О нь “Т.М цохисон” гэж хэлчихээд дараа нь “цохиогүй” болгож хэлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан үйлдэлтэй холбоотой худал мэдүүлгийг Д.О өгөөгүй. Гэтэл шүүхээс “Д.О нь Т.Мын цохисон үйлдлийг хэлэхгүй байна” гэж хариуцлага хүлээлгэсэн. Хэрэв Д.Огаас өөр гэрч Т.Мын цохисон үйлдлийг харсан байхад Д.О өөрөөр мэдүүлсэн бол худал мэдүүлэг өгсөн болох байсан. Мөн шүүхээс “хохирогч тухайн үед буудлын гадна болон дотор бусад хүмүүсд зодуулаагүй болох нь камерын бичлэгээр тогтоогдож байх тул Т.М гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох ажиллагаа гэдэг нь хэрэгт холбогдогчийн гэм буруутай үйлдлийг нотлох ёстой. Уг үйлдэл нь хор уршигтайгаа шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байж хүний амь хохироосон хэрэг гэж шийдвэрлэх ёстой. Тухайн үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ буудлын гадна маш их явж харагдсан. Бүгд найрамдах хятад ард улсаас ирсэн баримт нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь, Эрээн хотын цагдаагийн хэлтсээс зочид буудал руу албан тоот явуулахад зочид буудлаас камерын бичлэгийг нь хуулбарлаад явуулчихсан байсан. Тухайн зочид буудал нь камерын бичлэгийнхээ ямар хэсгийг нь хасаад, ямар хэсгийг нь цагдаагийн байгууллагад явуулсан эсэхийг бид мэдэхгүй. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар Т.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл бодит байдал дээр хохирогч мэс засалд ороод эмчилгээ үргэлжилж байтал ар гэрийнхэн нь хүсэлтээ гаргаад Монгол улс руу авч ирж байх үедээ нас барсан. Өөрөөр хэлбэл, хохирогч хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар таамаглаж шийдвэрлэсэн. Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх үндэслэлтэй. Эрээн хотод хохирогчийг эмчилж байсан эмчээс “хохирогчийг авч явж болохгүй, аюултай” гэсэн байхад ар гэрийнхэн нь аваад явсан нөхцөл байдал харагдаж байна. Иймээс өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн. Тэгэхээр шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, таамагласан шинжтэй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна. Нийслэлийн прокурорын газрын прокурор Насанбатын үйлдсэн 4-5 удаа хэргийн хугацаа сунгасан тогтоол хавтас хэрэгт байгаа. Эдгээр тогтоолын үндэслэлд “Монгол улс болон Бүгд найрамдах хятад ард улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн дагуу Бүгд найрамдах хятад ард улсаас нотлох баримт авах хүсэлт гаргасан. Энэ нь ирээгүй байх тул хугацааг сунгах үндэслэлтэй байна” гээд 4-5 удаа хэргийн хугацааг сунгаж байсан. Үүний дараа гэнэт шийдвэрээ өөрчилсөн.” гэв.

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил гарны хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Гэтэл прокуророос заасан ажиллагааг хийлгүй дахин хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид эцсийн үг хэлэх боломж олгоогүй.” гэв.

Шүүгдэгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2018 оноос хойш цагдан хоригдож байна. Би 27, 28 жил найзалсан найзаа цохиогүй. Надад маш хүнд байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Э.Билэгсайхан тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Ш.Цэрэн нь гавал тархины битүү гэмтэл авсан байдалтай Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал гэнэт зогсож нас барсан талаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад шалгагдахаас өмнө Эрээн хотын цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт иргэн Ш.Цэрэнг Эрээн хотын эмнэлэгт хүргэгдэж тархины гэмтлийн хагалгаанд орох үеэс эхлэн хойшлуулшгүйгээр ажиллагаа явуулж холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн байсан. 2 орны хил залгаа оршдог бүс нутгийн 2 мөрдөх байгууллагын хооронд байгуулагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүд болон бусад төрлийн хэргийн талаарх мэдээ мэдээллийг солилцох, харилцан дэмжлэг үзүүлж ажиллах агуулга бүхий хоорондоо харилцан тохиролцож байгуулсан санамж бичгийн хүрээнд тухайн бүрдүүлсэн нотлох баримтуудыг гаргуулж авсан. Тухайн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баталгаажуулж хавтас хэрэгт тусгасан байгаа учир өмгөөлөгч нарын хэлж байгаачлан хууль бусаар бэхжүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлтэй. Хавтас хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Мөн Т.Мад оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Э.Ганбатаас тухайн санамж бичгийг тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хамааралтай гэж байна. Тухайн санамж бичгийн 10 дахь хэсэгт “бусад” гэх зүйл тусгагдсан байгаа. Энэ нь бусад хэргийн талаар мэдээ, мэдээлэл солилцож, хамтран дэмжлэг үзүүлж ажиллах агуулгыг илэрхийлж байна. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Т.М, Д.О нарын зүгээс нэгдмэл сонирхолтой нөхцөл байдал анзаарагдсан. Иймд Т.М, Д.О нарт чиглэж хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тогтоох нууц ажиллагаагаар “мөрдөгчид ямар мэдүүлэг өгсөн, зодсон гэж хэлээгүй биз дээ, тэгж мэдүүлэг өгөөрэй” гэх мэтчилэн нэгдмэл сонирхолтой болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Д.О нь Т.Мыг хэрэгт хамааралгүй гэж хэргийн бодит байдлыг гуйвуулах шинжтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Т.М нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд найрамдах хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэгдэн хүргэгдэх замдаа амьсгал гэнэт зогсож нас барсан буюу Ш.Цэрэнг санаатай алсан,

Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд найрамдах хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр, 4 дүгээр сарын 17-ны өдөр хоёр удаа тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “М.Мөнхбат, Ш.Цэрэн хоёр хоёулаа гурван Өвөрмонгол, Хятад хүн ирээд бид хоёрын толгой, нүд рүү цохьчихоод зугтаачихлаа гэж хэлж байсан”, “тэр хоёр бусдад зодуулсан гэж яриад байсан” гэх зэргээр Т.Мын Ш.Цэрэнг зодсон үйлдлийг нууж хаах зорилготой зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлийн “...2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байх үед Т.М над руу залгаад “өчигдөр бид нар архи уусан юм, тэгээд Ш.Цэрэнгийн бие нь муудаад эмнэлэгт хэвтчихлээ, хүрч ирж чадах уу” гэсэн болохоор би яаралтайгаар автобусанд суугаад маргааш нь БНХАУ-ын Эрээн хотод талийгаачийн байгаа эмнэлэг дээр очиход Т.М болон Буяндалай гээд        2 Өвөрмонгол хамт байсан. Ингээд тэр өдрөө бол хамт эмнэлэг дээр хоночихоод маргааш нь Монгол руу явж мөнгө хөөцөлдөнө гэж хэлээд явсан байдаг. ...Т.М нь надад талийгаачийн хувцасыг өгөхдөө “би бөөлжис болчихоор нь угаачихсан шүү” гэж хэлж байсан. ...Хамгийн гол нь Т.М өөрөө биш ч байсан мөн ч байсан талийгаачийг эмнэлэгт их орой хүргэж өгсөн байсан. Буяндалайг дагуулж буудал дээр авчраад түргэн тусламж дуудсан байсан. Эрээн хотын нэгдсэн эмнэлгийн эмч хэлэхдээ Ш.Цэрэн нь гэмтэл авсанаас хойш их удаж эмнэлэгт ирсэн, цаг хугацаа алдсан, хүнд байдалтай ирсэн талаар хэлж байсан. ...” /1хх 38/,

            гэрч Б.Буяндалайгийн “...Би тэднийг өөрсдийг нь хоолонд оруулъя гээд буудлынх нь гадна 19 цаг 09 минутанд явж очсон. Тэд нар өрөөнөөсөө бууж ирээд Цэрэн ах миний машинд суугаад Т.М, танихгүй Монгол эмэгтэй нар Цэцэнбаатарын машинд суугаад хоолны газар очсон. ...Хоол идэж байх явцдаа 2 шил архи худалдаж аваад 1 шил архийг нь ууж дуусгасан. Тэр архи нь 500 граммын архи байсан. 2 дахь архи нь бас 500 граммын архи байсан ба 300 грамм орчмыг үлдээгээд гарцгаасан. Цэцэнбаатар, Т.М ах, Цэрэн ах, нөгөө Монгол эмэгтэй гурвыг буудалд нь хүргэж өгөхөөр явсан. Хоол идсэний маргааш үдээс хойш нь 14 цаг өнгөрч байхад манай эмнэлэг дээр танихгүй Монгол эмэгтэй ганцаараа хүрч ирээд “Цэрэн ах унтаад сэрэхгүй байна, очоод үзээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монгол эмэгтэйн хамтаар “Хуа Лянь” буудал руу явж байх замдаа Цэцэнбаатартай утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн.., Тэгээд өрөөнд нь ороод харахад Цэрэн ах орон дээр биш, газарт хэвтэж байсан. Тухайн үедээ эгц дээш харчихсан, цээжин биеэрээ нүцгэн, доогуураа цагаан саарал бэлтгэлийн өмд өмссөн байсан. Баруун гар, баруун хөл нь татчихсан байсан. Тэгэхээр нь би яаралтай түргэн тусламж дуудсан. Өрөө нь эмх цэгцтэй, оронд хүн унтсан шинжгүй байсан. Өрөөний зүүн талд цонхны тавцангийн орчимд богино дотуур хар цэнхэр өнгийн өмдийг угаагаад хатаагаад тавьсан байсан. Биеийнх нь 2 гар, мөрний орчимд хөхөрчихсөн байсан. 2 нүд нь хөхөрчихсөн байсан..., Нүүр нь ямар ч бөөлжис, цус болсон зүйл харагдаагүй.., Би Монгол эмэгтэйн хамтаар буудалд хүрч ирээд “Цэрэн ахын бие яагаад муудчихсан юм бэ” гэж асуухад Т.М ах “өчигдөр шөнө хоол идэж дуусаад буудалдаа ирээд дахиад нэмж архи уух гээд архи авахаар гараад гадна хүмүүстэй зодолдсон” гэж хэлэхээр нь “ямар хүмүүстэй зодолдсон юм бэ” гэж асуухад Т.М хариулахдаа “нэг Өвөрмонгол, 2 Монгол хүнтэй зодолдсон” гэсэн “хаана зодолдсон юм бэ” гэж асуухад “би хаана зодолдсон болохоо санахгүй байна” гэж хэлсэн... Харин танихгүй Монгол эмэгтэй над дээр ирээд “Цэрэн ахын бие муу байна” гэж хэлэхээр нь “яагаад бие нь муудсан юм бэ” гэж асуухад “Т.М, Цэрэн нар танихгүй хүнд зодуулсан гэнээ” гэж л хэлсэн. ...” /1хх 73-74/,

            гэрч О.Гантогтохын “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 08:45 цагт Замын-Үүдэд ирээд хүлээж байх үед авч явах өвчтөн болох 54 настай Цэрэн гэх эрэгтэй хүнийг 12:50 цагийн орчим БНХАУ-ын хилээр машинаар авч ирээд эмнэлгийн гадна зогсоол дээр уг хүнийг үзээд тээвэрлэж болно гэж үзээд манай машинд шилжүүлэн суулгасан. Тэгээд 13 цагийн орчимд Замын-Үүдээс хөдөлж замд өвчтөний биеийн байдал тогтвортой байж байгаад 19:40 цагийн орчимд уг өвчтөний амьсгал гэнэт зогссон тул амьсгалыг зохиомлоор удирдаж эхэлсэн боловч 19 цаг 55 минутын орчимд захын судасны цохилт тэмтрэгдэхгүй даралт тодорхойлогдохгүй болсон тул зүрх судасны сэхээн амьдруулах арга хэмжээ авч байгаад хамгийн ойрхон нэгдсэн эмнэлэгтэй газар болох Налайх дүүргийн эмнэлэгт 20:25 цагийн орчимд ирээд уг хүнийг хүлээн авах тасагт оруулж сэхээн амьдруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хийсэн боловч үр дүнгүй байсаар 22:42 цагт нас барсан. ...” /1хх 50/,

            шинжээч С.Төгсбуянгийн “...Амь хохирогч Ш.Цэрэнгийн зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь захаараа шаргал туяа үүссэн байсан нь гэмтэл үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн буюу хэрэг болсон гэх 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, цээжний зүүн талд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун бугалганы гадна ар тал, гадна дээд талд, суганы цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн 2, 3, 4, 5, 6, 7-р, баруун 3, 4 дүгээр хавирганууд шууд хугаралтай бөгөөд дээрх олон хавирганы хугарлын талаар БНХАУ-д хийсэн цээжний компьютер шинжилгээнд дурдагдаагүй байгаа нь дээрх хавирганы хугарлууд нь талийгаачийн зүрх зогсох үед эмч эмнэлгийн ажилчдын сэхээн амьдруулах ажилбар зүрхэнд шууд массаж хийх үед үүссэн байх боломжтой. Цаг хугацааны хувьд нас барах үетэй зэрэгцэн үүссэн байх боломжтой. Дээрх задлан шинжилгээгээр цогцосны гавал тархины өөрчлөлтөнд илэрсэн эмгэгүүдээс үзэхэд баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эдийн шигдээс нь гэмтлийн гаралтай үүссэн өөрчлөлтүүд болно. Мөн толгойн хуйх, баруун чамархайн булчинд үүссэн цус хуралтууд нь хагалгааны явцад үүссэн байх боломжтой өөрчлөлтүүд харагдана. Дээрх гавал тархинд үүссэн гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн үед үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлд хүний атгасан гарыг хамааруулж болно. ...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл их тархины баруун талт бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь хэмжээний хувьд том, мөн тархины эдийн няцрал дарагдал хавсарсан, эмнэлгийн яаралтай тусламж яаралтай аваагүй зэргээс шалтгаалан амь насанд аюултай буюу амь насыг аврах боломжгүй байсан байна. ...” /1хх 175-176, 4хх 108-109/,

            шүүгдэгч Т.Мын яллагдагчаар өгсөн “...Талийгаачийн эхнэр Мөнхгэрэл Эрээн хотод ирэхээр нь айж сандарснаас болоод Ш.Цэрэн бид хоёр танихгүй 3 хүнд зодуулчихсан талаар худлаа хэлсэн юм..., би Эрээн хотоос эхнэрээсээ өөр хүнтэй явж хоносондоо санаа зовсон, тэрийгээ нуух л санаатай байсан..., Анхнаасаа л Мөнхгэрэлд 3 хүнд зодуулсан талаар худлаа хэлчихсэн болохоор л тэгж хэлж зааж өгөх болсон юм. Ш.Цэрэн бид хоёр БНХАУ-ын Эрээн хотод танихгүй хүмүүст зодуулаагүй нь үнэн. ...” /2хх 5-10/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08 ШЭ/28 дугаартай “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины эдийн няцрал, дарагдал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун 2-3-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун 2-3-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлээс бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зовиур анх илэрсэн мөн эмнэлэгт хандсан 2018.03.12-13-ны өдөр үүссэн байх боломжтой. Талийгаачид архаг ходоодны салстын шархлаа, нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх архаг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчлүүлсэн учраас цусанд спиртийн агууламж илрүүлэх шинжилгээ хийх шаардлагагүй болно. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. ...” /1хх 125-135/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08 ШЭ/190 дугаартай “...Т.Мын биед баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 140/ гэх дүгнэлтүүд,

 

            цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-35/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Мыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Ог мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Т.Мыг иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас нас барсан буюу Ш.Цэрэнг санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Д.Ог иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Т.Мын Ш.Цэрэнг зодсон үйлдлийг нууж хаах зорилготой зориуд худал мэдүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгч Т.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн, хэргийн талаар ямар ч хуулийн үндэслэлгүй худал дүгнэлт хийсэн, хэрэгт хэт нэг талыг барьж эргэлзээтэй байдлыг бодит байдал мэтээр илт худал дүгнэсэн, хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх заалтуудыг ноцтой зөрчиж, нотлох чадвараа алдсан буюу үнэлэх боломжгүй нотлох баримтуудыг үнэлэн, гэм буруугийн талаар ноцтой эргэлзээ бүхий байдлыг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр хүний эрхийг шууд зөрчиж, хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон, гэм буруу нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлүүд, мөн хуулийн 42 дугаар бүлгийн 42.1, 42.6 дугаар зүйлүүдийг илтэд шууд зөрчсөн болохыг магадлан тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлүүдийг үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэргээс үзэхэд, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ