Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/395

 

2020         4          27                                     2020/ШЦТ/395

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0389/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий  шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Г.Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэл, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

шүүгдэгч  Т.М,  түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О нарт холбогдох эрүүгийн 1807001780080 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, Тайхарын зам ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын Голден Вилл хотхоны 104-201 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас      Алтан гадас одонгоор шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай Т.М /РД:/

Монгол улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 53 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант хорооллын 1-108 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д.О  /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэгдэн хүргэгдэх замдаа амьсгал гэнэт зогсож нас барсан буюу Ш.Цэрэнг санаатай алсан;

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цэрэнг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаа тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Т.М, Ш.Цэрэн хоёр хоёулаа гурван Өвөр монгол, Хятад хүн ирээд бид хоёрын толгой, нүд рүү цохьчихоод зугтаачихлаа гэж хэлж байсан”, “тэр хоёр бусдад зодуулсан гэж яриад байсан” гэх зэргээр Т.Мын Ш.Цэрэнг зодсон үйлдлийг нууж хаах зорилготой зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “1990 оноос хойш хамт ажиллаж байсан салдаггүй хоёр найзын нэг нь харамсалтайгаар амь хохирсонд харамсаж байна. Би ганцаардаж байна. 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найзтайгаа хамт Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг кемп руу найзтайгаа хамт хоол унд хүргэж өгөх ажлаар явсан. Тэгээд Эрээн хот руу компанийн ажлаар яваад ийм харамсалтай хэрэг болсонд харамсаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх талд нь тусалж өгнө үү. Өдий олон жил найзтайгаа найзалчхаад ийм асуудал гаргана гэж үнэхээр байхгүй. Хүний урманд бид хоёр хэрэлдэж үзээгүй. Надад үнэхээр хүнд, хэцүү байна. Би хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Нэгдүгээрт би найзтайгаа зодоон хийгээгүй. Бид хоёр архи уусан нь үнэн. Найз маань өрөөнөөс гараад явсан. Тухайн үед 3-4 хүнд зодуулсан зүйл болоогүй. Тэгж хэлсэн учир нь нэгдүгээрт Мөнхгэрэлээс санаа зовсон. Хоёрдугаарт эхнэрээсээ санаа зовсон. Хоёулаа явсан гэж явчихаад гурвуулаа болсон байдаг. Үнэхээр нөхөр хүний хувьд санаа зовж байсан” гэв.

Шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Бид хэд хоол идчихээд Цэцэнбаатар, Буяндалай хоёр явсан. Бид гурав өрөө рүүгээ явах замд хоёр эрэгтэй нь дэлгүүр орж архи авсан. Өрөөндөө ороод энэ хоёр ярьж суугаад архи уусан. Би шүршүүрт ороод гарч ирсэн. Энэ хоёр архи уусан байсан тэгээд амарцгаая гэхэд Цэрэн ах өрөөнөөс гарсан. Өрөөндөө бид 2 унтаж амарсан. Өглөө Цэрэн ахыг сэргээе гээд өрөөнд нь орсон чинь унтсан юм шиг байрлалтай хэвтээд сэрэхгүй байсан. Тэгээд Т.М-д хэлээд хоёулаа яана аа гээд Цэцэнбаатар, Буяндалай хоёр руу залгаад тэр хоёр ирсэн. Тэр хоёр ирээд түргэн дуудсан. Бид нар эмнэлэг рүү явсан. Энэ хоёр өрөө рүү орж байх явцад хэзээ ч болсон нь мэдэгдэхгүй зодооны талаар яриад байсан. Цагдаа сонссон, үзсэн, харсан бүх юм аа ярьж хэл гэхээр нь би энэ хоёрыг гурван хүнд зодуулсан гэж хэлсэн. Би дэлгүүр ороод буцаж явахад яриад байсан юмыг л цагдаад ярьсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэл: “Өнөөдөр миний нөхрийн амь насыг хохироосон хэргийн хуралд оролцож байна. 2000 онд би нөхөртэйгээ танилцаад 2 хүүхэдтэй, албан ёсны баталгаатай гэр бүл болсон. Хэн хэн нь анх удаагаа гэрлэсэн. Ямар нэгэн асуудалгүй гэр бүл байсан. Миний нөхөр Орос улсад дээд сургууль төгссөн маш өндөр боловсролтой, халамжтай хүн байсан. Ямар ч хүнтэй муудалцаж байгаагүй тийм хүн. Нөхөр маань Т.М гээд хүнтэй 2000 онд надтай танилцахаас өмнө нь танилууд байсан. Энэ хоёр хамт нэг байгууллагад ажиллаж байгаад сүүлд хоёулаа жижигхэн компани байгуулж хамт ажилладаг байсан. 2018 оны 03 сард компанийнхаа ажлаар Дорноговь руу явсан. Надад манай нөхөр хэлэхдээ хагас сайн өдрийн өглөө эрт машинаар Т.Мтай хоёулаа явж байгаа гэж хэлсэн. Би нэгдэх өдөр ирэх байх гэж бодоод залгасан чинь утас нь болохгүй байхаар нь замдаа явж байгаа байх гэж бодож байсан. Т.М над руу 12-ны орой залгаад “бид 2 архи уусан чинь Цэрэнгийн бие муудчихлаа. Чи хүрч ир” гэж хэлсэн. Би нэг эмэгтэй дүүтэйгээ хамт Эрээн хот руу явсан. Оройны 21 цагийн автобусанд суусан. Намайг автобусанд суух үед Т.М надтай утсаар яриад “эмнэлэг дээр авч ирээд үзүүлсэн чинь Цэрэн цус харвасан байна, яаралтай хагалгаанд орох болсон” гэж хэлсэн. Би гайхсан манай нөхрийн даралт ихэсдэг байгаагүй. 3 дахь өдрийн өглөө бид 2 Эрээн хотод очсон. Хилээр такситай гараад шууд эмнэлэг дээр очсон. Бид 2-ыг очиход нөхрийг маань шөнө нь хагалгаанд орсон гээд тархи нь битүү боодолтой, ямар ч ухаангүй байсан. Намайг очиход Т.М Өвөрмонгол хүнтэй хамт байж байсан. Миний нөхрийн нүүр, ам нь битүү хавдар нүд нь хөхөрсөн байсан болохоор нь гайхаад уг нь манай нөхөр хүүхдүүд эхнэртэйгээ хэзээ ч муухай харилцаж чанга ярьж ч үзээгүй хүн байсан болохоор нь би Т.Маас “та нар зодоон хийсэн юм уу” гэж асуухад Т.М “бид 2 гадаа өөр хүмүүст зодуулсан” гэж хэлсэн. Би эмчтэй уулзахад эмч “тархи нь хүнд гэмтэлтэй, ухаангүй, маш их оройтож эмнэлэгт ирсэн гэж хэлсэн. Буяндалай гээд Өвөрмонгол хүнээр орчуулга хийлгэхэд хагалгаа хийсэн эмч шөнө буцаж явсан. Сэхээний эмчтэй бид нар орж уулзсан. Маш хүнд хүн ирсэн хагалгаа хийж 150 мл цус, цусан хурааг нь авсан, тархины 3/2 нь дарагдсан, гавал ясны гэмтлээс болж цусан хураа үүссэн байсан гэж надад эмч хэлсэн.  Би Эрээн хотын эмнэлэгт 9 хоног сахиж байсан. Ухаан орчих байх гэж хүлээж байсан. Эмнэлгийн нөхцөл байдлыг нь сайн ойлгохгүй байсан. Монгол улс руу авч явах замд миний нөхөр нас барсан. Сүүлд би мэдэхэд хүнд болсон байсан эрт авчрах хэрэгтэй байсан юм шиг байсан. Ядаж хүүхдүүдэд нь харуулах байсан. Одоо 2 жил гаран болчихоод байхад хэрэг нь шийдэгдэхгүй байна. Манай гэр бүлийнхэнд хүнд байна. Хуулийн хүмүүсийн зөвлөгөөний дагуу оршуулгын зардал болон эмчилгээнд гарсан зардлуудыг баримтаар нэхэмжилсэн. Манай гэр бүлийн хувьд бол мөнгө чухал биш гэдэг нь мэдээж ойлгомжтой. Одоо манай хууль шүүх цагдаа прокурорын байгууллага энэ хүмүүсийг хэрэг хийсэн гэж байгаа болохоор шийдэж өгнө үү. Миний нөхрийн амь насыг хохирчихоод байхад надад худал мэдүүлэг өгсөн. Дээрээс нь бас түргэн тусламж үзүүлэхгүй маш их удааж, маш их зовоосонд гомдолтой байна. Эмчилгээний зардал болон оршуулгын зардалд 22.219.995 төгрөг нэхэмжилснээс 13.500.000 төгрөг өгсөн байна. 4.500.000 төгрөгийг намайг Эрээн хотод байхад Т.М өгсөн. Эмчилгээний зардал 3.000.000 төгрөгийн үлдэгдэл нь хасаад тавьсан дүн юм. Эхнэр нь надад 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Эрээн хотод өгсөн 4.500.000 төгрөг нь миний одоо нэхэмжилж байгаа дүнд ороогүй. Т.М болон миний нөхөр дундаа замын компанитай байсан. Явахаасаа өмнө нэг экскэватораа зараад Эрээн явсан. Эрээн хотод намайг очиход Т.М хагалгааны зардал, эмнэлгийн төлбөрийг нь төлсөн байсан. Энэ зардлуудыг би Т.Маас авсан гэж бодохгүй байна. Үлдэгдэл зөрүүг нь би очоод төлсөн. Т.М хотод очоод юмаа барьцаанд тавиад дахиж мөнгө шилжүүлье гэж хэлээд Эрээн хотод намайг очсоноос хойш 1 хоноод явсан.  Тэгэхээр нийт 22.219.995 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг хасна. Ер нь бол би энэ хүмүүсээс нөхрийнхөө амь насыг нэхэмжилмээр байна. Надад хуулийн хүмүүсийн зөвлөснөөр би бодитой зардлыг нэхэмжилсэн.” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч М.Мөнхгэрэлийн өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байх үед Т.М над руу залгаад өчигдөр бид нар архи уусан юм, тэгээд Ш.Цэрэнгийн бие нь муудаад эмнэлэгт хэвтчихлээ хүрч ирж чадах уу гэсэн болохоор би яаралтайгаар автобусанд суугаад маргааш нь БНХАУ-ын Эрээн хотод талийгаачийн байгаа эмнэлэг дээр очиход Т.М болон Буяндалай гээд                 2 Өвөрмонгол хамт байсан. Ингээд тэр өдрөө бол хамт эмнэлэг дээр хоночихоод  маргааш нь Монгол руу явж мөнгө хөөцөлдөнө гэж хэлээд явсан байдаг. ...Т.М нь надад талийгаачийн хувцасыг өгөхдөө би бөөлжис болчихоор нь угаачихсан шүү гэж хэлж байсан... Хамгийн гол нь Т.М өөрөө биш ч байсан мөн ч байсан талийгаачийг эмнэлэгт их орой хүргэж өгсөн байсан. Буяндалайг дагуулж буудал дээр авчраад түргэн тусламж дуудсан байсан. Эрээн хотын нэгдсэн эмнэлгийн эмч хэлэхдээ Ш.Цэрэн нь гэмтэл авсанаас хойш их удаж эмнэлэгт ирсэн, цаг хугацаа алдсан, хүнд байдалтай ирсэн талаар хэлж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 38 тал/,

Гэрч Буяндалайгийн өгсөн: "...Би Т.М-тэй нь холбогдоод байдаггүй, харин Цэрэн ахтай байнга Ви Чат ашиглан харилцдаг юм. Бид нар ажил хэргийн холбоотой хүмүүс байгаа юм... 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр..., би тэднийг өөрсдийг нь хоолонд оруулъя гээд буудлынх нь гадна 19 цаг 09 минутанд явж очсон. Тэд нар өрөөнөөсөө бууж ирээд Цэрэн ах миний машинд суугаад Т.М, танихгүй Монгол эмэгтэй нар Цэцэнбаатарын машинд суугаад хоолны газар очсон…Хоол идэж байх явцдаа 2 шил архи худалдаж аваад 1 шил архийг нь ууж дуусгасан. Тэр архи нь 500 граммын архи байсан. 2 дахь архи нь бас 500 граммын архи байсан ба 300 грамм орчмыг үлдээгээд гарцгаасан..., Цэцэнбаатар Т.М ах, Цэрэн ах, нөгөө Монгол эмэгтэй гурвыг буудалд нь хүргэж өгөхөөр явсан. Хоол идсэний маргааш үдээс хойш нь 14 цаг өнгөрч байхад манай эмнэлэг дээр танихгүй Монгол эмэгтэй ганцаараа хүрч ирээд Цэрэн ах унтаад сэрэхгүй байна, очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монгол эмэгтэйн хамтаар Хуа Лянь буудал руу явж байх замдаа Цэцэнбаатартай утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн.., Тэгээд өрөөнд нь ороод харахад Цэрэн ах орон дээр биш, газарт хэвтэж байсан. Тухайн үедээ эгц дээш харчихсан, цээжин биеэрээ нүцгэн, доогуураа цагаан саарал бэлтгэлийн өмд өмссөн байсан. Баруун гар, баруун хөл нь татчихсан байсан. Тэгэхээр нь би яаралтай түргэн тусламж дуудсан. Өрөө нь эмх цэгцтэй, оронд хүн унтсан шинжгүй байсан. Өрөөний зүүн талд цонхны тавцангийн орчимд богино дотуур хар цэнхэр өнгийн өмдийг угаагаад хатаагаад тавьсан байсан… Биеийнх нь 2 гар, мөрний орчимд хөхөрчихсөн байсан. 2 нүд нь хөхөрчихсөн байсан..., Нүүр нь ямар ч бөөлжис, цус болсон зүйл харагдаагүй.., Би Монгол эмэгтэйн хамтаар буудалд хүрч ирээд Цэрэн ахын бие яагаад муудчихсан юм бэ гэж асуухад Т.М ах өчигдөр шөнө хоол идэж дуусаад буудалдаа ирээд дахиад нэмж архи уух гээд архи авахаар гараад гадна хүмүүстэй зодолдсон гэж хэлэхээр нь ямар хүмүүстэй зодолдсон юм бэ гэж асуухад Т.М хариулахдаа нэг Өвөрмонгол, 2 Монгол хүнтэй зодолдсон. Хаана зодолдсон юм бэ гэж асуухад би хаана зодолдсон болохоо санахгүй байна гэж хэлсэн… Харин танихгүй Монгол эмэгтэй над дээр ирээд Цэрэн ахын бие муу байна гэж хэлэхээр нь яагаад бие нь муудсан юм бэ гэж асуухад Т.М, Цэрэн нар танихгүй хүнд зодуулсан гэнээ гэж л хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 73-74 тал/,

Дорноговь аймгийн Цагдаагийн газар болон БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг үндэслэн нотлох баримтын эх сурвалжийг Эрээн хотын Цагдаагийн газар, Эрүүгийн мөрдөн байцаах тасгийн буюу эрх бүхий байгууллагаас хуулбар үнэн тэмдэг дарагдан баталгаажсан Эрээн хотын "Хуа Лянь" зочид буудлын хяналтын камерын бичлэгийг гаргуулан авах, Эрээн хотын нэгдсэн эмнэлгээс амь хохирогч Ш.Цэрэнгийн өвчний түүхийг гаргуулан авах албан бичиг болон БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас явуулсан хойшлуулшгүй ажиллагаа хийсэн материал, амь хохирогч Ш.Цэрэнгийн Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд, тэдгээр баримтуудын орчуулга /5хх-ийн 82 дугаар талаас 6хх-ийн 24 тал хүртэл/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: "...21:53:10 цагт Т.М нь гартаа ууттай эд зүйлс барьсан, Ш.Цэрэн өндөр савтай эд зүйл бариад алхаж Т.М-н өрөө рүү орж байгаа харагдах ба энэ үед Т.М, Ш.Цэрэн нарын биед ил харагдах гэмтэлгүй харагдаж байв. Үзлэгийг цааш явуулж бичлэгийг үргэлжлүүлэн цагийн дагуу явуулахад 23:13:42 цагт Ш.Цэрэнгийн нуруу ард хэсэг харагдах ба Ш.Цэрэн нь гуйвсан шинжтэй баруун гараар нүүрээ дарж алхаж баруун талын хоёр дахь хаалгаар баруун эргээд гарч явав. Ш.Цэрэн, Т.М, Д.О нарын өрөөнд 21:53 цагт орсоноос хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй байж байгаад 23:13 цагт гарч ирсэн болно. Үзлэгийг цааш явуулахад 00:00 цагаас 01:00 цагийн хооронд ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй камерын бичлэгт Ш.Цэрэн, Д.О, Т.М нар харагдаагүй ба 01:11:32 цагт хяналтын камерын харагдах орчинд хоёр хүн нэг хүнийг дундаа хийж дээш өргөж алхуулж байгаа дүрс харагдах ба өргүүлээд байгаа хүн нь Ш.Цэрэнгийн өмсөж явсан хувцастай ижил хувцас өмссөн хүн харагдах ба өөрөө алхаж чадахгүй доош хэвтэх дүрс харагдах ба хоёр хүн хоёр талд нь гараад хараад зогсож байгаад дахин дээш өргөж өрөө рүү нь чиглэж алхаж байв. Хяналтын камерт ойртоход Ш.Цэрэн болох нь харагдаж байв. Үзлэгийг цааш явуулахад нэг эмэгтэй түрүүлж ирээд хаалгыг нь нээж өгөх ба хоёр эрэгтэй нь Ш.Цэрэнг хоёр талаас нь дээш өргөөд 01:14:15 цагт өрөө рүү нь оруулж өгөх ба Ш.Цэрэн нь нүүрээ дараад дээш босож чадахгүй байдалтай харагдаж байв. 01:15:21 цагт дээрх эмэгтэй болон хоёр эрэгтэй нь Ш.Цэрэнгийн өрөөнөөс гарч ирж хоорондоо яриа өрнүүлж зогсож байснаа 01:18:55 цагт хоёр эрэгтэй нь Ш.Цэрэнгийн өрөө рүү орчихоод гарч ирэх ба энэ үед цагаан цамцтай буудлын ажилтан бололтой эмэгтэй үүдэнд харж зогсож байснаар коридор хэсгээр цааш алхаж явснаар дүрсээс гарав. Үзлэгийг цааш явуулж 01:16:26 цагаас хойш 08 цаг хүртэл хугацааны бичлэгийг үзэхэд хэрэгт ач холбогдолтой дүрс илрээгүй бөгөөд 08:38:15 цагт хяналтын камерын зүүн доод хэсгээс Д.О нь гарч ирж харагдах ба Ш.Цэрэнгийн орсон өрөөний хаалгыг шагайж харж зогсож байснаа хаалгыг дотогш нээн өрөө рүү нь орж 08:38:56 цагт эргээд өрөөнөөс нь гарч байгаа нь хяналтын камерын харагдах орчноос гарах ба бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 08:40:22 цагт Т.М нь судалтай улаан эрээн өнгийн цамц өмссөн байдалтай Ш.Цэрэнгийн өрөө рүү нь орсон ба араас нь Д.О нь өрөө рүү нь орох ба энэ үед коридор хэсэгт буюу Ш.Цэрэнгийн байгаа өрөөний үүдэнд цэвэрлэгээ хийж байгаа шинжтэй хоёр эмэгтэй гарч ирэх ба баруун талын эхний хаалгыг нь нээн дотогш орсон ба энэ хооронд цэвэрлэгээ хийж байгаа шинжтэй буудлын 3 эмэгтэй ажилтан Ш.Цэрэнгийн өрөөний эсрэг талынх нь өрөөний уүдэнд орж гараад зогсох ба 08:55:50 цагт цэвэрлэгээний түрдэг тэрэгтэй эд зүйлсээ түрээд  цааш холдуулах ба дараагийн бичлэгийг нээн үзэхэд цаг нь үргэлжилж явах ба 09:00:00-10:00:00 цагийн хоорондох бичлэгийг үзэхэд 09:01:48 цагт Д.О нь өрөөнөөс нь гарч ирээд 09:03:05 цагт Ш.Цэрэнгийн байгаа өрөөнд буцаад орсноос хойш 10:00:00 цаг хүртэл өөр орсон гарсан хүн байхгүй байснаар бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг нээн үзэхэд 10:00:00-11:00:00 цагийн хоорондох бичлэг харагдах ба 10:11:51 цагт Д.О нь Ш.Цэрэнгийн өрөөнөөс гараад 10:11:59 цагт өрөөнд нь эргээд орох гэж байснаа эргээд 10:12:28 цагт өрөөнд нь орох гээд хаалгыг нь тогшиж байснаар өрөөнд нь оров. 10:38:09 цагт Ш.Цэрэнгийн өрөөнөөс Д.О нь гарч ирэх ба 10:42:16 цагт Д.О нь саарал өнгийн урт куртик өмссөн байдалтай коридор хэсгээр цааш алхав. 10:46:10 цагт Д.О нь эргэж ирээд Ш.Цэрэнгийн өрөөний хаалгыг тогшиж байгаад дотогш оров. 10:55:01 цагт Д.О нь түүний өрөөнөөс гараад 10:55:38 цагт эргээд өрөөнд нь ундаа бариад орсноор дараагийн бичлэгийг нээн үзэхэд 11:00:00 цагт бичлэг эхлэх ба 12:00:00 цаг хүртэл Ш.Цэрэнгийн өрөөнд гаднаас ямар нэгэн хүн ороогүй ба дотроос нь ямар нэгэн хүн гараагүй байснаар бичлэг дуусч дараагийн бичлэгийг нээн үзэхэд 12:00:00 цагт бичлэг эхлэх ба 13:00:00 цагт бичлэг дуусах ба энэ хугацаанд Ш.Цэрэнгийн өрөөнд гаднаас хүн ороогүй байгаад дотроос нь ямар нэгэн хүн гараагүй байснаар бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг нээн үзэхэд Д.О нь 14:12:09 цагт Ш.Цэрэнгийн өрөөнөөс гараад эргээд шагайх ба коридор хооронд хоёр тийш явж байгаад цааш явах ба 14:24:07 цагт цагаан өнгийн цамцтай эмэгтэй Ш.Цэрэнгийн байгаа хаалгыг тогшиж өрөөнд орчихоод гарах ба 14:25:28 цагт Д.О нь бараан өнгийн цамц, жийнсэн өмд өмссөн нүдний шилтэй эрэгтэй дагуулаад Ш.Цэрэнгийн байгаа өрөөний хаалгыг тогшиж зогсож байгаад хамт явж байгаа эрэгтэйгээ дагуулаад өрөөнд нь оров 14:34:42 цагт Д.О нь уг өрөөнөөс гараад 14:36:05 цагт гаднаас фудволк өмссөн эрэгтэй Ш.Цэрэнгийн өрөө рүү орох ба 14:38:05 цагт Ш.Цэрэнгийн өрөөнөөс хоёр эрэгтэй гараад чигээрээ алхах ба буцаад алхах ба гаднаас Т.М, Д.О хоёр нь хоёр эрэгтэйг дагуулаад Ш.Цэрэнгийн өрөөнд орох ба энэ үед гаднаас эмнэлгийн хувцас өмссөн хоёр эмэгтэй болон нэг эрэгтэй нар Ш.Цэрэнгийн өрөөнд ороод 14:44:05 цагт нэг эмч нь гарч ирэх ба араас нь Ш.Цэрэнг даавуун дээр өргөөд гараад явж байснаар бичлэг дуусав. Уг бичлэгийг гадна хэсэгт 4 гэж дугаарлан эд мөрийн баримтаар тооцохоор тогтов..." гэх тэмдэглэл /1хх-ийн 31-34 тал/

Гэрч Ц.Баяржавхлангийн өгсөн: "..Түүний нөхөр нь хамт ажилладаг хүнтэйгээ Эрээн хот руу явсан чинь хамт явсан хүн нь цус харваад тэндээ хагалгаанд оруулчихаад Улаанбаатар хот руу тээвэрлэх үед нас барсан гэж хэлж байсан..., Д.Огийн нөхөр нь гээд байгаа хүн нь Т.М гэдэг хүн байдаг. Би Т.Мтай 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрөөр танилцаж байсан. Д.О нь хэлэхдээ нэг замын компанид ажиллаж байгаад Т.Мтай танилцсан гэж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 тал/,

Гэрч С.Ариунзаяагийн өгсөн: "...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад хүлээн авахад 103-ын автомашинаар Ш.Цэрэн гэх хүн хүргэгдэн ирсэн. Уг хүнийг манай эмнэлгийн байранд насилкаар зөөж оруулж ирсэн. Тухайн үед аваад явж байсан эмч нь хиймэл амьсгал өгөгч төхөөрөмжөөр хиймэл амьсгаа хийгээд явж байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд ямар нэгэн зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа өргөссөн, нас барсан байдалтай ирсэн тул үүргийн дагуу Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 40 тал/,

Гэрч О.Гантогтохын өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 08:45 цагт Замын-Үүдэд ирээд хүлээж байх үед авч явах өвчтөн болох 54 настай Цэрэн гэх эрэгтэй хүнийг 12:50 цагийн орчим БНХАУ-ын хилээр машинаар авч ирээд эмнэлгийн гадна зогсоол дээр уг хүнийг үзээд тээвэрлэж болно гэж үзээд манай машинд шилжүүлэн суулгасан болно. Тэгээд 13 цагийн орчимд Замын-Үүдээс хөдөлж замд өвчтөний биеийн байдал тогтвортой байж байгаад 19:40 цагийн орчимд уг өвчтөний амьсгал гэнэт зогссон тул амьсгалыг зохиомлоор удирдаж эхэлсэн боловч 19 цаг 55 минутын орчимд захын судасны цохилт тэмтрэгдэхгүй даралт тодорхойлогдохгүй болсон тул зүрх судасны сэхээн амьдруулах арга хэмжээ авч байгаад хамгийн ойрхон нэгдсэн эмнэлэгтэй газар болох Налайх дүүргийн эмнэлэгт 20:25 цагийн орчимд ирээд уг хүнийг хүлээн авах тасагт оруулж сэхээн амьдруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хийсэн боловч үр дүнгүй байсаар 22:42 цагт нас барсан болно..." гэх мэдүүлэг /1хх-ийн 50 тал/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: "...Гэнэт амьсгал зогссоноос нь хойш амь насыг нь аврах зорилгоор хиймэл амьсгал, зүрхний массаж зэрэг хийсэн юм..." гэх мэдүүлэг /4хх-ийн 103-104 тал/,

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №08 ШЭ/28 дугаартай: "...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины эдийн няцрал, дарагдал, зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун 2-3-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун 2-3-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлээс бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зовиур анх илэрсэн мөн эмнэлэгт хандсан 2018.03.12-13-ны өдөр үүссэн байх боломжтой. Талийгаачид архаг ходоодны салстын шархлаа, нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх архаг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь эмнэлэгт 09 хоног хэвтэн эмчлүүлсэн учраас цусанд спиртийн агууламж илрүүлэх шинжилгээ хийх шаардлагагүй болно. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.." гэх дүгнэлт, гэрэл зургууд /1хх-ийн 125-135 тал/,

Шинжээч С.Төгсбуянгийн өгсөн: "...Амь хохирогч Ш.Цэрэнгийн зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь захаараа шаргал туяа үүссэн байсан нь гэмтэл үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн буюу хэрэг болсон гэх 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, цээжний баруун талд цус хуралт, цээжний зүүн талд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун бугалганы гадна ар тал, гадна дээд талд, суганы цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой… Зүүн 2,3,4,5,6,7-р, баруун 3, 4 дүгээр хавирганууд шууд хугаралтай бөгөөд дээрх олон хавирганы хугарлын талаар БНХАУ-д хийсэн цээжний компьютер шинжилгээнд дурдагдаагүй байгаа нь дээрх хавирганы хугарлууд нь талийгаачийн зүрх зогсох үед эмч эмнэлгийн ажилчдын сэхээн амьдруулах ажилбар зүрхэнд шууд массаж хийх үед үүссэн байх боломжтой. Цаг хугацааны хувьд нас барах үетэй зэрэгцэн үүссэн байх боломжтой... Дээрх задлан шинжилгээгээр цогцосны гавал тархины өөрчлөлтөнд илэрсэн эмгэгүүдээс үзэхэд баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины  эдийн шигдээс нь гэмтлийн гаралтай үүссэн өөрчлөлтүүд болно. Мөн толгойн хуйх, баруун чамархайн булчинд үүссэн цус хуралтууд нь хагалгааны явцад үүссэн байх боломжтой өөрчлөлтүүд харагдана... Дээрх гавал тархинд үүссэн гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн үед үүсгэгдэх боломжтой.., мохоо зүйлд хүний атгасан гарыг хамааруулж болно..." гэх мэдүүлэг /1хх-ийн 175-176 тал/,

Шинжээч С.Төгсбуянгийн дахин өгсөн: “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл их тархины баруун талт бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь хэмжээний хувьд том, мөн тархины эдийн няцрал дарагдал хавсарсан, эмнэлгийн яаралтай тусламж яаралтай аваагүй зэргээс шалтгаалан амь насанд аюултай буюу амь насыг аврах боломжгүй байсан байна..." гэх мэдүүлэг /4хх-ийн 108-109 тал/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 139 тал/,

Шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №08 ШЭ/190 дугаартай: "...Т.М-н биед баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..., Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /1хх-ийн 140 тал/,

Шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2920 дугаартай: “..Шинжилгээнд ирүүлсэн саарал фудболканд гарсан 4х4 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна..." гэх дүгнэлт /1хх-ийн 147 тал/,

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Т.М, Д.О болон амь хохирогч Ш.Цэрэн нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа /2хх-ийн 58 тал/,

Шүүгдэгч  Т. Т.М, Д. Д.О нарт хяналт тогтоох мөрдөн шалгах нууц ажиллагааг Улсын ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулсан Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд: шүүгдэгч Д. Д.О нь Т. Т.Мад хандан: хоорондоо зодолдсон барьсан гэж ерөөсөө яриагүй, ярихгүй байгаа шүү гэхэд шүүгдэгч Т. Т.М: битгий яриарай, ямар ч тохиолдолд ярьж болохгүй шүү гэх яриа бүхий 2 минут 45 секундын бичлэг

Яллагдагч Т.М-н өгсөн: "...Талийгаачийн эхнэр Мөнхгэрэл Эрээн хотод ирэхээр нь айж сандарснаас болоод Ш.Цэрэн бид хоёр танихгүй 3 хүнд зодуулчихсан талаар худлаа хэлсэн юм..., би Эрээн хотоос эхнэрээсээ өөр хүнтэй явж хоносондоо санаа зовсон, тэрийгээ нуух л санаатай байсан..., Анхнаасаа л Мөнхгэрэлд 3 хүнд зодуулсан талаар худлаа хэлчихсэн болохоор л тэгж хэлж зааж өгөх болсон юм. Ш.Цэрэн бид хоёр БНХАУ-ын Эрээн хотод танихгүй хүмүүст зодуулаагүй нь үнэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 5-10 тал/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-20 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Гадаад худалдаа, ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Тайхарын зам ХХК-ийн ерөнхий захирал ажилтай шүүгдэгч Т.М нь согтуугаар  2018.03.12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Хуа Лянь нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд өөрийн компанийн дэд захирал ажилтай Шархүүгийн Цэрэнг зодож түүнд  амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийг БНХАУ-ын Эрээн хотын Нэгдсэн эмнэлэгт тархины мэс засалд оруулж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан боловч биеийн эрүүл мэндийн байдал нь дээрдэхгүй байсаар түүнийг 2018.03.22-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад нэвтрүүлж Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр тээвэрлэн хүргэж ирэх замд нас барсан буюу иргэн Шархүүгийн Цэрэнг санаатай алсан;

Шүүгдэгч Доржсүрэнгийн Д.О нь 2018.03.12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Хуа Лянь нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд шүүгдэгч Т. Т.М нь согтуурсан үедээ амь хохирогч Ш.Цэрэнг зодож амь нас нь аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018.04.02-ны өдөр болон 2018.04.17-ны өдрүүдэд тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Т.М, Ш.Цэрэн 2 хоёулаа 3 Өвөр монгол, Хятад хүн ирээд бид хоёрын толгой, нүд рүү цохьчихоод зугтаачихлаа гэж хэлж байсан”, “тэр хоёр бусдад зодуулсан гэж яриад байсан” гэх зэргээр Т.Мын амь хохирогч Ш.Цэрэнг зодсон, түүнд амь нас нь аврагдах боломжгүй гавал тархины хүнд гэмтэл учруулсан үйлдлийг нууж зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч нараас шүүхийн урьчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  42.6 дугаар зүйл хэсэгт заасан гадаад улсын эрх бүхий байгууллага шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авах ба энэ хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэснийг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, Мөрдөн шалгах ажиллагааг Олон улсын гэрээ, хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу ч биш Замын-Үүд сумын цагдаагийн газрын дарга болон Эрээн хотын цагдаагийн газрын дарга нарын хооронд хийсэн харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хийсэн нь хууль зөрчсөн, Улсын ерөнхий прокурорын гадаад харилцааны хэлтсээр дамжуулаад эдгээр материалуудыг нотлох баримтаар авах хүсэлтээ БНХАУ-ын ерөнхий прокурор руу албан бичиг явуулсан боловч ямар ч баримт ирээгүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэхдээ хуульд заасан журам зөрчсөн учир уг баримтуудыг нотлох баримтаас хасуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Т.М, Д.О нарт холбогдох хэргийг урьд тус шүүхийн шүүгчийн 2018.11.02-ны өдрийн №1645 дугаар захирамжаар хоёр улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, түүнд тулгуурласан хоёр улсын хоорондох санамж бичигт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байжээ.

Уг шүүгчийн захирамжид заасны дагуу Бүгд Найрамдах Монгол Ард улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс БНХАУ-ын Мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүсэж 2019.032.18-ны өдөр даалгаврыг хүргүүлжээ. /5хх-ийн 48-53 тал/,

Үүний дагуу БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас Эрээн хотын Нэгдсэн эмнэлгээс амь хохирогч Ш. Цэрэнгийн өвчний явцын тэмдэглэл, мэс заслын тэмдэглэл, өвчтөний эмчлүүлсэн түүх, Хуа Лянь зочид буудлын камерын бичлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлийн Эрээн хотын цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, гэрч Буяндалай, Сэцэнбаатар, Лю Лин Фэнг, Ли Дө Цай  нарын Эрээн хотын Цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүдийг Эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талд хүлээлгэж өгсөн нь  монгол орчуулгатайгаар хавтаст хэрэгт /5хх-ийн 4-24 тал/ авагдсан байна.

Эдгээр нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй, шүүгдэгч Т.М-ын бизнесийн хамтрагчаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт зодож аврагдах боломжгүй хүнд гэмтэл санаатай учруулж амь насыг нь хохироосон гэмт хэргийн талаарх БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авсан байх тул шүүх дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйн хэрэг гэж үзсэн болно.

Монгол улс нь БНХАУ-тай 1989.08.31-ний өдөр БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улсын олон улсын гэрээг байгуулж байжээ.

Энэ гэрээний дагуу одоог хүртэл 30 жилийн турш Монгол улс, БНХАУ                      хоёр эрүүгийн хэрэг дээр бие биедээ эрхзүйн харилцан туслалцаа үзүүлж ирсэн гадаад харилцаа, дипломат, хууль зүйн практик уламжлал хэвшин тогтсон байна.

Иймээс энэхүү 1989 онд байгуулсан БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай одоо хүчин төгөлдөр байгаа олон улсын гэрээнээс улбаалан Дорноговь аймгийн Цагдаагийн газар болон БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газар хоорондын 2013.02.25-ны өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг /4хх-ийн 128-133/-т заасны дагуу талууд Монгол улсын Замын-үүд, БНХАУ-ын Эрээн хотод Монгол, Хятад 2 улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, эрхзүйн туслалцаа үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтьын ажиллагааг бэхжүүлэх, тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх чиглэлээр хамтарч үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон ажил хэргийн харилцаа нэгэнт бүрэлдэн бий болсоныг онцлох нь зүйтэй байна.

Энэ хүрээнд шүүгдэгч Т.М-ын гадаад улсын нутаг дэвсгэрт буюу БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн хэрэгтэй хамааралтай нотлох баримтууд манай улсын  Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс явуулсан Олон улсын даалгаварын дагуу БНХАУ-ын талаас манай улсад шилжиж ирсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд энэ баримтуудыг нотлох баримтаас хасах болон нотлох баримтаар үнэлэхгүй байх боломжгүй юм.

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд

Шүүгдэгч Т.М нь 1хх-ийн 44 талд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...гурван Өвөрмонгол залууд зодуулсан...” 2хх-ийн 8 талд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...талийгаачийн эхнэр Мөнхгэрэл Эрээн хотод ирэхээр нь айж сандарснаасаа болоод Ш.Цэрэн бид хоёр танихгүй 3 хүмүүст зодуулчихсан талаар худлаа хэлсэн юм. Эрээн хотод танихгүй хүмүүст зодуулаагүй...” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Т.М болон амь хохирогч Ш.Цэрэн нар нь зочид буудлын гадна болон дотор өөр бусад хүмүүст зодуулаагүй болох нь Хуа Лянь нэртэй зочид буудлын хяналтын камеруудын бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Амь хохирогч Ш.Цэрэнгийн биед шинжилгээ хийсэн шинжээчийн 2018.04.25-ны өдрийн №08 Шэ/28 дугаартай дүгнэлтээр: “амь хохирогчийн зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь захаараа шаргал туяа үүссэн байсан нь гэмтэл үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн буюу хэрэг болсон гэх 2018.3.12-ноос 13-ны хооронд үүссэн байх боломжтой. ...баруун бугалганы гадна ар тал, гадна дээд талд, суганы цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой… Дээрх задлан шинжилгээгээр цогцосны гавал тархины өөрчлөлтөнд илэрсэн эмгэгүүдээс үзэхэд баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины  эдийн шигдээс нь гэмтлийн гаралтай үүссэн өөрчлөлтүүд болно. ...Дээрх гавал тархинд үүссэн гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн үед үүсгэгдэх боломжтой…” гэмтлүүд тогтоогдсон бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд тус зочид буудлын өрөөнд амь хохирогч Ш.Цэрэн, шүүгдэгч Т.М, Д.О нар гурвуулаа байсан бөгөөд эднээс өөр байрласан зочид буудлын өрөө рүү нь хамт орсон, хамт байсан хүнгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хуа Лянь зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...21:53:10 цагт Т.М нь гартаа ууттай эд зүйлс барьсан, Ш.Цэрэн өндөр савтай эд зүйл бариад алхаж Т.Мын өрөө рүү орж байгаа харагдах ба энэ үед Т.М, Ш.Цэрэн нарын биед ил харагдах гэмтэлгүй харагдаж байв. Үзлэгийг цааш явуулж бичлэгийг үргэлжлүүлэн цагийн дагуу явуулахад 23:13:42 цагт Ш.Цэрэнгийн нуруу ард хэсэг харагдах ба Ш.Цэрэн нь гуйвсан шинжтэй баруун гараар нүүрээ дарж алхаж баруун талын хоёр дахь хаалгаар баруун эргээд гарч явав. Ш.Цэрэн, Т.М, Д.О нарын өрөөнд 21:53 цагт орсоноос хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй…гэх тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэргээр шүүгдэгч Т. Т.М нь согтуурсан үедээ 2018.03.12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Хуа Лянь нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд амь хохирогч Ш. Цэрэнтэй маргалдаж улмаар түүнийг зодож амь насанд нь аюултай гавал тархины битүү хүнд гэмтэл учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлэх үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч Т.М нь амь хохирогч Ш.Цэрэнд амь нас аврагдах боломжгүй гавал тархины хүнд гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О-н хувьд мөн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд 1хх-ийн 58 талд “...шээгээд зогсож байсан чинь хүмүүстэй маргалдсан гээд Т.М Цэрэн нарыг харахад өмд болон куртка нь тоос болчихсон байсан. Ямар хүмүүс байсан бэ гэхэд мэдэхгүй тэрийг нь харж амжаагүй, цагдаа дуудах уу гэхэд гайгүй юм чинь хэрэггүй, маргааш эрт явахаа бодьё гэсэн...” гэх мэдүүлэг, 1хх-ийн 64-65 талд “...Т.М, Цэрэн хоёр миний нүдэн дээр ямар нэгэн хүнтэй зодолдож муудалцаагүй, тэр хоёрын яриаг л сонсоход ямар нэгэн хүнтэй маргалдсан юм шиг зүйл яриад байсан, тэгэхдээ хэзээ хаана болсон юм яриад байгааг би мэдээгүй, ойлгоогүй...” гэх мэдүүлэг, буудлын гадуур сүлжээ хайж яваагүй, буудлын дотуур сүлжээ хайж явсан,  өрөөндөө сүлжээ хайсан.. гэх зэргээр олон удаагийн зөрүүтэй тогтворгүй мэдүүлгүүдийг гэрчээр асуугдахдаа өгсөн бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа уг үүргээ зөрчиж, шүүгдэгч Т.Мын үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.М-г хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Д.О-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Д.Од холбогдох зориуд худал мэдүүлэг өгөх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 350 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Д.О нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэл амь хохирогчийг БНХАУ-д эмчлүүлсэн болон амь хохирогчийг оршуулсан зардалд шүүгдэгч Т.М-с      22 219 995 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс өмнөх шатанд шүүгдэгч   Т.М-ын зүгээс 9 000 000 төгрөгийг хохирогч М.Мөнхгэрэлд өгсөнийг хасч тооцоод шүүгдэгч Т.М-с 13.219.995 /арван гурван сая хоёр зуун арван есөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлд олгож, мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан орчуулгын зардал 850.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч Т.М болон Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг CD, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 15 хуудас, магадлагаанд хавсаргасан 1 ширхэг CD зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн тухайн үед өмсөж явсан цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.М-ын эзэмшлийн 12 сая төгрөгийн үнэлгээ бүхий 25-71 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг шүүгдэгч Т.М-ын бусдад төлөх хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.М-г хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Д.О-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх гэмт хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д  10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 350 /гурван зуун тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй 2 /хоёр/ хоног баривчлагдсан болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.М-с 13.219.995 /арван гурван сая хоёр зуун арван есөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэлд олгож, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг CD, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 15 хуудас, магадлагаанд хавсаргасан 1 ширхэг CD зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.М-ын эзэмшлийн 25-71 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг шүүгдэгч Т.М-ын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан орчуулгын зардал 850.000 төгрөгийг шүүгдэгч Т.М, Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст олгосугай.

10. Шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг өнөөдрөөс тоолсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР

                                         ШҮҮГЧИД                                       Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                 С.ОЮУНЧИМЭГ