Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2021/00079

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1955 онд төрсөн, 66 настай, эрэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан-Усны 1-6 тоотод оршин суух, Х овогт Ц-ийн Б /РД:........................, Утас:....................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Сүмбэр айраг хоршооны орлогч дарга ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, Т гэх газарт оршин суух, М овогт С-ын Б /РД:ЕА74032617, утас:99083012/-д холбогдох, алдангид 9,755,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, гэрч С.Чимэдням, Д.Атарбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие*******ийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг өгч, түүнээс 5000 боодол өвс худалдан авахаар тохирсон ба******* надад 90 см урттай, нэг бүр нь 22 кг-аас багагүй чанартай өвс нийлүүлэхээр тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээ нотариат дээр албан ёсоор хийгдсэн ба гэрээнд зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хэтрэхгүйгээр надад өвсөө нийлүүлэхээр тохирсон. Би хуулийн дагуу гэрээ хийсэн өдрөө 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ үеэс бидний хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Гэтэл******* нь гэрээнд заасан хугацаандаа өвсөө нийлүүлээгүй төдийгүй хэмжээ, чанар муутай шарласан, жижиг сул боодол өвсийг нэхэл дагуул болж байж 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 218 боодол өвс, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1210 боодол, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 700 боодол, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 512 боодол өвс, нийт 2640 боодол өвс авсан. Үүнээс хойш ямар ч өвс аваагүй.

С.Батцоожтой би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Хөдөө, аж ахуйн газрын үүдэн дээр таараад чи хадландаа гарах болоогүй юу? гэхэд өнөө маргаашгүй гарна гэж хэлж байсан хүн хэзээдээ 5000 боодол өвс хадаж, боогоод бэлэн болгох юм бэ. Ийм багцаагүй худлаа хэлж болохгүй. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өдөр болгон над руу өвсөө ав гэж утасдаж байсан нь худлаа. Чойрт байсан хүн өвсөө ав гэж утасдах уу. Хадлан дээрээ өвс бэлтгэж байхдаа над руу байнга залгах ч боломжгүй, сүлжээ байхгүй газар байсан. Энэ мэтчилэн илт худлаа ярьж байна.

Ингээд гэрээнд заасан хугацаанд өвс нийлүүлээгүй учраас гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тооцож нэхэмжилнэ. Үүнд:

1.2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өвсөө надад нийлүүлж эхлэх ёстой байтал хугацаандаа нийлүүлээгүй тул 15,000,000 төгрөгтөө 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 41 хоногийн алдангийг тооцоход хоногийн 15,000,000 төгрөгийн 0,5 хувь нь 75,000 төгрөг х 41 хоног=3,075,000 төгрөг,

2.218 боодол өвсийг х 3,000 = 654,000 /15,000,000-654,000=14.346.000 төгрөг үлдэнэ./ 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 16 хоногийн алданги тооцоход 14,346,000х0,5 хувь = 71,730 х 16 хоног = 1,147,680 төгрөг,

3.1,210 боодол өвсийг x 3,000 = 3,630,000. 14,346,000-3,360,000=10,716,000 төгрөг. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 9 хоногийн алданги тооцоход 10,716,000х0,5 хувь=53,580х9=482,220 төгрөг,

4.700 боодол өвсийг х 3,000 = 2,100,000 төгрөг, 10,716,000-2,100,000=8,616,000 төгрөг үлдэнэ. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 11 хоногийн алдангийг тооцоход 473,880 төгрөг,

5.512 боодол өвсийг х 3,000=1,536,000, 8,616,000-1,536,000=7,080,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 57 хоногийн алдангийг тооцоход 7,080,000х0,5 хувь=34,500х57 хоног=2,017,000 төгрөг,

6.2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг дансаар ирсэн. Үлдэгдэл 7,080,000-2,000,000=5,080,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 36 хоногийн алданги тооцоход 5,080,000х0,5 хувь=25,400х37 хоног=939,800 төгрөг,

7.2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг дансаар орж ирсэн. Үлдэгдэл 5,080,000-2,000,000=3,080,000 төгрөг үлдэнэ. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 28 хоногийн алданги тооцоход 3,080,000х0,5 хувь = 431,200 төгрөг,

8.2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл 3,080,000-500,000=2,580,000 төгрөг үлдэнэ. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 11 хоногийн алданги тооцоход 2,580,000х0,5хувь=141,900 төгрөг,

9.2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 450,000 төгрөгт бяруу тооцож авсан. Үлдэгдэл 2,580,000-450,000=2,130,000 төгрөг үлдэнэ. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 33 хоногийн алданги тооцоход 2,130,000х0,5хувь=10,650х33 хоног=351,450 төгрөг,

10.2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,900,000 төгрөг бэлнээр орж ирсэн. 2,130,000-1,900,000=230,000 төгрөг үлдэнэ. Өнөөдрийг хүртэл 230,000 төгрөг өгөөгүй байх тул энэ мөнгөнд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 605 хоногийн алданги тооцоход 230,000х0,5хувь=1,150х605 хоног=695,750 төгрөг авна.

******* миний бие*******ийн хүсэлтээр хэрэгцээтэй үед шаардлагатай мөнгөн тусламжийг үзүүлснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болсон. Энэ хүн надаас тусламж авчхаад хуулийн дагуу хийгдсэн гэрээний дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алдангиа тооцуулж авах хүсэлтэй байх тул*******оос алданги болох 9,755,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2018 оны 09 дүгээр сарын 20-ны дотор өвсөө хүлээж авахгүй гэрээг зөрчсөнөөс болж алданги тооцох тухай нэхэмжлэл гаргасан нь ор үндэсгүй учир миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5000 боодол өвсийг нуруулдан хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон боловч ******* нь элдэв шалтаг тоочин машин эвдэрсэн, Эрээн хот явж байна, гарааж барьж байна гэх мэт ирээгүй. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өдөр болгон утсаар холбогдон дуудаж байсан тухай гэрчүүд мэдүүлсэн.

*******гийн нэхэмжлэлийн 10 дугаарт байгаа 230,000 төгрөгийн үлдэгдлийг тайлбарлахад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний бие хадлан дээр байхгүй, Чойрт өвс буулгаад буцаж байхад ******* очиж 660 боодол өвс ачуулаад, манай хадлангийн өвс ачдаг хүмүүсийг загнаж, 512 боодлоор баримт бичүүлсэн. Манай хадлангийн хүмүүс над руу утасдаж ******* гуай 660 боодол өвс ачуулчхаад 512 боодол өвсний баримт бичиж өг гэж загнаж байгаад 512 өвсний баримт аваад явлаа, та замд нь уулзаад өвсийг нь тоолоод баримтыг нь сольж өгөөрэй гэж хэлсний дагуу Хэнтий аймгийн урд таарч өвсийг нь тоолж үзэхэд 680 боодол өвс байсан учир 512 гэсэн падааныг нь авч урсан. Н.Чимэд ахын хадлан дээрээс өвс ачих гээд ирэхэд нь би ******* гуайд 680 боодол өвсний баримт бичиж өгсөн чинь дүү жаахан харж үзнэ биз дээ гэхээр нь 660 боодол өвсний баримт бичиж, гарын үсэг зуруулсан. Би энэ хүнээр 660 боодол өвсний баримт дээр өөрөөр нь гарын үсэг зуруулж аваагүй тохиолдолд 512 боодол өвснийхөө баримтыг бүр мөсөн устгах үндэслэл байхгүй гэж бодож байна. Иймээс 660 боодол өвснөөс 512 боодол өвсийг хасаж 148 боодол өвсийг 3,000-аар үржүүлж 444,000 төгрөг, би мөнгийг нь өгч байхдаа андуураад 214,000 төгрөгийг илүү өгсөн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Н.Чимэд ахынхаас өвс ачих гэж ирэхдээ одоо цас орж, хүйтэн боллоо, ах нь дахиж өвс авч чадахгүй, үлдсэн мөнгөө авна гэж хэлсний дагуу авах ёстой байсан өвсийг нь борлуулж мөнгийг нь өгсөн. Мөнгө буцааж авах талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, өвс худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй.

Бид хоёрын хооронд байгуулсан нотариатаар батлуулсан гэрээнд алданги тооцох тухай дурдахдаа ачааг бэлэн болмогц нэг хоногийн өмнө дуудан, өвс ачихаар ирэхэд бэлэн байхгүй, хүлээлгэсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байгаа. Би 5,000 боодол өвсийг бэлэн болмогц 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор өдөр болгон утсаар залган, дуудаж байсан учир надаас алданги тооцож мөнгө авах үндэслэлгүй. 2,788 боодол өвс авчхаад одоо ах нь өвс авахгүй, мөнгөө авна гэж хэлсэн. Би хариуд нь тээвэр хэцүү болсон хойно таны өвсийг яах юм бэ? гэхэд өвсөө борлуулаад миний мөнгийг өгөөрэй гэсэн. Та ядаж авах ёстой өвсөө тээвэрлээд өгөөч гэхэд өвс борлохгүй байна, чи наад өвсөө эндээ хямдхан зарсан нь дээр байх гэж байсан. Тэгээд за яахав би нэг явъя гэж хэлээд буцаад ирж 660 боодол өвс аваад нийт 2,788 боодол өвс авсан. 2,788 боодол өвсийг 3000-аар үржүүлэхэд 8,364,000 төгрөг, бэлнээр 6,850,000 төгрөг өгсөн. 450,000 төгрөгт нь бяруу өгсөн. Нийт 15,214,000 төгрөгийн өвс болон бэлэн мөнгө өгсөн. Илүү 214,000 төгрөгийг андуурч өгсөн боловч буцааж өгөхгүй байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ид холбогдуулан хугацаандаа өвс нийлүүлээгүй, мөнгө өгөөгүйн алдангид 9,755,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч******* нь өвсийг хугацаанд нь өгсөн, мөнгө буцааж өгөх хугацааны талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал буюу******* нь улсын стандартад нийцсэн, нэг бүр нь 90 см урттай, 22 кг-аас багагүй чанартай, нийт 5,000 боодол өвсийг 15,000,000 төгрөгөөр *******д худалдах, худалдан авагч нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өвс авахаар тохирсон байна. Өвсний нэг боодол бүрийн үнэ 3,000 төгрөг байх ба худалдагч тал худалдан авагчид нэг хоногийн өмнө мэдэгдэж, мэдэгдсэн өдрөөс хойш хүрэлцэн очиход нийлүүлэх өвс байхгүй нөхцөлд худалдагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр гэрээнд тусгажээ /хх-47-48/.

Улмаар 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 218 боодол өвс, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,210 боодол өвс, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 660 боодол өвс, огноо бичигдээгүй зарлагын баримтаар 700 боодол өвс /нэхэмжлэлд 2018 оны 11 дүгээр сарын 09 гэж дурдсан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн Самсунг маркийн гар утсыг шинжлэн судлахад 700 боодол өвс ачсан гэх фото зургийн огноо 2018.11.12 байсан хх-96/, нийт 2,788 боодол өвсийг /хх-43-46/ нэхэмжлэгч *******д хариуцагч*******оос хүлээлгэн өгсөн тухай Зарлагын баримт хэрэгт авагджээ. Зарлагын баримтад хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан гарын үсэг зурагдсан байна.

Нэхэмжлэгч нь 2,640 боодол өвс авсан гэж маргаж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 660 боодол өвсний баримтыг хуурамч, би гарын үсэг зураагүй гэж, 512 боодол өвс авсан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 660 боодол өвсний баримт хуурамч, гарын үсгийг дуурайлган зурсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй болно. Мөн талууд ачсан өвсийг тоолж үзсэний үндсэн дээр 512 боодол өвсний Зарлагын баримтыг устгасан гэж тайлбарласан, нэхэмжлэгч, гэрч Н.Ганзориг, Х.Баасандорж нар нь 512 боодол өвс ачсан гэдгийг нотолно гэж тэднээс мэдүүлэг авсан боловч тэд 512 боодол өвс ачсаныг нотлоогүй бөгөөд харин Зарлагын баримтыг урсан талаар гэрчилж байна. /хх-85-89/

Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн******* нь 2,788 боодол өвсийг *******д хүлээлгэж өгсөн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь өвсний чанар байдал гэрээнд нийцээгүй гэх үндэслэлээр үлдэгдэл өвсийг авахгүй, мөнгийг нь авна гэж тохирсон гэж тайлбарлаж байх ба хариуцагч мөнгийг буцааж өгөхөөр тохирсон талаар маргаагүй. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг /хх-4-6/, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 450,000 төгрөгт бяруу авч, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,900,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөгийг ******* нь авсан байна. Ингээд 8,364,000 төгрөгийн өвс /3000 төгрөг х 2788 боодол өвс/ болон 6,850,000 төгрөг /бэлэн мөнгө, бяруу/, нийт 15,214,000 төгрөгийг өвс, бяруу, мөнгөөр тооцож хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* өвсөө хугацаандаа нийлүүлээгүй гэх үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож нэхэмжилсэн бөгөөд талууд хадланд гарсан хугацааны хувьд маргаж, нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш хадлан эхэлсэн гэж, хариуцагч нь гэрээний хугацаанд хадландаа гарч дуусах хугацаа болох 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд заасан 5,000 боодол өвс бэлэн байсан гэж харилцан өөр тайлбар гаргаж маргаж байна. Шүүх алдангийг тооцоход талууд гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн эсэхийг хянах бөгөөд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцох зохицуулалттай.

Дээрх нөхцөл байдлыг нотлох зорилгоор зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд гэрчүүдээс мэдүүлэг авахад гэрчүүд хадланд гарсан хугацааны талаар өөрөөр мэдүүлсэн. Гэвч шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хооронд нь болон хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримттай харьцуулан дүгнэсний эцэст нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Бат-Эрдэнэ, Д.Атарбаатар, Н.Ганболд нар хадланд гарсан хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэж, гэрч Б.Ганчимэг 2018 оны 09 дүгээр сарын 10-даар гэж, /хх-53, 63, 78, 82/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан С.Чимэдням 2018 оны 09 дүгээр сарын 17-нд очсон, 2018 оны 09 дүгээр сарын 20-21-нд гарсан, хадлан 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн /хх-111-112/ гэх мэт зөрүүтэй мэдүүлэг гаргасан.

Шүүх гэрчүүдэд хуульд заасан үүрэг хариуцлагыг тайлбарлан өгсний үндсэн дээр мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд ойлгосноо илэрхийлэн хууль тайлбарласан баримтад гарын үсэг зурж, огноог тавьсан /хх52, 61, 77, 99/. Гэвч гэрүүдийн мэдүүлэгт зөрүү гарсан тул дахин нүүрэлдүүлэн асуухаар шийдвэрлэж, мэдүүлэг авсан боловч гэрчийн мэдүүлгийн зөрүү арилаагүй. /хх157-162, 189-190/

Иймд гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлахад:

-Хариуцагчаас Батцоожийн Батзаяагийн 5990324135 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /хх-93-94/ хэрэгт нотлох баримтаар өгч энэ баримт нь хадланд гарсан хугацааг нотолно гэж тайлбарласан ба 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хадланд явж байх замдаа цайны газраар үйлчлүүлж 9,500 төгрөгийн зарлага гаргасан гэх боловч энэхүү тайлбар нь өөр бусад баримтаар тогтоогдоогүй. Харин 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвс гэх 2,358,400 төгрөгийн орлого орсон байгаа нь гэрч Б.Бат-Эрдэнийн хот руу явах машинд 800 боодол өвс ачиж явуулсан. Өөр ачилт хийгээгүй гэх мэдүүлэг /хх-54/, гэрч Д.Атарбаатарын анх орлого оруулъя гээд 800 боодол өвс нэг удаа зарсан, өөр борлуулалт хийгээгүй гэх мэдүүлэг /хх-64/ зэргээр нотлогдож байна. Гэрчүүдийн мэдүүлснээр өвсөө хадаж эхэлсэн, өвсөө борлуулсан гэх агуулга бүхий мэдүүлгээс дүгнэхэд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хадлангийн ажил эхэлсэн байна гэж үзэхээр байх ба гэрч Д.Жаргалсайханы 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр*******той тааралдсан, түүнийг хадландаа гараагүй гэх агуулга бүхий мэдүүлэг, гэрч С.Чимэднямын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хадлан хадаж эхэлсэн гэх агуулгатай мэдүүлгийг /хх-108, 111-112/ үгүйсгэж байна гэж дүгнэлээ.

-Батцоожийн Батзаяа нь хадланд цуг явсан болох нь хариуцагчийн Миний хүү Б.Батзаяа хадланд гарахдаа ямар машин жолоодож байсан бэ гэх асуултад гэрч С.Чимэднямын 80 гэх хариулт, гэрч Б.Ганчимэгийн Ланд Круйзер 80 гэх хариулт, гэрч Н.Ганболдын 83-83 гэсэн дугаартай Ланд машинаар явсан гэх мэдүүлэг, Б.Батзаяа хадлан дээр очоод хэд хоноод буцсан бэ? гэх асуултад гэрч С.Чимэднямын 2 хоноод буцсан гэх, гэрч Б.Ганчимэгийн 10 гаруй хоносон гэх мэдүүлэг, гэрч Н.Ганболдын 2018 оны 10 дугаар сарын эхээр байх, сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-158, 161/ зэргээр тогтоогдож байна.

-Б.Батзаяа нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 11 минутад Дорнод аймгаас Улаанбаатар хот руу 13-31 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчсон болох нь Захиалгын мэдээлэл /хх-138/ гэх баримтаар нотлогдож байна. Шүүх хуралдааны явцад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт хадлан хадсан талаар талууд маргаангүй тайлбарласан болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд Б.Батзаяа нь хадланд яваад 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу явсан, энэ өдрийн өвс гэх агуулгатай орлогын баримт зэрэг нь хариуцагч*******ийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө хадлангийн ажилдаа гарсан байгаа гэж үзэхээр байна. Иймд гэрч Б.Бат-Эрдэнэ, Д.Атарбаатар, Н.Ганболд, Б.Ганчимэг нарын мэдүүлгийг хадланд гарах хугацааны талаар бодит байдалд нийцсэн гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Гэрч Д.Жаргалсайхан нь хариуцагч*******той 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн газарт тааралдсан түүнийг маргааш, нөгөөдрөөс хадландаа гарна гэнээ гэж нөхөр хэлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч энэхүү мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүх түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Мөн хариуцагч талаас хадланд гарсан хугацааг тогтоолгох зорилгоор нотлох баримтаар хадланд явж байх үеийн зураг гэх сиди-д хуулагдсан зураг, бичлэгийг шинжлэн судлуулсан бөгөөд энэхүү зурагны огноо 2018 оны 09 дүгээр сарын 11 гэсэн байх боловч уг сиди-д хадгалагдаж байгаа зурагны огноог засварлах боломжтой байхаас гадна зургийг авсан эх үүсвэр болох гар утсанд дээрх зураг устсан гэх тул шүүх сиди-д авагдсан нотлох баримтыг хөдөлбөргүй үнэн баримт гэж үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Ингээд хариуцагч******* нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болоход гэрээнд заасан 5,000 боодлоос дээш өвсийг хадсан байсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-54/, Д.Атарбаатар /хх-63/, Н.Ганболд /хх-78/ нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5,000 боодол өвс хадсан байсан нь мөн нэхэмжлэгчийн намайг очиход 6,000 боодол өвс хадаад, хадуур зогссон байсан гэх тайлбараар давхар нотлогдож байна /хх-118/.

Зохигчийн хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д худалдах өвсний хэмжээ нь улсын стандартад нийцсэн нэг бүр нь 90 см урттай, нэг бүр нь 22 кг-аас багагүй чанартай байна гэж өвсний чанар байдлыг заасан ба нэхэмжлэгч нь хэмжээ, чанар муутай шарласан, жижиг сул боодол өвсийг хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч өвс нь гэрээний шаардлагыг хангаагүй байсан гэдгийг нотлоогүй. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлээ өвсийг хугацаандаа нийлүүлээгүй тул алданги нэхэмжилнэ гэж тодорхойлсоныг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч өвсний заримыг авахгүй, мөнгийг буцаан авахаар тохиролцсон талаар зохигч маргаагүй ба талууд Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан зүйл тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан хугацааны дотор өвсөө аваагүй явдалд хариуцагч*******ийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Харин өвсөө авахыг хэлж удаа дараа утсаар залгасан боловч нэхэмжлэгч элдэв шалтаг тоочин ирээгүй гэж хариуцагч тайлбарласныг гэрч Б.Бат-Эрдэнэ, Д.Атарбаатар, Б.Ганчимэг, Н.Ганболд нар нотолсон. Түүнчлэн ******* нь Эрээн, Замын-Үүд явж байна гэх байдлаар ирээгүй гэх тайлбарыг нотлох баримт болох 2018 оны 10, 11 дүгээр сард Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаар *******гийн Е1881754 дугаартай гадаад паспортын хуулбар хэрэгт авагджээ. /хх-135/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Зохигчийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д гэрээний худалдагч тал, худалдан авагчид нэг хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд мэдэгдсэн өдрөөс хойш хүрэлцэн очиход нийлүүлэх өвс байхгүй нөхцөлд худалдагч тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө гэжээ. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д өвс авах хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хэтрэхгүй байхаар заасны дагуу өвс авах эцсийн хугацаанд гэрээнд заасан 5,000 боодол өвс бэлэн болсон байсан байх тул хариуцагч******* нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй, хууль болон гэрээнд заасан алданги төлөх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл уг гэрээнд үүрэг гүйцэтгүүлэх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлнэ гэж дурдсан ч үүрэг гүйцэтгүүлэх эцсийн хугацаанд******* нь үүргээ гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч ******* хүлээж аваагүй гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Нэхэмжлэгч өвсөө авахгүй, аваагүй үлдсэн өвсний мөнгийг авна гэж талууд тохирсон гэх боловч энэ талаар бичгээр гэрээ хийгээгүй, түүнчлэн Худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл мөнгийг буцааж өгөх хугацаа болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх талаар бичгээр гэрээ хийгээгүй тул нэхэмжлэгч ******* нь мөнгийг хугацаа хэтрүүлж өгсөн үндэслэлээр хариуцагч*******оос алданги нэхэмжлэх үндэслэлгүй. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд өвс нийлүүлэх талаар тусгаснаас мөнгийг буцааж өгөх талаар заалт байхгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагч*******оос нэхэмжлэгч *******д цувуулан өгсөн 6,850,000 төгрөгт алданги тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч*******оос алдангид 9,755,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,044 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-/, хариуцагчаас гаргаж өгсөн Б.Батзаяагийн 996621 дугаартай Жолоочийн үнэмлэхийн хуулбар, торгуулийн мэдээлэл, ШТМ-ын Зарлагын падаан гэх баримтууд нь уг хэрэгт шууд хамааралтай болох нь тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-171-176/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч*******оос алдангид 9,755,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,044 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ