Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 216/МА2021/00009

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2021/00079 дугаар шийдвэртэй, ******* нэхэмжлэлтэй******* холбогдох алданги 9 755 880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие******* хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг өгч, түүнээс 5000 боодол өвс худалдан авахаар тохирсон ба******* надад 90 см урттай, нэг бүр нь 22 кг-аас багагүй чанартай өвс нийлүүлэхээр тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээ нотариат дээр албан ёсоор хийгдсэн.  Гэрээнд зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хэтрэхгүйгээр өвсөө нийлүүлэхээр тохирсон. Гэрээ хийсэн өдрөө 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Гэтэл******* нь гэрээнд заасан хугацаандаа өвсөө нийлүүлээгүй төдийгүй хэмжээ, чанар муутай шарласан, жижиг сул боодол өвсийг нэхэл дагуул болж байж 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 218 боодол өвс, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1210 боодол, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 700 боодол, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 512 боодол өвс, нийт 2640 боодол өвс авсан. Үүнээс хойш ямар ч өвс аваагүй.

С.Б би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Хөдөө, аж ахуйн газрын үүдэн дээр таараад чи хадландаа гарах болоогүй юу? гэхэд өнөө маргаашгүй гарна гэж хэлж байсан хүн хэзээдээ 5000 боодол өвс хадаж, боогоод бэлэн болгох юм бэ. Ийм багцаагүй худлаа хэлж болохгүй. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өдөр болгон над руу өвсөө ав гэж утасдаж байсан нь худлаа. Чойрт байсан хүн өвсөө ав гэж утасдах уу. Хадлан дээрээ өвс бэлтгэж байхдаа над руу байнга залгах ч боломжгүй, сүлжээ байхгүй газар байсан. Энэ мэтчилэн илт худлаа ярьж байна.

Ингээд гэрээнд заасан хугацаанд өвс нийлүүлээгүй учраас гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тооцож нэхэмжилнэ. Үүнд:

1. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өвсөө надад нийлүүлж эхлэх ёстой байтал хугацаандаа нийлүүлээгүй тул 15,000,000 төгрөгтөө 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 41 хоногийн алдангийг тооцоход хоногийн 15,000,000 төгрөгийн 0,5 хувь нь 75,000 төгрөг х 41 хоног=3,075,000 төгрөг,

2. 218 боодол өвсийг х 3,000 = 654,000 /15,000,000-654,000=14.346.000 төгрөг үлдэнэ./ 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 16 хоногийн алданги тооцоход 14,346,000х0,5 хувь = 71,730 х 16 хоног = 1,147,680 төгрөг,

3. 1,210 боодол өвсийг x 3,000 = 3,630,000. 14,346,000-3,360,000=10,716,000 төгрөг. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 9 хоногийн алданги тооцоход 10,716,000х0,5 хувь=53,580х9=482,220 төгрөг,

4. 700 боодол өвсийг х 3,000 = 2,100,000 төгрөг, 10,716,000-2,100,000=8,616,000 төгрөг үлдэнэ. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 11 хоногийн алдангийг тооцоход 473,880 төгрөг,

5. 512 боодол өвсийг х 3,000=1,536,000, 8,616,000-1,536,000=7,080,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 57 хоногийн алдангийг тооцоход 7,080,000х0,5 хувь=34,500х57 хоног=2,017,000 төгрөг,

6. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг дансаар ирсэн. Үлдэгдэл 7,080,000-2,000,000=5,080,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 36 хоногийн алданги тооцоход 5,080,000х0,5 хувь=25,400х37 хоног=939,800 төгрөг,

7. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг дансаар орж ирсэн. Үлдэгдэл 5,080,000-2,000,000=3,080,000 төгрөг үлдэнэ. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 28 хоногийн алданги тооцоход 3,080,000х0,5 хувь = 431,200 төгрөг,

8. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг орж ирсэн. Үлдэгдэл 3,080,000-500,000=2,580,000 төгрөг үлдэнэ. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 11 хоногийн алданги тооцоход 2,580,000х0,5хувь=141,900 төгрөг,

9. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 450,000 төгрөгт бяруу тооцож авсан. Үлдэгдэл 2,580,000-450,000=2,130,000 төгрөг үлдэнэ. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 33 хоногийн алданги тооцоход 2,130,000х0,5хувь=10,650х33 хоног=351,450 төгрөг,

10. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,900,000 төгрөг бэлнээр орж ирсэн. 2,130,000-1,900,000=230,000 төгрөг үлдэнэ. Өнөөдрийг хүртэл 230,000 төгрөг өгөөгүй байх тул энэ мөнгөнд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 605 хоногийн алданги тооцоход 230,000х0,5хувь=1,150х605 хоног=695,750 төгрөг авна.

******* миний бие******* хүсэлтээр хэрэгцээтэй үед шаардлагатай мөнгөн тусламжийг үзүүлснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болсон. Энэ хүн надаас тусламж авчхаад хуулийн дагуу хийгдсэн гэрээний дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алдангиа тооцуулж авах хүсэлтэй байх тул******* алданги болох 9,755,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2018 оны 09 дүгээр сарын 20-ны дотор өвсөө хүлээж авахгүй гэрээг зөрчсөнөөс болж алданги тооцох тухай нэхэмжлэл гаргасан нь ор үндэсгүй учир миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5000 боодол өвсийг нуруулдан хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон боловч ******* нь элдэв шалтаг тоочин машин эвдэрсэн, Эрээн хот явж байна, гарааж барьж байна гэх мэт ирээгүй. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өдөр болгон утсаар холбогдон дуудаж байсан тухай гэрчүүд мэдүүлсэн.

******* нэхэмжлэлийн 10 дугаарт байгаа 230,000 төгрөгийн үлдэгдлийг тайлбарлахад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний бие хадлан дээр байхгүй, Чойрт өвс буулгаад буцаж байхад ******* очиж 660 боодол өвс ачуулаад, манай хадлангийн өвс ачдаг хүмүүсийг загнаж, 512 боодлоор баримт бичүүлсэн. Манай хадлангийн хүмүүс над руу утасдаж ******* гуай 660 боодол өвс ачуулчхаад 512 боодол өвсний баримт бичиж өг гэж загнаж байгаад 512 өвсний баримт аваад явлаа, та замд нь уулзаад өвсийг нь тоолоод баримтыг нь сольж өгөөрэй гэж хэлсний дагуу Хэнтий аймгийн урд таарч өвсийг нь тоолж үзэхэд 680 боодол өвс байсан учир 512 гэсэн падааныг нь авч урсан. Н.Ч ахын хадлан дээрээс өвс ачих гээд ирэхэд нь би ******* гуайд 680 боодол өвсний баримт бичиж өгсөн чинь дүү жаахан харж үзнэ биз дээ гэхээр нь 660 боодол өвсний баримт бичиж, гарын үсэг зуруулсан. Би энэ хүнээр 660 боодол өвсний баримт дээр өөрөөр нь гарын үсэг зуруулж аваагүй тохиолдолд 512 боодол өвснийхөө баримтыг бүр мөсөн устгах үндэслэл байхгүй гэж бодож байна. Иймээс 660 боодол өвснөөс 512 боодол өвсийг хасаж 148 боодол өвсийг 3,000-аар үржүүлж 444,000 төгрөг, би мөнгийг нь өгч байхдаа андуураад 214,000 төгрөгийг илүү өгсөн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Н.Ч ахынхаас өвс ачих гэж ирэхдээ одоо цас орж, хүйтэн боллоо, ах нь дахиж өвс авч чадахгүй, үлдсэн мөнгөө авна гэж хэлсний дагуу авах ёстой байсан өвсийг нь борлуулж мөнгийг нь өгсөн. Мөнгө буцааж авах талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, өвс худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй.

Бид хоёрын хооронд байгуулсан нотариатаар батлуулсан гэрээнд алданги тооцох тухай дурдахдаа ачааг бэлэн болмогц нэг хоногийн өмнө дуудан, өвс ачихаар ирэхэд бэлэн байхгүй, хүлээлгэсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байгаа. Би 5,000 боодол өвсийг бэлэн болмогц 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор өдөр болгон утсаар залган, дуудаж байсан учир надаас алданги тооцож мөнгө авах үндэслэлгүй. 2,788 боодол өвс авчхаад одоо ах нь өвс авахгүй, мөнгөө авна гэж хэлсэн. Би хариуд нь тээвэр хэцүү болсон хойно таны өвсийг яах юм бэ? гэхэд өвсөө борлуулаад миний мөнгийг өгөөрэй гэсэн. Та ядаж авах ёстой өвсөө тээвэрлээд өгөөч гэхэд өвс борлохгүй байна, чи наад өвсөө эндээ хямдхан зарсан нь дээр байх гэж байсан. Тэгээд за яахав би нэг явъя гэж хэлээд буцаад ирж 660 боодол өвс аваад нийт 2,788 боодол өвс авсан. 2,788 боодол өвсийг 3000-аар үржүүлэхэд 8,364,000 төгрөг, бэлнээр 6,850,000 төгрөг өгсөн. 450,000 төгрөгт нь бяруу өгсөн. Нийт 15,214,000 төгрөгийн өвс болон бэлэн мөнгө өгсөн. Илүү 214,000 төгрөгийг андуурч өгсөн боловч буцааж өгөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч******* алдангид 9,755,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,044 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2021/00079 дугаартай шийдвэр нь илт нэг талыг барьсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр  гаргасангүй гэж үзээд доорх гомдлыг гаргаж байна.

Үнэн бодит байдлыг тал бүрээс нь нягталж үзэхгүй байгаад маш их гомдолтой байна. Мөнгө өгсөн нь миний буруу болоод мөнгөн туслалцаа авсан хүний зөв болоод байдаг яасан энэрэгүй хууль вэ. Надад хууль мэдэхгүйгээсээ алдсан юм байгаа л байх гэхдээ хэргийг аль аль талаас нь адил тэгш хандаж шийдээгүйд гомдолтой байна.

1-рт Нэхэмжлэгч ******* миний хувьд Б гэгчид санхүүгийн туслалцаа үзүүлснийхээ төлөө Эрүүгийн гэмт хэрэгтэн болж ял зэм авсан, одоо ч зөрчигдсөн эрхээ тус аймаг дахь Иргэний шүүхээр  шийдүүлэх гэж үнэн мөнийг тогтоолгож чадахгүй хохирсоор явна.

Шүүх хэрэг маргааныг  шийдвэрлэхдээ шударга, зарчимч байр сууринаас ханддаг байх гэж бодож байсан. Гэтэл иргэн миний нэхэмжлэлтэй энэ хэрэг******* асуулгасан гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэсэн ба согтуу гэрч А болж 3 удаа хойшилсон. Хамгийн хачирхалтай нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдах байсан хуралд А согтуу ирсэн. Шүүгч хурлаа түр хойшлуулаад дор нэг өрөөнд эрүүл болгох гэж оруулаад хэсэг байлгасан. А эрүүл болоогүй.

Гэтэл шүүгч эрүүлжүүлэх байранд хонуулж байж маргааш хурлаа хийнэ гэсэн. Гэтэл******* наад хүнийг чинь би мэднэ. Эрүүлжүүлэхэд хоноод эрүүл болно гэж байхгүй улам дордоно. Би авч яваад 0,5-н архи өгөөд өглөө сайхан эрүүлжүүлээд маргааш өөрийн биеэр дагуулаад ирье гэхэд шүүгч зөвшөөрөөд Б өгч явуулсан.

Маргааш өглөө нь Б гэрч А дагуулж ирсэн. Шүүхийн цагдаа согтолтыг хэмждэг багажаараа хэмжээд 0.07 ч гэлүү нэг хэмжээ хэлсэн. Бодвол энэ талаар тэмдэглэл үйлддэг байх. А цоо эрүүл шүүх хуралд оролцоогүй байхад шүүгч согтуу гэрчийн мэдүүлгийг үнэлж байгааг юу гэж ойлгох вэ.

2-рт Иргэний шүүхэд хандаж гаргасан иргэн миний нэхэмжлэлийг шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэсэн атлаа хариуцагч******* асуулгасан бүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж нэхэмжлэгч ******* миний асуулгасан гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгсэхгүй орхисон. Эндээс эхлэн шүүгч хэт нэг талыг барьсан гэж гомдож байна.

Учир нь******* надад өгөх ёстой өвсний чанарыг би голсон үнэн. Би худалдан авч байгаа өвсний чанар байдлыг муу ч байсан худалдан авах гэрээтэй юм чинь авахаас өөр аргагүй гэж авч үнэхээр чадаагүй.

Гэтэл шүүгч та гэрээндээ өөрчлөлт хийхгүй яасан юм гэсэн. Гэрээнд өөрчлөлт хийх эсэх нь ганц надаас шалтгаалахгүй би ганцаараа дур мэдэж гэрээг өөрчлөхгүй байх гэж бодож байна. Мөнгөө өгч байгаа тал гэрээндээ өөрчлөлт оруулна шүү гэж тэр хууль чинь хэлээгүй байх яагаад намайг буруутгаад байгааг гайхаж байна.

Та өвсний чанарыг муу гэлгээ нотлоогүй гэж шүүгч намайг буруутгаж байна. Б хадсан өвсний чанарыг хэлүүлэх гэж Г гэдэг хүнийг гэрчээр асуулгасан. Тэр хүн тэднийхээс авсан өвсний чанараас шалтгаалан  худалдан авсан өвсөө зарж борлуулж чадаагүй буцааж өгсөн гэдгийг хэлсээр байхад тэр гэрчийн мэдүүлгийг шүүгч үнэлж үзээгүй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн гэрчийн нэр ч байхгүй байгаа.

Тэгсэн хирнээ нэхэмжлэгч Б нь өвсний чанар муу гэж ярьдагч нотолж чадахгүй байгаа гэж дүгнэсэн. Би******* өвс авсан хүнээр гэрчлүүлэх гэж нотлуулах гэж л асуулгасан шүү дээ.

Мөн шүүгч  нь Б бол гэрээнд заасан хугацаанд 5000 боодол өвс бэлдсэн байсныг нэхэмжлэгч ******* өөрөө баталсан гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн. Би хэдэн сарын хэдэнд очиход 6000 боодол авч байсан гэж хэлсэн бэ. Шийдвэрийнх нь үндэслэх хэсэгтээ миний хэлснийг он сар өдөргүй бичиж үндэслэх хэсэгтээ дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна.

Би тэгж хэлсэн юм бол шүүгч миний хэлсэнд ач холбогдол өгч байгаа бол Батсүрэн төдөн сарын төдөнд очиход 6000 боодол өвс байсан гэж хэлснээр батлагдлаа гэж дүгнэх ёстой болно. Б 2018.09.20-ны өдрийн дотор надад 5000 боодол өвс нийлүүлэх ёстой нь гэрээнд тодорхой заасан. Гэтэл би анхны өвсөө 10.14-ний өдрөөс авсан байхад Б надад өгөхөөр бэлэн болгосон 5000 боодол өвс миний хэлснээр батлагдсан болж байгаа юм бэ энэ мэтчилэн шүүгч  ор үндэслэлгүй дүгнэлт хийж байна.

Миний хувьд боломжоороо шүүгчид нотлох баримт гаргаж өгсөн.******* хамт хадланд гарах байсан Ч гэдэг хүн Б хүлээлгээд мөд гаргахгүй шинжтэй байна би түрүүлээд ер нь гарахаар боллоо гэж хэлээд надаар хадлангийн техникүүдээ ачуулаад хөлс гэж 50000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 09-нд миний дансанд шилжүүлсэн баримтыг шүүгчид өгсөөр байхад шүүгч тэр баримтаас үүдэлтэйгээр ажиллагаагаа огт хийгээгүй.

Ч гэдэг хүн надаар юмаа ачуулчихаад шууд гараагүй бас хэд хоносон. Гэтэл Б Ч хадландаа гараад очоод хадуураа тавьчихсан байхад очсон байдаг. Миний өгсөн баримтанд үндэслэн шүүгч хэрэгт ач холбогдолтой гэх асуудлыг тодруулчихдаг байх л гэж би ойлгосон болохоос нэхэмжлэгч юу нь ч мэдэгдэхгүй юм өгч байна гэж бодохгүй байх шүүгч хүн юм чинь гэж бодсон. Гэтэл огт тоогоогүй.

Б Ч гэдэг хүнээс 7 орчим хоногийн дараа хадланд гарсан байдаг. Энэ талаар миний асуулгахаар хүсэлт тавьсан гэрч Ч тодорхой үнэн хэлсэн байхад шүүгч мөн л үгүйсгэсэн. Тэр Ч гэдэг хүн би та 2-г хоёуланг чинь таньдаг болохоор гэрчээр асуугдмааргүй байна гэж хэлсэн болохоор би хүсэлт тавиагүй юм. Миний өгсөн баримтанд шүүгч ач холбогдол өгөөд энэ хүнийг чинь асууна гэх байх гэж бодож байсан.

3-рт Б миний нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө хадландаа төдийд гарсан гэж огт хэлээгүй байсан өөрөө ч хэдийд гарснаа мэдэхгүй байсан ба хамт хадланд гарсан хүмүүстээ архи өгч дарамталж байгаад шүүх дээр ирж асуусан. Би бодохдоо шүүх гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авч шүүгч өөрөө гэрчээс мэдүүлэг авдаг гэж бодож байсан гэтэл Б өөрөө гэрчлэх хүмүүсээсээ асуусан.

Б гэрч А асуухдаа  тэгсэн биз дээ, ингэсэн биз дээ, үнэн биз дээ гэх маягаар асууж байсан. Ингэж гэрчийг асуудаг юм бол гэрчийн мэдүүлэг зөрнө. Миний асуулгах гэрчүүдийг ч би бас өөрөө асуусан. Шүүх гэрч асуухдаа хуулийг нь сануулаад шүүгч өөрөө асуусан бол гэрчүүд ингэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм ярихгүй байсан байх. Энэ мэт байдлаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Бараг нэхэмжлэгч, хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтээ өгөхөд шүүх өөрөө гэрчээ асуудаггүй л юм бол үнэн байдлыг хэлэхгүй л байх гэж би бодож байсан.

Шүүгч  өөрөө гэрчүүдийг асуугаагүй хэрнээ шүүгч  доорх хүнийг гэрчээр асуусан тэмдэглэл гэж үйлдсэнийг нь бас ойлгохгүй байна. Эндээс харахад шүүгч өөрөө гэрчүүдээ асуух ёстой байсан юм бишүү. Хамгийн гомдолтой нь гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэсэн хирнээ Б асуулгасан бүх гэрчүүдийн мэдүүлгийг л шүүгч үнэлсэнд гомдодтой байна.

4-рт******* 2018-09-20-ны өдөр надад өгөхөөр 5000 боодол өвс бэлэн болгосон байсныг шүүгч юугаар нотолж байгаа юм бэ. Б болон түүний асуулгасан согтуу гэрч А мэдүүлэгт л итгэсэн. Өөр юугаар ч нотолж чадаагүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь******* холбогдуулан  гэрээнд заасан хугацаанд өвс нийлүүлээгүй,  чанарын шаардлага хангаагүй  өвсийг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийлүүлсэн, үүнээс хойш өвс нийлүүлээгүй учир алданги 9,755,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  нэхэмжлэлдээ өвс хүлээн авсан гэх зарлагын баримт, өөрийн дансны хуулга зэргийг хавсарган шүүхэд ирүүлсэн, хариуцагч******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.  

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...******* асуулгасан гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэсэн, шүүх согтуу гэрч А мэдүүлгийг үнэлсэн, ...миний асуулгасан гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгсэхгүй орхисон, гэрч Г мэдүүлгийг үнэлж үзээгүй, ...шүүгчийн зүгээс  Ч гэрчээр  асуух байх , шүүгч өөрөө  гэрч нараас асууж мэдүүлэг авдаг байх гэж бодсон,  ... гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэсэн хэрнээ******* асуулгасан гэрчүүдийн мэдүүлгийг  шүүх үнэлж, илт нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйд гомдолтой ... гэж  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохыг хүсжээ.   

Хэргийн материалаас  үзэхэд :  зохигч нарын хооронд 2018  оны 08 дугаар сарын 27-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр  байна./хх-47/   

Дээрх гэрээгээр  худалдагч буюу хариуцагч******* нь  2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны   өдрөөс хэтрэхгүй байхаар,  нэг бүр нь 90 см урттай, 22 кг-с багагүй  чанарын, нэг бүр нь  3000 төгрөгийн үнэтэй,   5000 боодол өвс бэлтгэн нийлүүлэх, гэрээ байгуулсан өдөр худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* нь гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд  худалдан авагч нь гэрээний үнийг гэрээ байгуулсан өдөр төлсөн  талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд талууд өөрсдийн  ашиг сонирхол, хэрэгцээгээ хангах зорилгоор гэрээний харилцаанд сайн дураар оролцдог бөгөөд гэрээ байгуулснаар талуудын хооронд хууль зүйн эрх, үүрэг үүсч байдаг.

Хэргийн 47 дугаар талд авагдсан гэрээний 3.8-д “Гэрээний худалдагч тал, худалдан авагчид 1 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд мэдэгдсэн өдрөөс хойш хүрэлцэн очиход нийлүүлэх өвс байхгүй нөхцөлд худалдагч тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлнө” гэж тусгажээ.

Үүнээс үзвэл худалдагч тал нь өвс бэлэн болсон тухай худалдан авагчид 1 хоногийн өмнө мэдэгдэх,  нийлүүлэх өвс байхгүй нөхцөлд худалдагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр   тохиролцсон  гэж үзэхээр байна.

Гэхдээ   гүйцэтгээгүй үүрэг гэж  алийг тодорхойлж байгаа, өөрөөр хэлбэл, авах ёстой өвсний үнэ болон  үлдэгдэл өвсний үнэ, эсхүл  нийт шилжүүлсэн гэрээний үнийн дүн зэргийн аль нь болох, алдангийн ойлголт  тодорхойгүй. Энэ талаар тодруулсан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 

Мөн эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх, хүлээх үүргийн талаар талууд гэрээндээ хэрхэн зохицуулж, тусгасан нь  тодорхойгүй байна.

             Үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч******* гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдлыг тодруулах үүднээс түүний хадланд  гарсан гэх цаг, хугацааг тогтоолгох зорилгоор зохигч талуудын  хэн  аль нь  нэр бүхий гэрчүүдийг асуулгах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авахуулах, ... хуульд заасан эрхээ эдэлсэн гэж үзнэ. 

Анхан шатны шүүх, талуудын хүсэлтийн дагуу  гэрчүүдийг  асуусан, мөн зарим гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргах үүднээс нүүрэлдүүлэн асуух зэрэг ажиллагааг  явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, талуудын  зарчимд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан гэрчүүдийг асуусан тэмдэглэлээс үзвэл шүүх, талуудын хүсэлтийн дагуу гэрчүүдээс мэдүүлэг авах болон зарим гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг ажиллагаанд  нэхэмжлэгч, хариуцагч нарыг аль алийг нь байлцуулсан, өөрсдөөр нь гэрчүүдээс тодруулах асуулт асууж, хариулт авах боломжийг олгосон   байна./хх- 15,25, 63,78,82,85,87,161/

Нэхэмжлэгч нь хадланд гарсан хугацааны талаарх гэрчүүдийн мэдүүлгийг зөвшөөрөхгүй байгаа талаархи  үгүйсгэж, няцаасан баримтыг гаргаж өгөх байдлаар шүүхэд мэтгэлцэх эрхтэй.

 Нэхэмжлэгч нь нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй,  өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  зааснаар  шүүхэд гаргасан өөрийн  шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх,  цуглуулах үүрэгтэй ба энэ үүргийг хууль түүнд оногдуулсан бөгөөд нотлох баримт гаргах, шүүхээр бүрдүүлүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдааны өмнө зохигчид хийх хуулийн зохицуулалттай .

Анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т зааснаар  хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон талуудын тайлбар зэргийг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба  маргааны үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн  134/ШШ2021/00079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171044  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ          Г.ТЭГШСУУРЬ                                                                                                                      ШҮҮГЧИД          О.ОДНЯМАА                                                                                                           Х.БАЙГАЛМАА